Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2024/00533

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********* аймгийн ********* сумын ********* багт оршин суух *********-н нэхэмжлэлтэй

мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие нь 1970 оны 02 сарын 23-нд ********** аймгийн ********* суманд төрсөн. Би 8 дугаар анги төгсөөд мал дээр гарч аав ээжийн хамт мал маллах болсон. Аав 1997 онд нас барсан бөгөөд би ээжтэйгээ хамт мал маллаж байсан. Би одоог хүртэл гэр бүлтэй болоогүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991-1996 оны А данс өрхийн тэргүүний буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ********* аймгийн ********* сумын ********* багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-******** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 829 дугаар лавлагаа,

-мөн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 518 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-*********-н 1991, 1993-1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-Үндэсний архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-08/4126, 03-08/4125 дугаар лавлагаанууд,

-Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4191 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн төрсний бүртгэлийн мэдээлэл олдоогүй талаарх лавлагаа,

-*********-н төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар *********-н гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-**********-н гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

-********** аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаар тодорхойлолт.

 

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн CVL********* дугаар *********-н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

-********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15/505 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн *********-н ИУБ-31, ИУБ-21, ХААТР-1, хаягийн хуудас 7 маягтууд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ********* сумын ********* багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохооор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Малчнаар ажилласан хугацааг шүүхийн  журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4.1. ********** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********** аймгийн ********* сумын ********* багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь:

-********** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 829 дугаар “Мөн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд ********* сумын ********* багийн 1992 оны мал тооллогын А дансны баримт шилжиж ирээгүй болно. Тус аймгийн ********* сумын ********* багийн малчин, өрхийн тэргүүлэгч ********* мал маллаж байсан хугацаа /1991 он, 1993-1996 он/ хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-*********-н 1991, 1993-1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,

-********** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 518 дугаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар зарлигаар ********* сумын харьяат *******-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай” гэх лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,

-Үндэсний архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-08/4126 дугаар лавлагаанд  “1989 оны ********* аймгийн ********* сумын хүн амын тооллогод ******* тэргүүлэгч өөрөө, 63 настай, эрэгтэй, ********* эхнэр, 57 настай, эмэгтэй, ******** охин, 21 настай, эмэгтэй, ********* охин, 14 настай, эмэгтэй, ******* хүү, 9 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,

-мөн архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-08/4125 дугаар лавлагаанд “2000 оны ******* аймгийн ********* сумын ********* багийн хүн амын лавлагаанд ******* тэргүүлэгч өөрөө, төрсөн он сар 1931 оны 02 сар, 68 настай, эмэгтэй, ********* хүү, төрсөн он сар 1970 оны 09 сар, 29 настай, ********* хүү, төрсөн он сар 1979 оны 07 сар, 20 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,

-Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4191 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “******** 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн **** дугаар ангид алба хааж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдсан” гэж бүртгэгдсэн,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ********-н төрсний бүртгэлийн мэдээлэл олдоогүй талаарх лавлагаа,

-“эцгийн овог нэр ********, эхийн овог нэр *********, хүүхдийн овог нэр ********* 1970 оны 02 сарын 05-нд ********* сумд төрснийг 1970 оны 08 сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэв” гэх төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн CVL********* дугаар ********-н гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******** дугаар ********, ********* нарын 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-*********, ********* нарын 1976 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар,

-******** аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 140 дугаар “********** нь 1989-1996 онуудад тус сургуульд сурч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

-******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15/505 дугаар албан бичгээр ирүүлсэн *********-н ИУБ-31, ИУБ-21, ХААТР-1, хаягийн хуудас 7 маягтуудыг хавсралтууд зэргээр тогтоогдож байна.

4.2. Үндэсний архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-08/4126 дугаар лавлагаанд бичигдсэн 1989 оны хүн амын тооллогод ********-н ам бүл 5 гэж бүртгэгдсэн, энэ үед нэхэмжлэгч ********* нь цэргийн алба хааж байсан бөгөөд 1990 онд цэргээс халагдсан байна.

1991-1996 оны жилийн эцсийн малын тооллогонд ********-н ам бүл 4-5, үүнээс үүнээс 16-аас дээш насны нийт малчдын тоо 4-5, тэтгэврийн насны 2 гэж бүртгэсэн нь Үндэсний архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-08/4126 дугаар лавлагаанд бичигдсэн өрхийн гишүүдийн насны мэдээлэлтэй тохирч байгаа болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

5. Иймд ***********-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ҮЙТҮМЭН