Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2024/00939

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2024/00939

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, С овогт Б.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Х.А-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ослын улмаас цаашид ашиглагдах боломжгүй болсон “Приус-11" маркийн 00-00БӨҮ дугаарын тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөг, шүүхийн шинжилгээний шинжээч эмчид биеэ үзүүлсэн 4 хүн буюу  бид 4 хүн үзүүлэхэд нэг бүр 8,000 төгрөг хураамж авсны нийт 32,000 төгрөг, үнэлгээний зардал 115,000 төгрөг, Хөшөөтийн уурхайд ажилладаг ажилдаа энэ хэргээс болж 2 сар очоогүй сарын цалин сард дундаж цэвэр авах орлого 1,570,000 төгрөг, үүнээс нийгмийн даатгалд 570,000 төгрөг суутгах ба 2 сард нийт 2,000,000 төгрөг орлого гэж тооцож, бүгд 2,000,000 төгрөг, “Приус-11” загварын улсын 00-00БӨҮ дугаарын тээврийн хэрэгслийг “К” компанийн журмын хашаанд тээврийн хэрэгслийн хадгалалтын мөнгөн хураамж 2,500,000 төгрөг бүгд 9,147,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгч Б.Е (цахим сүлжээгээр),

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч Х.А,

Иргэдийн төлөөлөгч Ж.С,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Е нь хариуцагч Х.Ад холбогдуулан Хохирол 8,722,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б аймгийн Б сумын иргэн Т овогт Х.А нь 2023 оны 7 дугаар сарын 08-ны орой тус Б сумын засмал зам буюу Ө сумаас Б сум орох засмал замд миний жолоодож явсан “Приус-11” загварын, улсын 00-00БӨҮ дугаарын тээврийн хэрэгслийг өөрийн “Приус-20” загварын улсын 00-00БӨА дугаарын тээврийн хэрэгслээрээ мөргөж миний тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан бөгөөд энэ хэргийг цагдаагийн мөрдөгч а/х А нь 231300247 дугаарын зөрчлийн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан юм.

1.2.Гэтэл Х.А нь үүнд гомдол гаргасан байсныг мөрдөгч а/х А нь дахин шалгаад улсын прокуророор хүртэл хянагдаад гомдол гаргагч Х.Ан үйлдэл буруутай гэсэн үндэслэлээр гомдлыг хангаагүй юм. Х.Ан буруутай үйлдлээс болж би дараах байдлаар хохирч байна. Үүнд: Миний хөрөнгө болох “Приус-11” маркийн 00-00БӨҮ дугаарын тээврийн хэрэгсэл нь бүрэн эвдэрч дахин сэлгэн засах, хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр рам нь махийж ажиллагаа эдэлгээнд ашиглагдахааргүй болсон. Би уг тээврийн хэрэгслийг осол болохоос өмнөхөн бусдаас 4,500,000       төгрөгөөр авсан бөгөөд маш их сэлбэг засвар хийсэн болохоор үнэ нэмэхгүйгээр энэ үнээр нь тээврийн хэрэгслээ үнэлж буруутай этгээдээс 4,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үнэлгээ хийхэд төлсөн 115,000 төгрөг, шүүх шинжилгээний албаны эмчид Р, Ж, М бид 4 /дөрөв / бие үзүүлэхэд тус бүрд нэг хүн 800,000 төгрөг төлсөн. Нийт 3,200,000 төгрөгийг би төлж өгсөн тул энэ мөнгийг мөн нэхэмжилж байна. Би ослын үед Ховд аймгийн “Хөшөөт” гэдэг компанийн нүүрсний уурхайд ажиллаж байсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ослын хэрэгт шалгагдаад бүтэн хоёр сар очиж чадаагүй юм. Уурхайн удирдлага нь Цагдаагийн газраас өгсөн “Ослын хэрэгт шалгагдаж байгаа” гэсэн бичгийг үндэслээд надад 2023 оны 07, 08 дугаар саруудад сул зогсолтын гэх мөнгөөр тооцоолж сар бүр 570,000-550,000 төгрөгийн цалин өгч харин нийгмийн даатгалын шимтгэлийг 142,500 төрөг мөн 74,250 төгрөг гэж багасгаж тооцон 2 сар төлж өгсөн юм. Хөшөөтийн уурхайд уурхайчнаар ажиллаж байхдаа сард цалингийн доод түвшин нь 1,570,000 төгрөгөөр түүнээс дээш 2,519,000 төгрөг хүртэл өсгөн авч байсан юм. Хоёр сарын хөдөлмөрийн орлого маань 2,140,000 төгрөгөөр багассан юм. Үүнийг дараах журмаар бодсон. 2023 оны 7 болон 8 дугаар саруудад 570,000 төгрөг ба 550,000 төгрөгийн цалин авсан бөгөөд дундаж 550,000         төгрөгөөр бодсон. Үүнд: 1,550,000 төгрөгөөс 550,000 төгрөгийг хасахад 1,000,000 төгрөг юм. Хоёр сард 2,000,000 төгрөг дутуу цалин авсан тооцоо гарч байна. Тэгэхээр Х.Ан буруугаас болж Цагдаа, Прокурорт шалгагдаж 2 сар ажил хийж чадаагүйн дутуу хөлс болох 2,000,000 төгрөгийг хариуцагчаас тус тус нэхэх эрхтэй юм. Нийгмийн даатгалын лавлагаа үүнийг гэрчлэх тул энэ 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3.Цагдаагийн газраас анх 2023 оны 07 дугаар сарын 08-ний өдөр осол болоход  "Үзлэг, шалгалт хийхэд нотлох баримт болгон үнэлэхэд осолд өртсөн уг хоёр тээврийн хэрэгслийг “К” ХХК-ийн журмын хамгаалалтын хашаанд хэрэг шалгаж дуустал байлгана. Дараа нь хэн буруутай нь тэр хоёр тээврийн хэрэгслийн үнийг төлж гаргаж авах ёстой. Үүнийг шүүх шийднэ гэж мөрдөгч хэлсэн юм. Би өөрийнхөө “Приус-11” загварын 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргаж авахаар “К” хамгаалалтын албатай ярихад зөвхөн таны тээврийн хэрэгсэлд өдрийн 6,000 төгрөг буюу 425 хоногт нийт 2,575,000 төгрөгийн хамгаалсан тухай төлбөр хураамж гарсан. Би энэ 2,575,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахыг хүсэж шаардлагыг дараах байдлаар гаргаж байна. Үүнд: Х.Ан буруутай байдлын улмаас осолд орж Ө сумын “К” хамгаалалтын компанийн журмын хашаанд 2023 оны 07 дугаар сарын 08-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалагдаж байгаа миний хувийн “Приус-11” загварын 00-00БӨҮ дугаарын тээврийн хэрэгсэлд төлөгдөх 2,575,000 төгрөгийг хариуцагч Х.А-аар төлүүлж өгөхийг хүсэж байна.

1.4. Иймд ослын улмаас цаашид ашиглагдах боломжгүй болсон “Приус-11” маркийн 00-00БӨҮ дугаарын тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөг, шүүхийн шинжилгээний шинжээч эмчид биеэ үзүүлсэн 4 хүн буюу Р, Ж, М бид  4 хүн үзүүлэхэд нэг бүр 8,000 төгрөг хураамж авсны нийт 32,000 төгрөг, үнэлгээний зардал 115,000 төгрөг, Хөшөөтийн уурхайд ажилладаг ажилдаа энэ хэргээс болж 2 сар очоогүй сарын цалин сард дундаж цэвэр авах орлого 1,570,000 төгрөг, үүнээс нийгмийн даатгалд 570,000 төгрөг суутгах ба 2 сард нийт 2,000,000 төгрөг орлого гэж тооцож, бүгд 2,000,000 төгрөг,  “Приус-11” загварын улсын 00-00БӨҮ дугаарын тээврийн хэрэгслийг “К” компанийн журмын хашаанд цагдаагаас аваачиж тавьсан бөгөөд одоо уг тээврийн хэрэгслийн тэнд байсан хугацааны хадгалалтын мөнгөн хураамж 2,575,000 төгрөг, бүгд 9,147,000 төгрөгийг буруутай этгээд Х.А-аас гаргуулж өгнө үү. Би анх шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ нийт хохирол 8,722,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 9,147,000 төгрөг гаргуулах гэж тодруулж байна гэжээ.

 

2.Хариуцагч Х.Ан хариу тайлбар, татгалзал: Хариуцагч Х.А би “гэм хорын хохирол 8,722,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б.Е-ийн нэхэмжлэлийг бүхэлдээ “эс зөвшөөрч” дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна.

2.1.Б аймгийн Ө сумаас Б сум орох засмал замд авто тзэврийн осол гарч нэхэмжлэгч Б.Еы эзэмшлийн түүний жолоодож явсан “Приус-11" загварын 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч Х.А миний эзэмшлийн, өөрөө жолоодож явсан “Приус-20” загварын 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргөлдөж, авто тээврийн ашиглалтын журам зөрчигдөж, хоёр талын тээврийн хэрэгсэлд зохих хэмжээний эвдрэл гэмтэл учирснаас гадна, хариуцагч Х.А миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч миний бие Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг, Улаанбаатар хотод Гэмтэл Согогийн Үндэсний Төв эмнэлэг хүртэл очиж, эмчлэгдэж байсан.      

2.2.Хариуцагч Х.А би тухайн хэргээс болж эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирол, хор уршгийг өөрөө хариуцаж арилгасан болно.

2.3.Энэхүү гэмт хэргийг аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, Б аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар “мөрдөн шалгах ажиллагаа явуулж” шалгаж байгаа бөгөөд “эцэслэн шийдвэрлэгдээгүй” байгаа болно. Тухайн хэргийн хохирогчоор Х.А намайг тогтоосон бөгөөд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хохирогч Х.А надад Б аймгийн Прокурорын газраас болон Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн хариу ирүүлээгүй болно.

2.4.Нэхэмжлэгч Б.Е нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хэрэг улсын прокурор хүртэл хянагдсан ба хариуцагч Х.Ан буруутай үйлдэл гэж тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

2.5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн 65.1.8 дахь хэсэгт заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрэн тогтоогдож байна.

2.6. Нэхэмжлэгч Б.Е нь өөрийн эзэмшлийн “Приус-11” загварын 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сэлгэн засах боломжгүй, ослын улмаас бүрэн эвдэрсэн тул тээврийн хэрэгслийн үнэ болох 4,500,000 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. Гэтэл Б.Еы эзэмшлийн “Приус-11” загварын 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн эвдэрч, ашиглагдах боломжгүй болсон гэдгийг нотолсон нотлох баримт, ослын акт байхгүй, энэ талаарх дүгнэлт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгч Б.Еы нэхэмжилснээр “ашиглагдахгүй болсон, бүрэн эвдэрсэн” гэж шүүх дүгнэх, түүний үнэлгээ 4,500,000 төгрөг төлүүлэх боломжгүй болно.

2.7.Эд хөрөнгийн үнэлгээний төлбөр 115,000 төгрөг, шинжилгээний төлбөр гэж 3,200,000 төгрөг зэрэг нотлох баримтгүй төлбөр нэхэмжилсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ. Нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч Б.Е төлбөр хураамж төлж, хохирсон зүйл алга байна.

2.8.Мөн нэхэмжлэгч Б.Е нь “Хөшөөтийн” уурхайд 2 сар ажилд гараагүй тул цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг 2,000,000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. Нэхэмжлэгч Б.Еы эрүүл мэндэд гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн ослын улмаас хохирол учраагүй, хөдөлмөрийн чадвар алдсан асуудал болоогүй, хөдөлмөр эрхлэхэд нь Х.А миний зүгээс саад учруулсан явдал байхгүй учир цалин хөлс нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Б.Е өөрөө ажил хийгээгүй тул би буруутай биш юм.

2.9.Нэхэмжлэгч Б.Еы эзэмшлийн “Приус -11” загварын 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “К” хамгаалалтын албаны журмын хашаанд хадгалуулсны хураамжид хариуцагч Х.А надаас 2,575,000 төгрөг нэхэмжилжээ. Гэтэл Б аймгийн Цагдаагийн газраас тухайн үед ослын дүгнэлт гарах хүртэл түр хугацаанд осолд өртсөн хоёр тээврийн хэрэгслийн хоёуланг түр хадгалуулсан боловч дүгнэлт гарсны дараа гаргаж авах талаар шаардсанд Б.Е өөрөө гаргаж аваагүй өдий хүрээд байна. Өөрийн буруугаас болж “К” хамгаалалтын албаны хашаанд байсан хугацааны төлбөр хураамж зэрэг 2,575,000 төгрөгийг надаас нэхэмжлэх боломжгүй юм. Нэгэнт “К” хамгаалалтын албаны хамгаалах байранд Б аймгийн Цагдаагийн газар шийдвэр гаргаж, нэхэмжлэгч Б.Еы эзэмшлийн 'Приус-11” загварын 00-00БӨҮ улсын дугаар бүхий суудлын тээврийн хэрэгслийг хамгаалалтад авч, журмын хашаанд оруулсан байна. Хэрэв Х.Еы буруутай үйлдэл байхгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн дэх хэсэг 45.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх, прокурор, мөрдөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна” гэж заасан байгаа тул төрөөс нэхэмжилбэл зохино. Учир нь “К” хамгаалалтын албанд хадгалуулахад тухайн хашаанд оруулах , саатуулан барих үйлдлийг цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хийж гүйцэтгэсэн тул түүний хууль ёсны болон хууль бус шийдвэрийн үр дагаврыг жирийн иргэн Х.А би хариуцах эрх зүйн үндэс байхгүй болно.

2.10.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1; 499 дүгээр зүйлийн 499.1. 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Х.А надад холбогдох гэм хорын хохиролд нийт 8,722,000     төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч Б.Еы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С: “Нэхэмжлэгч Б.Еы нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Еы 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тээврийн хэрэгсэл мөргөлдсөн үеийн фото зураг гэх фото зураг, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, 2024 оны 10 дугаар сарын 28-ний өдөр байгуулсан өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Б аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 32-03/6405 дугаартай албан бичиг, Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/575 дугаартай албан бичгээр ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 000000 дугаартай хэрэг /эх хувь/ зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч Б.Еы хариуцагч Х.Ад холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учруулсан хохирол болох 9,147,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1,827,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн хэсэг болох 7,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Х.А  нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны орой Ө сумаас Б сум орох засмал замд миний жолоодож явсан “Приус-11” загварын тээврийн хэрэгслийг “Приус-20” загварын тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсан. Үүнд: Миний “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл бүрэн эвдэрч дахин ашиглах  боломжгүй болсон тул тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөг, үнэлгээ хийхэд төлсөн 115,000 төгрөг, шүүх шинжилгээний албаны их эмчид төлсөн 32,000 төгрөг, олох ёстой байсан орлогоос дутуу хөлс 2,000,000 төгрөг, К ХХК-ийн журмын хамгаалалтын хашаанд миний “Приус-11” маркийн автомашиныг байлгасны хураамж 2,575,000 төгрөг, нийт 9,147,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Х.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймгийн Ө сумаас Б сум орох засмал замд авто тээврийн осол гарч нэхэмжлэгч Б.Еы жолоодож явсан “Приус-11” загварын 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон миний жолоодож явсан “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хоёр талын тээврийн хэрэгсэлд зохих хэмжээний эвдрэл гэмтэл гарснаас гадна Х.А миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч миний бие Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасаг, Улаанбаатар хотод гэмтэл согогийн үндэсний төв эмнэлэг хүртэл очиж, эмчлэгдэж ирсэн. Нэхэмжлэгч Б.Еы эзэмшлийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл бүрэн эвдэрсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул машины үнэ 4,500,000 төгрөг төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Эд хөрөнгийн үнэлгээний төлбөр болон шинжилгээний төлбөр төлсөн тухай баримтгүй байгаа. Авто тээврийн ослын улмаас Б.Е нь хөдөлмөрийн чадвар алдаагүй, түүний хөдөлмөр эрхлэхэд нь миний зүгээс саад учруулсан явдал байхгүй байгаа тул дутуу авсан цалин хөлс төлөх боломжгүй. Осол гарах үед Б аймгийн Цагдаагийн газраас ослын дүгнэлт гарах хүртэл осолд өртсөн хоёр тээврийн хэрэгслийн хоёуланг саатуулсан боловч дүгнэлт гарсны дараа гаргаж авах талаар шаардахад Б.Е өөрөө гаргаж аваагүй тул өөрийн буруугаас хамгаалалтын албаны хашаанд байсны хураамж төлөх үндэслэлгүй гэжээ.

 8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 000000000 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор Б.Е 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  21 цаг 12 минутын үед 00-00БӨҮ дугаарын “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгслээр Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ерасыл” дэлгүүрийн доод засмал зам, 04 дүгээр багийн 19 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн урд засмал замаар замын хөдөлгөөнд оролцож явж байхад  Х.А жолоодож явсан 00-00БӨА дугаарын “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж зам тээврийн осол гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад заасны дагуу зөрчлийн хэрэг нээж шалгасан, Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоолоор “2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  00-00БӨА дугаарын “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл болон 00-00БӨҮ дугаарын “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж осол гаргасны улмаас Х.Ан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан” гэх үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу Б аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна.

8.2.Б аймаг дахь Цагдаагийн газрын зөрчил шалгасан хавтаст хэргээс үзэхэд эрх бүхий алба тушаалтны 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн магадлагаа, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаагаар жолооч Х.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хааж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж,  жолооч Б.Е нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж тус тус дурдаж, жолооч Х.А нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрсөн,  хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах гол шалтгаан болсон гэж гаргасан байна. 

8.3.“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-23-0191 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 2023 оны 8 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан “Toyota Prius 20” маркийн 00-00БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас эвдэрсэн солих шаардлагатай болон засварлах боломжтой эд ангийн үнэлгээг, ажлын хөлсний хамт хүснэгтэд оруулан тайлбартай гаргав. Нийтдээ 2,965,000 төгрөг,

мөн “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-23-0190 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 2023 оны 8 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан “Toyota Prius 11” маркийн 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас эвдэрсэн солих шаардлагатай болон засварлах боломжтой эд ангийн үнэлгээг, ажлын хөлсний хамт хүснэгтэд оруулан тайлбартай гаргав. Нийтдээ 1,680,000 төгрөг байх боломжтойг  тус тус тодорхойлсон байна.

 8.4. Төрийн мэдээллийн сангаас 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргаж авсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор ажил олгогч Алтайн зам ХХК болон даатгуулагч БВ00211818 регистрийн дугаартай Базарханы Еы 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сар хүртэл төлөгдсөн нийгмийн  даатгалын шимтгэлийн талаар тодорхойлжээ.

  8.5.2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар Б аймгийн Баяннуур сумын 3-р багт оршин суух Базарханы Еы “Приус-11” маркийн 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд орж ирсэн суудлын авто машиныг 2024 оны 7-р сарын байдлаар 4,000,000 төгрөгөөр үнэлсэн байна.

9.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийн хүлээн зөвшөөрч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

10.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

11.Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Х.А нь өөрийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 00-00БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ерасыл” дэлгүүрийн доод засмал зам, 04 дүгээр багийн 19 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн урд засмал замаар замын хөдөлгөөнд оролцож явж байхад Б.Еы эзэмшлийн 00-00БӨҮ дугаарын “Тоёота приус-11” маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

12.Хариуцагч Х.А нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь тогтоогдсоноор гэм хорыг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-23-0190 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 2023 оны 8 дугаар сарын байдлаар Б.Еы  Toyota Prius 11 маркийн 00-00БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас эвдэрсэн солих шаардлагатай болон засварлах боломжтой эд ангийн үнэлгээг, ажлын хөлсний хамт нийт 1,680,000 төгрөг байх боломжтой гэж тодорхойлсныг үндэслэн уг мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилсэн ба тухайн тээврийн хэрэгслийг сэлгэн засах, хөдөлгөөнд оролцох боломжгүйгээр рам махийсан гэж тайлбарласан боловч энэхүү үндэслэлийг нотлоогүй байна.

13.Осол болох үед Б.Е, Х.А нарын машинд сууж явсан Р, Ж, М нар болон жолооч нарын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан болох нь Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт”-үүдээр тогтоогдож байх тул шинжилгээ гаргахад төлсөн 32,000 төгрөгийг, мөн эд хөрөнгийн дүгнэлт гаргахад “Ашид билгүүн” ХХК-д төлсөн 115,000 төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй байна.

14.Нэхэмжлэгчээс  2023 оны 7, 8 дугаар саруудад ажил хийж чадаагүйн улмаас дутуу авсан хөлс 2,000,000 төгрөг, Ө сумын “К” хамгаалалтын компанийн журмын хашаанд 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалагдаж байгаа Приус 11 маркийн тээврийн хэрэгсэлд төлөгдөх 2,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Е нь тухайн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан нь нотлогдоогүй, Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 493 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр иргэн Б.Еы биед гэмтэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн, зөрчлийн болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах үед Б.Ед эрх хязгаарлах арга хэмжээ аваагүй, эд хөрөнгийн үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоосон шийдвэр гараагүй  болох нь тогтоогдсон, тухайн хохирлууд нь хариуцагч Х.Ан гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй байна гэж үзлээ.   

15.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.А-аас гэм хорын хохирол 1,827,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Базарханы Е-д  олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

16.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй гэж  дүгнэлт гаргасан байна.

17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,534 төгрөгийг, мөн анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс 6,768 төгрөгийг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгчээс уг мөнгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, хариуцагч Х.А-аас 44,182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ед олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.А-аас гэм хорын хохирол 1,827,000 (нэг сая найман зуун хорин долоон мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Е-д  олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7,320,000 (долоон сая гурван зуун хорин мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,534 (нэг зуун тавин дөрвөн мянган таван зуун гучин дөрвөн) төгрөгийг, мөн анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс дутуу төлсөн 6,768 (зургаан мянган долоон зуун жаран найман) төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, хариуцагч Х.А-аас 44,182 (дөчин дөрвөн мянган нэг зуун наян хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Е-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              К.БҮЛДИРГЕН

                                                  ШҮҮГЧИД                              Б.МАНГИЛИК

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК