| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0276/З |
| Дугаар | 128/ШШ2024/0586 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Дашдэндэв /РД:ОЭ72112475/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба,
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Өнөрбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбоос анх шүүхэд “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, худалдаа үйлчилгээний зориулалттай 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2206004732 гэрчилгээтэй, 8808/0028 нэгж талбарын дугаар бүхий 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбо нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр өгсөн татгалзлалыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” гэж тодруулсан тул шүүх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8008/0028 дугаартай, 140 м.кв газрыг 15 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар “Чин тэмүүлэл” ЗБН-д эзэмшүүлж, 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 051961 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
2.2.“Чин тэмүүлэл” ЗБН-ийн захирал С.Мишиг, иргэн Д.Дашдэндэв нарын Нийслэлийн газрын албанд гаргасан өргөдөл, тэдгээрийн хооронд байгуулсан 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, кадастрын зургийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8008/0028 дугаартай 140 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай Д.Дашдэндэвт эзэмшүүлж, 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0065551 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээг байгуулжээ.
2.3.Нэхэмжлэгч Д.Дашдэндэв нь нэгж талбарын 8008/0028 дугаартай 140 м.кв газар дээрх 30 м.кв үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө /хуучнаар ойр орчмын айлыг усаар хангах худгийн зориулалттай байсан/-ийг улсын бүртгэлийн Ү-2206004732 дугаарт бүртгүүлж, 2006 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
2.4.Д.Дашдэндэвийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8008/0028 дугаартай 140 м.кв газрыг эзэмших эрхийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болжээ.
2.5.Нэхэмжлэгч Д.Дашдэндэв нь 2013 оноос хойш Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байгаа ба 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 140 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт зэргийн хамт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан.
2.6.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0662954 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Д.Дашдэндэвт Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтад заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан үндэслэлээр 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж зөрчилгүй болох эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлжээ.
2.7.Д.Дашдэндэв шийтгэлийн хуудсыг биелүүлж, 500.000 төгрөгөөр торгуулийг төлсөн байна.
2.8.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг “барилгын сууриар болгож талбайн хэмжээг хасаж” хангахаар зөвшөөрчээ.
2.9.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/5824 дугаартай албан бичгээр Д.Дашдэндэвт “...140 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн хугацааг сунгах тухай ирүүлсэн хүсэлтийг “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасны дагуу таны эзэмшиж байгаа газраас нийтийн эзэмшлийн тоглоомын талбайг хасаж, цаашид барилгын суурь талбай болох 24 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгахаар зөвшөөрсөн дүгнэлт гарсан болно. Иймд дээрх хурлын шийдвэрийн дагуу кадастрын зургийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэн тус албанд ирүүлнэ үү” гэх хариуг хүргүүлсэн байна.
2.10.Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Д.Дашдэндэвээс “... Хэрвээ иргэн миний 140 м.кв газрыг сунгах боломжгүй бол уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийг төрд авч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх өргөдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргажээ.
2.11.Энэхүү өргөдөлд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас “...Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авдаг бөгөөд таны газар эзэмших эрхийн хугацаа дууссан байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01-08/6746 дугаартай албан бичгээр Д.Дашдэндэвт хүргүүлжээ.
2.12.Нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбо 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны 128/ШЗ2024/0898 дугаартай захирамжаар “Д.Дашгомбод олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
2.13.Америкийн Нэгдсэн Улсад суугаа элчин сайдын яамны нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр олгосон 212 дугаартай итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбоос 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний зориулалттай 24 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-22006004732 гэрчилгээтэй, 8808/0028 нэгж талбарын дугаар бүхий 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан.
2.14.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2024/1430 дугаартай захирамжаар “нэхэмжлэл гаргагчаас шүүхэд хандан ямар төрлийн шийдвэр гаргуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахыг хүсэж байгааг тодруулах” үндэслэлээр дээрх нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.
2.15.Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбоос 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд байрлах, газар эзэмших эрхийн гэрчилгээний 0065551 дугаартай, 8808/0028 нэгж талбарын дугаар бүхий 140 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийн хугацааг бүхэлд нь сунгахаас татгалзсан тухай Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны үйл ажиллагаа болон тус албаны Газар эзэмших, ашиглах эрхийг шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийг илтэд хууль бус болохыг тогтоож, дээрх газрын эзэмших эрхийн хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгах” гэж тодруулж шүүхэд ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2024/2017 дугаартай захирамжаар “Газар эзэмших, ашиглах эрхийг шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын аль үндэслэлд хамааруулан маргаж байгаа”-г тодруулах үндэслэлээр дахин бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.
2.16.2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбоос “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болох тогтоолгох, худалдаа үйлчилгээний зориулалттай 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2206004732 гэрчилгээтэй, 8808/0028 нэгж талбарын дугаар бүхий 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
2.17.Нэхэмжлэгч талаас “нэхэмжлэгч нь гадаад улсад ажиллаж, амьдардаг бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас эх орондоо ирж, газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлт гаргах боломжгүй байсан, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр холбогдох хуулийн дагуу газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ зэрэг бүх шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн, мөн газрын албаны мэргэжилтэн газрын сунгах хугацаа хэтэрсний торгууль төлөхийг шаардсаны дагуу торгуулийг төлж шаардлагыг биелүүлсэн, торгуулийг төлснөөр газар эзэмших эрхийн хугацаа сунгах эрхээ олж авсан, ...Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлын тэмдэглэлд газрын хэмжээг хасах үндэслэлийг заагаагүй, ямар хууль үндэслэсэн нь тодорхойгүй, ... ямар нэг зөвшөөрөлгүй тоглоомын талбай барьчихсан үйлдлийг нь зөвтгөөд, зөвшөөрөлтэй буюу эзэмших эрх, гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгөтэй газрын хугацааг сунгахдаа хэмжээг багасгаж байгаа нь хууль бус, ...захиргааны байгууллага сонсох ажиллагаагүй хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй” гэж тайлбарлан маргаж байна.
2.18.Харин хариуцагч талаас “газрыг зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа бол зохих ёсны торгуулийг төлөх ёстой, иргэнд итгэл төрүүлсэн зүйл байхгүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн хугацаа нэгэнт дууссаны дараа нэхэмжлэгч газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж газар эзэмших эрх дуусгавар болсон учраас захиргааны байгууллага газрыг тэр чигт нь сунгах үүрэггүй, сонсох, мэдэгдэх ажиллагаа хийх хууль зүйн үндэслэл байхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 сар 10 хоногоор хэтрүүлсэн” гэж тайлбарлан маргаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбо шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Иргэн Д.Дашдэндэв нь 2006 онд барилга нь 30 м.кв сунгаж барилгын суурь цутгасан 140 м.кв газрын хамт худалдаж авсан, уг барилга нь худалдаж авахад дэлгүүр байсан, сунгаж барихаар барилгын суурь цутгасан, хуучнаар социализмын үед тэр хавийн газруудыг усаар хангаж худгийн зориулалтаар ашиглаж байсан, байрнуудын дундах талбайд байрласан байршилтай, зохих эрх бүхий байгууллагаас олгосон хууль ёсны хүчин төгөлдөр гэрчилгээтэй тул өөрийн эзэмшилд шилжүүлж авсан. Хэрвээ уг барилга, газар нь төрөөс олгосон гэрчилгээгүй байсан бол иргэн би худалдаж авахгүй байсан. Тэрээр 2013 оноос АНУ-д ажиллаж, амьдарч байгаа тул тухайн газрын эзэмших хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул /Ковид цар тахал зэрэг дэлхий нийтийг хамарсан нөхцөл байдал болон бусад шалтгаанаар эх орондоо ирж чадаагүй/ хугацаанд нь сунгаж чадаагүй бөгөөд Монголд 2023 оны 07 сард ирээд газрын албаны хариуцсан ажилтантай уулзахад Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг сунгаж болно гээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах маягт өгсөн. Д.Дашдэндэвийн хууль ёсоор эзэмшиж буй газрыг урьдчилан мэдэгдэхгүйгээр барилгын цутгасан суурийг тэгшилж иргэний эзэмшлийн талбайг тоглоомын талбайтай хамт тохижилт хийсэн байсныг мэдсэн. Хэрэв төрөөс зайлшгүй газрыг авах шаардлага үүссэн бол эрх ашиг нь хөндөгдөж буй хүнд нь мэдэгдэх, тухайн шийдвэрээ танилцуулах зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дахь хэсэгт заасан ажиллагааг заавал хийх шаардлагатай байсан гэж үзэж байна. Иймд хууль зөрчиж шийдвэрлэсэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болох тогтоолгох, худалдаа үйлчилгээний зориулалттай 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-22006004732 гэрчилгээтэй, 8808/0028 нэгж талбарын дугаар бүхий 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлага гаргаж байна. Учир нь Нийслэлийн Засаг дарга газар эзэмших хугацаа сунгах шийдвэр гаргадаг.
Манай зүгээс газар эзэмших эрхийн хугацааг сунгах холбогдох хуулийн дагуу уг газарт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, түүнд үндэслэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ зэрэг бүх шаардлагатай материалыг бүрдүүлж 2023 оны 09 сарын 21-нд өгсөн. Мөн газрын албаны мэргэжилтэн газрын сунгах хугацаа хэтэрсний торгууль төлөхийг шаардсан шаардлагыг биелүүлсэн. 2023 оны 09 дүгээр сарын 26-нд Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэболор “газрын хугацаа дууссанаас 2023 оныг дуустал зөвшөөрөлгүй газар ашигласан хэмээн үзэж зөрчлийн хуулийн дагуу 500,000 төгрөгөөр торгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний дотор сунгуулж, зөрчилгүй болгохыг иргэн Д.Дашдэндэвт даалгаж” шийдвэрлэсэн. Энд нэмж хэлэхэд тоглоомын талбайн талаар газрын мэргэжилтэн Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэболор ч мэдэж байсан ба “тухайн газраа хашаалаад авч болно” хэмээн хэлж байсан.
Иргэн Д.Дашдэндэв уг газрыг анх худалдаж авахдаа өөрийн гэсэн дэлгүүртэй болох зорилгоор худалдаж авсан. Газрын албанаас ирүүлсэн дүгнэлтийн дагуу 24 м.кв газарт өнөөдрийн мөрдөгдөж байгаа 2019 онд гарсан Монгол улсын хууль, стандартаар жижиглэн худалдааны газрын хүчин чадал, талбайн хэмжээнээс хамаарсан ангиллаас харахад нийслэлд “Мини маркет” хүчин чадлын хэмжээ м.кв нь 101-500, ая тухтай дэлгүүр 80 м.кв-аас дээш гэж заасан нь иргэн Д.Дашдэндэвийн 140 м.кв талбайд мини маркеттай болох зорилго бүрэн хэрэгжих боломжтой байсан харин 24 м.кв талбайд ямар ч худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжгүй, хуулийн дагуу авсан үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, түүн дээрээ үл хөдлөх хөрөнгөө сунгаж барьж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашиглах, Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан “...үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, газар эзэмших эрхийн хугацааг сунгах үүрэг бүхий төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, газраа хуулийн хүрээнд эзэмшиж ашиглах” зэрэг хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Маргаан бүхий актыг хянуулахаар хандсан боловч хариуцагч тал 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр газрын эзэмших эрхийн хугацаа дууссан тул шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Тэр ч бүү хэл миний гаргасан өргөдөлд хариу өгөхдөө 29 дүгээр хурлын шийдвэр тэмдэглэлийг танд өгөх боломжгүй захиргааны шүүх шаардаж аваад үздэг гэж хэлсэн.
Иймд иргэн Д.Дашдэндэвийн 30 м.кв газарт тогтоосон стандартын дагуу худалдаа үйлчилгээ эрхлэх боломжгүй, эзэмшиж байсан 140 м.кв газрыг цуцалсан, газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, Д.Дашдэндэвийн нэр дээр олгогдсон 8808/0028 нэгж талбарын дугаар бүхий 140м м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах шийдвэр гаргуулахыг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Өнөрбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид анх 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан байдаг. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан үндэслэл хамаарахгүй гэж үзэж байна. Мөн захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан буюу шийдвэр хуульд үндэслэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж бид маргаж байна. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлын тэмдэглэлийг харахад ямар хууль үндэслэсэн нь тодорхойгүй байсан. Иймд Д.Дашдэндэвийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эрх зүйн үндэслэл байхгүй буюу Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг илт хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар очиж уулзахад сунгаж болно гээд итгэл төрүүлэн бүрдүүлэх материалын жагсаалт өгсний дагуу материалаа бүрдүүлж байх явцад хугацаа хэтэрсэн газар ашигласан байна гээд торгууль ногдуулсан. Өөрөөр хэлбэл торгууль төлснөөрөө сунгах эрхээ олж авсан гэсэн үг. Тиймээс хугацаандаа өргөдлөө өгсөн гэж ойлгож байгаа. Газрын тооцоо нийлсэн акт мөн байдаг. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.Эрдэнэболор газрын хугацаа дууссанаас 2023 оныг дуустал зөвшөөрөлгүй газар ашигласан хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн дагуу 500,000 төгрөгөөр торгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сунгуулж, зөрчилгүй болгохыг газар эзэмшигчид даалгаж шийтгэх хуудас гаргасан. Үүний үндсэн дээр сунгуулах хүсэлтээ нэхэмжлэгч өгсөн байдаг.
Мөн Газар эзэмших, ашиглах эрх хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ий өдрийн 29 дүгээр хурлын тэмдэглэлтэй бид маргаж байгаа. Тухайн хурлаар газрын хэмжээг хасах үндэслэл байгаагүй. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас өгсөн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан тусгай зарчимтай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл захиргаа татгалзсан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, харгалзаж үзээгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхтэй. Тэрийг нь хууль бусаар авахыг Үндсэн хуулиар хориглодог. Хэрэв зайлшгүй авах хэрэгцээ шаардлага байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан арга хэмжээг авах ёстой. Хариуцагчаас ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барьсан шийдвэр байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм дур зоргын шинжтэй үйлдлийг захиргаа хамгаалж болохгүй. Ямар нэг зөвшөөрөлгүй тоглоомын талбай барьчихсан үйлдлийг нь зөвтгөөд, зөвшөөрөлтэй буюу эзэмших эрх, гэрчилгээтэй, үл хөдлөх хөрөнгөтэй газрын хугацааг сунгахдаа хэмжээг багасгаж байгаа нь хууль бус. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчид итгэл төрүүлж байсан үйл баримт хэргийн материалд байхгүй. Газрыг зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа бол зохих ёсны торгуулийг төлөх ёстой. Газар ашиглах эрхгүй байхдаа газрыг ашигласан хугацааны төлбөрийг төлсөн. Тэрнээс биш иргэнд итгэл төрүүлсэн зүйл байхгүй.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн маргаан бүхий албан бичиг ямар үндэслэлээр гарсан гэхээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн хугацаа нэгэнт дууссан байсан. Хугацаа дууссаны дараа иргэний зүгээс газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг өгсөн. Уг хүсэлттэй холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжлийн зөвлөлийн хурлаас шийдвэр гарсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, газар эзэмших эрх дуусгавар болсон учраас бид газрыг тэр чигт нь сунгах албагүй. Гэхдээ иргэнийг хохироохгүйн үүднээс барилгажсан талбайн хэсэг болох 24 м.кв газрын эрхийг сунгаж болно гэсэн дүгнэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гаргасан. Үүний дараа иргэн Д.Дашдэндэвт тухайн хариуг албан бичгээр мэдэгдэхэд Д.Дашдэндэвийн зүгээс 140 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр сунгуулах хүсэлттэй байгаа гэсэн. Тиймээс нэгэнт дуусгавар болсон газрын хугацааг сунгах боломжгүй гэж хариу өгсөн. Захиргааны ерөнхий 26, 27 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийх ёстой байсан гэж тайлбарлаж байна. Хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг нийтийн эрх ашиг хөндөгдсөн, эсхүл хувь хүн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн ямар нэгэн захиргааны шийдвэр гаргах гэж байгаа тохиолдолд хийдэг. Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд сонсох, мэдэгдэх ажиллагаа хийх хууль зүйн үндэслэл байхгүй. Газар эзэмшүүлэх гэрээн дээр газар эзэмшигч хугацаа сунгуулах хүсэлтээ өөрийн биеэр гаргах зохицуулалт байгаа. Энэ нь иргэний асуудал учраас төр хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал мөн яригдана. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн авахаас татгалзаад үүний дараа дахин нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеэс эхлээд хөөн хэлэлцэх хугацааг тооцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6746 албан бичгийг хүлээн аваад энэхүү гомдлыг гаргаж байна гэдэг байдлаар бичсэн. Тэгэхээр 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Дашдэндэв Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан бичгийг шууд авсан гэж үзэх нөхцөл байдал харагдаж байгаа. Энэ хугацаанаас хойш хугацаа тоолохоор 3 сар 10 хоног хэтэрсэн буюу Захиргааны ерөнхий хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрчхөж байгаа. Иймд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж захиргааны байгууллагын зүгээс үзэж байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж шүүхээс үзсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэг.Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
2.2.Харин “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр өгсөн татгалзлалыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.10-2.16 дахь хэсэгт дурдсаны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбо Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01-08/6746 дугаартай албан бичигтэй холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш 30 хоногийн хугацаанд, нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулахаар тогтоосон хугацаанд тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
3.Хоёр.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах харилцааг зохицуулжээ.
3.2.Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт тус тус өөрчлөлт оруулсан бөгөөд маргааны үйл баримтад хамаарах буюу нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдлийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар шийдвэрлэх үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсгийг баримтлан маргааныг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэж байна.
3.3.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заажээ.
3.4.Илт хууль бус захиргааны акт гэдэгт эрх зүйт төрийн зарчимд харшилсан ноцтой алдаатай, энэ нь захиргааны актын үйлчлэл чиглэсэн, хаяглагдсан этгээдийн хувьд ердийн ухамсрын түвшинд илэрхий ойлгомжтой байхыг ойлгох бөгөөд гарсан цагаасаа эхлэн иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй, түүнийг биелүүлэх үүрэггүй байдаг онцлогтой.
3.5.Тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд зөвхөн хуульд заасан үндэслэлээр халдах эрхтэй бөгөөд хууль тогтоогч тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хуульчлаагүй, хууль тогтоомжид тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй байхад шийдвэр гаргасан бол захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулан авч үзнэ.
3.6.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заажээ.
3.7.Хуулийн энэхүү хэм хэмжээний агуулгаас үзвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн газар эзэмшигч нь газрыг үргэлжлүүлэн эзэмших нөхцөлийг хангасан эсэхийг хянан үзэж, хэрэв хангасан гэж үзвэл эрхийн гэрчилгээний хугацааг сунгах зохицуулалттай байна.
3.8.Өөрөөр хэлбэл, хугацаа сунгуулах хүсэлт гаргасан газар эзэмшигч нь газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, гэрээний үүргийг биелүүлсэн эсэх, газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэх, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу газар эзэмшигчийн үүргийг биелүүлсэн эсэхийг захиргааны байгууллага, албан тушаалтнаас хянаж хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхээр байна.
3.9.Нэхэмжлэгч талаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлд газар эзэмших эрхийг сунгах эрх хэмжээ олгогдоогүй гэдэг агуулгаар бус харин “нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн 140 м.кв газрыг эзэмших эрхийг сунгахдаа газрын хэмжээг хасах үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад заагаагүй, хууль зүйн үндэслэл тодорхойгүй” гэх агуулгаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлан маргадаг.
3.10.Харин хариуцагч талаас маргаан бүхий 140 м.кв газрын хэмжээг 24 м.кв хүртэл буруулж газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргасан үндэслэлээ “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасны дагуу газрыг үр ашигтай, зохистой ашиглах үүрэг нь газар эзэмшигчид байсан, гэтэл Д.Дашдэндэв энэ үүргээ биелүүлээгүй, эзэмшил газраа хашаалаагүйн улмаас нийтийн эзэмшлийн тоглоомын талбайг давхцуулан байгуулсан, улмаар хүүхдийн эрх ашгийг харгалзаж, нийтийн эзэмшилд авах нь зүйтэй гэж үзсэн” гэж тайлбарлаж байна.
3.11.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд маргаан бүхий 140 м.кв газарт давхцуулан иргэн, хуулийн этгээд, түүнчлэн нийтийн эзэмшилд зориулан газар эзэмших эрх олгосон шийдвэр гараагүй талаар тайлбар гаргасан ба хэрэгт авагдсан орчны зургаар 24 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тойруулан иргэд, оршин суугчид суух зориулалтай саравч барьж, биеийн тамирын хэрэгслүүдийг суурилуулан тохижилт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
3.12.Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлөөс иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хянан үзэж, шийдвэрлэх чиг үүргийн дагуу нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийг судлан үзэж, барилгажсан талбайн хэмжээгээр газар эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус актад хамаарахгүй.
3.13.Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах …” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Дашдэндэв газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох баримтуудын хамт Нийслэлийн Засаг даргад хандан гаргах байсан бөгөөд уг хугацаанд хүсэлт гаргаагүйн улмаас Д.Дашдэндэвийн маргаан бүхий 140 м.кв газрыг эзэмших эрх мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон байна. Нэгэнт дуусгавар болсон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах асуудлыг захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд 24 м.кв хэмжээгээр бууруулж сунгахаар шийдвэрлэснийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.
3.14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлын тэмдэглэлийн Д.Дашдэндэвт холбогдох хэсгийн “газрын хэмжээ, өмнөх шийдвэр, нэгж талбарын дугаар” зэрэгт бичиглэлийн илэрхий алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь тухайн шийдвэрийг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл болохгүй.
3.15.Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны байгууллагаас захиргааны актын бичилтийн илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй, уг бичиглэлийн алдаа нь ноцтой алдаанд хамаарахгүй.
3.16.Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар зөвхөн гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээг үндэслэн газар эзэмших эрх үүсэх бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласны улмаас Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээсэн /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0662954 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу 500,000 төгрөгийн торгуулийг төлсөн/, түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийг төлсөн /газар эзэмших эрх дуусгавар болсон байхад газрын төлбөр төлсөн/ нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах эрхийг олгохгүй.
3.18.Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ” гэж цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэх эрхийг Нийслэлийн газрын албанд хуулиар олгосон байна.
3.17.Иймд нэхэмжлэгчийн “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Гурав.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр өгсөн татгалзлалыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1.Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01-08/5824 дугаартай “нийтийн эзэмшлийн тоглоомын талбайг хасаж, барилгын суурь талбай 24 м.кв хэмжээгээр газар эзэмших эрхийг сунгахыг зөвшөөрсөн” агуулга бүхий хариу албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч Д.Дашдэндэвээс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийг төрд буцаан авч, хохиролгүй болгох хүсэлтийг гаргасан ба Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр “газар эзэмших эрхийн хугацаа дууссан байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” талаар хариу өгсөн байна.
4.2.Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
4.3.Дээрх хуулийн заалтын агуулгаас үзвэл газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах эрх зүйн харилцаанд тухайн газрыг эзэмших иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээний хугацаа дуусаагүй байх, улсын тусгай хэрэгцээнд авах шаардлага бий болсон байх, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ талаар санал боловсруулсан байх зэргээр газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцохоос өмнө тавигдах тодорхой нөхцөлүүдийг хуульчилсан байна.
4.4.Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн 140 м.кв газрыг эзэмших эрх 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон, 24 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг улсын тусгай хэрэгцээнд авах үндэслэл байхгүй байх тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/6746 дугаартай албан бичиг нь дээрх хуульд нийцсэн байна.
4.5.Иймд нэхэмжлэгчийн “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр өгсөн татгалзлалыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.Дөрөв.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:
5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасны дагуу шүүх нотлох зарчмын хүрээнд хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн шүүх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлын бичлэгийг нэмэлт нотлох баримтаар цуглуулах шаардлагагүй гэж үзсэн.
5.2.Мөн маргаан бүхий 140 м.кв газар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 8008/0028 дугаартай байсныг өөрчлөгдсөн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй тул шүүх энэ талаар нотлох баримтыг цуглуулах шаардлагагүй гэж үзэж, хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбын гаргасан “Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийн Д.Дашдэндэвт холбогдох газар эзэмших асуудлыг шийдвэрлэсэн хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-08/6746 тоот албан бичгээр өгсөн татгалзлалыг хууль бус болохыг тогтоолгох, 140 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дашдэндэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дашгомбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ