Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 159/ШШ2016/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                       Хэргийн индекс: 159/2015/0002/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн  Орхон сумын Засаг даргад холбогдох

“Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч:          Н.Мөнхцэцэг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:               У.Октябрь

            Гуравдагч этгээд:                                                      И. Рэнзориг

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч:                              Р.Атарцэцэг         

            Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар            Б.Шинэбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

             Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний зүгээс Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжид дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.                

            Уг захирамжтай холбогдуулан ЗХХШТ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэн ******* миний зүгээс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан урьдчилан шийдвэрлүүлэх гомдолыг гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул ЗХХШТХ-ийн 12.2-д заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

            Миний бие 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 64 тоот шийдвэрийн дагуу 0120474 гэрчилгээний дугаар бүхий 26 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авч Сэлэнгэ аймгийн Орхон суманд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Би эхний жил тус талбай дээрээ тариа тарьж дараа жилээс нь өөрийн гэсэн техникгүй, хөрөнгө мөнгөний бололцоо муу байсан тул өөрийн ангийн хүүхэд болох “Арвин буудай” ХХК-ийн захирал И.Чинзоригт аман гэрээгээр тус үр тарианы талбайгаа 5 жилийн хугацаагаар түрээслэсэн. Гэтэл И.Чинзориг нь үр тарианы зээл авах гэсэн юм газрынхаа гэрээ, гэрчилгээг эх хувиар нь өгч байгаач гэхээр нь итгээд гэрээ, гэрчилгээгээ өгсөн. Мөн сумын Засаг дарга болон бүгдээрээ гурвалсан гэрээ хийнэ гэхээр нь И.Чинзориг бид 2 сумын захиргаан дээр очиход тухайн үед сумын Засаг дарга Г.Булганчимэг ажил дээрээ байгаагүй. И.Чинзориг нь хоосон цаасан дээр гарын үсгээ зураад өгчих би сумын Засаг даргатай уулзаад гурвалсан гэрээ хийчихье гэхэд нь итгээд гарын үсэг зурж өгчихөөд ногооны талбай руугаа ажиллахаар явчихсан. Гэтэл “Арвин буудай” ХХК-ийн захирал И.Чинзориг нь намайг үр тарианы газраа шилжүүлсэн гээд бичиг баримт бүрдүүлээд миний газрыг шилжүүлж авсаныг би саяхан мэдсэн юм.

            Иймд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны А/66 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг  Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Энэ хэргийн шүүх хурал удаа дараа болж байна шүүх, шүүхийн ажилтан оролцож байгаа хүмүүсээ хүндэтгэж байна. Би өөрийн эзэмшлийн 26га газрыг бусдад буюу “Арвин буудай” ХХК-д шилжсэн гэдгийг Засаг дарга Г.Булганчимэг надад хэлснээр мэдсэн. Гэтэл манай газар 2012 онд шилжсэн байсан. Намайг 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудад 5га төмс хүнсний ногооны зориулалттай газар авах гэж хөөцөлдөж байхад надад газар шилжүүлсэн талаар хэлээгүй. Орхон сумын Засаг даргаас хэн манай газрыг шилжүүлсэн юм бэ? гэж асуухад У.Октябрь шилжүүлсэн гэж хэлсэн У.Октябриос очиж асуухад Засаг дарга захирамж гаргаж шилжүүлсэн гээд яг хэн шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байсан. Манай Орхон суманд Хөтөлийн сум дундын шүүх ирсэн тэнд ажилладаг хүнээс зөвлөгөө авч Орхон сумын Засаг даргын нарийн бичгээс холбогдох материалуудыг хуулбарлан авч хөөцөлдөн Сэлэнгэ аймгийн Засаг даргад Орхон сумын Засаг даргын А/66 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан боловч тус захирамжийг хүчингүйд тооцох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд би Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэргийн материалтай танилцахад 2012 онд Засаг дарга захирамж гаргаж “Арвин буудай” ХХК-д манай газрыг шилжүүлсэн байсан. Нөхөр бид хоёр 26га газраа “Арвин буудай” ХХК-д шилжүүлэх хүсэлт Орхон сумын Засаг даргад болон газрын даамалд гаргаагүй. Харин 2011 онд И.Рэнзоригтой аман гэрээ байгуулж газраа түрээслэсэн. Би *******д баталгаатай нь дээр гэж хэлээд ******* болон И.Рэнзориг хоёр Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулах гэж сумын захиргаан дээр очиход Засаг дарга байхгүй байсан болохоор гэрээ байгуулж чадаагүй. Харин И.Рэнзориг *******ар гарын үсэг зуруулсан баримтаа өөрөө авч үлдсэн буцааж өгөөгүй. Дараа нь *******ас манай газрын гэрчилгээг авсан мөн буцааж өгөөгүй. Эдгээр зүйлүүдийг юунд яаж хэргэлснийг нь мэдэхгүй байна. И.Рэнзориг ******* бид хоёр 2014 онд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан гэж байна. Гэтэл ******* гэдэг хүний нэрний ард Н.Мөнхцэцэг миний гарын үсгийг зурсан байсан би ямар ч зүйл дээр гарын үсэг зураагүй. ТЭД сангийн мөнгийг бид нар өөрсдөө төлсөн. И.Рэнзоригоос түрээсийн мөнгөө авч байсан. 2015 оны 11 дүгээр сарын 27-нд би сумын захиргаагаар ороход Тамгын газрын дарга Ганчимэг, У.Октябрь бид хоёр чиний гарын үсгийг урд хойдхыг нь харж байгаад адилхан зурсан чи ямар ч шүүх, шүүхийн шинжээчээр яваад нэмэргүй наад өргөдлөө ав сумаар битгий орж бай гэж намайг хөөж доромжилсон. Г.Булганчимэг дарга У.Октябрьт өөрийнхөө хийсэн бантанг өөрөө дуусга гэж хэлсэн гэж хүн надад хэлсэн. Бид нар газар шилжүүлэх тухай ямар ч хүсэлт гаргаж өгөөгүй гэв.

 

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын 1 дүгээр багийн иргэн ******* нь сумын Засаг даргын 2007 оны Газар эзэмшүүлэх тухай 64 тоот захирамжаар тус сумын 2-р багийн нутагт 93 дугаартай 23 га газрыг эзэмшиж байсан нь шинэчилсэн кадастрын зургаар 18539430504451/19,4 га болж газрын хэмжээ  нь өөрчлөгдсөн. Тус газраа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяа “Арвин буудай” ХХК-д /захирал И.Рэнзориг/ газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхээр холбогдох баримт бичиг болох Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, нотолгоо, Газар эзэмших ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл бусад холбогдох материал зэргийг хуулийн дагуу иргэн ******* өөрөө ирж бичиг баримтаа бөглөн “Арвин буудай” ХХК-ний захирал И.Рэнзоригийн хамт нотариатчаар батлуулан газрын даамалд бүрдүүлэн өгч захирамж төлөвлөгдсөнөөр сумын Засаг даргын 2012 оны А/66 тоот захирамж гарсан.

            Захирамж гарахаас өмнө иргэн ******* нь 2010 оноос хойш “Арвин буудай” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн удаа хандаж байсан бөгөөд иргэн ******* нь өөрийн эзэмшилд байсан тус газар дээрээ тариалангийн үйл ажиллагаа явуулахаар дэмжлэг авсан төлбөрөө барагдуулаагүйгээс Хөтөл Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд 1.400.000 төгрөгний өртэй, өрөө барагдуулаагүйн улмаас Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн учир тус газартай холбоотой шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулсан байсан учир газар эзэмших эрх шилжихгүй гэж танилцуулсан хэдий ч өр төлбөрийг “Арвин буудай” ХХК төлөхөөр тохиролцсон. И.Рэнзориг нь миний ангийн хүүхэд, найз минь гэж удаа дараа хүсэлт гаргаж Хөтөлийн ТЭДСанд өр төлбөрийг нь “Арвин буудай” ХХК төлж барагдуулан газар эзэмших эрхээ шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна. Хуримтлагдсан газрын төлбөрийн өрийг “Арвин буудай” ХХК-ний захирал И.Рэнзоригоор төлүүлж мөн орон нутгийн данс болох сум хөгжүүлэх дансанд ХХОАТатварт 400,000 төгрөгийг төлүүлсэн, бас Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн өрийг барагдуулсан.

            *******, И.Рэнзориг, 2 өөрийн биеэр ирж холбогдох маягтаа бөглөн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ материалдаа эх хувиараа хавсаргасан байтал нэхэмжлэлд үр тарианы зээл авах гэсэн юм газрынхаа гэрчилгээг эх хувиар нь өгөөч гэхээр нь итгээд гэрээ, гэрчилгээгээ эх хувиар нь өгсөн гэсэн. Мөн нэхэмжлэлд “Арвин буудай” ХХК-ний захирал И.Рэнзоригийн нэрийг Чинзориг гэж нэрийг андуурч бичин намайг үр тарианыхаа газрыг шилжүүлсэн гээд бичиг баримт бүрдүүлээд миний газрыг шилжүүлж авсныг би саяхан мэдсэн юм гэж бичсэн байгаа нь огт худал мэдээлэл байна. Өөрөө ирж маягт холбогдох материалаа бүрдүүлж бөглөж өгчихөөд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад Засаг даргатай уулзаад гурвалсан гэрээ хийчие гээд гарын үсэг авсан гэж шал өөр худал мэдээлэл мөн бичжээ. Иргэн ******* эхнэр Н.Мөнхцэцэг нь 2013, 2014 онд сумын Засаг дарга, Газрын албанд хандан “манайх газар эзэмших эрхээ шилжүүлээгүй, газраа авмааргүй байна” гэж удаа дараалан гомдол, санал болж ирэхэд нөхөр ******* нь хүсэлт гарган газар эзэмших эрхээ “Арвин буудай” ХХК-д шилжүүлсэн болохыг эхнэрт нь танилцуулсан. Энэ үед иргэн ******* нь эхнэрийн хамт өөрөө ч явж байсан.

            Иймд газар эзэмших эрхээ “Арвин буудай” ХХК-д шилжсэнийг саяхан мэдлээ гэж нэхэмжлэлд огт худлаа бичсэн байна. Газар ашиглалтын гэрээ болох гурвалсан гэрээгээр газар эзэмших эрх шилждэггүй, хэн нэгэн хүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хэн нэг нь залилж авч ирээд газар эзэмших эрх шилжээд дараагийн хүнд эзэмшигдээд байх тухай асуудал байдаггүй бөгөөд энэ нь үндэслэлгүй юм.

            Иймээс Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дахь заалтыг үндэслэн гарсан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж буй тул тус захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч иргэн ******* нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Октябрь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  ******* И.Рэнзориг хоёр өөрсдийн биеэр ирж холбогдох материалаа бүрдүүлж өгч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, нотолгоо, эрхийн гэрчилгээ эх хувиараа нотариатаар гэрчлүүлж газар эзэмших эрхээ шилжүүлсэн. Тэгсэн мөртлөө өөрсдөө бичээгүй бид нарын гарын үсэг биш тухайн үед хоосон цаасан дээр гарын үсэг зурсан, гурвалсан гэрээ байгуулна гэчихээд газар эзэмших эрх шилжүүлсэн. Мөн газар эзэмших эрх шилжүүлэхэд өөрсдөө бичээгүй байхад дуурайлгаж бичсэний үндсэн дээр газар эзэмших эрх шилжсэн гэх янз бүрийн тайлбаруудыг удаа дараагийн хурал дээр хэлж байгаа. Улсын болон аймгийн шинжээчдийн дүгнэлтүүд гарсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгээд бид нарын гарын үсэг биш гээд байгааг ойлгохгүй байна. Хэрвээ дараагийн шатны шинжилгээ байдаг бол гарын үсэг мөн биш гэдгийг дахин шинжлүүлсэн ч болно. Газар эзэмших эрх шилжсэн тухай саяхан мэдсэн гэж ярьж байна. 2013, 2014 онд сумын Засаг даргад хандаж газар эзэмших эрхээ шилжүүлээгүй газраа авмаар байна гэж гомдол гаргаж байсан.

Гомдол гаргахад нь ******* өөрөө “Арвин буудай” ХХК-д газраа шилжүүлсэн болохыг эхнэрт нь танилцуулсан. Энэ үед ******* эхнэрийн хамт өөрөө явж байсан. Газар эзэмших эрх “Арвин буудай” ХХК-д шилжсэн гэдгийг саяхан мэдлээ гэж нэхэмжлэлд огт худлаа зүйл бичсэн. Газар ашиглалтын гэрээ болон гурвалсан гэрээгээр газар эзэмших эрх шилждэггүй. Хэн нэгэн хүний газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг барьж ирчихээд залилаж газар эзэмших эрх дараагийн хүнд шилжих Засаг даргын захирамж гарах үндэслэл байхгүй. ******* нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нотолгоо, газар эзэмшихийг хүссэн өргөдөл зэргийг өөрийн гараар бичээгүй хүн дуурайж бичээд хувилдаан зохион байгуулаад байна гэсний дагуу шүүхээс холбогдох зүйлүүдийг шинжилгээнд өгч Сэлэнгэ аймаг дахь шинжилгээний алба болон Улаанбаатар хот дахь шинжилгээний албаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр ******* болон Н.Мөнхцэцэг нарын гарын үсэг мөн гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүдийг яагаад няцаагаад байгааг нь ойлгохгүй байна.

          Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжуудыг дараах байдлаар өөрсдөө зөрчиж байна. Үүнд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ”. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан “газар эзэмших тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35 дугаар зүйлийн 35.1.6 “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, 35 дугаар зүйлийн тухай хуулийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн хуулийн зүйл заалтуудыг нэхэмжлэгч тал зөрчиж байна. Орхон сумын Засаг дарга 2012 оны 04 дүгээр сарын 02-ний А/66 тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

           Гуравдагч этгээд И.Рэнзориг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн ******* шүүхэд ирүүлсэн “Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь “Арвин буудай” ХХК-ний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байна. Иймд манай компани дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Манай компаний зүгээс иргэн М.Дорждамбыг хуурч мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн утга нь оргүй худал гүтгэлэгийн шинжтэй, нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй юм.

            Нэхэмжлэгч ******* бид 2 Орхон сумын ЕБС-ын 1-8 дугаар ангид хамт суралцаж байсан. Ангийн найз ******* нь 2010 оны 07 дугаар сарын 21-нд над дээр ирээд “Одоохондоо би өөрийн газраа ашиглах боломжгүй байна. Чи миний газрыг түр ашиглаж бай надад жилийн 300 мянган төгрөг өгчих” гэж хэлсэн. Түүнээс хойш надаас цувуулж увуулаад удаа дараа мөнгө авч байгаад 2012 онд ******* нь над дээр газрын гэрчилгээгээ барьж ирээд “миний газар хураагдах гээд байна найздаа туслаач, Тариалан Эрхлэлтийг Дэмжих санд өртэй өр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжсэн миний өрийг дараад газрыг минь аваа” гэж хэлсэний дагуу газрын гэрчилгээг иргэн *******ас “Арвин буудай” ХХК-ний нэр дээр шилжүүлэн авч 2012 оны намрын ургацаас иргэн ******* Тариалан эрхлэлтийг дэмжих санд тавьсан өрийг барагдуулсан болно.

            Мөнхүү Орхон сумын нутаг дэвсгэрт байрлалтай нэгж талбарын 1853943054451 дугаар бүхий 19.4 метр квадрат газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хууль ёсоор өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан. Мөнхүү иргэн аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлсэн газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байдаг.

  2010 оны 10 дугаар сарын үеэр газрын гэрчилгээ солиулах гэтэл ТЭД санд өртэй учраас гэрчилгээ солих боломжгүй гээд хойшлогдсон. Тэгээд 2012 онд би Орхон суманд очоод М.Дорждамбыг гэрээс нь очиж аваад бид хоёр очиж эрх шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зуралцан  гэрчилгээгээ солиулж өөрийн нэр дээр авсан. Би *******д бэлнээр, дансаар мөнгө өгч байсан. Зарим жилд ургац алддаг болохоор мөнгө өгч чадаагүй. 2014 онд үлдэгдэл бүх мөнгийг өгөөд тооцоо дууссан шүү гэж *******д би өөрөө хэлсэн. Захиргаан дээр очиж хүний гарын үсэг дуурайлгаж зурах тийм асуудал болоогүй.

Иймээс ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай   захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар “Арвин буудай” ХХК-д  Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Бэлэндалайн нутаг дэвсгэрээс 19.4 га газрыг /үр тарианы зориулалтаар/ шилжүүлэн эзэмшүүлсэн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамж гарган шийдвэрлэжээ.

            Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд Сэлэнгэ аймгийн  Орхон сумын Засаг даргын  2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг нь хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Анх иргэн *******д Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 64 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Орхон суманд байршилтай 26 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлж гэрчилгээ олгон гэрээ байгуулжээ.

            Иргэн ******* нь Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сантай “2009 оны тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ”, “2009 оны хаврын тариалалтад дизель түлш олгох гэрээ” /Х.х-ийн161-163/ -нүүдийг байгуулан дизель түлш, улаан буудайг зээлээр авсан,  хугацаанд нь зээлээ барагдуулаагүйн улмаас 4.518.000 төгрөг төлөх Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар 08-ны өдрийн 140 дугаартай шүүгчийн захирамж /Х.х-ийн 166/ гарч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаагаар төлбөр нь 2013 онд төлөгдөж хаагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /Х.х-ийн 174-179/

            Иргэн ******* нь Орхон сумын “Бэлэндалайд” байршилтай тариалангийн зориулалттай 26га газар эзэмших эрхийн гэрчилгээгээ  “Арвин буудай” ХХК-ний захирал И.Рэнзоригт шилжүүлж өгөхөөр 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гарган холбогдох материалуудыг бүрдүүлж өгөхөд /Х.х-ийн 17-22/  эрх бүхий захиргааны байгууллагаас “тариалангийн үйл ажиллагаа явуулахаар дэмжлэг авсан төлбөрөө барагдуулаагүйгээс Хөтөл Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд өртэй, өрөө барагдуулаагүйн улмаас Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн учир тус газартай холбоотой шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулсан тул газар эзэмших эрх шилжихгүй” гэж хүсэлтийг шийдвэрлээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтууд зэргээр нотлогдож байна.

            2012 онд нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Бэлэндалайд”  байршилтай нэгж талбарын 93 дугаар бүхий 26 га газар эзэмших эрхийн гэрчилгээгээ  “Арвин буудай” ХХК-д шилжүүлэх  хүсэлт  гаргаагүй, тэдний хооронд “шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаагүй, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо зэргийг хуулийн дагуу шинээр бүрдүүлж өгөөгүй байхад өр төлбөрийг “Арвин буудай” ХХК төлөхөөр тохиролцсон. Хөтөлийн ТЭДСанд  төлөх өр төлбөрийг нь “Арвин буудай” ХХК төлж барагдуулсан  гэж  тус сумын Засаг дарга  2012 оны А/66 дугаар “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн тухай” захирамж гаргасан нь хууль бус  болжээ.          

            Харин Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга маргаан бүхий захиргааны актаар “Арвин буудай” ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Бэлэндалайн нутаг дэвсгэрээс 19.4 га /шинэчилсэн кадастрын зураглалаар газрын хэмжээ өөрчлөгдсөн /газрыг/ үр тарианы зориулалтаар/  шилжүүлэн эзэмшүүлсэн 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамж гарсаны дараа  “Арвин буудай” ХХК нь  2012 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай албан тоотоор ******* төлөх 1.400.0 төгрөгний өрийг намрын ургацнаас төлөх /Х.х-ийн 28, 44/-өөр хүсэлт гаргасан. Мөн ******* нь 2013 онд өр төлбөрөө өөрөө төлж барагдуулсан болох нь Үйлдвэрлэл хөдөө аж ахуйн яам тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13-11 дугаартай албан тоот, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шийдвэр гүйцэтгэх тасгийн шийдвэр гүйцэтгэгч М.Энхболдын тус шүүхэд ирүүлсэн тайлбар /Х.х-ийн 190/ зэргээр тогтоогдож байна.

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд тэрээр тус Захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/680 дугаартай албан тоотоор хариу өгсөн. Мөн эрх бүхий захиргааны байгууллагаас газар эзэмших эрх шилжүүлснээ албан ёсоор бичгээр мэдэгдээгүй байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

  

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэхь зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ  нь:

         1.Газрын  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1  дэхь хэсэгт заасныг баримтлан иргэн ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын  Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй  болгосугай.

 

         2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 .

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БУРМАА