| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/00278/И |
| Дугаар | 157/ШШ2024/00276 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 157/ШШ2024/00276
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч ***********************************ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-т холбогдох “хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 322,692 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.М- нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг" баарны урд талд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ З.Б-г зодож зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн 2440000000060 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 58 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 2024/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх хэргийн хохирогч Г.Б- нь Б.М-т зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх лавлагааг төрийн үйлчилгээний нэгдсэн системээс авахад хохирогч нь 2024 оны 9 дүгээр сард Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгээс 7 удаагийн 322.692 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын мэдээлэл гарсан байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт "...Иймд танай прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхзд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү" гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно."
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарч нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул Б.М-ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 322.692 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Б.М-ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 322.692 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч .......... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Б овогт Б-ийн М- шүүхэд гаргасан тайлбартаа: “***********************************аас нэхэмжилсэн 322,692 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************************** нь хариуцагч Б.М-т холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 322,692 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.М- нь хохирогч иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал 322,692 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх үүрэгтэй болох нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоол, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн дааталын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 322,692 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 322,692 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгч ************************** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 322,692 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,331 төгрөгөөс тавин хувь 5,165.5 төгрөгийг хариуцагч Б.М-ээс гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***********************************ын нэхэмжилсэн 322,692 (гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун ерэн хоёр) төгрөгийг хариуцагч Б.М- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 322,692 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж 10,331 төгрөгөөс тавин хувь 5,165.5 төгрөгийг хариуцагч Б.М-ээс гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.М- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР