Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2024/00384

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ц.П,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ц.П,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1968 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, бага боловсролтой. Би Тэс сумын 10 жилийн сургуулийн 5 дугаар анги төгсөж, бага наснаасаа аав ээжийн хамт Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж ирсэн. Манай аав Цээпил нэгдэлд тэмээ малладаг байсан ба намайг 15 хүрэхэд Лениний зам нэгдэлд ажилд оруулж малчин болгосон. Манай аав намайг нэгдэлд ажилд ороход ямаа маллахаар авч надаар маллуулдаг байсан. Би 1983 оны 6 дугаар сард Лениний зам нэгдэлд ажилд орж байсан. Би 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 6 дугаар сар хүртэл Лениний зам нэгдэлд ямаа маллаж байгаад 1987 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдсан. Би цэргээс халагдаж ирээд үргэлжпүүлэн нэгдэлд малчнаар ажилласан ба 1990 оноос хойш ажилласан жилээ нөхөн даатгалаар авсан. Иймд би 1983 оны 6 дугаар сараас 1987 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Намайг анх ажилд ороход томилсон тушаал болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэх үндэслэлээр тэтгэврээ тогтоолгох боломжгүй байна. Иймд миний 1983 оны 4 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан байдлыг сэргээн тоггоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагчаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, З.Угийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай шийдвэрийн хуулбар, Г.Бийн ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 849 дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Ц.Пийн хувийн хэрэгт үзлэг хийв.

Шүүхийн журмаар Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 1983-1988 оны баримтаас Ц.Пт холбогдох баримтыг шүүлгэж, Увс аймгийн Тэс сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулиас Ц.Пт холбогдох баримтыг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас Ц.Пийн цэргийн алба хаасан эсэх лавлагааг нотлох баримтаар бүрдүүлэв.

Ц.Пийн хүсэлтээр З.У, Г.Б нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, мэдүүлэг авав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс Ц.Пийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Ц.П нь шүүхэд хандаж 1983 оны 4 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарыг дуустал Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Иймд хүсэлт гаргагч Ц.Пийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалт, 135.2.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

3. Хүсэлт гаргагч Ц.П нь 1983 оны 4 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сарыг дуустал Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Ц.П нь 1968 онд төрсөн. 1983 онд 15 настайгаас Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд улмаар цэргийн албанд татагдах хүртэл буюу 1987 оны 5 дугаар сарыг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Гэвч тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал, цалингийн баримт аймгийн архивт хадгалагдаагүй байна. Иймд шүүхийн журмаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгаас тус шүүхэд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 91 дугаартай тогтоолыг хуулбарлан ирүүлсэн.

Тус тогтоолоор Лениний зам нэгдлийн нэр бүхий хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд тэтгэвэр тусламж олгох асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын хавсралтад Цээпилийн Пунцаг, Цэндээ багштай, 6 дугаар ангид сурдаг гэж тэмдэглэжээ.

Дээрх баримтаар Ц.П нь 1983 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Увс аймгийн Тэс сумын сургуулийн 6 дугаар ангид суралцаж байсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй.

4.2. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа Ц.Пийн хувийн хэрэгт үзлэг хийж Ц.Пийн ХААТР-1 маягтыг бэхжүүлж авсан бөгөөд тус баримтад Ц.Пийг 1984 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн гэж тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 249 дугаартай цалингийн тодорхойлолтоор Ц.Пийн 1986 оны 6,8,9 сар, 1987 оны 01, 02, 7, 10 дугаар сарын цалингийн баримтыг түүвэрлэн ирүүлсэн.

Тус баримтад Ц.Пийг Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн бөгөөд дээрх баримт нь Ц.П 1986-1987 оны байдлаар Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригадад ажилчин байсан болохыг нотолж байна. Иймд Ц.Пийг Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлгүй.

Харин дээрх үйл баримтад үндэслэн Ц.Пийг 1984 оны 6 дугаар сард 16 настайдаа 8 дугаар анги төгсөж, бүрэн бус дунд боловсрол эзэмшээд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж эхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Ц.П нь 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 08/2385 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байх тул Ц.Пийг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

4.3. Хүсэлт гаргагч Ц.Пийн хүсэлтээр З.У, Х.Баянмөнх нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан боловч хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар гэрч нарын мэдүүлэг давхар нотлогдохгүй байх бөгөөд үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд гэрч нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэлээ.

5. Иймд хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байгаа дээрх үйл баримтад үндэслэн хүсэлт гаргагч Ц.Пийн 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Шүүхээс хүсэлт гаргагч Ц.Пийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ц.П-ийн 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн үйлдвэр бригадад ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Ц.Пийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.УРНАА