Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00381

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б.А-ийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бадамсүрэн нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1969 онд төрсөн, 55 настай. 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар анх ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй 35 жил, 5 сар ажиллаж байгаад 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өндөр насны тэтгэвэртээ гарсан. 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цалин авч байсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн бичиглэл, ажилд орсон гарсан тушаал зэрэг нь олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.А миний бие 2024 оны 8 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд хүүхдийнхээ хуримын ажлаар Улаанбаатар хотод байх тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Иймээс шүүх хурлыг надгүйгээр хийж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, гэрч Т.Сийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Агийн 406003 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Т.Сгийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийдвэр, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 190 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай зөвлөмжийн хуудас, Д.Уийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Уийн 160194 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны хүн ам, орон сууцны тооллогын баримтаас Б.Ад холбогдох тооллогын хуудас, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Агийн гэрлэснийг бүртгэх анкет, Г.Г, Г.Б, Г.А, Г.Н нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Г.А, Г.Н нарын төрснийг бүртгэх анкет, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Ховд сумын 8 жилийн сургуулийн 1989-1991 оны баримтаас Б.Ад холбогдох баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.  

Б.Агийн хүсэлтээр Т.С, Д.У нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Б.Агийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

2. Б.А нь шүүхэд хандаж 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Б.Агийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Б.А нь шүүхэд хандаж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Агийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Хүсэлт гаргагч Б.А нь 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Б.А нь 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Ховд сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилд орж, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан.

4.2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор баримт бичгээ бүрдүүлэхэд Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 101 дугаартай зөвлөмжийн хуудсаар “1989-1995 оны хүртэл ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас гараагүй тул уг хугацаан дээр ажилласан жил тооцох боломжгүй байна” гэх хариу өгсөн тул шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас тус шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 112 дугаартай албан бичгээр Б.Ад холбогдох Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай тушаалыг хуулбарлан ирүүлжээ. Тус тушаалд “...үйлдвэр бригадын гишүүн Б.Аг 1989 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар дотуур байрны жижүүрээр ажиллуулсугай” гэжээ.

Мөн тус архивын тасгаас 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 331 дугаартай цалингийн тодорхойлолтыг тус шүүхэд ирүүлсэн ба дээрх баримтаар Б.А нь 1989 оны 3,4 дүгээр сард Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд жижүүрээр ажиллаж, цалин хөлс авч байсан болох нь нотлогдож байна.

Түүнчлэн, шүүхийн журмаар Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас нотлох баримтаар бүрдүүлсэн Г.Б-ны өрхийн тооллогын хуудаст б.а-г сургуульд жижүүр ажилтай гэж тэмдэглэжээ.

Энэхүү баримтыг 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн байх тул Б.Аг 1989 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд жижүүрээр ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5.2. Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн Б.Агийн гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 6 дүгээр сарын 28-ны өдөр үйлдсэн байх бөгөөд тус баримтад Б.Аг Ховд сумын Хүн эмнэлэгт асрагч ажилтай 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн г.а-ын төрснийг бүртгэх анкетад Б.Аг Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилладаг гэж тэмдэглэжээ.

Мөн 1995 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэгдсэн г.н-ийн төрснийг бүртгэх анкетад Б.Аг Ховд сумын Хүн эмнэлэгт асрагч ажилтай гэж тэмдэглэжээ.

Дээрх бичмэл нотлох баримтуудар Б.А нь 1991-1995 оны хооронд Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь нотлогдож байна.  

5.3. Гэрч Т.С шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...: Би 1970 онд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчин хийж байгаад, 1981 онд Улаанбаатар хотод Хөдөө аж ажуйн дээд сургуулийг хөдөө аж ахуйн нябо мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд үргэлжлүүлэн ажилласан. Ажиллаж байх хугацаандаа нярав, ногоо бригадын дарга, нягтлан, мал аж ахуйн бригадын даргаар тус тус 1993 он хүртэл ажилласан. Тухайн үед Хүн эмнэлэгийн амаржих байр, төрөх тасаг Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн харьяа байсан тул Б.Аг сайн мэднэ.  Б.А 1989 онд Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилд орж байсан. Одоог хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаа. Тухайн үед Увс аймгийн Ховд сумын хөгжил нэгдлийн даргаар Г.Х, Б.Ж, Б.Д гэх хүмүүс ажиллаж байсан” гэж мэдүүлжээ.

Гэрч Д.У шүүхэ өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Би 1982 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд элсэж, 1986 онд эх баригч бага эмч мэргэжлээр төгссөн. 1986 оны 7 сарын 14-ний өдөр Увс аймгийн Ховд суманд Ачит багийн бага эмчээр ажиллаж, ажиллах хугацаандаа Ховд сумын Эрүүл мэндийн төвийн дарга, 1991 онд Ховд сумын Хүн эмнэлэгт статистикч бага эмчээр тус тус ажилласан. Б.А бид хамт Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт ажилладаг байсан тул нэгнээ мэднэ. Б.А Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт 1989 онд асрагчаар ажилд орж байсан. Одоог хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байна. Тухайн үед Увс аймгийн  Ховд сумын Хүн эмнэлэгийн даргаар Г.О гэх хүн ажиллаж байсан” гэж мэдүүлжээ.

Гэвч гэрч нарын мэдүүлгээс “...Б.А нь 1989 онд Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх үндэслэлгүй байна.

6. Харин шүүхээс хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтад үндэслэн Б.А-ийн 1989 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд жижүүрээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

7. Шүүхээс хүсэлт гаргагч Б.Аийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.А-ийн 1989 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд жижүүрээр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА