Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ц.О-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.О (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1970 онд төрсөн. Би 1988 онд 10 дугаар анги төгсөөд Баян-Өлгий аймгийн БТМС-д оёдлын ангид орж суралцаад 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр оёдолчин мэргэжлээр төгсөж 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хархираан Тэжээлийн аж ахуй дахь Ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажилд орж ажилсан. 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ахуй үйлчилгээний салбар дуудлага худалдаанд орсноор ажлаас чөлөөлөгдсөн юм. 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хархираа сумын Тахилт хоршоонд оёдолчноор ажилд орсон. 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Тахилт хоршоо хувийн хэвшилд шилжиж дуудлага худалдаанд орсноор ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж Тахилт хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллаж байсан хугацааны тушаал олдохгүй байгаа тул хамт ажиллаж байсан М.Оыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ц.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 264 дугаартай архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн  98 дугаартай зөвлөмжийн хуудас, Ц.Оийн 301349 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.О, М.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, М.Оын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Оийн ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх анкет, Ц.Оийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Н, Ц.М нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Цогбадрах овогтой Оргилын төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.М-ын төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.М, Ц.Н нарын төрснийг бүртгэх анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын мэдээллийн сангаас Ц.От холбогдох тооллогын хуудас зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.  

Ц.Оийн хүсэлтээр М.Оыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Ц.Оийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Ц.О нь шүүхэд хандаж Увс аймгийн Тахилт хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ц.Оийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.О нь Увс аймгийн Увс аймгийн Тахилт хоршоонд 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд оёдолчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ц.О нь 1988 онд 10 дугаар анги төгсөөд Баян-Өлгий аймаг дахь техник мэргэжлийн сургуульд оёдолчин мэргэжлээр суралцаж, 1989 онд төгссөн.1989 онд Хархираагийн тэжээлийн аж ахуй дахь ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажилд орж ажилласан ба тус ахуй үйлчилгээ 1991 онд хувьчлагдах хүртэл ажиллаад 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжлүүлэн Хархираа дахь Тахилт хоршоонд оёдолчноор ажилд орж, 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан боловч тухайн үеийн ажилд орсон болон гарсан тушаал аймгийн архиваас гараагүй байна. Мөн цалингийн баримт дутуу гарсан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Ц.О нь Увс аймгийн Хархираа сумын Тахилт хоршоонд 1991.12.25-1994.06.0 хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тэтгэврийн жил дээр оруулан тооцох боломжгүй байна” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ц.Оийн ХААТР-15 буюу гэрлэснийг бүртгэх анкетыг 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн байх бөгөөд Ц.Оийг Хархираа сумын ахуй үйлчилгээнд оёдолчин ажилтай гэж тэмдэглэжээ.

Мөн шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн Цогбадрахын Машбатын төрснийг бүртгэх анкетад Ц.Оийг Хархираа сумын ахуй үйлчилгээнд оёдолчин гэж тэмдэглэсэн бол 1993 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн Цогбадрахын Машбатын төрснийг бүртгэх анкетад Ц.Оийг Тахилт хоршоонд оёдолчин гэж тэмдэглэжээ.

Иймд дээрх баримтад үндэслэн Ц.Оийг 1990 оноос 1993 оны 01 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуй болон Тахилт хоршоонд оёдолчноор ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4.2. Хэрэгт авагдсан 301349 дугаартай, Ц.От 1989 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн БТМДС-с олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хархираа сум дахь Тахилт хоршооны захирлын 01 тоот тушаалаар оёдолчноор авч ажиллуулав” гэж бичигдсэн бол 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Тахилт хоршооны оёдолчны ажлаас чөлөөлөв” гэж бичигджээ.

Гэвч хүсэлт гаргагч Ц.Оийн хөдөлмөрийн дэвтрийн Тахилт хоршоонд оёдолчноор томилогдсон болон чөлөөлөгдсөн тухай бичилтийг баталгаажуулсан тамга бүдэг дарагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан гэрч М.Оын хөдөлмөрийн дэвтэрт дарагдсан Тахилт ББХХ-ны тамганы хэвээс зөрүүтэй байх тул хүсэлт гаргагч Ц.Оийн хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.

4.3. Гэрч М.О “Би Би 1985 онд Хархираан тэжээлийн аж ахуй дахь ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор ажилд орж 1994 он хүртэл ажилласан. Ц.О 1989 онд Хархираан тэжээлийн аж ахуй дахь ахуй үйлчилгээний салбарт оёдолчноор над дээр хувиарлагдан ирж ажиллаж байсан тул Ц.Оийг мэднэ. Хархираан тэжээлийн аж ахуй дахь ахуй үйлчилгээний салбар 1991 онд Тахилт хоршоо болж Ц.О 1994 он хүртэл ажилласан” гэж мэдүүлжээ.  

Гэрч М.О нь хүсэлт гаргагч Ц.Оийн шүүхийн журмаар сэргээн тогтоолгохыг хүссэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болсон цаг хугацаанд буюу 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Увс аймгийн Тахилт хоршоонд оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Гэрч М.Оын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үнэн зөв бөгөөд эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

5. Иймд шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн Ц.Оийн 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Увс аймгийн Тахилт хоршоонд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Оийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.О-ийн 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Увс аймгийн Тахилт хоршоонд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ц.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Ц.Оийн 301349 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА