Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2023/ДШМ/402

 

 

 

   

   2023           04            13                                          2023/ДШМ/402

 

П.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Төмөртулга,

хохирогч Б.Дөлгөөн,

цагаатгагдсан этгээд П.А, 

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулгын бичсэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлээр П.Ад холбогдох 2208000001935 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн П. А, 1992 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Улаанбаатар гурил” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хорооллын 20 дугаар байрны 8-0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УШ92052730/;

            П.А нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна талбайд “гадна орчин бохирдууллаа” гэх шалтгааны улмаас иргэн Б.Дөлгөөний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “дээд, доод уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал, баруун доод 2 шүдний паалангийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш овгийн П.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001935 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, цагаатгагдсан этгээд П.А нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд П.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн зүйлийн 1.3 дахь заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилжээ. Шүүгдэгч П.А нь мэдүүлэхдээ өөрийн эхнэрийг хохирогч П.Дөлгөөн нь гараараа цохисны улмаас болж биеэ барьж чадахгүй хохирогч Б.Дөлгөөний нүүрэн тус газарт нь цохисон, хохирогч болон бусад гэрч нарын мэдүүлгээр эхнэрийгээ даваад цохисон гэсэн нь шүүгдэгчийн хувьд шууд санаатай үйлдэл бөгөөд аргагүй хамгаалалт хийсэн үйлдэлд хамаарахгүй юм. Шүүгдэгч П.Агийн үйлдэл нь бусдын эсрэг хохирогчийн эрх чөлөөнд халдаж санаатай гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүйгээр байхад анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” үндэслэлийн тухайд:

Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсгийн 1.4-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгасугай” гэж дүгнэлтээс өөр агуулгаар буюу үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн.

Мөн шүүхээс шүүгдэгч П.Аг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасныг журамлах ёстой байсан нь цагаатгах тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүйг илтгэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад зааснаар “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэж үзэхээр байна. Тухайлбал, хохирогч Б.Дөлгөөний “...үл таних залуу эхнэртэйгээ гарч ирээд энд шээж болохгүй гээд бид нартай маргалдаж эхэлсэн, тэгтэл нөхөр нь гэх залуу нь миний нүүр рүү буюу ам хэсэгт цохисон. ...”, гэрч Н.Занабазарын “...эхнэр цаанаас гүйж ирээд голоор нь орсон тухайн үед эхнэрээ давуулаад манай найзыг цохисон, тэгсэн чинь манай найз хашлага даваад өнхрөөд унасан. ...”, гэрч О.Дөлгөөнтамирын “...Энэ үед Дөлгөөнөө ах түүний өөдөөс "Чи ямар сүртэй залуу вэ гээд нүүр рүү нь толгойгоороо нааж ойртоход эхнэр нь хаанаас юм бүү мэд гарч ирээд тэр хоёрын голоор ороход уг залуу эхнэрийгээ давуулж Дөлгөөнөө ахын нүүр ам хэсэгт газарт гараараа нэг удаа цохисон тэр үед дөлгөөнөө ах цохиулаад хойшоо хашлага давж унасан юм. Уг залууг хэн ч цохиогүй. ...”, гэрч Б.Санчирын “...Тэгээд манай найзыг явуулахгүй байхаар нь манай найз Дөлгөөнөө чи яагаад хүн явуулахгүй байгаа юм бэ, тэр залуу руу ойртож очиход эхнэр нь голоор нь ороход манай найзыг Дөлгөөнийг хүний олон хүнээ барьдаггүй юм гэж хэлээд эхнэрийгээ даваад манай найз Дөлгөөний уруул, ам орчим газарт гараараа нэг удаа цохисон. ...”, гэрч Ж.Ганбаатарын “...Нөхрийг нь болон тэр эмэгтэйг цохисон зүйл байхгүй. Харин тэр эмэгтэйг манай найз Дөлгөөн рүү дайраад байхаар нь хэн нэгэн нь салгасан үйлдэл хийсэн. Бусдаар тэр эмэгтэйг цохисон үйлдэл байхгүй. ...”, гэрч Б.Оюунномингийн “...тэгээд би орилж ирээд болиоч ирэхэд гомдол гаргасан залуу миний зүүн гар талын булчинд гараараа нэг удаа цохисон. Үүнийг манай нөхөр хараад тэр залууг нэг удаа цохисон байсан. ...”, гэрч Г.Отгонсүрэнгийн “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад...Бүргэд 10-аас дуудлага мэдээлэл ирсэн...дуудлага мэдээлэлд очиход...хохирогч залуу маргалдаж байгаад эхнэрийг нь түлхсэн, тэр үед уг залуу хохирогч залууг нэг удаа цохиход шүд нь хугарсан гээд амнаас нь цус гарсан байдалтай маргалдаад зогсож байсан. ...”, шүүгдэгч П.Агийн яллагдагчаар өгсөн “...манай эхнэр рүү Дөлгөөн гэх хохирогч дайраад манай эхнэрийн мөр рүү гараараа цохисон. Үүнийг хараад би тэр залууг биеэ барьж чадахгүй нэг удаа гараараа түүний нүүрэн тус газар нь цохисон. ...” зэрэг мэдүүлэг нь нотлох баримтуудад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн хохирогчийн довтолгоо дуусаагүй мэтээр буруу дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч П.А нь Б.Дөлгөөний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Б.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид тухайн өдөр П.Агаас уучлалт гуйсан. Учир нь, бид гурвуулаа байсан ч манай нэг найз тэргэнцэртэй, босож чаддаггүй хүн. Мөн бид архи амссан болохоор дараагийн үр дагавар ямар байхыг мэдэж байсан. Манай найз П.Агийн гэрийн хажуу талын шороон дээр шээсэн нь үнэн учраас бид зодоон хийнэ гэж бодоогүй. Бүгд П.Агаас уучлалт гуйгаад “найзыгаа аваад явж болох уу” гэсэн. Манай найз 30 гаруй настай боловч 20 гаран килограмм жинтэй, тэргэнцэр дээр суудаг хүнтэй П.Аг тэгж харьцаж байхад хүртэл бид нар уучлалт гуйсан. П.А “1 дүгээр хороололд намайг мэдэх үү, нэг, нэгээрээ үзчихье” гээд хувцсаа тайлаад байсан, бид нарын зүгээс ямар нэгэн байдлаар шууд зодолдъё гэж заналхийлээгүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд П.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, П.Ад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнээгүй, зөв үнэлж чадаагүй байна.

Прокуророос П.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Аг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ “...шүүгдэгч П.А нь өөрийн эхнэр Б.Оюунномины эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хохирогч Б.Дөлгөөний хууль бус довтолгооны эсрэг эрүүл мэндэд нь халдаж довтолсон нь Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтад тооцогдоно. ...” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр П.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, аргагүй хамгаалалт нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон болох илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсэх бөгөөд эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу үйлдэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нь “аргагүй хамгаалалт” гэж хэргийн нөхцөл байдлын талаар буруу дүгнэлт хийсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/88 цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурор Т.Төмөртулгын бичсэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Гэвч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах боловч дараах үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй.

            Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/88 цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/88 цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ