Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 120/ШШ2024/0017

 

2024 оны 09 сарын 19 өдөр                                                              120/ШШ2024/0017                                                                     Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуланг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ихкаркас констракшн” ХХК,

Хариуцагч: Даланзадгад сумын хоёрдугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих ӨМАХААГ/20240101456/02/01 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ихкаркас констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномдорж, Г.Ууганцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 “ӨМАХААГ/20240101456/02/01 дугаар бүхий тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг “Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих” ӨМАХААГ/20240101456/02/01 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1 Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/307 дугаар тушаалаар “Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулсан ба тус үнэлгээний хорооноос нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарлан, уг шалгаруулалтад “И Си Си” ХХК, “Мишээл кристал хаус” ХХК, “Суварганговь” ХХК, “Хөхбугат” ХХК-иуд оролцсон боловч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаар дээрх компаниуд тендерийн шаардлагад нийцээгүй тул дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн байна.

2.2 Ийнхүү тендер шалгаруулалтыг дахин нээлттэй тендер шалгаруулалтын журмаар, цахим системээр зарлан, уг шалгаруулалтад “И Си Си” ХХК, “Ихкаркас констракшин” ХХК, “Суварганговь” ХХК, “Хөхбугат” ХХК-иуд оролцсон байна.

2.3 Захиалагчаас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/1625 дугаар албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг  “Ихкаркас констракшин” ХХК-д хүргүүлжээ.

2.4 “Ихкаркас констракшин” ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын  27-ны өдрийн 03/5606 дугаар албан бичгээр “...Захиалагчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 02/1625, 02/1626 тоот албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье...” гэх хариуг хүргүүлсэн.

2.5 Сангийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо хуралдаж, дахин үнэлгээ хийн “Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих” ӨМАХААГ/20240101456/02/01 дугаартай ажлын тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, энэ талаар захиалагчид зөвлөмж хүргүүлсэн байна.

2.6 “Ихкаркас констракшин” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч “Ихкаркас констракшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Джавааав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани нь 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр нээгдсэн Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих” ӨМАХААГ/20240101456/02/01 дугаар бүхий тендерийн шалгаруулалтад оролцсон бөгөөд тухайн тендерийн үнэлгээний хорооноос буюу Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газраас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 02/1625 дугаартай албан мэдэгдэл ирүүлж, манай компанийг “ТШЗ 19.2 Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо хэмжээг үндэслэнэ.” гэж заасан шаардлагыг хангаагүй тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй.” тухай мэдэгдсэн.

Манай компани уг мэдэгдлийг хүлээн авч тендерт илгээсэн материалаа дахин нягталж төсвийн ажлын тоо хэмжээг өгөгдсөн ажлын тоо хэмжээтэй тулгалт хийж, хянан баталгаа хийхэд ажлын тоо хэмжээ зөрөөгүй, өгөгдсөн ажлын тоо хэмжээний дагуу төсвөө боловсруулсан байсан. Ингээд манай компанийг тендерийн сонгон шалгаруулалтаас хууль бусаар хассан тухай гомдлыг 2024 оны 06 дугаар сарын 13- ны өдөр МУ-ын Сангийн яаманд хандан гаргасан. Сангийн яам манай гаргасан гомдлыг хянан үзээд “... Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 02/1625 дугаартай албан мэдэгдэлд дурдсан “ТШЗ 19.2-т заасан дээрх шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.” гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 зүйлийн 59.10.1-д заасныг үндэслэн тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх1 шийдвэр гарсан. Сангийн яамны уг шийдвэрийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 08 -ны өдөр дахин тендерийг үнэлсэн боловч өмнө нь тендерээс татгалзсан үндэслэл буюу ТШЗ 19.2 Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо хэмжээг үндэслэнэ.” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзсан.

Манай компани тухайн тендерт хүргүүлсэн баримт бичигт дээрх төрлийн зөрчил байхгүй гэдгийг Сангийн яам тогтоосон байхад дахин энэ үндэслэлээр тендерээс татгалзсан шийдвэрт манай компани дахин тус яаманд гомдол гаргасан.

Сангийн яам манай компанийн гомдлыг хянан үзээд “... гомдолд дурдсан асуудлыг тус яам хянан шийдвэрлэж хариу өгсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 зүйлийн 59.5 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага .. шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана. гэж заасны дагуу танай гомдлыг буцааж байна.” гэх хариуг ирүүлсэн.

Ийнхүү харьяалах дээд шатны байгууллага буюу Сангийн яамны шалгаж тогтоосон асуудал /үндэслэлээр/ манай компанийг дахин тендерийн үйл ажиллагаанаас хасаж, татгалзаж байгаа шийдвэр нь хууль бус...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компанийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өдрийн 02/1625 дугаартай албан мэдэгдлээр тендер шалгаруулалтын зөвлөмжийн 19.2-т ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын хэмжээг тоо хэмжээг үндэслэнэ гэж заасан шаардлагыг хангаагүй тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй гэсэн тухай мэдэгдсэн. Манай компани уг мэдэгдлийг хүлээн аваад, тендерт илгээсэн материалаа дахин нягталж, төсвийн ажлын тоо хэмжээг өгөгдсөн ажлын тоо хэмжээнд тулгалт хийж, хянан баталгаа хийж, ажлын тоо хэмжээг зөрөөгүй, өгөгдсөн ажлын тоо хэмжээний дагуу төсөл боловсруулсан байсан.

 Сангийн яам манай гаргасан гомдлыг хянан үзээд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан мэдэгдэлд дурдсан 19.2-т заасан шаардлагыг хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэж шийдвэр ирүүлсэн.

Сангийн яамны уг шийдвэрийн дагуу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагад мөн захиалагчаас ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо хэмжээг үндэслэнэ гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн мэдэгдлээ дахин ирүүлсэн.

Манай компаниас тухайн тендерт хүргүүлсэн баримт бичиг дээр зөрчил байхгүй гэдгийг Сангийн яам тогтоосон байхад дахин энэ үндэслэлээр тендерээс татгалзсан шийдвэрт манай компани Сангийн яаманд дахин гомдол гаргасан.

“ӨМАХААГ/20240101456/02/01 дугаар бүхий тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг “Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих” ӨМАХААГ/20240101456/02/01 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү..” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалтын процессын тухайд тендер нь //www.tender.gov.mn/ сайтад  03 дугаар сарын 15-ны өдөр цахим системээр зарлаад, 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутад нээхэд 4 компани материал ирүүлсэн. Тус 4 компанийн материалыг 04 дүгээр сарын 16-ны өдөр тендерийн Үнэлгээний хорооноос хуралдаж, оролцогчдод татгалзсан мэдэгдлийг нэгэн зэрэг хүргүүлээд, дахин 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрийн худалдаа авах цахим системээр зарлаж, 05 дугаар сарын 24-ний өдөр нээхэд 4 компани материал ирүүлсэн. Үүнд нэхэмжлэгч “Ихкаркас констракшн” ХХК-ийн ажлын тоо хэмжээний зөрүүтэй гэсэн үндэслэлээр татгалзаж мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу сая нэхэмжлэгч тал тайлбарласан. Сангийн яаманд гомдол хүсэлт гаргасан. Үүний дагуу Сангийн яамнаас гомдол хянасан тухай хүсэлт албан бичигт 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 07 дугаар сарын 05-ны өдөр дахин хуралдаад нэхэмжлэгч “Ихкаркас констракшн” ХХК-ийн ирүүлсэн номын сан 1 гэсэн файлын 36 дугаар хуудсанд халаалтын системийн ажлын металл пластмассан хоолой ф20х2,2мм дулаалгатай угсрах 80 метр гэсэн энэ ажлын тоо хэмжээг огт ирүүлээгүй. Мөн ажлын тоо хэмжээний 6 дугаар хуудасны 28-д яндан хоолойг усаар шахаж шалгах ф15-57мм 126 м гэж заасныг бас номын сан 1 гэсэн файлын 34 дүгээр хуудсанд 0,126 м гэж ирүүлсэн байгаа. Мөн ажлын тоо хэмжээний 16 дугаар хуудасны 0,4КВ-ын АВВБ 4х150+4Х50ММ2 кабельд төгсгөлийн муфт тавих тоо хэмжээ нь 4 ш гэж заасныг мөн номын сан 2 файлын 6 дугаар хуудсанд 0,4 кабельтай холбоотой материал огт ирүүлээгүй байгаа.

Иймд тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамнаас ирүүлсэн 06 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгийн дагуу 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдаад дээрх дурдсан 2 ажлын тоо хэмжээг  ирүүлээгүй, нэг ажлын тоо хэмжээ зөрөөтэй байсан учраас тендерийн Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар тус “Ихкаркас констракшн” ХХК-ийн ирүүлсэн материалаас татгалзсан. Мөн тендерт оролцсон 4 компанийн бүх тендерт шалгарсан байсан “Суварган говь” ХХК-ийн материалаас мөн татгалзаад 3 дахь удаагаа дахин тендерийн материал хүлээн авахаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлаж, хариу тайлбар гаргасан өдрийн 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үнэлгээний шатанд явагдаж байсан. Одоогийн байдлаар үнэлээд мэдэгдлүүдээ хүргүүлчихсэн байгаа.

Иймд төсөл, арга хэмжээний үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс “Ихкаркас констракшн” ХХК-ийн “ӨМАХААГ/20240101456/02/01 дугаар бүхий тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг “Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих” ӨМАХААГ/20240101456/02/01 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. “Даланзадгад сумын 2 дугаар сургуулийн номын сангийн өргөтгөлийн барилга барих” ӨМАХААГ/20240101456/02/01 дугаартай ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа “Суварган говь” ХХК болон “Ихкаркас констракшн” ХХК-иуд шаардлага хангахгүй байх тул тендерийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1 боть 228-232 дахь тал/

2. Нэхэмжлэгч компани “...тендерт ирүүлсэн материалаа дахин нягталж төсвийн ажлын тоо хэмжээг өгөгдсөн ажлын тоо хэмжээтэй тулгалт хийж, хянан баталгаа хийхэд ажлын тоо хэмжээ зөрөөгүй, өгөгдсөн ажлын тоо хэмжээний дагуу төсвөө боловсруулсан, дээрх төрлийн зөрчил байхгүй гэдгийг Сангийн яам тогтоосон, хариуцагч үнэлгээ хийхдээ арифметик алдааг залруулаагүй...” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа үндэслэлээ:

2.1 Ажлын тоо хэмжээний жагсаалтын 6 дугаар хуудасны “Халаалтын системийн ажил”-ын 11-д “Металл пластмассан хоолой ф20х2.2мм дулаалгатай угсрах 80м” гэж заасныг ирүүлээгүй.

2.2 Ажлын тоо хэмжээний жагсаалтын 6 дугаар хуудасны 28-д “Яндан хоолойг усаар шахаж шалгах ф15-57мм, 126м” гэж заасныг 0,126м гэж зөрүүтэй ирүүлсэн.

2.3 Ажлын тоо хэмжээний жагсаалтын 16 дугаар хуудасны “0.4КВ-ЫН АВВБ 4x150+4Х50ММ2 КАБЕЛЬ”-ын 8-д “0.4кВ-ын кабельд төгсгөлийн муфт тавих тоо хэмжээ нь 4ш” гэж заасныг ирүүлээгүй гэж тодорхойлсон.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;”, 26.4.3-д “захиалагчаас тогтоосон, эсхүл холбогдох гэрээний нөхцөлөөр тодорхойлсон талуудын эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байх;”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.” гээд 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж захиалагч тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх хуулийн зохицуулалттай ба 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж хуульчилсан.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.10-д “Шүүх энэ зүйлийн 112.4.2-т заасан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан цахим системээс нотлох баримтыг цахимаар авч шинжлэн судлах ба захиалагч болон бусад этгээд тоон гарын үсгээр баталгаажуулж цахим системд байршуулсан баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасанд тооцно.” гэж зааснаар худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д хариуцагчийн эрхээр нэвтэрч, холбогдох баримтыг цаасаар болон flash disk-нд хуулбарлан авч, шүүх хуралдаанд системд нэвтэрч нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлсэн болно.

5. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2-д “...Ажлын зураг, төсвийн дагуу тооцсон төсөв зохиож, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. Ажлын төсвийг тооцож ирүүлэхдээ өгөгдсөн ажлын тоо, хэмжээг үндэслэнэ. Өгөгдсөн ажлын тоо хэмжээг батлагдсан ажлын зураг төсөлтэй тулган шалгасан байна...” гэж заасан.

5.1 “Өмнөговь аймаг, Даланзадгад сумын хоёрдугаар сургуулийн номын сангийн зураг төслийн ажлын тоо хэмжээ”-ний жагсаалтын “Халаалтын системийн ажил”-ын 11-д “Метал пластмассан хоолой ф20х2.2 мм дулаалгатай угсрах 80 м” гэж,  “Халаалтын системийн ажил”-ын 28-д  “Яндан хоолойг усаар шахаж шалгах ф15-57мм, 126 м”, “0.4КВ-ЫН АВВБ 4x150+4Х50 ММ2 КАБЕЛЬ”-ын 8-д “0.4кВ-ын кабельд төгсгөлийн муфт тавих тоо хэмжээ нь 4 ш” гэж хийгдэх ажлын тоо хэмжээ, хэмжих нэгжийг нэг бүрчлэн заажээ.

5.2 “Ихкаркас констракшн” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтаас /цахим/ үзвэл халаалтын системийн ажилд “Метал пластмассан хоолой ф20х2.2мм дулаалгатай угсрах 80 м”-ийг хийх ажлыг ирүүлээгүй, “Яндан хоолойг усаар шахаж шалгах ф15-57мм, 0.126м” гэж өгөгдсөн ажлын тоо хэмжээнээс зөрүүтэй ирүүлсэн, “0.4КВ-ЫН АВВБ 4x150+4Х50 ММР КАБЕЛЬ”-ын ажлын 0.4кВ-ын кабельд төгсгөлийн муфт” хийх ажлыг  ирүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байна.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Үнэлж байгаа тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар залруулж, энэ тухай оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана.” гэж зөвхөн ирүүлсэн тендерийн үнэд арифметик алдаа байвал захиалагч залруулж болохоор зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч тендерийн баримт бичигт заасан зайлшгүй хийгдэх ажлын тоо хэмжээг дутуу болон зөрүүтэй ирүүлснийг хариуцагч арифметик алдаанд тооцон залруулах үүрэгтэй байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

7. Энэ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр маргаан бүхий тендерт оролцсон “Ихкаркас констракшн” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй болох нь тогтоогдсон тул тус тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

8. Ийнхүү тендер шалгаруулалтын  Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхад дахин үнэлгээ хийхийг даалгах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.9, 28 дугаар зүйлийн  28.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ихкаркас констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Ихкаркас констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.БАЯРМАА