| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
| Хэргийн индекс | 159/2016/0002/З |
| Дугаар | 159/ШШ2016/0007 |
| Огноо | 2016-04-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 159/ШШ2016/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2016/0002/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад холбогдох
“Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар захирамжийн хавсралтын 16 дах хэсэг буюу Худалдаа, хөгжлийн банкны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Булганхангай
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Шинэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засаг дарга хүчингүй болгох тухай захирамж гаргахдаа Захиргааны процессын эрх зүйн мэдэгдэх ба сонсгох зарчимын дагуу захиргааны акт батлан гаргахаас өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдэж өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах, сонсгох эрхээ хэрэгжүүлэх бололцоо олгоогүй хаасан. Мэдэгдэх ба сонсгох зарчим нь Сумын газрын асуудал эрхэлсэн алба болон Худалдаа, хөгжлийн банкуудын хооронд 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд тусгалаа олсон байгаа төдийгүй, тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д “гэрээг жил бүр дүгнэх” гэж заасан үүргийг Засаг дарга болон сумын газрын асуудал эрхэлсэн алба биелүүлээгүй.
Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга..... энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж хуульчилсныг зөрчсөн, тодруулбал, захирамжийг газар эзэмшигч Худалдаа, хөгжлийн банкинд мэдэгдэх хуульд заасан үүргийг биелүүлээгүй бөгөөд тус банк газрын эзэмших эрхийн талаар сумын газрын даамалд хандсанаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мандал сумын газрын даамал Б.Булганхангайгийн гарын үсэгтэй бичигтэй танилцаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай мэдсэн болно.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн “...мэдэгдэнэ....” гэдгийг Монгол Улсын Дээд Шүүх 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор тайлбарласан байх бөгөөд “...мэдэгдэнэ...” нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-mail, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ гэж тайлбарлажээ. Энэхүү тайлбараас үзэхэд Засаг даргын 146 дугаар захирамжийн Худалдаа, хөгжлийн банкинд холбогдох хэсэг өнөөдрийг хүртэл баталгаажаагүй байна. Ийнхүү захирамжийг хуулийн дагуу хэрэгжүүлээгүйгээс, тус захирамж нь маргаан бүхий захиргааны акт болж эрх зүйн алдаанаас ангид байх буюу хууль зөрчөөгүй байх нөхцлийг хангаагүй байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх заалтыг баримтлан Худалдаа, хөгжлийн банкны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146-н тоот захирамжийн хавсралтын 16 дахь хэсэг буюу Худалдаа, хөгжлийн банкны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Худалдаа, хөгжлийн банк нь анх 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 384 дүгээр захирамжаар 7 дугаар баг төвийн 2 дугаар хэсэгт байрлах 0,31 га газрыг иргэн Г.Ганбаатараас эрх шилжүүлэн авсан бөгөөд уг газраа 2009 оноос 2014 оныг хүртэл 6 жилийн хугацаанд ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн байх тул 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Иймд Худалдаа, хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/4511 тоот нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булганхангай шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдаа, хөгжлийн банкны Зүүнхараа салбар нь иргэн Гончигданзангийн Ганбаатараас 106647 дугаартай гэрчилгээ бүхий Минжийн хангайн 7 дугаар баг Цагдаагийн журмын хашааны урд байрлах 3190 мкв газрыг сумын Засаг даргын 2009 оны 384 тоот захирамжаар шилжүүлэн авсан бөгөөд 2009 оноос хойш 2014 оныг хүртэл 6 жил дараалан ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 34.8 /Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/, 40.1.1 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн/ дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Засаг даргын 2014 оны 146 тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Уг хүчингүй болгосон захирамжийг Засаг даргын Тамгын газарт байрлах мэдээллийн самбарт байршуулж ажилласан.
Худалдаа, хагжлийн банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар захирамжийн хавсралтын 16 дах хэсэг буюу Худалдаа, хөгжлийн банкны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчдоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Худалдаа, хөгжлийн банкинд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 384 дугаар захирамж /Х.х-ийн 84/-аар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн нутаг Цагдаагийн аж ахуйн хашааны урд байрлах 3190 мкв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлэх эрх хуулийн дагуу үүсч 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /Х.х-ийн 3-5/-г байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкинд Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багийн нутаг Цагдаагийн аж ахуйн хашааны урд байршилтай 3190 мкв газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хүчингүй болгохоор мөн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.1-т “ Гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах” 4.3-т Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй ...Газрын тухай хуулийн 40.1.1- 40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгох гэж тус тус заасан бөгөөд Худалдаа, хөгжлийн банкинд 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу газар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгосноос хойш газар эзэмших эрх хүчингүй болгох хүртэл 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хоорондох 5 жил 8 сарын хугацаанд нэхэмжлэгч байгууллага нь тухайн газар дээрээ цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар хашаа, зам талбай, мод сөөг тарих зэрэг нүдэнд харагдаж, хэмжиж, тооцоолж болохуйц зүйл бий болгоогүй болох нь шүүхээс тухайн газар дээр очиж хийсэн үзлэг, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 146 дугаартай захирамж нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Мөн Худалдаа, хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг биечлэн оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкны тус шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар захирамжийн хавсралтын 16 дах хэсэг буюу Худалдаа, хөгжлийн банкны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэхь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БУРМАА