Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 157/ШШ2024/00251

 

   2024          12           06                                         157/ШШ2024/00251

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: “ХБанк” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн Бор-Өндөр сум, 1 дүгээр баг нийтийн байрны      2-35 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Л, Б овогт Б-ы У нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 16,817,055.46 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБанк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн захирал Э.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Л нь ХБанкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 06 сарын 13-ны өдөр 1430085258 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 22,900,000 /Хорин хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 06 сарын 13-ны өдөр зээлдэгч Б.Лгийн ХБанк дахь 5001947216 тоот дансанд 22,900,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндэсэн төлбөрт 7,430,267.03 төгрөг, зээлийн хүү 2,596,900.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,081.22 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430085258 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 05 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 178 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс утсаар болон биечлэн уулзаж шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430085258 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 15,469,732.97 төгрөг, 2024 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,309,538.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,783.98 төгрөг нийт 16,817,055.46 төгрөгийг зээлдэгч Б.Л болон батлан даагч Б.У нараас гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү, Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

 

Хариуцагч Б.Л, Б.У нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Л миний бие нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х банкнаас 22,900,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй өрхийн хэрэглээнд зориулж авсан нь үнэн. Ар гэрийн асуудлаас болж 2024 оны 5 сарын 12-ноос эхлэн үлдсэн төлөлтөө хийж чадахгүй одоог хүртэл явж байна. Иймд 2024 оны 12 дугаар сарын 12-ноос эхлэн үндсэн төлөлтөө цаг тухайд нь хийж Х банктай хийсэн гэрээний үүргээ биелүүлэх болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБанк” ХХК нь хариуцагч Б.Л, Б.У нарт холбогдуулан 16,817,055.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Л, Б.У нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...12 дугаар сарын 12-ноос эхлэн үндсэн төлөлтөө цаг тухайд нь хийж Х банктай хийсэн гэрээний үүргээ биелүүлэх болно.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Л, Б.У нарын нэхэмжлэлийн шаардлага болох 16,817,055.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,035 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 242,035 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Л, Б.У нараас улсын тэмдэгтийн хураамжид 121,017.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 121,017.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Л, Б.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,817,055.46 (арван зургаан сая найман зуун арван долоон мянга тавин таван төгрөг, дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХБанк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,035 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Л, Б.У нараас улсын тэмдэгтийн хураамж 121,017.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 121,017.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “ХБанк” ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Л, Б.У нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ