Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Б.Э, Т.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Батбаярын Эрдэнэбулган, Бундаг овогт Түмэнбаярын Энхбат нарт холбогдох эрүүгийн “1711000000116” дугаартай, 186/2017/0682/э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 01-09 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Батбаярын Эрдэнэбулган /РД:УШ93020990/,

 

2. 1995 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймаг, Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технилогийн их сургуулийн уул уурхай цахилгаан тоног төхөөрөмж ашиглалтын 4 дүгээр курсын оюутан, Баянгол дүүргийн 5 дугаар сарын хороо, Тэмүүлэл хотхоны 101-40 тоотод оршин суух бүртгэлтэй, Бундаг овогт Түмэнбаярын Энхбат /РД:ЙЮ95053015/,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Б.Э, Т.Энар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үүрээр 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” нэртэй караокед үйлчлүүлсэн тооцооны мөнгөө төлсөнгүй гэх шалтгаанаар иргэн М.Лхагвабаатарыг зодож түүний биед зүүн хацар, шанаа, зүүн хөлний шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн  шанаа, зүүн  хөлний шилбэ, баруун бугуйнд зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.Шүүгдэгч Б.Эрдэнэбулган нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:…Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

1.2.Шүүгдэгч Т.Энхбат нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв

 

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Хохирогч  М.Лхагвабаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20 цагийн үед ажлынхаа хүмүүстэй хамт хоол идчихээд буцаж явахдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Казино” нэртэй бааранд ороод ганцаараа байж байсан. Тэгтэл нэг залуу ирээд өөрийгөө цэргийн байгууллагад ажилладаг, өнөөдөр хөдөөнөөс ирсэн, чамайг дайлая, эмэгтэй хүнтэй танилцмаар байна гэж хэлээд надтай хамт сууж байгаад баарнаас 04 цагийн үед гараад Ноllwood нэртэй бааранд орсон. Тэгтэл нөгөө залуу баар хаах гэж байхад 2 эмэгтэйтэй танилцсан, цуг зогсож байсан. Тэгээд бид 4 Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” нэртэй кароакед ороод 1 шил 0,75 литрийн Соёрхол архи, 2 кола, 4 ус, 4 шил пиво, 1 чипс захиалаад өрөөнд нь ороод байж байгаад ариун цэврийн өрөө рүү орох гээд ганцаараа явж байтал зөөгч залуу /Энхбат/ тооцоогоо хийчих гээд хэлэхээр нь нөгөө хамт явсан залуугаа төлчих гэхэд хамт ариун цэврийн өрөө оръё гээд цуг орсон. тооцоогоо хийе гэтэл тэр залуу хувааж хийе би ганцаараа төлөхгүй гээд надад 43,000 төгрөг карт уншуулчихъя, харин чи 40,000 төгрөг өгчих гэтэл өгөхгүй уурлаж байгаад 20,000 төгрөг байна гээд базаад текний цаана зогсож байсан бармен залуу руу шидсэн. Тэгтэл тэр текний цаана зогсож байсан бармен /Эрдэнэбулган/ надруу мөнгө шидлээ гээд тэр 2 маргалдаад заамдалцсан. Тэр үед зөөгч Энхбат нь миний нүүрлүү 2 удаа алгадсан, тэгэхэд нөгөө залуу цагдаа найзыгаа дуудна гээд үнэн худал нь мэдэгдэхгүй утсаар яриад яваад байсан. Тэр үед хамт явсан 2 эмэгтэй гараад явсан, араас нь бид хоёр гартал  зөөгч, бармен 2 нөгөө цэргийн залууг явуулаад намайг явуулахгүй, чирээд караоке руугаа дагуулж ороод Энхбат нь намайг миний нүүрлүү цохиж, өшиглөсөн. Тухайн үед би нилээн согтуу байсан болохоор тэнцвэртэй ч зогсож чадахгүй байсан. Тэр үед Эрдэнэбулган намайг миний нүүрлүү алгадсан, Энхбат бас цохьсон. Тэгтэл Энхбат нь цагдаа хүнтэй л яриад байх шиг байсан, маргааш төлбөр мөнгө аваад өгөх юм байгаа биздээ гээд ярьж байсан, ярьж дуусаад намайг эрүүлжүүлэх байранд хонуулна, чамайг мэдэхгүй газарт чинь хошногодуулна гэх зэргээр хэлсэн. Тэгээд кароаке дотор байхдаа утсаар хүн рүү залгах гэтэл миний  хар өнгийн жижиг гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд цагдааруу явъя гээд явж байтал зөөгч Энхбат нь намайг эрүүлжүүлэх байранд хонуулна гэж явж байгаад миний уруулруу мөргөсөн. Хараа зочид буудлын орчим явж байхад Энхбат утсаар яриад явж байхаар нь өөрийнхөө 99036449 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгтөл Энхбат зугтаагаад явчихсан. Тэгээд цагдаа нарыг “Монгол” караокед хүрээд ир гэж дуудчихаад очтол хамт явсан 2 эмэгтэй ирээд бааранд таарсан залуугаа алгадчихлаа гээд хүрч ирсэн. Караоке дотор ойролцоогоор 1 цаг орчим болсон гэх мэдүүлэг /хх 9-10/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэбулганы...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 02 цагийн орчим гаднаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирсэн. Тэр хүмүүс орж ирээд караокены өрөө авахаар болж үүдэнд зогсож байхдаа  сүүлд нэрийг нь мэдэх болсон Лхагвабаатар гэдэг хүн нь хамт явсан залуугаа аримд хамт алба хааж байсан гэж ярьж байсан. Тэгээд тэд нар караокены  өрөөнд ороод удалгүй гараад ирсэн, тэгээд 83.000 төгрөгний тооцоо гарсан. Тэгээд гарч ирээд эхлээд ариун цэврийн өрөөлүү 2 залуу нь ороод маргалдаад зодолдоод байх шиг байсан, тэндэс гарч ирээд Лхагвабаатар гэдэг хүн нь 20.000 төгрөг надруу шидэхээр нь мөнгөө  нийлүүлээд өгчих гэхэд мөнгөө булааж аваад хамт явсан залуугаас мөнгөө аваарай, би өгөхгүй гэж хэлэхээр нь би уурлаад юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд армийн найз гэх хүнийг гарах гэхээр нь гадуур хувцаснаас нь татаад дотор оруулахад уурлаад байхаар нь үүдэнд тооцоогоо өг гээд хашаад зогсоход нэг хүнтэй утсаар ярьснаа “Монгол” караокед байна,  намайг зодоод байна гээд утсаар яриад байсан. Тэгээд караоке дотор нилээд маргалдаж байгаад тэр 2 залуу гараад үүдэнд зогсож байсан. Би тэд нар дээр явж очоод Лхагвабаатар гэдэг хүн хамт явсан залуугаа чи ав, би мөнгийг нь өгчихье гээд байхаар нь би уурлаад Лхгвабаатарыг тооцоо хийнэ гэхээр нь караоке руу дагуулж ороод тооцоогоо өг гэхэд та нар хэнийг нь явуулаад хэнийг нь явуулдаггүй юм гээд байсан. Лхагвабаатар гэдэг хүн нь буйдан дээр сууж байхдаа миний боовыг хөхчих тэгвэл тооцоог чинь өгье  гэхээр нь би уурлаад тэр хүнтэй маргалдсан. Дараа нь Лхагвабаатар байгаа 45.000 төгрөгөө  өгье, АТМ явж авъя  энэнээс илүү өгч чадахгүй гээд Энхбаттай хамт АТМ яваад, би хаалгаа цоожлоод үлдсэн. Тэгтэл Энхбат хүрч ирээд  тэр хүнээс мөнгөө авч чадсангүй гээд ирсэн гэх мэдүүлэг. /хх 15-16/,

 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Энхбат гэрчээр мэдүүлэхдээ:..2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 10-нд шилжих шөнө ажил дээрээ байж байхад гаднаас 2 эмэгтэй, 2 эрэгтэй, орж ирсэн. Тэгээд нэг нойморын өрөөнд ороод Соёрхол архи, 2 сэнгүр, 4 кола, 4 ус, 1 чипс захиалаад  дуулаад сууж байсан ороод 20-30 минут болсоны дараа манай бармен Эрдэнэбулган ороод тооцоогоо хийх гэсэн чинь байж байгаад тооцоогоо хийе гэсэн бөгөөд нилээн дуулж сууж байгаад  тэгээд 2 залуу нь гарч ирээд ариун  цэврийн өрөөнд ороод  хоорондоо тооцоон дээрээсээ  юм яриад байсан. Манайд ирэхээс өмнө энэ зодуулсан гээд  өргөдөл гаргасан залуу нь  өмнө бааранд даасан юм шиг байгаа юм. Тэр талаараа муудалцаад 83.000  төгрөгийг 41500, 41500-гаар  хуваана гээд байсан тэгсэн чинь зодуулсан гээд байгаа залуу би 40.000 төгрөгийг нь гаръя, чи 43.000 төгрөгийг нь гарга гээд энэ 2 муудалцсан. Ингээд  яваад өгдөг залуу нь тэгвэл би чамд 10.000 төгрөг ч өгөхгүй гээд салаавч чихээд тэгээд тэр савхитай залуу  нь гараад яваад өгсөн. Цуг явж байсан 2 эмэгтэй нь араас нь гарсан бөгөөд удалгүй тэр залуу алгадчихлаа гээд орж ирээд гарсан. Би энэ зодуулсан гээд байгаа залууг үүдэнд байхад оруулж ирээд тооцоогоо нэхсэн бөгөөд сүүлдээ  хамт гараад  цагдаад хүргэж өгье гээд дагуулж явж байгаад Мандухай зочид буудлын урд хаяад явсан. Анх энэ залуу хамт гарахдаа картнаасаа мөнгө авч өгье  гэж байснаа  гарангуутаа  чи надаас  нэг  ч төгрөг авч чадахгүй юу ч долоохгүй гээд байхаар нь Мандухайгийн урд  талд барьцалдаж аваад, ноцолдож байгаад тэгээд яваад өгсөн гэх мэдүүлэг                 /хх 13-24/,

 

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11525 тоот актын:                                                                                                                                                 1. М.Лхагвабаатарын  биед зүүн  хацар, шанаа, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн хөлийн шилбэнд,  баруун бугуйнд зулгаралт,  дээд уруулын салстад  цус хуралт, язрал, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид  энгийн хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх  боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир  гэсэн дүгнэлт  /хх-18/,

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /30-32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, хохирогчийн санал гомдолгүй гэсэн баримт   /хх-94/ ,Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 97-98/ зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Б.Э, Т.Энар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны үүрээр 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” нэртэй караокед үйлчлүүлсэн тооцооны мөнгөө төлсөнгүй гэх шалтгаанаар иргэн М.Лхагвабаатарыг зодож түүний биед зүүн хацар, шанаа, зүүн хөлний шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн  шанаа, зүүн  хөлний шилбэ, баруун бугуйнд зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, язрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлэг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11525 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Э, Т.Энарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.                   

 

Шүүгдэгч Б.Э, Т.Энар нь, хохирогч М.Лхагвабаатартай  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгч нар гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Хохирогч  М.Лхагвабаатар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж  байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаярын Эрдэнэбулган, Бундаг овогт Түмэнбаярын Энхбат нарыг  бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Т.Энарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Т.Энарт  оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Т.Энар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э, Т.Энар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Т.Энарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ