Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К.М   /РД:/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар,

Маргааны төрөл: Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ны гүйцэтгэх захирлаас К.М*******г чөлөөлсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ны гүйцэтгэх захирлаас К.М*******г өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгчээс анх “Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ны гүйцэтгэх захирлаас К.М*******г чөлөөлсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ны гүйцэтгэх захирлаас К.М*******г өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай” шаардлага гаргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас нэхэмжлэгчийг чөлөөлж бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын татгалзал нь хууль бус болохыг тогтоож, гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас нэхэмжлэгчийг өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэдэх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай” гэж тодруулсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Монгол Улсын иргэн С.Х, Х.Б*******, АНУ-ын “B” LLC нар хамтран Баян-Өлгий аймагт Монгол-АНУ нарын хамтарсан “М*******” ХХК-ийг байгуулахаар 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ байгуулан холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хамтарсан компани бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаж, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай тушаалаар хамтарсан компани байгуулахыг зөвшөөрөл олгосон. Улмаар 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээнд С.Х 5 хувь, Х.Б******* 5 хувь, АНУ-ын хуулийн этгээд “B” LLC 90 хувийн хөрөнгө оруулалттай болохыг тэмдэглэсэн байна.

2.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр К.М*******г “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.

2.3.К.М*******с 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар чөлөөлсөн тухай тэмдэглэл хийлгэх хүсэлтийг гаргасан.

2.4.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 1.3-т заасны дагуу тус хэлтэс “М*******” ХХК-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхгүй, журмын 8.3-т заасан баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандана уу” гэх агуулга бүхий хариуг К.Мд өгсөн.

2.5.Улмаар К.М*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан “М*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс К.М*******г гүйцэтгэх захирлаас хасалт хийлгэх тухай хүсэлтийг гаргасан.

2.6.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/46******* дугаартай албан бичгээр К.М*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтгүй, маягтад тэмдэг дарагдаагүй бол Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн тухайд 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хамтарсан хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ингээд 4, 5 жил ажиллаж байгаад тус компанийн захирлын үүрэгт ажлаас эрүүл мэндийн байдлын улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөх тухай хүсэлт гаргасныг компанийн хувьцаа эзэмшигчдийн 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгчийг “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан хүнийг томилсон байдаг. Нэхэмжлэгч улмаар 2008 оны эхээр Баян-Өлгий аймгаас нүүж Казакстан улсын Астана хотод очиж 16 жил амьдарч байна. Энэ хугацаанд Турк улсад хэд хэдэн удаа очиж хүнд хагалгаанд орж байсан. Нэхэмжлэгчийн биеийн байдал сайнгүй байгаа. Нэхэмжлэгчийн төрсөн эгч хүндээр өвдсөн учраас түүнийг эргэх гээд хувийн ажлаар 2022 оны 12 дугаар сард Казакстан улсаас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ирсэн байж байхдаа аймгийн татварын хэлтсийн байцаагч дуудаж, та одоо хүртэл “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүртгэлтэй юм байна, таны удирдаж байсан “М*******” ХХК татварын өртэй тул уг өрийг хэрхэн барагдуулахаар санал солилцсон” байна. Улмаар аймгийн татварт учир байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, өөрөөр хэлбэл 2007 оны 11 дүгээр сараас хойш тус компанийн захирлаар огт ажиллахгүй байгаа. Тухайн компанийн гүйцэтгэх захирлаар нягтлан байсан хүнийг томилогдсон, хөдөлмөрийн харилцаа дуусаж 16 жил өнгөрч байгаа тухай хэлсэн. Улмаар улсын бүртгэлээс чөлөөлсөн асуудлын талаар 2023 оны 3 дугаар сард хандаад явж байна. Нэхэмжлэгчийн тухайд тус компанитай 15 жил холбогдоогүй, улмаар компани 2011 оноос хойш дампуурсан, үйл ажиллагаа явагдахгүй байгаа. Нэхэмжлэгч хүнд өвчтэй эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа тул надад итгэмжлэл өгч би оролцож байна. Мөн байгууллагын тэмдэг Оросын Холбооны Улсад байгаа. Бид улсын тэмдэгтийн хураамжийг нэн даруй төлж гүйцэтгэх захирлын бүртгэлд өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн. Бодит байдал дээр 2009 онд эрүүл мэндийн шалтгаанаар өөр улс руу явсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Гэтэл улсын бүртгэлд нэр нь явж байгаа учраас татвар төлөх ёстой гээд татварын хэлтсээс асуудал тавиад байна. Тэгэхээр яг хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх ямар ч  боломж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... “М*******” ХХК нь 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр С.Х 5 хувь, Х.Б******* 5 хувь, “B” LLC 90 хувийн хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирлаар С.Хыг томилон улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгэх захирлаар К.М*******г томилж шинэчилсэн бүртгэл хийлгэсэн байх бөгөөд үүнээс хойш хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна.

К.М нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн бүртгэл хийлгэхээр хандсан бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр зэрэг нь нэг хувьцаа эзэмшигч зурсан байх бөгөөд бусад хувьцаа эзэмшигч хуралд оролцсон эсэх нь тодорхойгүй байсан тул бүртгэл хийхээс татгалзсан болно.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 зүйл, Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.3.3-д зааснаар 03 маягт, гүйцэтгэх захирлыг өөрчилсөн тухай хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /тогтоол/ хурлын тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн хуулийн этгээдийн мэдээлэлд холбогдох өөрчлөлтийг оруулах боломжтой юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрлийг зааж өгсөн бөгөөд 19 дүгээр зүйлийн 19.4.2-д “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгчийн компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлсөн бүртгэл хийлгэхдээ холбогдуулан ирүүлсэн баримт нь хууль болон журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул бүртгэхээс татгалзсан. Иймд К.М*******н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад тодруулсан “Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.М*******г чөлөөлсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.М*******г өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын иргэн С.Х, Х.Б*******, АНУ-ын хуулийн этгээд “B” LLC, түүнийг төлөөлж Ю.К нар харилцан тохиролцож “Монгол-АНУ-ын хамтарсан “М*******” хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай гэрээ[1] байгуулж, дүрмээ батлан, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хамтарсан компани бүртгүүлэх хүсэлт[2] гаргажээ.

3.Үүнийг үндэслэн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн даргын 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тушаалаар гадаад, дотоод худалдаа эрхлэх Монгол-АНУ-ын хамтарсан “М*******” ХХК-ийг 20,000 ам.долларын дүрмийн сантайгаар 1 жилийн хугацаатай байгуулах зөвшөөрөл олгож, 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн гэрчилгээг олгосон бөгөөд гэрчилгээнд С.Х 5 хувь, Х.Б******* 5 хувь, АНУ-ын хуулийн этгээд “B” LLC 90 хувийн хөрөнгө оруулсан болохыг тэмдэглэсэн байна.

4.Мөн Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанаас 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дугаартай гадаад худалдаа, шатахууны бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй Улсын бүртгэлийн гэрчилгээ[3] олгожээ.

5.2006 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг[4] үндэслэн “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар К.М*******г томилсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд талууд энэхүү үйл баримттай маргаагүй.

 6.“М*******” ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зөвлөлийн хурлын протоколыг үндэслэн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “М*******” ХХК-ийн зөвлөлийн хурлын шийдвэрээр[5] О.А******* компанийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх Зөвлөлийн дарга А.С.К гарын үсэг зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ.

7.2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр К.М*******с Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар чөлөөлсөн тухай тэмдэглэл хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 1.3-т заасны дагуу тус хэлтэс “М*******” ХХК-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхгүй, журмын 8.3-т заасан баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандана уу” гэх агуулга бүхий хариуг К.Мд өгсөн байна.

8.Улмаар К.М*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сээс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан “М*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс К.М*******г гүйцэтгэх захирлаас хасалт хийлгэх тухай хүсэлтийг гаргаж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, К.М*******н компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.С.Кт 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөлийн “ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.А******* томилсон” шийдвэр, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай тогтоолын хуулбар, татварын албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, итгэмжлэл зэрэг 26 төрлийн  баримтыг хавсаргасан байна.

9.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/46******* дугаартай албан бичгээр К.М*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтгүй, маягтад тэмдэг дарагдаагүй бол Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “бодит байдал дээр К.М нь 2008 оноос хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд компанийн үйл ажиллагаанд оролцоогүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа, нэгэнт 17 жилийн өмнө ажлаас чөлөөлөгдсөн тул хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар гарган өгч, өргөдөлд тамга, тэмдэг дарах боломжгүй, компанийн гэрчилгээ, тамга, тэмдэг А.С.Кт байгаа бөгөөд тэр хүн одоо аль улсад амьдарч байгаа нь тодорхойгүй, хувьцаа эзэмшигч О.Х, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.А нар нас барсан, иймээс хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах боломжгүй, эдгээр бодит нөхцөл байдлыг үндэслэн К.М*******г “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн бүртгэлийг хийх боломжтой” гэж тайлбарлан маргаж байна.

11.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2018 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тавигдах шаардлага буюу бүрдүүлэх баримт бичгийн бүрдлийг тодорхойлон заасан ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3-т хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд өргөдөлд хавсаргах баримт бичгийг нарийвчлан тодорхойлж, улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байх шаардлагыг мөн журмын 3.2-т заажээ.

12.Дээрх хууль, журмын заалтаас үзвэл хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэл(хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай), үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт, эрх шилжүүлэх тохиолдолд Иргэний хуульд заасан нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, гэрээслэл эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, тухайн хуулийн этгээдийн харьяалагдах татварын албаны тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлс төлсөн баримтыг бүрдүүлэх ба өргөдөлд хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байх шаардлага тавигдаж байна.

13.Энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, 18.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй, 18.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж заасан гурван үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийхээс татгалзах зохицуулалттай байна.

14.Нэхэмжлэгч талаас “2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “М*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл[6],  2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөлийн “ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.А******* томилсон” шийдвэр[7] зэрэг баримтаар нэхэмжлэгч К.М “М*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлөгдсөн, ажиллахгүй байгаа бодит нөхцөл байдал тогтоогддог” гэж тайлбарладаг.

15.Хэрэгт авагдсан 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “М*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл нь 2007 онд үйлчилж байсан Компанийн тухай хууль/1999 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хувь нийлүүлэгчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор хурлын тэмдэглэлийг гаргах бөгөөд хурлын дарга гарын үсгээ зурна. Хурлын тэмдэглэлийн үнэн зөвийг хурлын дарга хариуцна” гэж заасан тэмдэглэлд хувь нийлүүлэгчдийн хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй, тус хурлын шийдвэрийг нотлох хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоол хэрэгт байхгүй байна.

16.Мөн “М*******” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Х.Б*******ы гэрчийн мэдүүлгээс[8] үзвэл 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь хурлын тэмдэглэлд Х.Б******* “Х.М захирлын саналыг хүндэтгэж байна. Захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна...” гэж тэмдэглэсэн байх боловч Х.Б******* шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...би тус компанийн захирал К.М нь хэзээ, ямар шалтгаанаар тус ажлаасаа чөлөөлөгдсөн талаар мэдэхгүй. ... К.М нь гүйцэтгэх захирлын албан үүргээс чөлөөлөгдөх үед би Баян-Өлгий аймагт байгаагүй” гэснээс үзэхэд нэхэмжлэгч К.М*******г захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг 2007 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэх үйл баримт нотлогдохгүй байна.

17.Түүнчлэн “М*******” ХХК-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.А******* томилсон тус компанийн  2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөлийн  шийдвэрт “М*******” ХХК-ийн зөвлөлийн дарга А.С.К гарын үсэг зурсан байх боловч энэ нь К.М*******г тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлснийг нотлох баримт болохгүй.

18.Иймд хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг өргөдөлд хавсарган ирүүлээгүй үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан шийдвэр нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцжээ.

19.Нөгөөтэйгүүр улсын бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргахдаа хуульд заасан улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хуралдаанд гарсан тайлбараар нотлогдож байна.

20.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “К.М 2007 оноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцоогүй, гадаад улсад эмчилгээ хийлгэж байсан,  мөн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг өөрт нь байхгүй байгаа бодит нөхцөл байдлыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой” гэж тайлбарлан маргадаг.

21.Нэхэмжлэгч К.М нь эрүүл мэндийн шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсэх боломжтойг шүүх үгүйсгээгүй ч түүнийг компанийн гүйцэтгэх удирдлагаас чөлөөлсөн гэх нөхцөл байдлыг тогтоох баримт/хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тогтоол, тэмдэглэл/ хэрэгт байхгүй тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

22.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23.Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн тухайд:

24.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасны дагуу шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн болохыг тэмдэглэж байна.

25.Тодруулбал, “М*******” ХХК-ийг төлөөлөн О.А, Н.С нараас 2011 онд ““М*******” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр[9] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

26.Гуравдагч этгээд С.Х, Х.Б******* нараас давж заалдах шатны журмаар гомдол гаргасны дагуу Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар магадлалаар[10] “О.А нь “М*******” ХХК-ийн өмнөөс тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй болохыг анхааралгүй анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзлээ. Учир нь ... “М*******” ХХК-ийн зөвлөлийн 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр О.А******* “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон гэх боловч энэ талаар гаргасан зөвлөлийн шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн анхан шатны шүүх С.Х, Х.Б******* нар Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар нэхэмжлэг байхад тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчжээ...” гэх дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тогтоолоор[11] Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

27.Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийдвэр, иргэний хэргийн баримтууд нь К.М*******г “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн бүртгэл хийхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдох энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй буюу К.М*******г “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн эсэхэд дүгнэлт өгөөгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.6, 22.1.9 дэх заалтыг тус тус баримтлан К.М*******с Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.М*******г чөлөөлсөн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын татгалзал хууль бус болохыг тогтоож, Гадаадын хөрөнгө оруулалттай “М*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас К.М*******г өөрчилсөн бүртгэлийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ГАНЗОРИГ

 

[1] Хавтаст хэрэг /цаашид “Хх” гэх/-ийн 1-138 дахь тал

[2] Хх-1-113 дахь тал

[3] Хх-1-91 дэх тал

[4] Хх-1-89 дэх тал

[5] Хх-1-26 дахь тал

[6] Хх-1 81 дэх тал

[7] Хх-1-26, 27 дахь тал

[8] Хх-1-203, 204 дэх тал

[9] Хх-1-42 дахь тал

[10] Хх-1-45 дахь тал

[11] Хх-1-48 дахь тал