Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02091

 

Магадлал

2020.10.07                                                      № 2091

 

 

 

 

 

 

 

“БӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02881 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “БӨ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “НСИЭК” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 372 649 018 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр №04/2018 тоот Бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэлт гүйцэтгэл гэрээг “НСИЭК” ХХК-тай байгуулж, М300 маркийн 5.000 м3 бетон зуурмагийг 725 000 000 төгрөгөөр, М3 помпыг 35 000 000 төгрөгөөр худалдах авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “НСИЭК” ХХК нь Баганат хорооллын төслийн талбайн 4 дүгээр барилгын 2 давхарт М300 маркийн бетон зуурмагийг 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлж барилгын цутгалын ажлыг хийсэн. Гэвч 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүй, үхсэн цемент байсанг мэдсэн. 16 давхар барилга баригдах байсан тул 2 давхраас нь нураахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Бетон зуурсан цемент нь үхсэн цемент нийлүүлсэн гэж ойлгож болно. Хариуцагч “НСИЭК” ХХК-ийн захирал П.Цэрэнбатаар өөрөө ирж үзэж санал бодлоо хэлсэн. Бид Шинжлэх ухаан технологийн их сургуулийн лабораториор шинжилгээ хийлгэхэд бетон нь шаардлага хангахгүй бат бэхдээ хүрэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу 3 давхрын хэв хашмалыг 2 давхрыг буулгасан. Иймд манай компанид гэрээний үүргээс учирсан хохирол 372 649 018 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 04/2018 дугаартай бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэр гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан. “НСИЭК” ХХК-нь гэрээнд заасан үүргийг шударгаар хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримт болон удаа дараа авсан шинжээчийн дүгнэлт нь гэрээний зүйлийн дагуу гараагүй. Шинжээчийн дүгнэлтэд хэрэгт ач холбогдолгүй нөхцөл байдлыг тодруулсан дүгнэлт гарсан байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирол бодит зардал гарсан гэж тогтоосон боловч тухайн бодит зардал нь ямар газарт байрлах, ямар барилгын, хэдэн давхрын хаана байрлах хаягт, ямар гэрээний зүйл болохыг бүрэн тогтоох боломжгүй байна. Шинжээчээс гарсан дүгнэлтийг эсэргүүцэхгүй гэхдээ шинжээч яг юуг шинжилсэн бэ гэдэгт мэтгэлцэнэ. Хариуцагчийн зүгээс бодит хохирол гэж яриад байгаа, нэхэмжлэлийн үндэслэл болсон хохирол бүрэн тогтоогдохгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд авагдсан байгаа шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдал буюу гэрээ байгуулсан үеийн барилгын давхраар тогтоогдсон эсэх нь эргэлзээтэй. Хэдэн төгрөгийн хохирол учирсан нь хэдий хоёр хавтаст хэрэг байгаа ч түүнээс харагдахгүй байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон боловч өмгөөлөгчийн хариуцлагагүй байдлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгчөөр хангагдаж чадахгүй байгаа учраас хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх заасныг баримтлан хариуцагч “НСИЭК” ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 282 944 322,72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БӨ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89 704 695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 020 364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 572 672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 07759 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдаж, Шинжээчийн ажлын зардал 4 000 000 төгрөгийг Барилгын төсөвчдийн холбооны Хаан банкны 5077194273 дансанд тушаахыг “НСИЭК” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ууганбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх үе шат дууссан гэсэн үндэслэлээр өмгөөлөгч Д.Ууганбаяр миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, талуудыг мэтгэлцэх эрхээр хангаагүй байна. “НСИЭК” ХХК нь бетон зуурмагийн гол түүхий эд болох цементийг “Шаргал өргөө” ХХК болон “Мөнхийн баян гал” ХХК-иас худалдан авч нэхэмжлэгч талын захиалсан бетон зуурмагийг үйлдвэрлэн нийлүүлж ирсэн, бетон зуурмагийн чанар нь гол түүхий эд болох цементээс шууд шалтгаалдаг бөгөөд нэхэмжлэгч компаниас нийлүүлсэн бетон зуурмагийн чанартай холбоотой асуудал нь цемент болон барилгын норм дүрмийн дагуу бэхжүүлсэн эсэхээс ихээхэн шалтгаалдаг технологийн нарийн горимтой билээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч “НСИЭК” ХХК-ийн буруутай үйлдэл эсвэл бусад хүчин зүйлийн улмаас болсон эсэхэд дүгнэлт өгөөгүй, хариуцагч талын бетон зуурмагаас болж хохирол учирсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч “БӨ” ХХК нь Баганат хорооллын 4 дүгээр барилгын 2 давхрын угсралтын ажилд гарсан нийт зардал, 3 давхрын арматурчлал, хэв хашмал угсралтын болон буулгалтын зардал гэж 372 649 018 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ өөрсдийн инженер А.Батнавч, гүйцэтгэх захирал Б.Тамир нарын тооцооллыг үндэс болгосон байдаг. Мөн хх-ийн 21-64 талд авагдсан иргэн н.Жаргалсайхан “ЭСУ” ХХК-ийн түрээсийн гэрээ, н.Жаргалсайхан гэх хүний гадаад явсан зардлын төлбөр, түрээсийн гэрээ, туслан гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээ нотлох баримтаар авагдсан байдаг боловч дээрх гэрээнүүдийн дагуу төлбөр төлөгдсөн гэх санхүүгийн анхан шатны баримт байхгүй, анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч тал Баганат хорооллын 4 дүгээр барилгын 2 давхарт хариуцагч компанийн цутгасан бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүйгээс хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон байхад шүүгчийн захирамжийн дагуу ажилласан шинжээч байгууллага нь 2 дугаар давхарт бус харин 3 давхарт дүгнэлт гаргасан байгаа нь шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна. Хавтаст хэрэгт тухайн барилгын 2 давхрыг дахин угсарсантай холбоотой баримт байхгүй, шинжээч байгууллага Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан баримтууд болон санхүүгийн баримтуудыг хавсарган ирүүлээгүй байгаагаас үзэхэд шинжээч байгууллага маргаан бүхий барилгын давхар дээр ажиллагаагүйгээс гадна ямар санхүүгийн баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “БӨ” ХХК нь хариуцагч “НСИЭК” ХХК-д холбогдуулан доголдлыг арилгахтай холбоотой зардал 372 649 018 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 04/2018 дугаартай бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “НСИЭК” ХХК нь стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг үйлдвэрээс нийлүүлэх, худалдан авагч “БӨ” ХХК худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг гэрээгээр тохиролцсоноор 50 хувь буюу 380 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, 50 хувь буюу 385 000 000 төгрөгийг бартераар төлөхөөс гадна худалдагч тал стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг нийлүүлсэн нь актаар тогтоогдвол түүнээс үүдэн гарсан хохирлыг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 9-10/

Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан                         худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч “БӨ” ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Баганат хороолол орон сууцны хорооллын 4 дүгээр байрны барилгын ажлыг гүйцэтгэх явцад 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 261 м3 бетон зуурмагийг хариуцагчаас хүлээн авч Баганат хорооллын 4 дүгээр барилгын 2 давхрын цутгалтыг хийж дуусган, 8 дугаар сарын 20-ны өдөр шалгахад бетон бэхжээгүй, хагаралт, цууралт ханын цутгалтад зааг үүссэн доголдлыг илрүүлсэн байна.

Нэхэмжлэгч “БӨ” ХХК нь дээрх доголдлын талаар хариуцагч “НСИЭК” ХХК-ийн захирал П.Цэрэнбаатар, үйлдвэрийн дарга Н.Нэргүй нарт 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэж уг барилгын ажлыг зогсоож, газар дээр үзлэг хийж, хөндлөнгийн мэргэжлийн шинжээчээр бетоны бэхжилтийн явцад хяналт хийлгэх дүгнэлт гаргуулахаар, бетон зуурмагийн чанартай холбоотойгоор учирсан хохирол, гарсан зардлыг бетон зуурмаг нийлүүлэгч тал хариуцахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан захиалагч, нийлүүлэгч, гүйцэтгэгч нарын барилгын талбайд хийсэн уулзалтын удаа дараагийн тэмдэглэлүүдээр нотлогдсон байна. /хх 12-17/

Хариуцагч “НСИЭК” ХХК-ийн захирал П.Цэрэнбаатар “...барилгын талбайд ирж цутгасан бетоны байдлыг үзэж танилцлаа. Бетон бэхжилт аваагүй байгаа юм байна. Учир шалтгааныг тодруулж үйлдвэрт хэрэглэсэн түүхий эд материалуудыг шинжлүүлье...” гэсэн, “НСИЭК” ХХК-ийн үйлдвэрийн дарга Н.Нэргүй “бетон бэхжилтийг газар дээр нь үзэж фото зургаар баталгаажууллаа...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болох нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд тусгагдсан ба уг тэмдэглэлд П.Цэрэнбаатар гарын үсэг зурсан байна. /хх-ийн 14-15/

Мөн ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн 2018 оны 08 дугаар сарын       23-ны өдрийн 31/18 тоот “төмөр бетон бүтээцийн бетоны бат бэхийг шалгасан тухай” дүгнэлт бүхий албан бичиг хэрэгт авагдсан ба уг дүгнэлтийг нэхэмжлэгч талаас “...М300 марктай бетон бэхжилт нь 29.5 мега паскал байх ёстой. Яг маргааш нь гэхэд 70 хувийн бэхжилт буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ойролцоогоор 20 мега паскал байх ёстой байхад хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр хамгийн дээд тал 15, 14 мега паскал байгаа нь зохих түвшиндээ хүрээгүй байгаа..., танай хүссэн бетон биш байна гэсэн дүгнэлт гарсан...” гэж тайлбарласныг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хэрэгт орон сууцны Баганат хорооллын 4 дүгээр барилгын 2 давхрыг нураахаас өмнөх байдлыг, 3 давхрын барилгын ажлын үргэлжлэн явагдаж байгаа байдлыг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар, буулгалтын ажлын явцыг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар, 2 болон 3 давхрын угсралтын ажлыг дахин гүйцэтгэж байгаа явцыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар тус тус үзүүлсэн гэрэл зургууд авагдсан байна. /хх-ийн 65-79/

Иймд хариуцагч тал нэхэмжлэгч талаас гаргасан шаардлагын үндэслэлээ нотолсон дээрх баримтуудыг няцааж чадаагүй, Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт “доголдлыг арилгахтай холбогдсон ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт зардлыг худалдагч хариуцна” гэж зааснаар хариуцагч тал стандартад нийцээгүй бетон зуурмаг нийлүүлсэнтэй холбоотой хохирлыг арилгах үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “...хариуцагч талын бетон зуурмагаас болж хохирол учирсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь өөрсдийн хийсэн тооцоо, холбогдох баримтыг үндэслэн доголдлыг арилгахтай холбоотой зардлыг 372 649 018 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн боловч шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхээс томилогдсон шинжээч Барилгын төсөвчдийн холбооны гаргасан дүгнэлтийг үндэслэн барилгын буулгалтын болон дахин угсрахтай холбоотой гарсан зардлыг 282 944 322,72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

/2хх-ийн 7-61/

Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журамд нийцсэн ба барилгын буулгалт, дахин угсралтын ажилд зориулан гаргасан зардлыг тооцохдоо Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм /БНбД 81-94-12/, Барилгын төсөв зохиох дүрэм /БНбД 81-95-12/-ийг тус тус баримталсан байна.

Мөн Үндэсний төв архиваас тухайн барилгын ажлын тэмдэглэлийн хуулбарыг авч сул зогсолтын хөлсийг тооцсон, угсралтын хэв хашмалын түрээсийн зардлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан тооцсон нь тус тус үндэслэлтэй болжээ.

Харин шүүгч шинжээч томилсон захирамж гаргахдаа “Баганат хорооллын 4 дүгээр барилгын 3 давхрыг” гэж заасан нь ойлгомжгүй байгаа боловч шинжээч дүгнэлтдээ “уг барилгын 2 болон 3 давхрын барилгын буулгалт, дахин угсралтын ажлын зардал, буулгалтын ажлын хог хаягдлын тээвэрлэлтийн зардал”-ын талаар тусгасан нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгчийн захирамжийн дагуу ажилласан шинжээч нь 2 дугаар давхарт бус харин 3 давхарт дүгнэлт гаргасан байгаа нь шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хуулийн заалтыг баримтлаагүй байх тул уг заалтыг зөвтгөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02881 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “254 дүгээр зүйлийн 254.1” гэснийг “253 дугаар зүйлийн 253.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 573 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                  Н.БАТЗОРИГ