Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/400

 

 

 

 

    2023           04            13                                        2023/ДШМ/400

 

С.Бд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаяр,

хохирогч Б.С,

нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2306000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн С.Б, 2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ви” бааранд бармен ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Буянт-Ухаа, Наадамчдын зам гудамжны 726-56 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЗН03212216/;

            С.Б нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Стэй “баарны үйлчлүүлэгчдийг булаасан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг өргөж, газарт унагааж түүний биед “баруун сарвууны гуравдугаар хурууны алганы ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн С.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505., Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэс 357.950 төгрөг гаргуулан 196.950 /нэг зуун ерөн зургаан мянга зургаан зуун тавин/ төгрөгийг хохирогч Сонгоол овогт Батаагийн Сэргэлэн /РД.ТЯ02222517 регистрийн дугаартай, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 11-15 тоотод оршин суух хаягтай/-д, 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төвлөрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулах бөгөөд надад оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажлыг хийх боломжгүй байгаа тул торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Эмээтэйгээ хамт амьдардаг ба 3.000.000 төгрөгийн зээлтэй учир нийтэд тустай ажлыг хийх боломжгүй байна. ...” гэжээ.

            Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...3 сарын хугацаанд гараа хугалаад ажил хийж чадаагүй. Ар гэрийн амьдрал хэцүү, мөн оюутан. Эм, тариа эмчилгээ гээд маш их зарлага гарсан. Б.Бат-Эрдэнэ эмчилгээний төлбөр болон хохирол барагдуулах зүйл хийгээгүй. Эмчилгээний зардал өгөөгүй учраас торгох ялыг биелүүлж чадахгүй байх гэж бодож байна. ...” гэв.

            Прокурор Б.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Б нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Стэй маргалдан түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд энэ нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан ялыг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Б давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

С.Б нь 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Стэй “баарны үйлчлүүлэгчдийг булаасан” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг өргөж, газарт унагааж түүний биед “баруун сарвууны гуравдугаар хурууны алганы ясны хугарал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, хохирлын мөнгө, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх 29/, хохирлын баримтууд /хх 23-25, 29-31/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Сгийн “...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Камель” нэртэй бааранд зөөгч хийдэг. ...Бид 2 цай уугаад гарах гэж байтал үл таних 25 орчим насны 2 залуу орж ирээд “надад хандаж “яагаад үйлчлүүлэгч булаагаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би зүгээр ажлаа хийж байгаа хүн, асуудал байвал манай захиралтай ярь” гэж хэлсэн чинь “чамтай ярьж байна шүү дээ, ах нь гомо шүү” гэснээ намайг тэвэрч илээд байсан. Тэгэхээр нь уур хүрээд цаашаа түлхтэл зодоон болчих вийдээ гэж бодоод “чи яах гээд байгаа юм, надтай зодолдох гээд байгаа юм бол эр хүн шиг учраа олъё’ гэж хэлсэн. Тухайн ах “би чамтай зодолдохгүй” гэхээр нь “тэгвэл болиоч” гээд түлхчихээд баар руугаа алхаж байтал араас гүйж ирснээ намайг хойноос тэвэрч дээшээ өргөж байгаад газарт савж унагаасан. Тэгээд би “Камель” баарны захирал Болороо эгч рүү ороод намайг ийм болгочихлоо гэж хэлсэн чинь “захирал Отгоо ах чинь таньж магадгүй очоод уулзчих” гэж хэлсэн. Отгоо ах дээр очоод болсон зүйлээ ярьтал “Ви” баарны бармен байна гээд хамт уулзъя гээд очсон. Тухайн “Ви” бааранд ортол бармен хийж байсан залуу нь намайг унагаасан залуу мөн байсан ба уулзаад “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь тоосон шинжгүй, “би чамайг зодоогүй зүгээр унагаасан байх шүү” гэх утгатай зүйл яриад байсан. ...” /хх 3-5/,

гэрч М.Хашчулууны “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хамт ажилладаг Б.Сгийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Алтанжолоо төвийн урд талын ТҮЦ-нд ороод оройн цайгаа уугаад байж байхад араас “Ви” баарны бармен болох Бат- Эрдэнэ орж ирээд “манай баарны гадна талаас хүн битгий дуудаад баар руугаа оруулаад бай” гээд уурласан. Тэгтэл Сэргэлэн “тийм зүйл байхгүй хөгшөөн” гээд байсан. Тэгээд Сэргэлэн Бат-Эрдэнэ 2 хоорондоо маргалдаад байсан ба тухайн үед Бат-Эрдэнэ Сэргэлэн рүү дайраад байхаар нь би Бат-Эрдэнээс уучлалт гуйгаад Сэргэлэнгийн хамт явах гэж байсан. Тэгтэл Сэргэлэнгийн араас Бат-Эрдэнэ өргөөд газарт нуруу хэсгээр нь унагаасан. Тэгээд Сэргэлэнгийн гар нь хугарсан. ...” /хх 12/,

иргэний нэхэмжлэгч А.Маралын “...Манай байгууллага нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан санхүүжүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг аль нэг хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Хохирогч Б.С нь Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн эмийн эмчилгээний зардалд 161.000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд 161.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх 27-28/,

яллагдагч С.Б “...Би өөрийгөө Б.Сгийн биед халдсан гэж бодохгүй байна. Би зүгээр л харилцан түлхэлцээд араас нь татаад газарт унагаасан. ...” /хх 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Сгийн биед баруу сарвууны гуравдугаар хурууны алганы ясны хугарал, зүүн хацарт зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 414 дугаар /хх 14-15/ шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч С.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.Б “...оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505., ...” гэж хуулийн заалтыг дутуу бичсэн байх тул “...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, ...” гэж зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

Түүнчлэн, шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Сд хүндэвтэр хохирол учруулсан тул үүнтэй холбоотойгоор цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрхийг хангах үүднээс иргэний журмаар нэхэмжлэх талаарх нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505., ...” гэснийг “...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, ...” гэж өөрчилсүгэй. 

2. “...Хохирогч Б.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Бэс нэхэмжлэх эрхтэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ