Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 498

 

БЗД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн

нэхэмжлэлтэй, НСХ, БЗДСХ-д тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Х.Батсүрэн

                                                   Г.Банзрагч

                                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                         Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:           Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...БЗД-ийн СХ-ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Дахин сонгууль явуулах тухай 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан БЗД-ийн СХ нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоолгох, Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 08 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0579 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, хариуцагч БЗД-ийн СХ-ны дарга И.Баттөгс, түүний өмгөөлөгч З.Сүхбаатар нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч БЗД-ийн СХны өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж одоо үйл ажиллагаа явуулж байгаа БЗД-ийн СХ нь Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоож, БЗД-ийн СХны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 01 болон мөн өдрийн “Дахин сонгууль явуулах тухай” 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, үлдэх Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0579 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч БЗД-ийн СХ-ны өмгөөлөгч З.Сүхбаатар, Б.Халиун, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 579 дүгээр магадлалын “Нийслэлийн сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн албан бичиг заавал биелүүлэх эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн захиргааны акт биш тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Нийслэлийн Сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 дагаар тоот албан бичгээр “Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 163 дугаар дугаар зүйлийн 163.2-т заасны дагуу уг сонгуулийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан. БЗД-ийн СХ товлон зарлаж, зохион байгуулж явуулах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариу ирүүлсэн нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж, Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байна.

6. Учир нь Нийслэлийн Сонгуулийн хорооны эрх хэмжээг Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасны дагуу “харьяалах сум, дүүргийн сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах" гэж заасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан БЗД-ийн СХ нь дахин сонгууль товлон зарлах, зохион байгуулах эрхгүй байхад дахин сонгууль товлон зарлах, зохион байгуулах эрхтэй гэж дүүргийн Сонгуулийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулж, арга зүйн удирдлагаар хангаж шийдвэрлээд байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг зөрчиж дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

7. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 579 дүгээр магадлалын “Нийслэлийн сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч БЗД-ийн СХ-ны өмгөөлөгч З.Сүхбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 596 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0579 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, материаллаг болоод процессын эрх зүйн зарчмыг зөрчсөн хууль бус, үндэслэлгүй шийдвэр, магадлал болсон гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

9. Тус маргаан нь Баянзүрх дүүргийн сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахтай холбоотой гарсан маргаан юм. Нэхэмжлэгчээс БЗД-ийн СХ-ны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дахин сонгууль зарлах тухай” 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуульд зохицуулсан нөхөн болон ээлжит бус сонгуультай холбоотой зохицуулалтуудыг хэрэглэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх бүрэн үндэслэл болохоор байна.

10. Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 19 дүгээр зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 160 дугаар зүйл, 163 дугаар зүйлүүдээр орон нутгийн хурлын дахин сонгуультай холбоотой харилцааг бүрэн зохицуулсан бөгөөд эдгээрт зааснаар дахин сонгуулийг зохион байгуулж явуулах БЗД-ийн СХ-ны эрх хэмжээнд хамаарах асуудал юм.

11. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн Сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай байх бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно” гэж зааснаар БЗД-ийн СХ-г татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд хэрэглэгдэх буюу дүүргийн Сонгуулийн хороог Нийслэлийн Сонгуулийн хорооноос татан буулгасан шийдвэр гарч дүүргийн дахин сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороогүй байх тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт байна.

12. Баянзүрх дүүргийн 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн хороог татан буулгасан талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны хүчин төгөлдөр шийдвэр байхгүй бөгөөд хэрэгт БЗД-ийн СХ нь шүүхийн маргаанд хариуцагчаар оролцож, эрх үүрэг нь дуусгавар болоогүй байх тул татан буулгах шийдвэр гараагүй талаарх баримт авагдсан. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар албан бичгээр "Улсын Дээд шүүхийн шийдвэрээр явагдах сонгууль нь дээрх хуулийн зүйлд заасан ээлжит бус сонгууль эсхүл нөхөн сонгууль биш, харин 2016 оны ээлжит сонгуулийн дүнг хүчингүйд тооцсоны улмаас явагдах дахин сонгууль юм. Иймд 2016 оны сонгуулийг зохион байгуулсан дүүргийн Сонгуулийн хороо шүүхийн шийдвэрээр явагдах дахин сонгуулийг товлон, зохион байгуулах нь зүйтэй” гэдэг Нийслэлийн сонгуулийн хороонд үүрэг болгосон байдаг.

13. Тиймээс маргаж буй дахин сонгууль нь тус дүүргийн ээлжит сонгуулиар хууль зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсоны улмаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гарсантай холбоотойгоор дахин явуулахаар болсон сонгууль юм.

14. Харин энэхүү дахин сонгуулийг зарлах эрх хэмжээ нь дүүргийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн хороонд байгаа болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/415 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Эрдэнэсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлдээ “...Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан БЗД-ийн СХны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дүгээр тогтоол нь үндэслэлтэй байна...” гэж, Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/400 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Өлзийхоролын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д “сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явуулна”, мөн хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж заасан дагуу хариуцагч тус тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна...” гэж дүгнэсэн. Эдгээр шийдвэрүүдийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү дахин сонгууль зохион явуулах нь Сонгуулийн тухай хууль тогтоомжид нийцэж буй талаар өмнө хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байтал, үүнийг харгалзан үзэлгүйгээр ээлжит сонгууль зохион байгуулсан дүүргийн сонгуулийн хороог огт эрхгүй мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

15. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид буюу Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар захиргааны байгууллага байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ”, 106 дугаар зүйлийн 106.3.9-т “захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох” гэж тус тус хуульчилсан. Эдгээрээс үзвэл Захиргааны байгууллагын гаргаж болох нэхэмжлэл нь нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болох буюу хуульд захиргааны байгууллага зөвхөн энэ асуудлаар л нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хязгаартайгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Энэ ч утгаараа захиргааны шүүхээс энэ төрлийн маргаанд гаргах шийдвэрийн төрлийг нэг л хэлбэрээр буюу хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох гэсэн шийдвэрийг л гаргахаар хуульчилжээ.

16. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн энэхүү хүрээ хязгаарыг биелүүлэлгүйгээр захиргааны байгууллага хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргах боломжтой мэтээр тайлбарлаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

17. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.9-д заасныг баримталсан атлаа уг заалтын дагуу аль нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд үүнийг удирдлага болгон шийдвэрлэсэн шаардлага байхгүй байна. Үүнээс анхан шатны шүүхээс процессын хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу юм.

18. Түүнчлэн хоёр шатны шүүхээс нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай” 08 тоот албан бичгийг захиргааны акт биш гэж үзсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь мөн л процессын хуулийн зөрчсөн гэж үзэхээр байна.

19. Давж заалдах шатны шүүхээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тогтоолоор тус дүүргийн 28 тойргийн 41 мандатаас хамгийн олон санал авсан 41 төлөөлөгчдийн нэрсийг хавсралтаар баталсан тул дүүргийн Сонгуулийн хороо үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байх тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5.1-т заасан бүрэн эрхэд халдах үндэслэлгүй гэжээ.

20. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн байгууллагын бүрэн эрх дуусгавар болох үндэслэл нь байгуулсан байгууллага нь татан буулгах шийдвэр гаргаснаар дуусгавар болгохоор Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д тодорхой зааж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс татан буулгасан шийдвэр гараагүй гэдэг талаар дүгнэсэн атлаа хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж "...Энэ тохиолдолд ээлжит 2016 оны сонгуулийг зохион байгуулсан БЗД-ийн СХ нь 10, 19 дүгээр тойргуудад дахин сонгууль зохион байгуулах эрхгүй ...” гэж дүгнэсэн нь Сонгуулийн тухай хуульд нийцэхгүй байна.

21. Ийнхүү дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0579 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

22. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

23. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж, дараах үндэслэлээр хариуцагч БЗД-ийн СХны гомдлыг хангахаар шийдвэрлэв.

24. /1/-БЗД-ийн СХ нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоох, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах тухай дүүргийн Сонгуулийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

25. Нэхэмжлэгч нь “...2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан дүүргийн Сонгуулийн хороо дахин сонгууль зохион байгуулах эрхгүй буюу ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь дахин сонгууль явуулах Сонгуулийн хороог шинээр байгуулах ёстой...” гэж дээрх маргаан бүхий 2018 оны 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор, харин хариуцагч нь “...дахин сонгууль явуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа..., ...Сонгуулийн хороо татан буугдаагүй..., ...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй..., ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй ...” хэмээн маргажээ.

26. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тогтоолоор ээлжит сонгуулиар 28 тойрогт 41 мандатаас хамгийн олон санал авсан 41 төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталсны дараа Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь шүүхээр тогтоогдсоны улмаас тус дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 10 дугаар тойрогт нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон А.Эрдэнэсайхан, 22 дугаар тогтоолоор 19 дүгээр тойрогт нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Х.Өлзийхорол нарыг тус тус нэрсийн жагсаалтаас хасч, мөн өдрийн 21, 23 дугаар тогтоолоор тухайн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах, санал авах өдрийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахаар товлосон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

27. Мөн нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хассан болон дахин сонгууль явуулах тухай дүүргийн Сонгуулийн хорооны дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч А.Эрдэнэсайханы гаргасан нэхэмжлэлтэй хэргийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж 273 дугаар тогтоол, Х.Өлзийхоролын нэхэмжлэлтэй хэргийг мөн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэж 301 дүгээр тогтоолуудаар тус тус дээр дурдсан маргаан бүхий захиргааны актуудыг хууль ёсны болохыг тогтоож, А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

28. Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс “...аль ч шатны шүүхийн шийдвэрт тус дүүрэгт дахин сонгууль явуулах тухай тодорхой заагаагүй..., ...нөхөн эсвэл дахин сонгуулийн аль нь явагдах талаар албан ёсны шийдвэр гаргуулах...” гэх “Тодруулга хүсэх тухай” албан бичгийг Нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлж байсан нь хэрэгт авагджээ.

29. Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д ”Сонгууль нь дараах төрөлтэй байна” гээд 8.1.4-т “дахин” сонгууль, 8.6-д “Дахин сонгууль гэж дараах тохиолдолд явагдах сонгуулийг хэлнэ”, 8.6.4-д “энэ хуульд заасан бусад үндэслэлээр”, 160 дугаар зүйлийн 160.4-т “Төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа тухайн төлөөлөгч нэр дэвшигчийнхээ хувьд нэрийн жагсаалтаас хасагдах тохиолдолд дахин сонгууль явагдана” гэж тус тус зааснаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт явагдах сонгууль нь дахин сонгуульд хамрагдах бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

30. Дээр дурдагдсан үйл баримтуудаас үзвэл, шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл “Дахин сонгууль явуулах тухай” өмнөх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21, 23 дугаар тогтоолоор товлогдсон хугацаанд санал хураалт явуулах бодит боломжгүй байсан нь нэгэнт тодорхой болсон, 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн хорооноос гаргасан эдгээр тогтоолтой нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаагүй байна.

31. Иймээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа мөн Сонгуулийн хорооноос дахин 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолуудыг гаргаж, санал авах өдрийг 2018 оны 10 дугаар сарын 4 дэх 7 хоногийн бямба гаригт зохион байгуулахаар өөрчлөн товлосон нь Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлана”, 163 дугаар зүйлийн 163.2-т “Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна” гэж тус тус заасныг зөрчөөгүй, эдгээр тогтоолын улмаас нэхэмжлэгч дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ямар нэг үр дагавар үүсгэхгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж үзнэ.  

32. Тодруулбал, БЗД-ийн СХны “Дахин сонгууль явуулах тухай” 2017 оны 21, 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад уг  тогтоолоор тогтоосон санал авах өдөрт өөрчлөлт оруулсан 2018 оны 01, 02 дугаар тогтоолуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “...захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан...” илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй, энэ нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүйгээс гадна энэ хэргийн тухайд дахин сонгууль зохион байгуулах эрх нь өмнөх сонгуулийг зохион байгуулж явуулсан Сонгуулийн хороонд хэвээр хадгалагдаж байна.

33. Шүүхүүд Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “Сум, дүүргийн хурлын нөхөн болон ээлжит бус сонгууль нь аймаг, нийслэлийн хурал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явагдахаас бусад тохиолдолд сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд нийцүүлэн байгуулна” гэж заасныг маргааны үйл баримтад тайлбарлан хэрэглэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй.

34. Сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Сонгуулийн төв байгууллагаас бусад сонгуулийн байгууллага нь байнгын бус ажиллагаатай бөгөөд энэ хуульд өөрөөр заагаагүй бол байгуулсан этгээд татан буулгах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болно” гэж заасан бөгөөд сонгуулийг зохион байгуулах эрх бүхий этгээд татан буугдаагүй байхад дээрх зохицуулалт хэрэглэгдэх боломжгүй, хариуцагч болох Сонгуулийн хороо татан буугдаагүй байгаа үйл баримтын тухайд талууд маргаагүй болно.

35. Иймээс хариуцагч болох дүүргийн Сонгуулийн хороо нь үйл ажиллагаагаа  дуусгавар болоогүй үед 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан, санал авах товыг өөрчилж 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолуудыг дахин гаргасан нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэх тул илт хууль бус захиргааны акт гэх боломжгүй, үүний улмаас Сонгуулийн хороог байгуулж, сонгууль зохион байгуулах талаар нэхэмжлэгч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүйг дээр дурдсан болно.

36. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...дахин сонгууль зохион байгуулах сонгуулийн хороог тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс байгуулах эрхтэй болохыг шүүхийн практикаар тогтоосон...” хэмээн тайлбарлаж, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, Сонгуулийн Ерөнхий хороонд холбогдох хэрийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 198 дугаар тогтоолд үндэслэж байгаа нь буруу байна.

37. “...Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн Сонгуулийн хороог татан буулгах асуудлаар гаргасан 2 өөр шийдвэр...”-тэй холбоотой тухайн үеийн маргааныг энэ хэргийн үйл баримттай адилтгах боломжгүй, дээр дурдсан Сонгуулийн тухай хуулийн 8, 19, 34, 160, 163 дугаар зүйлүүдээр дахин сонгууль зохион байгуулж явуулах дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сонгуулийн хорооны үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, шүүхээс тухайн маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг маргааны онцлогтой уялдуулан тайлбарлаж хэрэглэх учир энэ маргааны тухайд Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь зохицуулалт хэрэглэгдэхгүй юм.

38. Энэ талаар хариуцагч БЗД-ийн СХны өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул түүний гомдлыг хангаж, “БЗД-ийн СХ нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тогтоох, БЗД-ийн СХны тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01, 02 дугаар тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.

39. /2/-Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай 08 тоот албан бичиг”- ийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

40. Нийслэлийн Сонгуулийн хороонд хандаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн хүсэлтэд “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10, 19 дүгээр тойрогт хуулийн дагуу дахин сонгууль болон уг сонгуулийг 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан дүүргийн Сонгуулийн хороо товлон зарлаж, зохион байгуулах” тухай хариуг дээрх албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

41. Нэхэмжлэгч нь “...хуулиар олгосон бүрэн эрхэд халдсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн Сонгуулийн хороо нь ”...энэ бичгийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхой бус..., энэ нь тухайн тойрогт дахин сонгууль явагдахыг тайлбарласан албан бичиг, ...үр дагавар үүсгэхгүй...” гэж эс зөвшөөрч маргажээ.

42. Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот албан бичиг нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “...гадагш чиглэсэн, ...эрх зүйн шууд үр дагаврыг бий болгосон...” гэх захиргааны актын шинжийг бүрэн хангаагүй, захиргааны акт биш талаар хоёр шатны шүүхүүд зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хууль зөрчсөн байна.

43. Зүй нь захиргааны акт биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үр дагавар үүсгэхийг анхан шатны шүүх анхаараагүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу, энэ талаарх хариуцагчийн гомдол мөн үндэслэлтэй.

44. Нэгэнт захиргааны акт биш тул “уг бичиг нь нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

45. Дээр дурдсан бүгдийг нэгтгэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0579 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 24 дүгээр зүйлийн 24.5, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан БЗД-ийн СХны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Дахин сонгууль явуулах тухай 01, 02 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан БЗД-ийн СХ нь дахин сонгууль зарлах, зохион байгуулах эрхгүй болохыг тус тус тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн Сонгуулийн хорооны 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч БЗД-ийн СХноос хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ