Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

                                             *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хандмаа /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2232001620126 дугаартай, 149/2022/0119/Э индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, Увс аймаг Улаангом суманд 1993 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг ******* сумын Тарни ******* дугаар баг, гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ХХК-д талх, нарийн боовчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:МИ930*******0*******03, урьд

-2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн № *******2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь иргэн *******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах Нархан хотхоны 04 тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар *******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №94 дугаартай зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 00997 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 213 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг Сэлэнгэ аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан *******аас 26000000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг ******* сумын 6 дугаар баг, Номтын 4-461 тоотод оршин суух, ******* овогт Батчулууны Туяад /РД:М390111164/ олгож,

...Иргэний нэхэмжпэгч А.Одонтуяа нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган *******гаас нэхэмжпэх эрхтэй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022.12.20-ны өдийн 2022/ШЦТ/139 тоот Сэлэнгэ аймгийн ******* суман дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. ...үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, зарж үрж болохгүйг, эд хөрөнгийг хамгаалах, битүүмжлэх захирамж, арга хэмжээ аваагүйн улмаас ******* нь фэйсбүүкээр уг байрыг зарах тухай зар явуулж иргэн Б.ТУяад 2022.05.13-ны өдөр уг байрыг 26,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж чөлөөтэй нэр дээрээ шилжүүлж авсан. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69-1д зааснаар эд хөрөнгө хамгаалах, битүүмжлэх захирамж гаргаагүйн улмаа ******* нь шүүгчийн олгсон давуу байдлыг ашиглаж иргэн *******г залилж *******д өгөх байрыг зарсан учир өнөөдөр ******* нь хохирсоор явна.

2. 2022.12.20-ны  өдөр *******д холбогдох эрүүгийн хурал хийсэн боловч 2022.12.16-ны өдөр *******г хохирогч, иргэний нэхэсмжлэгчээр тогтоосон боловч шүүх хуралд оролцуулаагүй, мэдэгдэл өгөөгүй шүүх хуулийн өмнө тэгш эрхтэй оролцох гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******-р бүлгийг бүхэлд нь хэрэгжүүлээгүй, ...хохирогчид хурлын зар, өгч тэмдэглэл хөтлөөгүй мэдэгдэл өгөөгүй хурал хийсэн. ... 2022.12.20-ны өдийн 2022/ШЦТ/139 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж, мөн 60 хоногийн дотор мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд хийгдээгүй ажлыг нэмж хийгээд шүүх хурлыг дахин товлож хийлгэж өгнө үү гэв.

Хохирогч *******гийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолтой танилцаад *******д холбогдох хэрэг нь гэмт хэрэг биш гэж үзэж байна. Учир нь залилангийн хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг юм. Ямар нэгэн байдлаар эд хөрөнгийг нь залилсан, өмчлөх эрхийг нь залилсан байвал залилангийн гэмт хэргийн шинжийг хангана. Гэтэл өмчлөх эрх зөрчигдөөгүй, эд хөрөнгө залилж авсан зүйл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.  ...Гэмт хэрэг биш зүйлийг гэмт хэрэг мөн гэж үзэж шүүн, зүйлчлээд, ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ хэрэг анхан шат руу буцаад ямар ч үр дүн гарахгүй. Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг буцаах үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасныг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.   

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ы ээж Ядамхандын Удвалын надтай хийсэн зээлийн гэрээ нь энэ байна. *******, Я.Удвал хоёр татвар төлөхөөс зайлсхийсэн. Тухайн үед надаас гуйсан. “...Бид хоёр дараагийн байрандаа орох гэж байгаа учраас бид хоёрын татвар төлөх мөнгө хүрэхгүй байна. Зээлийн гэрээгээ 10.000.000 төгрөгөөр хийгээд өгөөч ээ. Деспэнтэд 2 өрөө байр авч байгаа юм...” гэж хэлж гуйсан.

Мөрдөгч, прокурор, шүүх яагаад Я.Удвалыг хэрэгт оруулж ирээгүй нь сонин байна. Хэрэв 413 дугаар ангиас Я.Удвал, ******* хоёр холбогдох эрүүгийн хэрэг гэж заагаад байгууллагын тодорхойлолт өгч, Цагдаагийн байгууллага руу залилангийн хэрэг мөн үү, биш үү шалгаад өгөөч гэж явуула, энэ залилангийн хэрэг гэж шүүсэн байгаад гомдолтой байна. Ээж охин хоёр анхнаасаа нийлээд залилан хийсэн байгаа. Өнөөдөр би энд зардал мөнгөө үрээд, хуульч хөлсөөр аваад, энд зогсохгүй байх байсан. Мөрдөгч, прокурорууд ажлаа гүйцэт хийсэн бол ийм асуудал үүсэх байсан уу. Шүүх тогтоол гаргаад байрыг хамгаалж болох байсан уу гэвэл болох л байсан. Тэгсэн бол би хохирохгүй байсан. Би энэ байрыг худалдаж авахаасаа өмнө Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас лавлаж асуусан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас асуусан. Ийм үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө дээр маргаатай зүйл байна уу гэж асуу, байхгүй гэж хэлсэн. Бүгдийг нь судалж үзээд худалдах худалдан авах гэрээ хийсэн. Би энэ хөрөнгийг шударгаар худалдаж авсан болохоос биш, худлаа ярьж *******тай хуйвалдаж аваагүй. Цагдаа нар үүнийг тогтоох байсан. Би үүнд гомдолтой байна.

...*******аас энэ байрыг ава бас маргаан үүсгэж байсан. ******* надтай анх 32.000.000 төгрөгөөр үнэ тохирсон. 29 метр квадрат гэж хэлээд, 32.000.000 төгрөгөөр үнэ тохирсон боловч би тухайн өдөр Хас банкин дээр очиж зээлийг нь өөрөө хаасан. 23.635.000 төгрөгөөр хаагаад, үлдэгдэл 369.000 төгрөгийг авч гарч ирсэн. Банкны зээлийн барьцаанд бай нь банканд зээлийг нь тушаагаад, нотариат дээр орж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Цагдаа нар мөн бас үүнийг шалгаагүй. Энэ хүн шударгаар авсан байна уу, тухайн үл хөдлөх хөрөнгө хаалттай байсан уу, үгүй юу гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй. Шударгаар олж авсан хөрөнгөө авч үлдэнэ гэдэгт итгэлтэй байсан. Улсын үнэлгээ тогтоосон. *******аас ******* нь улсын үнэлгээгээр тогтоосон гучин дөрвөн сая төгрөгийг нь өгөөд энэ хэрэг болно гэж би дотроо бодож байсан боловч эсрэгээрээ шал өөр дүр зураг гарч ирсэн. Би маш их гомдолтой байна. Байраа худалдаж авсан тул намайг шударга өмчлөгч гэдгийг тогтоож өгнө үү гэв.   

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүхээс хэргийг шинэ хуулиараа завсарлуулаад хохирогч *******г хохирогчоор тогтоогоод хохирогчоор мэдүүлэг авсан. Үндсэн хохирогч биш учраас шүүх хуралд оролцуулах шаардлага байхгүй. Үндсэн хохирогч нь Пүрэвбадам гэх хүн сууж байна. Үндэслэлгүйгээр давж заалдах шатны шүүх дээр янз бүрийн зүйл яриад, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан шийдвэр тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2232001620126 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын Прокурорын газраас ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд  шилжүүлжээ. 

2.Шүүх хэргийг хүлээн авч *******д холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын  хэмжээнд  хэргийг шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэх боломжтой гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон байна.

 Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан байх ба энэ хугацаанд шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210 дугаартай захирамжаар тухайн хэрэгт тодорхой ажиллагаа  хийж гүйцэтгэхийг прокурорт даалгасан байна.

Прокуророос тус хэрэгт  иргэн *******г хохирогчоор, иргэн А.Одонтуяаг иргэний нэхэмжлэгчээр  тус тус тогтоож тэдгээрээс  мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэж улмаар тэдгээрт хэргийн матералыг тус тус танилцуулжээ.  

 3.Дээрхи ажиллагаагаар хохирогч *******, иргэний нэхэмжлэгч А.Одонтуяа нар нь *******д холбогдох эрүүгийн хэрэгт  тухайн хэргийн оролцогч болсон байх шүүх хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг дээрхи оролцогч нарт мэдэгдээгүй, улмаар тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”, 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.”, 34.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна.” гэж тус тус заасан.  

           Гэтэл анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж шүүх хуралдаанд оролцуулах эрхийг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл болно.

4.Иймд хохирогчийн шүүх хуульд заасан эрх хязгаарласан гэсэн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3,  39.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН