| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00398/и |
| Дугаар | 152/ШШ2024/00383 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 152/ШШ2024/00383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: С.Гын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1968 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, бага боловсролтой. Би Тэс сумын 10 жилийн сургуулийн 5 дугаар анги төгсөж, бага наснаасаа аав ээжийн хамт Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж ирсэн. Манай аав Цээпил нэгдэлд тэмээ малладаг байсан ба намайг 15 хүрэхэд Лениний зам нэгдэлд ажилд оруулж малчин болгосон. Манай аав намайг нэгдэлд ажилд ороход ямаа маллахаар авч надаар маллуулдаг байсан. Би 1983 оны 6 дугаар сард Лениний зам нэгдэлд ажилд орж байсан. Би 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 6 дугаар сар хүртэл Лениний зам нэгдэлд ямаа маллаж байгаад 1987 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан. Би цэргээс халагдаж ирээд үргэлжпүүлэн нэгдэлд малчнаар ажилласан ба 1990 оноос хойш ажилласан жилээ нөхөн даатгалаар авсан. Иймд би 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Намайг анх ажилд ороход томилсон тушаал болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэх үндэслэлээр тэтгэврээ тогтоолгох боломжгүй байна. Иймд миний 1983 оны 4 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг сэргээн тоггоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г 1989 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан тул 1984 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, С.Гоос Б.Цд олгосон итгэмжлэл, Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай тушаалын хуулбар, Н.Дын иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Т.Нгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Гын ХААТР-1 маягт, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн 1984-1987 оны баримтаас С.Год холбогдох баримтыг нотлох баримтаар бүрдүүлэв.
С.Гын хүсэлтээр Н.Д, Т.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс С.Гын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. С.Г нь шүүхэд хандаж 1984 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал, 1989 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч С.Гын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
3. Хүсэлт гаргагч С.Г нь 1984 оны 9 дүгээр сараас 1987 оны 9 дүгээр сарыг дуустал, 1989 оны 9 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. С.Г нь 1969 онд төрсөн. 1984 онд 15 настайгаас Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд улмаар цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 9 дүгээр сарыг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Гэвч тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал, цалингийн баримт аймгийн архивт хадгалагдаагүй байна. Иймд шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Хэрэгт авагдсан Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай тушаалаар тус сумын дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж ХАА-н үйлдвэрлэлд хуваарилагдан ирсэн сурагчдын томилолтыг үндэслэн ажилд томилсон байх бөгөөд тус тушаалаар Санжийн Ганболдыг үйлдвэр бригадад туслах ажилчнаар томилсон байна.
Түүнчлэн, шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар бүрдүүлсэн С.Гын ХААТР-1 маягтад түүнийг 1986 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн гэж тэмдэглэжээ.
Иймд С.Гыг 1984 оны 9 дүгээр сараас Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Харин түүнийг 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4.2. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 316 дугаартай цалингийн тодорхойлолтоор С.Гын 1986 оны 8,9,10 сар, 1987 оны 4,5,6 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн.
Дээрх баримтаар мөн С.Г нь 1986-1987 оны байдлаар Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж цалин хөлс авч байсан болох нь нотлогдож байна.
С.Г нь 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 08/2056 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд С.Гыг 1986 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн хэрэгт авагдсан Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай тушаалаар ...цэргийн алба хааж халагдаж ирсэн хүмүүсийг ажиллуулах шаардлагатайг үндэслэн... гээд Санжийн Ганболдыг үйлдвэр бригад, барилгын бригадад ажилчнаар 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай гэжээ.
Иймд С.Гыг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
4.3. Хүсэлт гаргагч С.Гийн хүсэлтээр Н.Д, Т.Н нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар гэрч нарын мэдүүлэг давхар нотлогдохгүй байх бөгөөд үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд гэрч нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэлээ.
5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч С.Гын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Шүүхээс хүсэлт гаргагч С.Гын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч С.Гын 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА