| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00267/И |
| Дугаар | 157/ШШ2024/00259 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 157/ШШ2024/00259
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 16,128,169.25 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б ургийн овогт Б-ы Б- нь (РД: ...) нь Хны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 06 дугаар сарын 17-ний өдөр №3Г/51821010 тоот зээлийн гэрээ байгуулан 24,421,998,71 төгрөгийн онлайн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,3 хувийн (жилийн 15,6 хувь) хүүтэйгээр хэрэглээндээ зориулж авсан. Зээлд цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгчид нь цалингийн зээлийн зориулалтаар авсан ЗГ/51821010 тоот зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу дараах төлбөрийг төлсөн. Үүнд үндсэн зээлийн төлбөрт 10,415,209,63 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3,974,937,75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,365,3 төгрөг, нийт 14,397,512,68 төгрөг.
Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /137 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Б.Б- нь УБ хотод хувиараа ажилладаг. Одоогоор ажлаа хэвийн хийж байгаа, цалингаа бусад *******аар дамжуулан авдаг, ажлаа хэвийн хийж байгаа хэдий ч зээлийн төлөлтөө хийлгүй өдийг хүрлээ. 2024 оны 07-р сарын 14-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй, хугацаа хэтэрч эхлэсэн. Харилцагчтай утсаар холбоо барих оролдлого удаа дараа хийсэн боловч утсаа авдаггүй. Иймд ******* ЗГ/51821010 тоот зээлийн гэрээний 6.1 дугаар зүйлийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:
I. 2023 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн № 31751821010 тоот Зээлийн гэрээний дагуу зээлээ бүрэн төлж барагдуулах.
II. 2024 оны 11 угаар сарын 28-ны өдрийн байдлаар дор дурдсан зээлийн төлбөрийг гаргуулах:
1. Үндсэн зээлийн үлдэгдэл 15,214,790,37 төгрөг
2. Зээлийн хүүгийн төлбөр 892,388,54 төгрөг
3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,990.34 төгрөг, Нийт 16,128,169,25 төгрөг.” гэжээ.
Хариуцагч ....тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт Б-ны Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Б- миний бие Хнаас нэхэмжилсэн 16,128,169.25 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,128,169.25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Б- нь 16,128,169.25 төгрөгийг “Х” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3Г/51821010 дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ/51821010 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Б.Б-ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,128,169.25 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 16,128,169.25 (арван зургаан сая нэг зуун хорин найман мянга нэг зуун жаран есөн бүхэл зууны хорин тав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,590.85 төгрөгийн тавин хувь 119,295.4 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 119,295.4 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 119,295.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжилсэн 16,128,169.25 (арван зургаан сая нэг зуун хорин найман мянга нэг зуун жаран есөн бүхэл зууны хорин тав) төгрөгийг хариуцагч Б.Б- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,590.85 төгрөгийн тавин хувь 119,295.4 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 119,295.4 төгрөгийг, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 119,295.4 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР