| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00907/И |
| Дугаар | 130/ШШ2024/00968 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2024/00968
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт К.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Д овогт Э.А-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөг, алданги 795,000 төгрөг, нийт 6,095,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч К.Х,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагч Э.А,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч К.Х нь хариуцагч Э.Ат холбогдуулан Тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөг, алданги 795,000 төгрөг, нийт 6,095,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Э.А-т машинаа худалдахаар тохиролцож, машинаа шилжүүлж өгсөн. Харилцан тохиролцсоны үндсэн дээр нотариат орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
1.2.Тухайн гэрээг байгуулах үед хариуцагч Э.А 3 хоногийн дотор мөнгийг чинь өгнө гэж хэлснээр бид гэрээдээ 10 хоногийн дотор өгнө гэж тусгаж, тохиролцсон. Гэтэл хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнийг төлөхгүй байгаа тул гэрээний 3.6-д зааснаар алданги /үүргээ 30 хоног хугацаа хэтрүүлсэн хугацааны/ 795,000 төгрөг нэхэмжилж байна.
1.3.Иймд хариуцагч Э.А-ээс тээврийн хэрэгслийн үнэ болох 5,300,000 төгрөг, алданги 795,000 төгрөг, нийтдээ 6,095,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э.А-ийн хариу тайлбар, татгалзал:
2.1.Би нэхэмжлэгч К.Х-ээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдаж авахаар тохиролцож, нотариат орж мөнгийг нь 10 хоногийн дотор өгөхөөр болж гэрээ байгуулсан.
2.2.Тухайн үед банк бус санхүүгийн байгууллага, банкнаас зээл авна гэж бодож уг машиныг авсан. Гэтэл хэдэн хоногийн хугацаанд зээл авах гэж хөөцөлдсөн боловч цалингийн зээлтэй учир надад зээл гарах боломжгүй гэсэн. Ингээд зээл гараагүй учир нэхэмжлэгчид машин худалдан авах боломжгүй боллоо, зээл бүтсэнгүй, машинаа буцаагаад аваарай гэж учраа хэлэхэд чамтай ярихгүй нөхөртэй чинь ярина гээд утсаа тасалсан.
2.3.Энэ тухай нөхөртөө хэлэхэд хамт ажилладаг хүндээ машинаа зарахаар болсон гээд Увс аймгийн Бөх мөрөн суманд ажлаар явсан. Нөхөр маань Увс аймагт байх хооронд нэхэмжлэгчид нөхөр маань байхгүй байна, холбогдож чадахгүй байна, мөнгийг нь яах уу гээд асуухад дахин чамтай ярихгүй, нөхөртэй чинь ярина гээд утсаа тасалсан. Ингээд би дахин нэхэмжлэгчтэй холбогдож чадаагүй.
2.4.Үүний дараа хэсэг хугацааны дараа надад шүүхээс холбогдож тантай холбогдох нэхэмжлэл ирсэн, та ирж танилцаарай гэж намайг дуудсан. Шүүхэд ирээд нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэгч надаас 5,300,000 төгрөг, алданги 795,000 төгрөг, нийт 6,095,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэрээнд заасан мөнгө төлөх эцсийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зай нь 19 хоног байна. Энэ 19 хоногоор алдангийг тооцоход 450,000 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа алдангийг 19 хоногоор тооцож өгөхийг хүсэж байна.
2.5.Мөн би анх машин худалдаж авах боломжгүй боллоо гээд хэлсэн үед нэхэмжлэгч машинаа буцаагаад авсан бол алданги, өнөөдрийн шүүх маргаан гаргахгүй байсан. Тухайн үед би машин авах боломжгүй боллоо гээд хэлэхэд чамтай ярихгүй нөхөртэй чинь ярина гээд нэхэмжлэгч надтай яриагүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/, 0000БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч К.Х-ийн хариуцагч Э.А-ээс тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөг, алданги 795,000 төгрөг, нийт 6,095,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсэг болох тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөг, алданги 291,500 төгрөг, нийт 5,591,500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн хэсэг болох 503,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Э.Ат худалдсан ба тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл төлөхөөр болсон боловч төлөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулахаар, мөн гэрээгээр үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөг, алданги 795,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр К.Х-тэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь үнэн. Уг машиныг миний нөхөр Б худалдагч К.Х-тэй харилцан тохиролцож худалдаж авсан. Би гэрээ байгуулахдаа цалингийн зээл аваад төлөх бодолтой байсан боловч цалингийн зээл гарах боломжгүй болсон. Надад түүнд өгөх ямар ч мөнгөний боломж байхгүй тул нэг бол машиныг нь буцааж өгнө, машинаа буцааж авахгүй бол тухайн машиныг худалдан борлуулж үнийг өгөх болно гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч К.Х нь өөрийн эзэмшлийн 0000 БӨҮ улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэсэн Toyota Premio маркийн тээврийн хэрэгслийг 5,300,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч Э.А нь тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл банкнаас зээл авч худалдагчийн дансанд бүрэн шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогджээ. Мөн уг гэрээний гуравдугаар зүйлийн 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.
8.Нэхэмжлэгч К.Х нь нэхэмжлэлийн шаардлага дэмжиж тайлбарласан, хариуцагч худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг төлөх боломжгүй болсон тул буцаах болно гэж маргажээ.
9. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
10.Нэхэмжлэгч К.Х нь худалдсан эд хөрөнгийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт хариуцагч Э.Ат шилжүүлж өгсөн байх тул нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.
11.Хариуцагчийн хувьд худалдаж авсан эд хөрөнгийг буцаах саналтай байгаа талаар тайлбарласан боловч үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл байхгүй байгаа тул тээврийн хэрэгслийг буцаах боломжгүй болно.
12.Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл төлж өгөхөөр, энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хариуцагч нь 11 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул энэ хугацааны алданги 291,500 /5,300,000 х 0.5 %= 26,500 х 11 хоног/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
13.Иймд нэхэмжлэгч К.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Э.А-ээс зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөг, алданги 291,500 төгрөг, нийт 5,591,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Х-д олгож, илүү нэхэмжилсэн 503,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,470 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 104,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.А-ээс зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэ 5,300,000 төгрөг, алданги 291,500 төгрөг, нийт 5,591,500 (таван сая таван зуун ерэн нэгэн мянган таван зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Х-д олгож, илүү нэхэмжилсэн 503,500 (таван зуун гурван мянган таван зуун) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,470 (нэг зуун арван хоёр мянган дөрвөн зуун далан) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.А-ээс 104,414 (нэг зуун дөрвөн мянган дөрвөн зуун арван дөрвөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Х-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК