Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/401

 

 

 

 

    2023           04            13                                        2023/ДШМ/401

 

Б.Тд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Тд холбогдох 2025004031330 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.Т, 2002 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүрэгт авто угаалгын газарт ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 22 дугаар гудамжны 750в тоотод оршин суудаг, /РД:УЖ02271439/,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйл, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 12 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, түүний цагдан хоригдсон 192 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар 12 хоногийн хорих ялд оруулан эдлэх ялгүйд тооцож, түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний биечлэн эдлэх 2 жилийн хорих ялаас 2 жилийг хасч биечлэн эдлэх ялгүйд тооцсон.

Б.Т нь фейсбүүк цахим орчинд “Солонгос дахь Монголчууд” групп дээр “Болорсувд Отгонбаяр” гэх нэртэй хуурамч хаягаар “Вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Тгаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг ХААН банк дахь 5431247737 дугаарын данс руу шилжүүлүүлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвийн АТМ-ээс гарган авч, залилсан,

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа цахим хэрэгсэл ашиглан “Солонгос дахь Монголчууд” фейсбүүк хаягт “вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ц.Хишигээгээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны 5017057099 дугаарын дансаар дамжуулан авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Б.Тг цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантулгад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тэс 8.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тд олгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн хувьд маргаагүй, хохирлоо төлж барагдуулсан тул надад хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Ц.Хишигээд эд хөрөнгийн хохирол учирсан байх ба тэрээр гадаад улсад ажиллаж амьдардаг болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчоор тогтоогдох боломжгүй нөхцөл байдлын улмаас Б.Гантулгыг хохирогчоор тогтоожээ. Иргэн Ц.Хишигээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б.Гантулгыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд оролцуулах талаар итгэмжлэл олгож хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Иймд гэмт хэргийн улмаас Б.Гантулгын эрх зөрчигдөөгүй, харин иргэн Ц.Хишигээг төлөөлж оролцох тохиолдолд түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болохыг дурдлаа ...” гэжээ. /шийтгэх тогтоолын 7 дугаар тал/.

Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ ...” , тус зүйл ангийн 3 дахь хэсэгт “ ...Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно. ...“ гэж хуульчилсан байдгаас харахад тус хэргийн хохирогчоор Ц.Хишигийг тогтоох байсан. Мөн хохирогч хуульд заасан эрхээ зөвхөн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх болохоос бусад этгээдэд итгэмжлэл олгох эрхгүй. Улсын яллагчийн зүгээс дээрх хяналтыг тавиагүйгээс мөрдөгч нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчин хохирогчийг буруу тогтоосон байх тул шүүх хурлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хоногоор хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Даргалагчаас “өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй байна, гэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүхээс хохирогчоор Б.Гантулгыг тогтоосон нь зөв байна, түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж үзэж байна” гэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.Гантулгыг хохирогчоор тогтоосноос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон баримт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт нь хохирогч иргэн бус хохирогч хуулийн этгээдээс бусад этгээдэд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хууль ёсны төлөөлөгчөөр түүнийг төлөөлөх ойлголт юм. Түүнчлэн шүүх хуралдаан дээр даргалагчаас “...өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй байна. ...” гэж хэлсэн байтал шүүх хуралдааны хурлын тэмдэглэл дээр уг яриа бичигдээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Цогтмагнай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийг буруу тогтоосон асуудлын талаар ярьж байна. Хохирогч Ц.Хишигээ нь Солонгос улсад оршин сууж, амьдардаг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ хэлж, өөрийн хамаарал бүхий хүн болох Б.Гантулгад итгэмжлэл хийж, Солонгос улс руу явсан. Б.Гантулга нь хохирогчийн эрх, үүргийг эдэлж хохирогч Ц.Хишигээгийн өмнөөс хохирогчоор тогтоогдсон. Ц.Хишигээд 2.400.000 төгрөгийн хохирол учирсан, Монголд ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гэхээр дахиад 2.400.000 төгрөг замын зардалд орох учраас бусдад залилуулж хохирсон мөнгөө авахын тулд тэр хэмжээний зардал гаргаад Монголд ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй гэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд Ц.Хишигээ нь итгэмжлэл олгосон тухайгаа илэрхийлсэн, төлөөлж оролцоход хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй талаар дурдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Гантулгыг тогтоосныг буруу гэж үзэхгүй. Шүүгдэгч нь урьд хулгайлах, дээрэмдэх мөн залилах гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэг нь нотлогдож шүүхээр гэм буруутайд тооцож, ял эдэлж байсан. Иймд түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар солих боломжгүй. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь түүний гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Т нь фейсбүүк цахим орчинд “Солонгос дахь Монголчууд” групп дээр “Болорсувд Отгонбаяр” гэх нэртэй хуурамч хаягаар “Вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Тгаас 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 8.000.000 төгрөгийг ХААН банк дахь 5431247737 дугаарын данс руу шилжүүлүүлэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвийн АТМ-ээс гарган авч, залилсан,

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байхдаа цахим хэрэгсэл ашиглан “Солонгос дахь Монголчууд” фейсбүүк хаягт “вон шилжүүлнэ” гэсэн зар оруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч иргэн Ц.Хишигээгээс 2020 онь 07 дугаар сарын 27-ны өдөр 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны 5017057099 дугаарын дансаар дамжуулан авч, залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 35-40/, мөрдөгчийн тогтоол /1хх 41/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 53/, Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /1хх 54-57/, итгэмжлэл /1хх 226/, дансны хуулга /2хх 18-38/, хохирол төлсөн баримт /2хх 98/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Б.Тгийн  “...Манай нөхөр Даваасамбуугийн Амартүвшин нь 2016 оноос хойш Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа юм. Манай нөхөр Д.Амартүвшинд 8.000.000 төгрөгийн хэрэг гараад “Болорсувд Отгонбаяр” гэх фэйсбүүкийн эзэмшигчтэй харьцаад Монгол мөнгийг вон болгож авах гээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр над руу 5431247737 дугаартай Анужин гэх данс өгөөд энэ данс руу би 8.000.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 16 цагийн үед шилжүүлсэн юм. Тэгээд манай нөхөр Д.Амартүвшин тухайн зуучилдаг хүн рүүгээ “манай эхнэр шилжүүлчихлээ” гэсэн чинь одоо “вон болгож авъя” гэсэн чинь нөгөө вон болгож өгдөг хүн нь “байж байгаараа” гэж байснаа хэсэг хугацааны дараа сураггүй алга болсон. ...” /1хх 116/,

хохирогч Б.Гантулгын “...2020 оны 07 сард миний нагац эгч Ц.Хишгээ нь БНСУ-аас гэр бүл рүүгээ вон шилжүүлэхээр фейсбүүк группийн зарын “Тэмка Сэкси боё” гэх цахим хаягтай этгээдтэй холбогдон түүний зааврын дагуу Воори банкны 1002241670177 гэх данс руу вон шилжүүлсэн. Гэвч уг мөнгийг “Тэмка Сэкси боё” гэх цахим хаягтай этгээд нь 5017057099 тоот хаан банкны данс руу шилжүүлэн авч залилсан байна. ...” /1хх 229-230/,

насанд хүрээгүй гэрч Ч.Анужингийн “...2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хороололд уулзах үед “өдрийн 5000 төгрөг өгье картаа ашиглуулаач” гээд 35.000 төгрөг өгсөн юм. Тэгээд миний картыг аваад фэйсбүүк хаягаа устгаад алга болсон байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр миний дансанд 8.000.000 төгрөг ороод удалгүй гарсан байсан учраас 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шинэ фэйсбүүк хаягаар нь асуусан чинь манай эгчийн мөнгө байгаа юм, асуудалгүй гэхээр нь тодруулж асуугаагүй. ...” /1хх 124-126, 245-246/,

насанд хүрээгүй гэрч У.Мянганбаярын “...Би Ч.Анужины 5431247737 дугаарын данстай картыг түр ашиглахаар авсан юм. Тэгээд ТҮЦ-нд ажиллаж байгаад ажлаас гарсны дараа Түмэн-Эрдэнэ ах надаас “түр ашиглуулчих данс,  карт байна уу?, ах мөнгө хийх юм. АТМ-ээс авчихаад буцааж өгье” гэж хэлээд надаас Ч.Анужины картыг авсан. Тэгээд би картыг нь буцааж авахаа мартчихсан юм. Тэрнээс хойш Түмэн-Эрдэнэ ахтай холбогдоогүй. ...” /1 хх 152, 243/,

гэрч Н.Наранцацралын “...Би тухайн ТҮЦ-нд худалдагчаар ажиллаж байхад манай тэр хавьд байдаг Эрдэнэшагай гээд манай ТҮЦ-ээр байнга ирж үйлчлүүлдэг хүүхэд над руу утсаар яриад “би таны данс руу мөнгө хийцэн байгаа, та буцаагаад энэ данс руу хийгээд өгөөч” гэсэн ...Тухайн үед над руу 2.450.000 төгрөгийг шилжүүлээд би тэрийг нь Эрдэнэшагайгийн өгсөн 5431247737 гээд данс руу шилжүүлсэн. Тэр хүүхэд надтай ярихдаа “та 10.000 төгрөгийг нь аваад үлдсэнийг нь шилжүүлчих” гэж хэлсэн. ...” /1хх 234/,

гэрч Б.Эрдэнэшагайн “...Тухайн үед мөнгө шилжүүлчихлээ гэхээр нь би Наранцацрал эгч рүү яриад “хөдөөнөөс ээж мөнгө шилжүүлээд өгөөч гэсэн юм, таны данс руу хийлгэчихлээ, нөгөө хүнийх нь данс надад ирэхээр та тэр данс руу шилжүүлчихээч” гээд хэлчихсэн. Тэгээд Наранцацрал эгчийн дансанд орсон мөнгийг Мянганбаярын танил охин болох Анужин гээд хүүхдийн дансанд шилжүүлэн авсан. Би Анужин гээд охиныг нь танихгүй. Наранцацрал эгчийн дансанд яг хэдэн төгрөг шилжиж ирсэн гэдгийг сайн санахгүй байна. Одоо санаж байгаагаар 2.490.000 төгрөг шилжүүлсэн гэж санаад байна. Тэр мөнгөнөөс Тэлмэн Наранцацрал эгчид 10.000 төгрөг өгсөн тэгээд үлдсэнийг нь шилжүүлж авсан. ...” /1хх 248-249/,

яллагдагч Б.Т “...Би өөрийн “Болорсувд Отгонбаяр” гээд хуурамч фэйсбүүк хаягнаас “Солонгос дахь Монголчууд” гэсэн цахим хаягт “вон шилжүүлнэ” гэж зар оруулсан. Тэгээд байж байтал над руу нэг хүн “шилжүүлэг хийх үү” гэж чат бичиж асуусан. Би “хийнэ” гээд хариу бичсэн. Тэр хүн “Монгол руу төгрөг болгож шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь би “болно” гэж хэлээд фэйсбүүкээс “Солонгос дахь Монголчууд групп”-ээс өөр хүний “воны гуйвуулга хийнэ” гэсэн зарын дагуу Солонгос дансных нь дугаарыг аваад над руу анх чат бичсэн хүн рүү явуулсан. Удалгүй нөгөө хүн воны данс руу чинь “1.038.000 вон шилжүүлчихлээ” гэсэн. Би “таны данс руу 1.038.000 вон хийсэн. Та төгрөг болгоод энэ данс руу хийгээч” гээд Эрдэнэшагайгийн таньдаг эгчийн данс гэх Хаан банкны дансыг өгөөд өөртөө шилжүүлээд авсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулна. ...” /1хх 6, 2хх 61/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Т цахим сүлжээ ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Т “...оногдуулсан ял шийтгэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэрэг бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Т гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2023/ШЗ/225 дугаар шүүгчийн захирамжаар хохирогч Ц.Хишгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Гантулгыг түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн бөгөөд үүнийг хохирогч Ц.Хишгээг төлөөлж Б.Гантулга шүүх хуралдаанд оролцсон нь хохирогч Ц.Хишгээгийн эрх, ашиг зөрчигдөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнийн “...хохирогчийн буруу тогтоосон. ...” тухай, мөн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул “...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхэд хэргийг хянагдах явцад шүүгдэгч Б.Т хохирогч Б.Тд хохиролд 8.000.000 төгрөг төлснийг дурьдах нь зүйтэй.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Т шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 90 /ер/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Т нь хохирол төлбөрд хохирогч Б.Тд 8.000.000 төлсөн болохыг дурьдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 90 /ер/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ