Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02045

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХУ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ХХУ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч И.Т-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8 268 445 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүй илүү төлсөн 4 000 000 төгрөг, хүүд тооцож төлсөн 700 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч  С.Д, түүний өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХУ” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч  С.Доржпагма шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХУ” ХЗХ нь зээлдэгч И.Т-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/17/728-4 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4 400 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээл авсанаас хойш 2017 оны 11 дүгээр сарын 13, 18-ны өдрүүдэд нийт 840 000 төгрөгийн төлөлт хийсэн. И.Т- нь тус хоршооны даргаар 2017-2018 онуудад ажиллаж байх үедээ өөрийн төрсөн дүү болох И.Түвшинтөртэй хамтарч С.Доржпагма надаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийг зээлж, дүү И.Түвшинтөр нь өөрийн дансанд шилжүүлэн авсан болно. Энэ мөнгийг миний хувийн данс болох 5028572073 дугаартай данс руу 2018 оны 10 дугаар сарын 31-нд 5 000 000 төгрөгийг, 5134092529 дугаартай дансанд 5 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 11-нд тус тус шилжүүлсэн болно. И.Т-ын Хадгаламж зээлийн хоршооноос авсан зээл, түүний дүү нь надаас зээлсэн 20 000 000 төгрөгийн зээл өөр өөр зээл юм. Хоршооноос авсан зээлийн гэрээнд И.Т- гарын үсэг зурсан. И.Отгонтөгс, И.Түвшинтөр гэдэг хүмүүс хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй. Сөрөг нэхэмжлэл болон хувь хүнтэй холбоотой 20 000 000 төгрөгийн зээл нь хоршооноос нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгтэй огт хамааралгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Иймд И.Т-аас нийт 8 268 445 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Т- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ХХУ” ХЗХ-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/17/728-4 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4 400 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй авч өөрийн төрсөн дүү И.Отгонтөгст өгсөн. Зээл авснаас хойш 840 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш дүү И.Отгонтөгсийг зээлээ төлөхийг би шаардсан бөгөөд дүү өөрийн автомашиныг худалдаж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг “ХХУ” ХЗХ-ны захирал С.Доржпагматай ярьж тохирсны дагуу түүний Хаан банк дахь 5028572073 тоот дансанд шилжүүлсэн. Энэ үед зээлийн өр төлбөр дууссан гэж хэлж байсан боловч дараа нь дахин төлбөрийн үлдэгдэл байна, зээлээ төл гэж шаардсан. Үүний дагуу зээлийн тооцоо хийж, үлдэгдлийг төлөөд зээл хаалгахаар эхнэр Пагамдуламд хэлсэн бөгөөд эхнэр 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны данснаас 5 000 000 төгрөгийг Доржпагмын Хаан банк дахь 5134092529 тоот дансанд төлж гэрээний үүргийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд тооцоо хийгээд үзэхэд үндэслэлгүй илүү 4 000 000 төгрөг нэмж төлсөн учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн тухайн 5 000 000 төгрөгийг төлөхийн тулд байрны засварын ажилд зарцуулахаар төлөвлөж байсан мөнгөнөөс өгч, дараа нь “Улаанбаатар кредит” ББСБ-аас 30 000 000 төгрөг зээл авсан. Хэрэв энэхүү илүү төлсөн 4 000 0000 төгрөгт ногдох хэсэгт зээлийн хүүг тооцож үзвэл 700 000 төгрөгийг ББСБ-ийн хүүнд төлсөн байна. Иймд “ХХУ” ХЗХ-нд үндэслэлгүй илүү төлсөн 4 000 000 төгрөгийг, мөн хүүнд тооцож төлсөн 700 000 төгрөг, нийт 4 700 000 төгрөгийг “ХХУ” ХЗХ-оос гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Т-аас 8 268 445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХУ” ХЗХ-д олгож, И.Т-ын 4 700 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147 245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Т-аас 147 245 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХУ” ХЗХ-д олгож, хариуцагч И.Т-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

               Хариуцагч И.Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4 400 000 төгрөгийн зээлд төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэрч нар нь И.Түвшинтөрийн зээлийг төлөөгүй И.Т-ын зээлийн төлбөрт С.Доржпагмаас өгсөн дансанд шилжүүлсэн талаараа мэдүүлж байхад зөвхөн нэхэмжлэгчийн И.Т-ын зээлийг төлсөн 2 тусдаа асуудал гэсэн ямар ч нотлох баримтгүй тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн байна. Хэрэв И.Түвшинтөрийн зээлээс 10 000 000 төгрөг хасагдсан бол И.Түвшинтөрөөс мэдүүлэг тайлбар авах ажиллагааг хийгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэж хариуцагчийг хохироож байна. Хэдийгээр хариуцагчийн зүгээс байгууллагын дансанд төлбөрийг төлоөгүй ч гэсэн тус хуулийн этгээдийн захирлын зааварчилгаагаар түүний өгсөн хувийн дансанд шилжүүлэг хийсэн байдаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн зээлийг хаагдсан талаар мэдэгдэж байсан бөгөөд сүүлийн гүйлгээ хийгдсэнээс хойшхи хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөрөө төлөхийг шаардаж байгаагүй. Хариуцагчийн зүгээс "ХХУ” ХЗХ-ноос 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан ЗГ/17/728-4 дугаартай зээлийн гэрээний дагуу авсан 4 400 000 төгрөгний төлбөрт 10 840 000 төгрөгийн төлбөр төлж 4 700 000 төгрөгийг илүү төлсөн байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах хүсэлтэй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ХХУ” ХЗХ нь хариуцагч И.Т-д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 8 268 445 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “ХХУ” ХЗХ-аас 4 700 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгосон ТЗ401/259 дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дахь хэсэгт “Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ”  гэж заасантай нийцсэн байна. / хх-ийн 10 /

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/17/728-4 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “ХХУ” ХЗХ нь зээлдэгч И.Т-д 4 400 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй байх талаар тохиролцжээ. / хх-ийн 4, 5 /

 

Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч И.Т- хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан журмын дагуу зохигчдын хооронд гэрээ байгуулагдаж мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй. / хх-ийн 6 /

 

Зээлдэгч И.Т- нь зээлийн гэрээний дагуу 2017оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 400 000 төгрөг, 18-ны өдөр 440 000 төгрөг, нийт 840 000 төгрөгийг төлсөн боловч зээл, зээлийн хүүг төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлж үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээл төлөлтийн талаарх тооцоолол гэх баримтаар тогтоогдсон байна. / хх-ийн 33, 34 /

Харин нэхэмжлэгч “ХХУ” ХЗХ болон иргэн И.Отгонтөгс, Х.Пагамдулам нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй ба тэднээс С.Доржпагмын хувийн 5134092529, 5028572073 дансанд тус  бүр шилжүүлсэн 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг зээлдэгч И.Т-ын энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцох үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх зээлийн үлдэгдэл үндсэн төлбөрт 3 744 428 төгрөг, зээлийн хүү 3 770 015 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 754 002 төгрөг тооцож хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг нийт 8 268 445 төгрөг болохыг тодорхойлохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн заалтыг зөв хэрэглэжээ.

Хариуцагч гомдолдоо “...И.Түвшинтөрөөс мэдүүлэг тайлбар авах ажиллагааг хийгээгүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт тус тус зааснаар гэрчээс мэдүүлэг авах хүсэлт гэж үзэх боломжгүй байх тул ахан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх журам зөрчөөгүй.

Хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзал, сөрөг шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2020/02428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч хариуцагчаас төлсөн 237 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                  Н.БАТЗОРИГ