| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2016/0005/З |
| Дугаар | 159/ШШ2016/0005 |
| Огноо | 2016-04-13 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 159/ШШ2016/0005
Монгол Улсын нэрийн өмнөөс
Хэргийн индекс: 159/2016/0005/З
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц.Батцэрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох
“Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 тушаал, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ц.Батцэрэн
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин, Ц.Гэнэндулам нар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхцацрал
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 тоот тушаалыг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Ц.Батцэрэн намайг сэлгэн аймгийн Сайхан сумын тэтгэвэр орлого шимтгэлийн байцаагчаар ажилуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сэлгүүлэн ажилуулахаар шийдвэр гаргасан. Уг даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй учир захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй урьдчилан шийдвэрлүүлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж миний нэхэмжлэлийг буцаасан. Хуулинд зааснаар Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр салбар зөвлөлийн тогтоол гарсан байсныг 2016 оны 02 дугаар сарын 18-нд хүлээн авч тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Миний хувьд сэлгэн ажиллах боломжгүй байна гэж үзэж байна. Миний хувьд Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн Мандал суманд миний амьдрал тогтсон үр хүүхдүүд нялх сургууль соёлд суралцдаг. Мөн гэр бүлийн хүн маань энэ сумандаа ажил хөдөлмөр хийгээд байж байна. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл заалтыг баримтлан тушаал гаргасан байна. Уг хуулийн заалтанд төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэн сэлгэн ажиллуулах хуулийн зохицуулалт бий.Хуулийн зүйл заалтыг үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулга гэсэн заалт бий. Мөн энэ хуулийн 22.4-д сэлгэн ажиллуулах журмыг Төрийн албаны төв байгууллага тогтооно гэжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тушаалын хавсралтанд Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудыг сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах журмыг баталсан. Үүнд мөн л ажилтан хүсэлт зэргийг үндэслэн сэлгүүлэн ажиллуулж болно гэж заасан. Мөн Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудыг жилд нэг удаа санал асуулга авсны үндсэн дээр сэлгэн ажиллуулна гэсэн заалт ч бий. Энэ бүх хууль дүрэм журмыг зөрчиж байцаагч нарыг сэлгүүлж ажиллуулах тухай Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015.10.26-ны өдрийн Б/78 тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй байгаа хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ц.Батцэрэн миний бие нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Байгалмаад холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч болох хэлтсийн дарга Ч.Байгалмаа нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус тушаал нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэг болох албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлсний төлөө бусад байгууллага, аж ахуйн нэгжээс..... төлбөргүй буюу хөнгөлөлтэйгээр үйлчлүүлсэн гэсэн үндэслэлээр гарсан ба миний хувьд БНХАУ-ын Шин-Ан мужид ...үйлдвэртэй танилцах, туршлага судлах зэргээр явсан бөгөөд үүнд ямар нэгэн байдлаар өөрийн албан тушаал, бүрэн эрхийг хэрэгжүүлсэн асуудал болоогүй юм.
2. Мөн дээрхи тушаалд.... томилсон албан тушаалд очоогүй, ажлын байрыг 53 хоног орхин явсан гэсэн үндэслэлийг тусгасан нь ойлгомжгүй байна. Учир нь миний бие нь ажлаас орхин явсан зөрчилдөө 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар 3 сарын 20 хувиар цалин бууруулах арга хэмжээ авагдсан болно. Үүнд ямар нэгэн маргаан гараагүй. Харин миний зүгээс тус өдрийн Б/78 дугаартай сэлгэн ажиллуулах тушаалд гомдол гаргасан ба тус гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн холбогдох байгууллагын шийдвэр гараагүй байхад дээрхи үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гарч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авна уу. Мөн өмнө гаргасан..... ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар..... гэж тодруулж байгаа болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Мандал сумын нийгмийн даатгалын тасгийн орлого шимтгэлийн байцаагч Ц.Батцэрэнгийн шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргааны зүйл болох дээрхи тушаалыг Монголын Улсын Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 94 тоот тушаалын 5.1 дэх заалт, Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг тус тус үндэслэл болгон нэр бүхий байцаагч нар /Ц.Батцэрэн/-ыг 2015.11.02-ны өдрөөс сэлгэн ажиллуулахаар гаргасан.
Тушаалыг гаргахдаа үндэслэл болгосон хууль, тушаал, журманд Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулахдаа Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр..... ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болохоор заасан байгаа. Ц.Батцэрэн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Төрийн жинхэнэ албан хаагчийнх нь хувьд дээрхи байдлаар өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр, уг тушаалыг гаргаж эрх ашгийг нь зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Аймгийн нийгмийн даатгалын даатгалын хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурал дээр Ц.Батцэрэн байцаагчийг 6108657,2 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан Сайхан суманд өр авлага бууруулах тал дээр анхаарч ажиллах чадах хүн гэж үзээд энэ талаар санал тавихад:- Сайхан суманд очиж ажиллая. Сайхан суманд 2015.12.01-нээс очиж ажиллах боломжтой, байгууллагын итгэлийг алдахгүй сайн ажиллана хэмээж зөвшөөрсөн. Эдгээр хэлж ярьсан зүйлээ хүсэлтээр бичиж гаргаж өгсөн байгаа. Байцаагч Ц.Батцэрэн нь Төрийн жинхэнэ албан хаагчийнхаа тухайд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011.03.10-ны өдрийн 74 тоот тушаалын 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан..... Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс НДХэлтэс /тасаг/-ийн нэрийн өмнөөс төрийн байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ болон аж ахуйн үйл ажиллагааг дэмжих нэрийн дор тусламж, хандив авахыг хориглоно гэж заасныг зөрчиж, Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан Бичил уурхайчдыг нийгмийн даатгалд хамруулах талаар сургалт 2015.10.14-ний өдрөөс зохион байгуулагдахаар тухайн сургалтанд суух чиглэл өгөгдсөн, Хэлтсийн даргыг ажлаар Мандал сумд явж байхад уулзаж учир шалтгаанаа хэлж чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 2015.10.11-ний өдрөөс 19 хүртэл ажлын 5 хоногт ажилдаа ирэлгүй, бичил уурхай эрхлэгчдийн “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр”, Дууш мандал хайрхан ТББ-ын зардлаар өөрийн ажиллаж байгаа төрийн байгууллагын нийгмийн даатгалд хамруулахаар аян өрнүүлэн ажиллаж байгаа бичил уурхай эрхлэгчидтэй хамт Хятад улсын Ши-ан хотруу аялалд явсан. Шүүхэд бичгийн нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх болно.
Ц.Батцэрэн нь дээрхи зөрчил дутагдалаа хүлээж, төрийн жинхэнэ албан хаагчийнхаа хувьд хуулинд заасан тодорхой хугацаанд, ажлын тодорхой чиглэлээр сэлгэн ажиллах боломжтой тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн юм. Гэвч 2015.10.26-ны өдрийн тушаалыг хэрэгжүүлээгүй бөгөөд ажил албаа эрхлэлгүй төрийн албыг цалгардуулж орхисон. Мөн тухайн эрх зүйн үр дагавар бүхий хэлтсийн даргын тушаалыг зөвшөөрөхгүй байгаа талаараа харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан өргөдөл гомдолоо гаргаж шийдвэрлүүлээгүй. Ц.Батцэрэнгийн тухайд ажлаасаа гарахаар шийдсэн гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Батцэрэн нь Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай “Байцаагч нарыг сэлгэн ажиллуулах тухай” тушаалыг, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай, “Ц.Батцэрэнг ажлаас чөлөөлөх” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин болох 3.749.065 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмлэлийг гаргажээ.
Б/78 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Батцэрэн нь Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргаж шийдвэрлүүлж хариугаа авсан тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүсэн гэж үзнэ.
1.Сэлэнгэ аймгийн Нийгмийнт даатгалын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/77 дугаартай “Ц.Батцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Ц.Батцэрэнд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан... ажлын байраа орхин явсан... үндэслэлээр 3 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан бөгөөд нэхэмжлэгч Ц.Батцэрэн уг асуудлаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
2.Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай “Байцаагч нарыг сэлгэн ажиллуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Ц.Батцэрэнг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг баримтлан... Сайхан сумын Нийгмийн даатгалын тасгийн орлого шимтгэлийн байцаагчаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т... Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажилуулж болно... гэж заасныг зөрчиж Ц.Батцэрэнг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын байцаагчаар сэлгэн ажилуулахдаа өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийллээр гаргасан зөвшөөрлийг бичгээр авалгүйгээр удирдах албан тушаалтны шахалт шаардлага, дарамт, зүй бусаар нөлөөлөх зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан нь хууль бус болох нь нэхэмжлэгч Ц.Батцэрэнгийн... 5 хоног ажлын байр орхигдуулж явсан ажлаас чинь хална эсвэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны байцаагчаар ажиллуулна гэж удирдах зөвлөлийн хурал дээр Ч.Байгалмаа дарга санал тавьсан. Тухайн үед би хүлээн зөвшөөрөөгүй дараагийн арга хэмжээгээ ав гэхэд тэгвэл Сайхан суманд очиж ажилла гэсэн... гэр бүлийн хүнтэйгээ зөвшилцөөд хариу хэлье гэхэд Ч.Байгалмаа дарга “энэ чинь Төрийн алба чиний юу гэж хэлэх хамаагүй” гэж хэлээд гараад явсан... тэгээд ямар ч шийдэлд хүрээгүй.... намайг Ч.Байгалмаа дарга ажлаас хална эсвэл Сайхан сум руу яв гээд шаардаад байсан... Сайхан сум руу очиж ажилла гэж шаардаагүй бол би сайн дурын үндсэн дээр Сайхан сум руу сэлгэн ажиллуулахыг хойшлуулж өгөх тухай хүсэлт гаргахгүй байх байсан... гэх тайлбар, гэрч Ж.Урантөгсийн... хурал дээр Ц.Батцэрэнд сэлгэн ажиллуулах тухай санал тавьсанд хамт олондоо баярлалаа эхнэртэйгээ ярилцлаа сэлгэн ажиллах боломжгүй байна гээд гараад явсан... би хурал тарсаны дараа утсаар чи халагдаж болохгүй ээ саналыг хүлээгээд ав гэж хэлсэн... удирдах зөвлөлөөс сэлгэх санал тавьсан... Ч.Байгалмаа дарга ажлаасаа халагд эсвэл Сайхан сум руу яв гэсэн... гэх мэдүүлэг, гэрч Г.Сэржмядагийн... Удирдах зөвлөлөөс Сайхан сумын төв дээрх нийгмийн даатгалын байцаагчаар ажилла гэсэн санал тавьсан... Ч.Байгалмаа дарга ажлаас хална эсвэл Сайхан сум руу яв гэсэн... гэх мэдүүлэг, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд... хэлтсийн дарга Ч.Байгалмаагийн чамайг олон жил ажилласан тул ажлаас халахаас өмнө санал тавъя Номгон тосгоны байцаагчаар ажиллах эсвэл халагдах... зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
3.Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай, “Ц.Батцэрэнг ажлаас чөлөөлөх” тушаалаар нэхэмжлэгч Ц.Батцэрэнг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 , 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан... “Дууш мандал хайрхан холбоо” төрийн бус байгууллагын зардлаар удирдлагын зөвшөөрөлгүй Хятад улсын Ши-Ан хот руу явсан, мөн томилсон албан тушаалд очоогүй, тухайн ажлын байрыг 53 хоног орхин явж, байцаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Уг тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчин төгөлдөр бус захиргааны акт гарсныг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд энэ талаар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа дурьджээ. Өөрөөр хэлбэл Б/24 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт баримталсан Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дах заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүйд тооцсон бөгөөд хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж гаргасан захиргааны акт хүчин төгөлдөр бус юм.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд албан тушаалаас нь чөлөөлөх, түр чөлөөлөх, захиргааны санаачлагаар албан тушаалаас нь бууруулах, 24 дүгээр зүйлд төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албанаас халах, 26 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл журмыг тодорхой заасан.
Үүнээс үзэхэд Б/24 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримталсан атлаа ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь агуулгын хувьд ойлгомжгүй, зөрчлийг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан журамд заасны дагуу шалгаж тогтоогоогүй, мөн нэхэмжлэгч Ц.Батцэрэн нь сэлгэн ажиллуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тушаалаа эргэж харах талаар удаа дараа өргөдөл гаргасан, мөн хууль бус актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллагууд болох Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь түүнийг үндэслэлгүйгээр 53 хоног ажлаа орхисон гэж үзэх боломжгүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг яхнан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/78 дугаартай “Байцаагч нарыг сэлгэн ажилуулах тухай” тушаал, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай “Ц.Батцэрэнг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг тус тус хууль бус захиргааны акт гэж үэж хүчингүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батцэрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин болох 3.749.065 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн санхүүгээс гаргуулж олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Батцэрэнд олгосугай.
4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОДБААТАР