Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00382

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,                                           

Нэхэмжлэгч: О.Г-ын,

Хариуцагч: Л.Ст холбогдох,

10 /арав/ тооны мал үрэгдүүлсэний төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие шүүхэд Л.Сэгээс 10 тооны эр хонины үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 10 тооны эр хонь 2021-2022 онд ямар үнэтэй байсан талаар шинжээч томилж, үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс Увс финанс аудит ХХК-г шинжээчээр томилсон боловч шинжээч нь өнөөдрийг хүртэл дүгнэлт гаргаж өгөөгүй, үүний улмаас хэрэг удааширч байгаа тул хэргийг хурдан шийдвэрлэхийн тулд өөр шинжээч томилж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Сэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Л.Сэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие О.Гын нэхэмжлэлтэй танилцлаа. Би О.Гын малыг маллаж байсан нь үнэн бөгөөд түүний 23 малыг үрэгдүүлсэн. Гэвч би 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр О.Год дээрх малын оронд 8 хонь, 8 хурга, 6 эр ямаа, 1 борлон нийт 23 мал өгч явуулсан. О.Г нь хүү Г.Мөнх-Эрдэнэ, портерийн жолооч залуугийн хамт ирж ачиж аваад одоо тооцоо дууслаа гэж хэлээд явсан. Одоо О.Год дахин төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

            Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч О.Г 10 толгой эр хонь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Л.Сэг нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгч О.Год 5 настай эх хонь 3 толгой, 5 настай эх ямаа 3 толгой, эр ишиг 4 толгой, нийт 10 толгой мал өгөхөөр зохигчид тохиролцож эвлэрэв. Шинжээчийн зардал 150,000 төгрөгийг зохигчид тэнцүү хувааж хариуцахаар тохиролцов” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

            2. Нэхэмжлэгч О.Г, хариуцагч Л.Сэг нар нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:                     

            Нэхэмжлэгч О.Г 10 толгой эр хонь гаргуулах туай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Л.Сэг нь 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгч О.Год 5 настай эх хонь 3 толгой, 5 настай эх ямаа 3 толгой, эр ишиг 4 толгой, нийт 10 толгой мал өгөх,

            мөн зохигчид шинжээчийн зардал 150,000 төгрөгийг тэнцүү хувааж хариуцах,

            3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.  

            4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул  нэхэмжлэгч О.Гын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгөөс 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,475 төгрөгийг, хариуцагч Л.Сэгээс 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Год олгох нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч О.Г нь 10 толгой эр хонь гаргуулах туай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Л.Сэг нь нэхэмжлэгч О.Год 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор 5 настай эх хонь 3 толгой, 5 настай эх ямаа 3 толгой, эр ишиг 4 толгой, нийт 10 толгой мал өгөх, зохигчид шинжээчийн зардал 150,000 төгрөгийг тэнцүү хувааж хариуцах нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгөөс 23,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 23,475 төгрөгийг, хариуцагч Л.Сэгээс 23,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Год олгосугай.         

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА