Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 157/ШШ2024/00250

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.И-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 12,228,553 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г  овогтой И- нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 06 сарын 15-ний өдөр 1430085278 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 18,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 06 сарын 15-ны өдөр зээлдэгч Г.И-гийн Х дахь ................ тоот дансанд 18,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430085278 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн төлөлгүй 153 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Г.И-гоос үндсэн зээл 11,352,325 төгрөг, зээлийн хүү 849,168 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,061 төгрөг, нийт 12,228,553 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч .....................тоотод оршин суух, .................. регистрийн дугаартай Б  овогт Г-ын И- шүүхэд гаргасан тайлбартаа: “Г.И- миний бие Хас банкнаас нэхэмжилсэн 12,228,553 төгрөг төлж барагдуулан сар бүр төлнө. Маргах зүйлгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.И-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,228,553 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Г.И- нь 12,228,553 төгрөгийг “Х” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь Г.И-гийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.И- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 12,228,553 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 12,228,553 (арван хоёр сая хоёр зуун хорин найман мянга таван зуун тавин гурав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,606.85 төгрөгийн тавин хувь 105,303.4 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 105,303.4 төгрөгийг, хариуцагч Г.И-гоос улсын тэмдэгтийн хураамж 105,303.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 12,228,553 (арван хоёр сая хоёр зуун хорин найман мянга таван зуун тавин гурав) төгрөгийг хариуцагч Г.И- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 210,606.85 төгрөгийн тавин хувь 105,303.4 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 105,303.4 төгрөгийг, хариуцагч Г.И-гоос улсын тэмдэгтийн хураамж 105,303.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.И- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР