| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00891/И |
| Дугаар | 130/ШШ2024/00950 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 130/ШШ2024/00950
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б***********-т оршин суудаг, утас:*********, Б.Х,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б***************-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ********* дугаартай, Н газар (дарга М.А, утас *********)
Хүсэлтийн шаардлага: О нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакен,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга А.Ж-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Х нь О нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Б.Х нь 1970 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, тэрээр 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс О нэгдэлд малчнаар томилогдон ажиллаж байгаад 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хаагаад 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн нэгдэлд малчнаар томилогдож 1992 оныг дуустал ажилласан. 1993 онд нэгдэл хувьчлагдахад малаа хувьчилж авч одоо хүртэл хувиараа мал маллаж амьдарч байна.
1.2.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангаж 1993-2000 он хүртэл 8 жилийн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хууль-д заасан болзол, нөхцөлийн дагуу 5 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн тооцуулсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу малчнаар ажилласан үндэслэлээр Б.Х нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалаа бүрдүүлж Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт хандахад О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас түүний 1986-1987, 1991-1992 онуудын баримтууд гарсан боловч 1988 оны эхний хагас жилийн баримт гарч ирээгүй.
1.3.Хүсэлт гаргагч Б.Х нь эдгээр баримтуудаар тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад хандахад Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир Д сумын О нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн.
Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.ХО нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбарт:
2.1.Хүсэлт гаргагч Б.Х 1986-1988, 1991-1992 онуудын Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70-р дансны баримтуудад тухайн иргэний нэрийг нөхөж бичсэн, овоггүй, ажилласан өдөр нь байхгүй, он болгонд нь өөр өөр хүнтэй хамт мал малласан (ихэнх баримтуудад эхнэрийн нэр бичигддэг) гэх мэт зөрчлүүд байгаа тул эдгээр баримтуудаар малчин байсныг нотлох боломжгүй гэсэн байна.
3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгаас Б аймгийн архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай Архивын лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1579 дугаартай Архивын лавлагаа, Б аймгийн архивын тасгаас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуулбарлан өгсөн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны баримтаас 1986 оны, 1987 оны, 1991 оны, 1992 оны ажилласан хугацааны цалин хөлсний баримтууд, Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/3350 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн НДД№А0903746 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, №0203000733 дугаартай Баталгаажилтын хуудас болон 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №020159100 дугаартай Баталгаажилтын хуудас, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон №576 бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамгын хамт, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон 0305854 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 09 дугаар сарын 28-ны өдөр олгосон 000569350 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 1258 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/1241 дугаар албан бичгээр Б.Х болон түүний эхнэр С.Дамегүл нарын ХААТР маягтуудыг шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1265 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №533 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 339 дугаартай Б аймгийн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаа хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Б.Хийн хүсэлтийн шаардлагын зармыг хангаж, зармыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч Б.Х дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Б.Х 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс О нэгдэлд малчнаар томилогдон ажиллаж байгаад 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, цэргээс халагдаж ирээд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн нэгдэлд малчнаар томилогдож 1992 оныг дуустал ажилласан. Хүсэлт гаргагч Б.Х нь тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалын байгууллагад хандахад Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир Д сумын О нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн. Иймд хүсэлт гаргагч Б.ХО нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жанбота хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн байна. Үүнд: Хүсэлт гаргагч Б.Х 1986-1988, 1991-1992 онуудын Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70-р дансны баримтуудад тухайн иргэний нэрийг нөхөж бичсэн, овоггүй, ажилласан өдөр нь байхгүй, он болгонд нь өөр өөр хүнтэй хамт мал малласан гэх мэт зөрчлүүд байгаа тул эдгээр баримтуудаар малчин байсныг нотлох боломжгүй.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Б аймгийн архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай Архивын лавлагаа-аарО нэгдлийн даргын 1985-1988, 1991 онуудын тушаалуудыг шүүн үзэхэд Б.Хэд холбогдох баримт гараагүй гэсэн байна.
8.2.Харин Б аймгийн архивын тасгаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1579 дугаартай Архивын лавлагаа-аар Д сумын О нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас иргэн Б.Хийн 1991-1992 оны ажилласан жилийн хөлсийг хуулбарлан өгөв гэсэн байна.
Энэхүү Б аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1986 оны цалин хөлсний баримтын нэрсийн жагсаалтад Х 234 төгрөгийн цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн боловч сар хоног нь бичигдээгүй байна. (хн-38, Д№-04, Х№-16);
Энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нөхөж бичсэн байдалтай, ажилласан сар өдөр нь байхгүй байна гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна.
8.3.Мөн Б аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1987 оны цалин хөлсний баримтаар Х 06-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-38, Д№-02, Х№-17)
Энэ нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Х нь Д сумын "О" нэгдэлд малчнаар 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь нотлогдож байна.
8.4.2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 339 дугаартай Б аймгийн Нийгмийн даатгалын газрын Архивын лавлагаа-нд: Тус хэлтсийн архивд Д сумын О нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.
Б аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны цалин хөлсний баримтаар Х 04-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-39, Д№-02,);
Мөн Б аймгийн Д сумын О нэгдлийн 70 дугаар дансны 1992 оны цалин хөлсний баримтаар Х 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан тухай бичилт хийгдсэн байна. (хн-38, Д№-02);
Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.Х нь Д сумын "О" нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болох нь нотлогдож байна.
8.5.Хүсэлт гаргагч Б.Х нь 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02/3350 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-аар нотлогдож байна.
8.6.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/1241 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Б.Хийн 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №002 буюу ХААТР-1 (А) маягтын 9.Байнга оршин суудаг хаяг гэдэгт: Б аймгийн Д сумын 9 дүгээр хэсэг; 10.Гэр бүлийн байдал гэдэгт: гэрлээгүй; 12. Боловсрол гэдэгт: бага; 14.Ажилладаг байгууллага гэдэгт: ажилгүй гэж бүртгэгдсэн байна.
Иймд хүсэлт гаргагч Б.Х нь 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Д сумын О нэгдэлд малчнаар ажилласан гэдгийг нотлох баримт байхгүй байна.
8.7.Хүсэлт гаргагч Б.Хэд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон НДД№А0903746 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т хавсаргасан №0203000733 дугаартай Баталгаажилтын хуудас-аар түүний 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.
8.8.Хүсэлт гаргагч Б.Хэд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон №020159100 дугаартай Баталгаажилтын хуудас-нд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийт 5 жил 0 сар, үүнээс малчнаар 05 жил 0 сар тэтгэврийн шимтгэл төлсөн болохыг баталгаажуулан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай тэмдэглэл-ээр 2001 оны 01-12 саруудад м, 2003 оны 01-12 саруудад м, 2004 оны 01-12 саруудад м, 2005 оны 01-12 саруудад м, 2007 оны 01-12 саруудад м тэмдэглэгээ тус тус хийсэн байна.
8.9.Мөн хүсэлт гаргагч Б.Х нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул түүнд 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон №576 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамга олгосон байна.
8.10.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон 0305854 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 09 дугаар сарын 28-ны өдөр олгосон 000569350 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг нь цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
9.Хүсэлт гаргагч Б.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Х ньО нэгдэлд малчнаар 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажилласан болохыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагч Б.Х ньО нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг нотлох баримт байхгүй, хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн энэ шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Х О нэгдэлд малчнаар 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн тус нэгдэлд малчнаар 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоож, хүсэлтийн бусад шарлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК