Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00380

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.А-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1964 онд төрсөн, 60 настай. Би 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн нарийн мэргэжлийн мужааны анги төгсөөд Улаанбаатар хотын Мод боловсруулах үйлдвэрт 1982-1983 он хүртэл ажилласан. 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 227 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 528959 дугаарын цэргийн батлахтай халагдаж ирсэн. 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 он дуустал Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн Хашаа худгийн бригадад мужаанаар ажилласан. Улаанбаатар хотын Мод боловсруулах үйлдвэрт ажилласан 1 жил, Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн Хашаа худгийн бригадад 1986-1989 онд ажиллаж байсан цалингийн хүснэгт хагас дутуу олдсон. Иймд миний 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад нарийн мужаанаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн Хашаа, худгийн бригадад мужаанаар ажиллаж байсан байдлыг хөдөлмөрийн дэвтэр бусад баримтыг үндэслэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас Б.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 540 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай зөвлөмжийн хуудас, Б.Агийн 386431 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон эх хувь, Б.Агийн 890081 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б.Агийн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт мөн тус архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаартай цалингийн тодорхойлолт, хавсралтын хамт, гэрч Я.Эын иргэний үнэмлэхийн хуулбар, Я.Эын ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 628 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Ю.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Ю.Аын мэргэжлийн боловсролын үнэмлэх, Ю.Аын 005574 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Агаас Б.Пд олгосон итгэмжлэл, Увс аймгийн Малчин сумын хүний их эмчийн салбарын 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Агийн ХААТР-1 маягт, Б.Агийн гэрлэснийг бүртгэх анкет, А.Д-ийн төрснийг бүртгэх анкет, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Хөвсгөл аймгийн Ойн политехник коллежийн 1980-1983 оны баримтаас Б.Ад холбогдох баримт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас Б.Агийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Б.Ад холбогдох тооллогын хуудас, Цагдаагийн ерөнхий газраас Б.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг тус тус нотлох баримтаар бүрдүүлэв.

Шүүхийн журмаар Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, Б.Агийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон тамга, тэмдгийн талаар дүгнэлт гаргуулав.

Б.Агийн хүсэлтээр Я.Э, Ю.А нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Б.Агийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Б.А нь шүүхэд хандаж 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад нарийн мужаанаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн Хашаа, худгийн бригадад мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Агийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Б.А нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад нарийн мужаанаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн Хашаа, худгийн бригадад мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Б.А нь 1980-1982 оны хооронд Хөвсгөл аймаг дахь Ойн политехник коллежид суралцаж төгсөөд 1982 оны 7 дугаар сараас 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл буюу цэргийн албанд татагдах хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад нарийн мэргэжлийн мужаанаар ажилласан. Цэргийн алба хааж ирээд 1986 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа, худгийн бригадад мужаанаар ажилласан. Гэвч тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон болон гарсан тушаал архиваас гараагүй бөгөөд цалингийн баримт мөн дутуу гарсан.

3.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаартай зөвлөмжийн хуудсаар “Б.А нь 1982-1983 онд Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинат, 1986-1987 онд Малчин сумын хшаа, худгийн бригадад тус тус ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал нь Үндэсний төв архив болон аймгийн архиваас гараагүй тул уг жилийг тэтгэврийн жил дээр нэмж тооцох боломжгүй” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 379 дугаартай албан бичгээр Б.Агийн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетыг тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Дээрх баримтад Б.Аг цэргийн албанд татагдахаас өмнө буюу 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Мод боловсруулах комбинатад машинист ажилтай, 1982 онд Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг төгссөн гэж тэмдэглэжээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан Б.Агийн 890081 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон байна.

Б. Амгалан нь Батлан хамгаалахын сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Улаанбаатар хотоос 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай цэргийн батлахтай халагдсан болох нь хэрэгт авагдсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 08/413 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд дээрх баримтад үндэслэн Б.Аг 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад мужаанаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.

4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 83 дугаартай цалингийн тодорхойлолтоор Б.Агийн Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж байх үеийн буюу 1987 оны 02,6,9,10 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлжээ.

Иймд Б.Аг цэргийн алба хааж ирээд буюу 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Харин шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлсэн Б.Агийн гэрлэснийг бүртгэх анкет, Амгалангийн Дорлигийн төрснийг бүртгэх анкетыг 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтуудад Б.Аг Өвөрхангай аймгийн Хархорин суманд ял эдэлж байгаа гэж тэмдэглэжээ.

Шүүхээс дээрх үйл баримтыг тодруулах зорилгоор Цагдаагийн ерөнхийг газраас Б.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг гаргуулахад Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2024 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 150/3101 дугаартай албан бичгээр “...Увс аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2/9 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн учир 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1989 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан...” гэх лавлагааг ирүүлжээ.

 Иймд хүсэлт гаргагч Б.Аг 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа, худгийн бригадад мужаанаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

4.3. Гэрч Я.Эын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Гэрч Ю.А нь 1982-1983 оны хооронд Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад ажиллаж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаа тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзлээ.

4.4. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дүгнэлтээр хүсэлт гаргагч Б.Агийн 386431 дугаартай дэвтрийн бичилт нь нэг хүний бичгийн хэв мөн болох нь тогтоогдсон байна.

Тодруулбал, Б.Агийн 386431 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь хугацааны хувьд 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны бичилттэй байх боловч дээрх хугацааны бүх бичилтийг нэг хүн бичсэн буюу нөхөн бичилттэй байх тул тухайн хөдөлмөрийн дэвтэрт үндэслэн Б.Агийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох үндэслэлгүй байна.  

5. Харин шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэслэн Б.Агийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад мужаанаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа, худгийн бригадад мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Агийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч .......... овогт Б.Агийн 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад мужаанаар, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн хашаа, худгийн бригадад мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Б.Агийн 386431 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА