Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар  157/ШШ2024/00252

 

     2024          12            06                                         157/ШШ2024/00252

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Б-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 13,035,777 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О  овогтой Б- нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 01 сарын 15-ний өдөр 2010093722 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 01 сарын 15-ны өдөр зээлдэгч О.Б-ий Х дахь ..... тоот дансанд 17,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2010093722 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй 50 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд О.Б-ээс 12,466,667 төгрөг, зээлийн хүү 564,740 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,371 төгрөг, нийт 13,035,777 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч .... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Б  овогт О-ын Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Б- нь Хны нэхэмжилсэн 13,035,777 төгрөгөөс, 1,570,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл мөнгийг  сар болгон хуваарийн дагуу төлж барагдуулна. Маргах зүйлгүй ” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалагтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч зээл төлөлт рүү 1,570,000 төгрөг төлсөн нь үнэн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч О.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,035,777 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч О.Б- нь 13,035,777 төгрөгийг “Х” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь О.Б-ий зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунгалагтуяа, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,035,777 төгрөгөөс 1,570,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл 11,465,777 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,035,777 төгрөгөөс 1,570,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж, үлдэгдэл 11,465,777 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,128.89 төгрөгийн тавин хувь 111,564.4 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 111,564.4 төгрөгийг, хариуцагч О.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 111,564.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 13,035,777 (арван гурван сая гучин таван мянга долоон зуун далан долоо) төгрөгөөс хариуцагч О.Б- нь 1,570,000 (нэг сая таван зуун далан мянга) төгрөгийг төлж, үлдэгдэл 11,465,777 (арван нэгэн сая дөрвөн зуун жаран таван мянга долоон далан долоо) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 223,128.89 төгрөгийн тавин хувь 111,564.4 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 111,564.4 төгрөгийг, хариуцагч О.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 111,564.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Б- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР