| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00259/И |
| Дугаар | 157/ШШ2024/00275 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2024/00275
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө.М-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 13,275,538 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..............” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ө г овогтой М- нь Х-ны Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 02 сарын 20-ний өдөр 2010096310 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,996,208 /арван гурван сая есөн зуун ерэн зургаан мянга хоёр зуун найман/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 02 сарын 20-ны өдөр зээлдэгч Ө.М-ын Х- дахь ..... тоот дансанд 13,996,208 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 1,915,848 төгрөг, зээлийн хүү 858,393 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,485 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2010096310 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 сарын 06-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 138 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х- нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1/ Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 2010096310 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 12,080,360 төгрөг, 2024 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаарх хүү 1,169,207 нэмэгдүүлсэн хүү 25,971 төгрөг нийт 13,275,538 төгрөгийг зээлдэгч Ө.М--р гаргуулах,
2/ Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно” гэжээ.
Хариуцагч ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Ц.овогт Ө-ийн М- шүүхэд гаргасан тайлбартаа: “Өлзийхутаг овогтой М- миний бие нь тогтвор суурьшилтай ажилтай болсон тул ..............ны өр зээлээ төлж барагдуулна. 13,275,538 төгрөгийн өр зээлийг төлж барагдуулахад маргах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “..............” ХХК нь хариуцагч Ө.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,275,538 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ө.М- нь 13,275,538 төгрөгийг “..............” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь Ө.М-ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,275,538 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 13,275,538 (арван гурван сая хоёр зуун далан таван мянга таван зуун гучин найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,327 төгрөгийн тавин хувь 112,163.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 112,163.5 төгрөгийг, хариуцагч Ө.М-аас улсын тэмдэгтийн хураамж 112,163.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..............” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “..............” ХХК-ийн нэхэмжилсэн 13,275,538 (арван гурван сая хоёр зуун далан таван мянга таван зуун гучин найм) төгрөгийг хариуцагч Ө.М- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,327 төгрөгийн тавин хувь 112,163.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 112,163.5 төгрөгийг, хариуцагч Ө.М-аас улсын тэмдэгтийн хураамж 112,163.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “..............” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ө.М- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР