Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Н.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хэргүүд Бөө овогт Наранхүүгийн Зүчбаярт холбогдох эрүүгийн “1711012690355” дугаартай, 186/2017/0685/э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн 2 дугаар курсын оюутан, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 03 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэргүүд Бөө овогт Наранхүүгийн Зүчбаяр /РД:УХ98051939/,

 

Холбогдсон хэргийн талаар

Н.З нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 30 дугаар байрны гадаа  М.Цасчихэрийг  найз охин Т.Энхчимэгтэй хардаж улмаар маргалдан түүний толгойн тус газарт нь мөргөж биед нь зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, духны зулгаралт, 1 шүдний хугарал, 4 шүдний сулрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.З нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:…Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн, мэдүүлэг өгөхгүй, би прокуророос  сонсгосон  торгох ялыг хүлээн зөвшөөрч  байна, би хохирогчтой эвлэрсэн дахиж ийм алдаа зөрчил гаргахгүй гэв.

 

2. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

- Хохирогч М.Цасчихэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би инстаграммаар Энхчимэг гэдэг охинтой танилцаад чаталж эхэлсэн юм. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байх үед Энхчимэг дүүтэйгээ кино үзэх гэж байна, чи хүрээд ирээч цуг үзье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кинотеатр дээр дүүгийнх нь хамт 21 цагаас кино үзсэн. Тэгээд кино 23 цагт кино дуусаад тэнгис кино театрын хойд талд Энхчимэгийн байрны гадаа машинтай очсон, яг хэддүгээр байр байсныг мэдэхгүй байна. Орцныхон үүдэнд дөнгөж машинтайгаа зогсоод байж байтал нэг залуу миний хажуугийн хаалгыг нээгээд чи юун залуу юм бэ, би Энхчимэгийн найз залуу нь байна буугаад ир гэсэн. Тэгээд би машинаас буугаад Энхчимэг бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй, танай найз охиныг таньдаг, зүгээр л гэрт нь хүргэж байна гэж хэлсэн чинь буруугаар ойлгоод уурлаж эхэлсэн. Тэр үед ардаас машин ирээд яваач гээд байсан, би машиндаа суугаад машинаа зогсоолд байршуулаад зогсоход нөгөө залуу дахиж ирээд намайг машинаас буугаад ир гэсэн. Би машинаас буугаад тайлбарлах завдалгүй намайг толгойгоороо 2 удаа миний уруул хэсэгрүү мөргөсөн. Тэр үед миний хөмсөгнөөс  цус гараад  би цусаа  арчихаар машиндаа суусан. Нөгөө залуу цаашаа яваад өгсөн. Миний үүдэн нэг шүд хугарсан, доод талын урд хэсгийн 3 шүд хөдөлсөн, дээд талын үүдэн 1 шүд хөдөлсөн байсан. Хөмсөг эдгэсний дараа зүүн нүд хэсэгт цус хураад одоог хүртэл арилаагүй байгаа гэх мэдүлэг /хх 1-22/, 

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Энхчимэг мэдүүлэхдээ:..2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би дүү Хүлэгүгийн  хамт Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрт 22 цагийн үед кино үзчихээд 2-3 хоногийн  өмнө би таксинд сууж явж байгаад танилцсан Цасчихэрийг гэрт хүргээд өгөөч гэж дуудсан. Тэгээд би Цасчихэрийг ирэхээр нь дүүтэйгээ хамт байрныхаа гадаа машинаас буух гэж байтал манай найз залуу Зүчбаяр жолооч талын хаалгыг нээгээд  гэнэт хүрээд ирсэн. Тэгээд Зүчбаяр, Цасчихэр нар хоорондоо хэрэлдсэн. Тэгээд Цасчихэр машинаас буугаад Зүчбаярыг заамдаад маргалдаж байгаад Зүчбаярыг толгойгоороо түүний толгой хэсэг рүү нь мөргөсөн. Зүчбаяр Цасчихэрийг эргүүлээд ямарч байсан гараараа цохьсон. Би хаашаа цохьсоныг нь санахгүй байна. Тэгээд Цасчихэр машиндаа суугаад явсан ба намайг дүүтэй хамт Зүчбаяр гэрлүү оруулж өгсөн. Тэгээд түүнээс хойш Зүчбаяр, Цасчихэр нартай уулзаагүй. Би уг нь Зүчбаяраас салж байсан гэх мэдүүлэг. /хх 27-28/, 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Зын :...Манай найз охин Энхчимэгийн гэр манай хажуугийн байранд байдаг. Би 2017 оны 11 дүгээр сарын       08-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн  6 хороо, 30 дугаар байрны гадна очоод найз охиноо утсаар дуудах гэтэл манай найз охин нэг эрэгтэй хүний машинд суугаад ирж байсан. Тэр үед дүү нь гэх 4 настай хүүхэд урд талын суудал дээр суусан байсныг харсан. Тэгээд би жолооч талын хаалыг нээгээд хамт явсан залууг нь хэн бэ чи, юу болж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу юу болж байна гэхээр нь би нөгөө залууг нь буугаад ир гээд машинаас буулгасан. Тэгээд Энхчимэг, үл таних залуу  бид 3 хамт уулзсан. Тэгээд би найз охин Энхчимэгтэй маргалдаад байж байтал нөгөө залуу нь хажуунаас орж ирээд та хоёр боль, би найз охиныг чинь гэрт нь хүргэж өгсөн юм гэхээр нь би чи байж бай гээд заамдаад хойшоо түлхсэн, тэгсэн чинь хажуунаас ярианд ороод байхаар нь чи яах гээд байгаа юм бэ гээд заамдсан чинь намайг зөрүүлээд заамдсан. Тэгээд би тэр залуугийн гарыг салгаад толгойгоороо 1 удаа нүүр хэсгийг мөргөсөн, 2 удаа шанаадаж цохьсон. Тэгээд би найз охинтойгоо бага зэрэг маргалдаад явсан гэх мэдүүлэг. /хх 29-30/,  

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Саранзулын гэрчээр мэдүүлэхдээ:..Н.З нь 1998 онд Улаанбаатар хотод төрсөн, миний хамгийн том хүү юм. Зүчбаяр нь бага насаа эцэг, эхийн  гар дээр өнгөрүүлсэн, 2005 онд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 1 дүгээр ангид орж сурч байгаад 2 дугаар ангиасаа шалгалт өгөөд 23 дугаар сургууль руу шилжсэн, 2016 онд ШУТИС-ийн уул уурхайн  ангид элсэн суралцсан, одоо 2 дугаар  курссын  оюутан. Зүчбаяр нь зан байдлын хувьд  даруу төлөв зантай,  дунд сургуульд байхдаа ангийн дарга хийдэг байсан. Ангидаа  манлайлагч хүүхэд байсан.  Зан байдлын хувьд ямар нэг гаж ааш  авиргүй  хүүхэд. Зүчбаяр нь архи, тамхи хэрэглэдэггүй. Миний ажилд туслаад байж байдаг гэх мэдүүлэг. /хх 31-32/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14121 тоот актын:                                                                                                                                                       1. М.Цасчихэрийн биед зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний  дээд зовхины  цус хуралт, духны зулгаралт, 1 шүдний хугарал, 4 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Дээрх гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

 5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт  /хх-34/, 

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, хохирогчийн санал гомдолгүй гэсэн баримт /хх-51/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-52/ зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны явцад  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

 

Н.З нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний орой 00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, 30 дугаар байрны гадаа  М.Цасчихэрийг  найз охин Т.Энхчимэгтэй хардаж улмаар маргалдан түүний толгойн тус газарт нь мөргөж биед нь зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, духны зулгаралт, 1 шүдний хугарал, 4 шүдний сулрал бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Цасчихэрийн...би машинаас буугаад тайлбарлах завдалгүй намайг толгойгоороо 2 удаа миний уруул хэсэгрүү мөргөсөн. Тэр үед миний хөмсөгнөөс  цус гараад  би цусаа  арчихаар машиндаа суусан. Нөгөө залуу цаашаа яваад өгсөн. Миний үүдэн нэг шүд хугарсан, доод талын урд хэсгийн 3 шүд хөдөлсөн, дээд талын үүдэн 1 шүд хөдөлсөн байсан. Хөмсөг эдгэсний дараа зүүн нүд хэсэгт цус хураад одоог хүртэл арилаагүй байгаа гэсэн мэдүүлэг, гэрч  Т.Энхчимэгийн... тэгээд Зүчбаяр, Цасчихэр нар хоорондоо хэрэлдсэн. Тэгээд Цасчихэр машинаас буугаад Зүчбаярыг заамдаад маргалдаж байгаад Зүчбаярыг толгойгоороо түүний толгой хэсэг рүү нь мөргөсөн. Зүчбаяр Цасчихэрийг эргүүлээд ямарч байсан гараараа цохьсон. Би хаашаа цохьсоныг нь санахгүй байна. Тэгээд Цасчихэр машиндаа суугаад явсан ба намайг дүүтэй хамт Зүчбаяр гэрлүү оруулж өгсөн. Тэгээд түүнээс хойш Зүчбаяр, Цасчихэр нартай уулзаагүй гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14121 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.             

 

Шүүгдэгч Н.З, хохирогч М.Цасчихэр нар нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад  хоорондоо эвлэрэн тохиролцсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Хохирогч  М.Цасчихэр  нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хэргүүд Бөө овогт Наранхүүгийн Зүчбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зыг  450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зт оногдуулсан торгох ялыг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Н.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Зт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ