Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 157/ШШ2024/00277

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т-д холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 9,986,718 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б  овогтой Т- нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 08 сарын 12-ний өдөр 2010086889 дугаартай Онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,700,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 08 сарын 12-ны өдөр зээлдэгч БТ-гийн Х дахь ............ тоот дансанд 8,700,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 2010086889 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй 385 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Б.Т-гээс үндсэн зээл 8,120,000 төгрөг, зээлийн хүү 1,785,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,064 төгрөг, нийт 9,986,718 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай Б  овогт Б-ын Т- шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Т- миний бие нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хас банкнаас зээл авсан нь үнэн болно. Би ажилгүй байсан учраас зээлээ төлж чадаагүй. Би 9,986,717.98 төгрөгийг 2025 оноос сар бүр 300,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,986,718 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Т- нь 9,986,718  төгрөгийг “Х” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2010086889 дугаартай зээлийн гэрээ, Б.Т-гийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т- нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,986,718 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,986,718 (есөн сая есөн зуун наян зургаан мянга долоон зуун арван найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,737 төгрөгийн тавин хувь 87,368.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 87,368.5 төгрөгийг, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамж 87,368.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 9,986,718 (есөн сая есөн зуун наян зургаан мянга долоон зуун арван найм) төгрөгийг хариуцагч Б.Т- нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 174,737 төгрөгийн тавин хувь 87,368.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 87,368.5 төгрөгийг, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамж 87,368.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Т- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР