| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00649/И |
| Дугаар | 133/ШШ2024/00529 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2024/00529
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: **********-н нэхэмжлэлтэй
хариуцагч: *********-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2021 онд *********-тай танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2024 оны 04 сарын 25-нд хүү ******* нь төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү ******-н эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийг маань миний асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********* нь *********-д холбогдуулсан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай өргөдлөө буцаах хүсэлтэй байна. ********* бид 2 нь хоорондоо эвлэрч байгаа тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *********-н нэхэмжлэлтэй, хариуцагч *********-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Учир нь нэхэмжлэгч ********* нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн ... Миний бие ********* нь *********-д холбогдуулсан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай өргөдлөө буцаах хүсэлтэй байна. ********* бид 2 нь хоорондоо эвлэрч байгаа тул нэхэмжлэлээс татгалзаж байна … гэх хүсэлтээр нотлогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,092 төгрөгөөс 28,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувь 28,936 төгрөг, нийт 99,156 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *********-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *********-н нэхэмжлэлтэй, хариуцагч *********-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,092 төгрөгөөс 28,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжийн тал хувь 28,936 төгрөг, нийт 99,156 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *********-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН