| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00273/И |
| Дугаар | 157/ШШ2024/00264 |
| Огноо | 2024-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2024/00264
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А-эд холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 20,260,036.71 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б овогтой А- нь нь *************ны интернэт *******ны аппликейшнаар дамжуулан 2023 оны 11 сарын 24-ний өдөр 1430086711 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 27,013,424.66 /хорин долоон сая арван гурван мянга дөрвөн зуун хорин дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 11 сарын 24-ны өдөр зээлдэгч Б.А-ийн ************* дахь ***************** тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 7,890,388.40 төгрөг, зээлийн хүү 3,048,606.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9.179.54 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430086711 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 115 хоног хугацаа хэтрүүлээд байна. ************* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430086711 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 19,123,036.26 төгрөг, 2024 оны 12 сарын 05-ны өдрийн байдлаарх хүү 1,114,317.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,682.92 төгрөг нийт 20,260,036.71 төгрөгийг зээлдэгч Б.А-ээс гаргуулах,
2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч ............ тоотод оршин суух, .......... регистрийн дугаартай Б овогт Б-гийн А- шүүхэд гаргасан тайлбартаа: “*************наас нэхэмжилсэн 20,260,036.71 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК нь хариуцагч Б.А-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,260,036.71 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.А- нь 20,260,036.71 төгрөгийг “**************” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1430086711 дугаартай зээлийн гэрээ, Б.А-ийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,260,036.71 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,260,036.71 (хорин сая хоёр зуун жаран мянга гучин зургаан бүхэл зууны далан нэг) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,250.18 төгрөгийн тавин хувь 129,625.09 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 129,625.09 төгрөгийг, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 129,625.09 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн нэхэмжилсэн 20,260,036.71 (хорин сая хоёр зуун жаран мянга гучин зургаан бүхэл зууны далан нэг) төгрөгийг хариуцагч Б.А- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 259,250.18 төгрөгийн тавин хувь 129,625.09 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 129,625.09 төгрөгийг, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамж 129,625.09 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.А- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР