| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00961/И |
| Дугаар | 130/ШШ2024/00980 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2024/00980
| 2024 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 130/ШШ2024/00980 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт А.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суудаг, М овогт М.А-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: М.А-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч М.Ат холбогдуулан М.А-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Ш овогтой А.А нь эхнэр хуүхдийн хамт Ө сумын 10 дугаар багт түрээсийн байранд амьдарч байна.
1.2. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаартай орон сууц захиалгын гэрээг худалдагч М.А-тэй байгуулж, Ө сумын 5-р хорооны Алтан чулуу 6-ны нутаг дэвсгэрт байрлалтай 72 м.кв 3 өрөө байрыг худалдан авахаар болж, урьдчилгаа 35,000,000 төгрөгийг түүний харилцах дансанд шилжүүлсэн юм.
1.3.Гэрээний 3.1.2-т заасны дагуу уг орон сууцны барилгыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх байжээ. Надад гэрээ байгуулсан үед М.А нь энэхүү орон сууцны барилгыг өнгөрсөн жил ашиглалтад оруулахаар төлөвлөсөн боловч хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй, 2023 оны намар заавал ашиглалтад оруулна, 3 өрөө байр зарна гэж надад итгүүлж гэрээ байгуулж миний урьдчилгаа төлбөрийг авсан юм.
1.4.Гэтэл М.А нь өнөөдрийг хүртэл уг барилгыг ашиглалтад оруулаагүй, үүнээс болж би түрээсийн байранд амьдарч хохирсоор байна. Түрээсийн төлбөрөө нэг төлж, орон сууц ч *******, мөнгө ч ******* хоцорсон. 2023 оны 01 дүгээр сарын үеийн орон сууцны үнэ ханш одоо 50 хувь нэмэгдсэн. Одоо захиалга авч байгаа байрууд дандаа 2,500,000 төгрөгөөс дээш үнэ өртөгтэй болсон. М.А нь сүүлдээ утсаа ч авахаа больсон.
1.5.Түүний барьж байгаа 5 давхар орон сууцны барилгын зөвхөн цутгалт нь 4 давхарт ирж зогссон. Цаашид барих боломжгүй болсон байна. Би түүнд хангалттай нэмэлт хугацаа тогтоож өгч, харж үзэж ирсэн. Одоо гэрээнээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрч байна.
1.6.Миний бие урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөг төлсөн. Гэрээний 4.2-т зааснаар худалдагч нь орон сууцны байшинг гэрээнд заасан хугацаанд худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож худалдан авагчид төлнө гэж зааны дагуу алданги нэхэмжилж байна. Би өөрийнхөө шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийн хэмжээндээ хоногт ногдох алдангийн хэмжээг тооцсон ба нэг хоногт 175,000 төгрөг болж байна. Үүнийг хугацаа хэтрүүлсэн 2 жилийн хугацаанд үржүүлэхэд алдангийн хэмжээ нь миний шилжүүлсэн үнийн дүнгийн 50 хувиас давах тул алдангийг 17,500,000 төгрөг буюу үнийн дүнгийн 50 хувиар тооцов. Нийтдээ 52,500,000 төгрөг нэхэмжилсэн.
1.7. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаартай М.Атэй орон байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаныг баталж, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг нийтдээ 52.500.000 төгрөгийг М.Аээс гаргуулан А.А надад олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1.Хариуцагч М.А би нэхэмжлэгч А.А-ын надад холбогдуулж шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцав.
2.2.Би А.А-тай 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 106 тоот дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан маань үнэн бөгөөд тухайн орон сууцыг тохирсон хугацаанд ашиглалтад оруулж чадаагүй маань үнэн.
2.3.А.А-аас урьдчилгаанд 35,000,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн.
2.4. Одоо А.А-ын “М.А-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй.
2.5. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагавар болон эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ат холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь нэхэмжлэгч А.А-ын “М.А-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,450 төгрөгийн тал 210,225 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 210,225 төгрөг, мөн хариуцагч М.А-ээс 210,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.А нь нэхэмжлэгч А.А-ын “М.А-тэй байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөг, алданги 17,500,000 төгрөг, нийт 52,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,450 (дөрвөн зуун хорин мянган дөрвөн зуун тавин) төгрөгийн тал 210,225 (хоёр зуун арван мянган хоёр зуун хорин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 210,225 (хоёр зуун арван мянган хоёр зуун хорин таван) төгрөг, мөн хариуцагч М.А-ээс 210,225 (хоёр зуун арван мянган хоёр зуун хорин таван) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК