| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00810/И |
| Дугаар | 130/ШШ2024/00938 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2024/00938
| 2024 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 130/ШШ2024/00938 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт А.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Я.С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: “А” номонд эцэг Х.А-ийн ургийн овгийг Н гэж буруу оруулсныг залруулж няцаалт хийлгэхийг даалгах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,
Хариуцагч Я.С,
Иргэдийн төлөөлөгч А.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Я.Сэд холбогдуулан “А” номонд эцэг Х.А-ийн ургийн овгийг Н гэж буруу оруулсныг залруулж няцаалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Би 5 үеийн удмаараа Б аймгийн А сумын нутагт төрж өссөн хүмүүс бөгөөд бид бүгд Казак үндэстэн, К аймгийн, И овгийн хүмүүс юм. Я.С гэгч 2021 оны эцсээр “А” гэдэг ном бичсэн ба уг номондоо А сумын түүхэн замнал, тэнд оршин сууж, төрж өссөн хүмүүсийн гарал үүсэл ургийн овог удмыг намтарчилж бичиж нийтэлсэн байна. Өндөр өвөө маань К-ийн Х гэдэг бөгөөд 1888 онд төрж 1938 онд хэлмэгдэн нас барсан. Я.С уг номын 73 хуудас дахь хэсэгт Хы А гэж бичсэн байх ба олон түмэн огт танихгүй гарчиг тавьсан байна. Уг гарчигт “Х А” гэж бичээд А болгож миний аав А-ийн фото зургийг нийтэлжээ. Ном бичигч Я.С нь миний аав А-ийн нэрийг андуурч А гэж бичээгүй. Үүнийг мэдсээр байж санаатайгаар зориуд мушгин гуйвуулж хүмүүсийг төөрөгдүүлж бичсэн гэж үзэж байна. Дээрх гарчигтай намтрын эхэнд миний аав А-ийг “Н” овог гарал үүсэлтэй гэж гарал үүслийг нь Н болгон өөрчилж бичиж худал мэдээ тарааж бидний нэр төрд халдаж гутаан доромжилжээ. Ингэснээр ном болон намтрыг уншсан хүн А буюу А нь Н овгийн хүн байна гэж ойлгогдохоор бичигдсэн байна.
1.2.Нэхэмжлэгч А.Б би Я.Сэд холбогдох бидний гарал үүслийг Н гэж, мөн миний эцэг мөрөөрөө амьдраад өвчнөөр нас барсан аав Х.А-ийн фото зургийг тавьж аавын нэрийг А хүү Х Н гэж танихгүй нэр хаяг тавьж, улмаар аавыг 1930-аад онд цаазлагдсан гэж бичиж, худал мэдээ таараасан бөгөөд ингэж бичсэнээр К-ийн үр удам, төрөл садангийн хүмүүс бидний нэр төр, алдар хүндэд мөн сэтгэл санаанд гэм хор учруулсан гэж үзэж Я.Сээс уучлалт гуйлгуулах, номдоо залруулга хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.3.Уг нэхэмжлэлийн шаардлагаа Я.Сээс оройн 21 цагт явагддаг аймгийн Үндэсний радиогоор 3 удаа өөрийн хоолойгоор бичсэн номдоо алдаа гарсан тул К--н Х, Х-ы Адилбек нарын талаар Н биш бөгөөд А сумын уугуул оршин суугч, И Е овгийн хүмүүс мөн гэдгийг баталж, уг номд алдаатай бичигдсэнийг аймгийн Үндэсний радиогоор залруулга хийж, дээрх нэр бүхий талийгаачдын үр хүүхдүүд, төрөл садан, танил хүмүүсээс уучлалт хүсэж байна гэж хэлэхийг даалгах тухай болгож тодруулж байна.
1.4.Я.Сийн эцэг Я, миний эцэг Х. А нар нь багаасаа хамт өссөн хүмүүс бөгөөд нас чацуу их дотно үерхдэг найзууд байсан. Я.С бид хоёр чацуу нэг хонхор, жалга довон дээр тоглож өссөн, өвөл зуны турш 2 айл хамт нүүдэллэж явсан. Мөн хариуцагч Я.С бид хоёр нас чацуу, нэг хонхор, жалга довон дээр тоглож өссөн, нэг ангид суралцсан, сайн дотын найзууд түүнд өс хонзон надад байхгүй. Эцэг маань амьд сэрүүн байхад Я.С байнга манай гэрээр орж, түүнтэй ярилцаж, уулздаг байсан. Мөн эцэг маань нас барахад тэрээр радиогоор эмгэнэл илэрхийлж байсан. К-ийн удам болох түүний 3 хүү С, М, Х нарыг тэдний хүүхдүүдийг И Е гэдгийг Я.С нь маш сайн мэднэ.
1.5.Тус А сумын иргэн Х.О-ийн бичсэн намтар түүх болох "А" (А минь-Алтан нутаг минь) номд Я.С нь уг номын зөвлөгчөөр ажилласан. Энэ номын 78 дугаар хуудсанд "К-ийн удам" гэдэг бяцхан гарчигтай намтарт ".. И " гэж энэ овог айлын удам судрыг бичвэл. К-аас М, С, Х.." гэж бичигдсэн байдаг бөгөөд энэ намтарт бичсэнийг Я.С нь өөрөө танилцаж зөвлөх нь болсон .. зэрэг олон баримтаар Я.С нь Кн, Х, Аийн гэж удам судар, намтрыг И Е овогт гэдгийг мэдсээр байж өөрийн "Оргил өдөө нутаг А минь" номдоо тэднийг буюу Х-ыг " Н" байжээ гэж зориуд бичиж, олон нийтэд тараасан санаатай үйлдэл гэж үзэж байна. Эсэргүүд татагдсан гэх номыг олон хүмүүс бичсэн тайлбарласан байдаг ч түүнд бичигдсэн хэлмэгдэгчийн нэр, хаяг, удам судар, намтар, түүхийг тэр болгон зохиогч, бичигчид мэдэхгүй. Харин хэлмэгдлийн үед нэр хаяг, овог намтар түүхийг хэлмэгдүүлэгч "ногоон малгайт" нар тэр болгон үнэн зөв баримтуудаар нотлон бичээгүй.
1.6.Тэр ч байтугай огт танихгүй хэлмэгдэгчдийг Гэндэн Дэмидийн бүлэг гэж гүтгэн худал мэдээллээр ял шийтгэсэн байдаг. Төрөөс хэлмэгдлийг бүгд худлаа байжээ гэж шийтгэх тогтоол зэрэг бүх нотолгоо гэрчүүдийн мэдүүлгийг хүчингүй болгоод хэлмэгдэгсдийг цагаатгасан бөгөөд миний өвөө К.Х ч цагаатгагдсан. Тодруулбал бүх бичигдсэн гүтгэсэн баримт материал нь бүгд буруу байсан гэсэн. Уг үүнийг Я.С нь мэдсээр байж нотлогдоогүй, хүчингүй болсон хэлмэгдлийн баримтыг номдоо нийтэлж хүмүүсийг итгүүлж төөрөгдөлд оруулсан Я.С нь хэлмэгдлийн үед хэлмэгдүүлэгч этгээдүүд бүх бичиг баримтыг буруу бичсэнийг мэдсээр байж ..Х нь "Н" гэж бичигджээ. Н байсан байна шүү эд нар гэж зориуд мэдэн будилж номдоо миний аав А, өвөө Х нарыг Н болгон санаатайгаар зарлан олон түмэнд тарааж уншигч олныг төөрөгдүүлэх эргэлзэхэд хүргэсэн, улмаар бидний өвөг дээдэс ах дүү, төрөл саданг "Н овог ястан байжээ" болгож номдоо бичиж олон түмнийг итгүүлээд нэр төрд маань халдсан гэж үзэж байна. Энэ үйлдэл нь уг номоороо нотлогдож байна.
1.7.Я.С нь ******* ядахдаа тэр номдоо "Кн Х хэлмэгдэхэд түүнийг Н" гэж бичжээ. Тийм бишээ Кн Х нь мөн А нь И Е байсан юм шүү гэж залруулга хийгээгүй байдаг. Эдгээр нэр төрд халдсан явдал нь зориуд санаатай үйлдэл байсан байна гэж үзэхээр байна. Үүнд, Х.О-ийн "А минь-Алтан нутаг минь" номын дугаар талд Я.С нь өөрийнхөө өвөг дээдэс болох өвөө "Б-ийн эцэг нь Нчуудтай болсон тулалдаан мөргөлдөөнд алуулсан гэдэг намтрыг бичүүлж оруулсан байдаг. Тэгээд Нчуудад муу санаж гэж хэлмэгдлийн гэх номоос авсан гэж нотлох баримт биш. Нэг баримтыг зориуд аваад түүнээс "К.А 1937 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдсан. Н овогт ястан гэдэг бичгийг том нотлох баримт болгон авч нөгөө тараасан номдоо санаатайгаар "Н" гэж өширхөн бичиж оруулан, К болон түүний үр сад-удам болох хүүхдүүдийг, хуу нь Х түүний хүү А ач зээ төрөл садан бидний "Н" байжээ гэж Хятад, Орос, Казахстан, Монгол улсад амьдардаг бүх казахуудад уг номоороо түгээн зарлан нэр төрд маань ноцтой халдсан гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл өгсөн.
1.8.Иймд Я.С нь "Н" гэж зориуд өширхсөн санаатайгаар К-н Удмыг- Х-ыг, түүний үр хүүхдүүдийн нэр төрийг гутаан доромжлох зорилгоор уг номдоо бичиж олонд түгээж зарласан тул К-н удам болох үр хүүхдүүдээс нь мөн Х-ийн үр хүүхдүүд, А-ийн үр хүүхдүүд биднээс уучлалт гуйх ёстой. Уг зохиосон бичсэн номдоо дахин бичиж 500 ширхэг болгон номд буруу бичсэнээ залруулж алдаагаа зас гэх шаардлагыг Я.С-д тавиагүй. Учир нь Би Н болчихсон К-н бүх үр хүүхдүүдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж энэ шаардлагыг тавьж байгаа бөгөөд тэдэнтэй зөвлөлдөөд аймгийн үндэсний 21:00 цагийн радио нэвтрүүлгээр 3 удаа дээр бичсэн байдлаар Я.С нь залруулга хийж тайлбарлаж уучлалт гуйвал манай ах дүүс болон бүх И овогтнууд, мөн Я.Сийн номыг уншсан казах хүмүүс ойлгож мэдээд үнэнийг нь олох уучлах боломжтой болно гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн тодруулж байна.
1.9.Иймд Я.С-ээр өдөр болгон 21:00 цагт явагддаг аймгийн Үндэсний радио, нэвтрүүлгээр энэ тайлбарт бичсэнээр 3 удаа уучлалт гуйлгуулах журмаар нэр төр, алдар хүнд гутаагдсаныг сэргээлгэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Я.Сийн хариу тайлбар, татгалзал:
2.1. 2021 онд Оргил өдөө А минь гэх номыг гаргасан. Уг номыг 1 ч хүнд худалдаагүй. Хэвлэн гаргах бүх зардлыг А Тилек ХХК-ийн захирал Ж гэх хүн ивээн тэтгэсэн.
2.2.1937 онд олон хүн хэлмэгдэхэд А сумаас цөөхөн хүмүүс хэлмэгдсэн түүх байна. Үүнээс 3 хүний тухай номдоо оруулсан. Ж.Х, Б, Х нарын мэдээллийг 2007 онд хэлмэгдсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд гэх номоос иш татан авч өөрийнхөө бичсэн номдоо тусгасан. Уг номын 265 дугаар хуудасны 756-д К Х нь яс үндэс Казах, ургийн овог Н, Шар говь заставд ажилчин, Зөвлөлт Холбооны Улсын Казан бослогоос урвасан гэх ялаар шийтгүүлсэн, өөр эх сурвалж олдоогүй гэж бичсэн байдаг.
2.3.Уг номонд Хы талаар бичиж байгаад, өгүүлбэр дууссаны дараа Адилбек гэж бичигдсэн. И Е овог том овог бөгөөд А суманд 500 гаруй хүмүүс бий. Энэ тухай К-гийн цусан төрлийн хүүхдүүд бүгд мэдэж байгаа. Тэд нар ямар нэгэн байдлаар маргахгүй байгаа. Харин хариуцагчийн хувьд С гэх хүний хүүхэд бөгөөд К-тай ямар нэгэн хамааралгүй. Ном хэвлэх үед энэ асуудлын талаар хэсэг асуудал гарсан. Тухайн үед би гарсан асуудлын талаар хэлж, мэдүүлсэн. К-гийнхан хуучин Зөвлөлт Холбоот улсын Дорнод Казахстаны Зайсан гэх газраас нүүгээд ирсэн хүмүүс. Эдний айлаас олон хүн хэлмэгдсэн бөгөөд М, Ш зэрэг хүмүүс хэлмэгдсэн.
2.4.Товчхондоо би би К гэх хүний тухай бичихдээ өөр нэг номоос иш татан бичсэн байдаг. Иймд энэ асуудал дээр К-н жинхэнэ хүүхдүүд нь асуудал үүсгэж, гомдол гаргаагүй байдаг. Бодит амьдралд ном бичдэг хүн, өөр нэгэн номоос хуулдаг бөгөөд өөр номд бичигдсэн зүйлийг өөрийнхөн бичсэн номдоо хуулан бичдэг. Би энэ хүнийг албаар Н гэж бичээгүй. Хүний нэр төр, алдар хүнийг гутаая гэвэл санаатай үйлдэл байх ёстой байтал надад тийм зүйл огт байхгүй. 2007 онд хэвлэгдсэн номд Н, мөн Улсын Дээд шүүхийн тогтоолд Н гэж бичигдсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй учир бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Н: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, зохиолч Я.С нь нэхэмжлэгч талаас бичиж байгаа зүйлийнхээ талаар тодруулга авч, зөвшөөрөл авах ёстой байтал зөвшөөрөл аваагүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, “Оргил өөдөө нутаг А минь /Я.С, 2021 он/ гэх номын холбогдох хэсэг орчуулгын хамт, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, нэмэлт тайлбар, зэрэг,
Хариуцагчаас хариу тайлбар, Оргил өөдөө нутаг А минь гэх номын холбогдох хэсэг орчуулгын хамт, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд гэх номын холбогдох хэсэг орчуулгын хамт, Я.С-ээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 273 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2135 дугаартай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн 160 дугаартай магадлал, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00775 дугаартай шийдвэр, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ТМ2019/00620 дугаар тэмдэглэл, мөн өдрийн 130/ШШ2019/00603 дугаар шийдвэр, Оргил өөдөө нутаг А минь гэх номын холбогдох хэсэг орчуулгын хамт, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд гэх ном /казах хэл дээр бичигдсэн/-ын эх хувь зэргийг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаар прокурорын тогтоол, Я.Сийн гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч А.Б-ын хариуцагч Я.С-д холбогдуулан гаргасан “А” номонд эцэг Х.А-ийн ургийн овгийг Н гэж буруу оруулсныг залруулж няцаалт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 5 үеийн удмаараа Б аймгийн А сумын нутагт төрж өссөн хүмүүс бөгөөд бид бүгд Казак үндэстэн, Керей аймгийн, И овгийн хүмүүс юм. Я.С гэгч 2021 оны эцсээр “А” гэдэг ном бичсэн ба уг номондоо А сумын түүхэн замнал, тэнд оршин сууж, төрж өссөн хүмүүсийн гарал үүсэл ургийн овог удмыг намтарчилж бичиж нийтэлсэн байна. Өндөр өвөө маань К-н Х гэдэг бөгөөд 1888 онд төрж 1938 онд хэлмэгдэн нас барсан. Я.С уг номын 73 хуудас дахь хэсэгт Х-ийн А гэж бичсэн байх ба олон түмэн огт танихгүй гарчиг тавьсан байна. Уг гарчигт “Х А” гэж бичээд А болгож миний аав А-ийн фото зургийг нийтэлжээ. Ном бичигч Я.С нь миний аав А-ийн нэрийг андуурч А гэж бичээгүй. Үүнийг мэдсээр байж санаатайгаар зориуд мушгин гуйвуулж хүмүүсийг төөрөгдүүлж бичсэн гэж үзэж байна. Дээрх гарчигтай намтрын эхэнд миний аав А-ийг “Н” овог гарал үүсэлтэй гэж гарал үүслийг нь Н болгон өөрчилж бичиж худал мэдээ тарааж бидний нэр төрд халдаж гутаан доромжилжээ. Ингэснээр ном болон намтрыг уншсан хүн А буюу А нь Н овгийн хүн байна гэж ойлгогдохоор бичигдсэн байна. Иймд Я.С нь аймгийн радио буюу 21 цагт явагддаг казах хэлний өргөн нэвтрүүлгээр “А” гэх номонд А-ийг Н овогтой гэж буруу бичсэн байна. Бид И Е овгийн хүмүүс билээ гэж хэд хэдэн удаа уучлалт гуйж няцаалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч Я.С нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие Б аймгийн А сумын уугуул бөгөөд 1990 оноос төрөлх нутаг болох А суманд ажиллаж эхэлсэн. Ингээд Б аймгийн А суманд 1900 оноос хойш амьдарч байсан, мөн одоо амьдарч байгаа хүмүүсийн туулсан амьдрал буюу түүхийг дурдатгал ном туурвих зорилго тавьж номд орох материалуудыг 30 жилийн турш цуглуулж, 2021 оны хавар “Оргил өөдөө нутаг А минь” номыг өөрийн зардлаар Улаанбаатар хотод хэвлүүлсэн. Уг номонд Б аймгийн А сумаас 1937 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэх Ж.Х, Ж.Б, К.Х нарын хэлмэгдсэн тухай 2007 онд хэвлэгдсэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд” номноос хуулбарлан өөрийн номонд бичсэн. Уг номын 265-р хуудсын “756. Кн К: Яс үндэс Казак, Ургийн овог Н, Шар говь заставт ажилчин байсан. Зөвлөлт улсын Казан бослогоос оргосон гэх ялаар баривчлагдсан. Өөр эх сурвалж олдоогүй” гэж бичигдсэн байна. Энэхүү өгүүлбэрийн агуулга нь А.Х гэдэг хүн А сумаас улс төрийн хилс хэрэгт холбогдон баривчлагдан цаазлагдаж сүүлд цагаатгагдсан, харин ач нь Х.А /А/ гэдэг хүн байсан гэж ойлгож болно. Би А өвгөнийг маш их хүндэтгэдэг, сайн харилцаатай байсан хүн бөгөөд И Е овгийн хүмүүс болно. Миний туурвисан ном хэвлэгдсэнээс хойш А гуайн хүүхдүүдэд уг номын талаар санал бодлоо солилцож тухайн үед техникийн алдаа гарсан байна гэж ярьж, бидэнд ямар нэгэн гомдол, санал байхгүй гэж хэлж байсныг тэмдэглэн хэлье. Иймд нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
7.1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан 20241003000109 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаагаар И Е овгийн А-ийн Бахытын төрсөн огноо, газар, оршин суугаа хаяг зэрэг байдал тогтоогджээ.
7.2. 2021 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн И Е овгийн Я.С-ийн бичсэн “А” номын 73 дугаар хуудсанд Х-ийн Ан талаар дурсамжууд гарчиглаж “Ан Х, яс үндэс казах, ургийн овог Н, Шарговийн заставт ажиллаж байсан. Зөвлөлт холбоот улсаас, Казаны хувьсгалаас оргосон гэх ялаар баривчлагдсан. Бусад баримт сэлт олдоогүй. Кн А /А/ нь 1988 онд төрсөн. Яс үндэс Казах, Х сумын иргэн. Исламын шашны номлогч. 50 насандаа баривчлагдсан. “Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсрэг байгууллагад элссэн, бусдыг элсүүлсэн, ухуулга тараасан, бослогод зориулж мал хөрөнгө бэлдсэн, гадаад, дотоодын хувьсгалын эсрэг байгууллага, удирдлага нартай хамтран ажилласан” гэж буруутгагдаж шүүх цаазын 42, 43, 47-д зааснаар ОБЭК-ын 29 дүгээр хурлын шийдвэрээр 1938 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цаазаар авах ялаар шийтгүүлсэн. Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 160 дугаар магадлалын дагуу цагаатгагдсан. Ач нь болох К.Адилбек 1930 онуудад хэлмэгдэж, дараа бүрэн цагаатгагдсан” гэж бичигдсэн нь тогтоогджээ. Мөн тухайн номын 405, 406 дугаар хуудсанд Эмгэнэл /Х.Адилбек, К.Шайза нарын гэгээн дурсгалд/ гэж гарчиглаж “А сумын хүндэт иргэн И Е овгийн Хы А, энэрэлт эх Жантекей-Ханкелди К овгийн К.Ш нар нас барсантай холбогдуулан хүүхдүүд нь Бахыт, М, С, М нар ба Абил, П, Кй, К, М нар болон бусад ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэж, 496 дугаар хуудсанд “Талархал” гэж гарчигласан хэсэгт “ энэхүү 500 хуудастай 500 ширхэг хэвлэгдсэн түүхчилсэн ном” гэж тус тус бичигдсэн байна.
7.3. 2007 онд хэвлэгдсэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд” 265 дугаар хуудсанд “Кн К. Яс үндэс казах, ургийн овог Н. Шарговийн заставт ажилчин байсан. “Зөвлөлт холбоот улсаас, Казаны хувьсгалаас оргосон” гэх ялаар баривчлагдсан. Өөр эх сурвалж олдоогүй” гэж бичигдсэн байна.
7.4. Тагнуулын ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02/2135 дугаартай Архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1991 оны 10 дугаар сарын 160 дугаартай магадлалаар К.А нь улс төрийн хэргээр баривчлагдаж Шүүх цаазын бичгийн 42, 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, цагаатгагдсан болох нь тогтоогджээ.
7.5. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2018/00775 дугаартай шийдвэрээр К.А, К.Х нар нэг хүн мөн болохыг тогтоож, мөн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШШ2019/00603 дугаартай шийдвэрээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар Б аймгийн А сумын төрийн сангийн санхүүгээс хэлмэгдэгч К.А-ийн нөхөн олговрын мөнгө 80,000,000 төгрөгийг гаргуулан И Е овгийн Х.С-д олгож байсан болох нь нотлогдож байна.
7.6. Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Я.Сийн “А” номондоо иргэдийн хувийн мэдээллийг буруу, зөрүүтэй бичсэн үйлдлийг Худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хаасан байна.
8.Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Я.С нь аавын ургийн овгийг “Н” гэж бичиж худал мэдээ тараасан тул няцаах үүрэгтэй гэж нэхэмжлэл гаргасныг хариуцагч Я.С эс зөвшөөрч маргажээ.
9.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт “Нас барсан этгээдийн нэр, нэр төр, алдар хүндийг гутаасан, эсхүл түүний хувийн нууцтай холбоотой мэдээг энэ хуулийн 520 дугаар зүйлд заасан өвлөгчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан бол энэ зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч А.Б нь Х.А-ийн хууль ёсны өвлөгч болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул худал мэдээллийг няцаах шаардлага гаргах эрхтэй байна.
10. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч нараас өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм. Иргэний нэр төр алдар хүндийг гутаасан гэдэгт бодит байдал нийцэхгүй байдлыг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно.
11.Хариуцагч Я.Сийн бичсэн “А” номын 73 дугаар хуудсанд Хы Ан талаар дурсамжууд гарчиглаж “Ан Х, яс үндэс казах, ургийн овог Н ...” гэж нэхэмжлэгч А.Б-ын өвөг эцэг Кн Ан ургийн овгийг буруу ташаа бичиж, уг ном 500 ширхэг хэвлэгдэж бусдад тараагдсан болох нь тогтоогдсон гэж үзлээ. Хариуцагч Я.С нь Кн А /Х/, Х.А нарын ургийн овог И Е овгийн хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин нэхэмжлэлийг *******сгэх үндэслэлээ “К.Х нарын хэлмэгдсэн тухай 2007 онд хэвлэгдсэн “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд” номоос хуулбарлан өөрийн номдоо бичсэн” гэж тайлбарлаж байгаа боловч тухайн номоос хуулбарласан, иш татсан талаар тэмдэглэгээ хийгдээгүй, мөн тухайн Кн А /Х/ гэдэг хүн И-Е овгийн хүн гэдгийг мэдэж байсан байх тул үнэн зөв мэдээлэл бусдад тараагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Кн А, Кн Х нар нь нэг хүн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх ба хариуцагч Я.Сийн бичсэн “А” номд “Х.А, А.Х, ... түүний ач А 1930 онд улс төрийн хэрэгт хэлмэгдэж, дараа нь бүрэн цагаатгагдсан” гэж бодит байдалд нийцэхгүй байдлаар дурдаж бичсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд Я.Сийн бичсэн “А” номд нэхэмжлэгч А.Б-ын өвөг эцэг Кн А /Х/, Хы А нарын ургийн овгийг Н гэж бичиж бодит байдалд нийцэхгүй мэдээ тараасан гэж үзэх үндэслэлтэй байна.
12.Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
13.Иймд нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Я.Сийн “А” номын 73-р хуудсанд К.Х, И Е овогт Х-ийн А нарын ургийн овгийн Н гэж буруу ташаа бичсэнд залруулга хийж Б аймгийн орон нутгийн радиогоор уучлалт хүсэхийг хариуцагч Я.С-д үүрэг болгох нь зүйтэй байна.
13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Я.С-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “А” номын 73-р хуудсанд И Е овгийн Кн Х, Х.А нарын ургийн овгийг Н гэж буруу ташаа бичсэнд залруулга хийж Б аймгийн орон нутгийн радиогоор уучлалт хүсэхийг хариуцагч Я.С-д үүрэг болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 угаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Я.С-ээс 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК
ШҮҮГЧИД К.БҮЛДИРГЕН
Х.МЕЙРАМБЕК