Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 157/ШШ2024/00261

 

   2024       12       11                                              157/ШШ2024/00261

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг 00 дугаар байрны 55 тоотод оршин суух, Б овогт Д-ын Д-ийн “Өв залгамжлагчаар тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь талийгаач эцэг С.Д-ын төрсөн охин юм. Миний эцэг нь 2011 оны 11 дүгээр сарын 11-нд нас барсан. Талийгаач маань Х аймгийн Б сумын 3 дугаар баг Х 00 тоот газар хашаа эзэмшдэг байсан ба уг хашаагаа өв залгамжлалаар хэнд ч өвлүүлээгүй. Тиймээс хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү. Бид эцэг, эхээс тавуулаа бөгөөд тэд нар маань бүгд надад өвлүүлэхээс татгалзахгүй, зөвшөөрч байгаа болно.” гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өв хүлээн авах хугацааг сунгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. ...Бид эцэг эхээс тавуулаа. Аав, ээж 2 маань С аймгийн Бүрэнцогт суманд амьдарч байгаад 1981 онд Х аймгийн Б суманд шилжин ирж амьдарч эхэлсэн хүмүүс юм. Аав, ээж 2 маань Х аймгийн Б сумын 3 дугаар баг Хайрханы 4-404 тоот хашааг өөрсдөө барьж байгуулан амьдарцгааж байсан. Аав С.Д маань 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан ба түүнээс хойш ээж маань ганцаараа амьдарч байгаад 2016 онд элэгний хорт хавдар өвчнөөр өвдсөн тул манайд амьдарч байгаад 2018 оны 7 дугаар сарын     30-нд нас барсан. Үүнээс хойш 404 тоот хашаа байшинд хүн амьдраагүй, нохой маань байдаг тул нохойгоо хооллонгоо бид хашаа байшингаа 7 хоног бүр эргэж тойроод байдаг юм. Манай гэр бүлийнхэн эрүүл мэндийн асуудлаас шалтгаалан байнга эмнэлгийн байгууллагаар яваад энэ хашаа байшингийн талаар бодох  ямар ч сөхөө байгаагүй бөгөөд саяхан том эгч маань гэнэт ходоодны хорт хавдраар өвдөж, бид Хөх хотруу эмчтлгээнд авч явах гэтэл бидэнд санхүүгийн хүндрэл тулгарсан. Үүнтэй холбоотойгоор аав, ээжийнхээ хашаа байшинг бусдад худалдан борлуулж, мөнгийг нь эгчийнхээ эмчилгээнд зарцуулахаар ярилцаж тохиролцоод нотариатчид хандахад бүрдүүлэх материалын жагсаалтыг гарган өгч, шүүхэд хандахыг зөвлөсөн юм. Тиймээс бид шүүхэд хандахаар болсон...Хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулбал: Ээж маань 2016 оноос элэгний хорт хавдраар өвдөөд 2018 онд нас барсан, залгуулаад хамгийн бага дүү маань өвдөөд 2021 онд албан ёсоор элэгний хатуурал гэж оношлогдсон. Тэгээд том ах маань дүүгийнхээ донор болохоор бэлтгэгдэж эмчилгээ хийлгэж байгаад донор болсон, байнгын эмнэлгийн хяналтанд байдаг. Үргэлжлүүлээд том эгч маань ходоодны хорт хавдраар өвдчихлөө. Өв хүлээн авах хугацааг хожимдуулсан шалтгаан нь бидний хувьд ерөөсөө л өвчин байлаа. Иймд бидний эдгээр байдлыг харгалзан үзэж, аав, ээжийнхээ насаараа амьдарсан хашаа байшинг өвлөж авах хугацааг сунгаж өгнө үү...” гэв.

3.Хүсэлт гаргагчаас:

-Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 дугаар хуудас/

Б овогт Д-ын Д-ийн иргэний үнэмлэхний хуулбар        /хх-ийн 3 дугаар хуудас/

-Б овогт С-ын Д-ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4 дүгээр тал/

-Т овогт Ш-ийн С-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 дугаар тал/

-Б овогт Д-ын Д-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хүсэлтэд хавсарган,

-Х аймгийн Б сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны 185 дугаартай албан бичиг-1 хуудас,  

-ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн “Эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз”, Ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний дуран-2 хуудас,

-Х аймаг Б хотын захирагчийн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 49 дугаартай “Газар өмчлүүлэх тухай” захирамж, хавсралтын хамт-2 хуудас,

-Х аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/42 дугаартай “Газрын хэмжээ өөрчлөх тухай” захирамж, хавсралтын хамт-1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Б овогт Д-ын Д нь “Өв залгамжлагчаар тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “Өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай” хүсэлт гаргав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн    3.1 дэх хэсэгт  “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.” гэж тус тус заасан.

3.Тэрээр өв хүлээн авах хугацаа сунгах үндэслэлээ: “...Аав маань 2011 онд, ээж маань 2018 онд нас барсан ба бид ээлж дараалан өвдсөөр өв хүлээн авах хугацааг хожимдуулсан. Тодруулбал: Ээж маань 2016 оноос элэгний хорт хавдраар өвдөөд 2018 онд нас барсан, залгуулаад хамгийн бага дүү маань өвдөөд 2021 онд албан ёсоор элэгний хатуурал гэж оношлогдсон. Тэгээд том ах маань дүүгийнхээ донор болохоор бэлтгэгдэж эмчилгээ хийлгэж байгаад донор болсон, байнгын эмнэлгийн хяналтанд байдаг. Үргэлжлүүлээд том эгч маань ходоодны хорт хавдраар өвдчихлөө. Өв хүлээн авах хугацааг хожимдуулсан шалтгаан нь бидний хувьд ерөөсөө л өвчин байлаа...” гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

-Б овогт Д-ын Д /СЩ80072021/ нь 1980 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, эцэг Б овогт С-ын Д /СЩ47061816/  2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан, эх Т овогт Ш-ийн С /СЩ52053008/ 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нас барсан гэх,

-улсын бүртгэлийн дугаар 535, 221001032 нэгж талбарын дугаартай, Бумбат баг 4-3 тоот байршилтай, 735м2 газрын өмчлөгч нь С.Д, хамтран өмчлөгч нь Ш.С, 2016 онд Засаг даргын захирамжаар газрын хэмжээг 809м2 гэж өөрчилсөн гэх,

-дээрх хаяг өөрчлөгдөж, Х аймгийн Б сумын 3 дугаар баг Х 4-404 тоот болсон гэх,

-Д-ын .... эмэгтэй/ ходоодны хорт хавдар 4-р шат, чацархай, сэмж хэвлийн үсэрхийлэлттэй оношоор хяналтад байдаг гэх үйл баримтууд тогтоогдов.

 5.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.”  гэж, 528.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж, ...528.4 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж тус тус хуульчлан заажээ.

6.Хүсэлт гаргагч  Б овогт Д-ын Д нь төрсний гэрчилгээний хуулбараар Б овогт С-ын Д /СЩ47061816/, Т овогт Ш-ийн С /СЩ52053008/ нарын төрсөн хүүхэд байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч мөн байна. Тэрээр эцэг эхээс тавуулаа бөгөөд хоорондоо ярилцан, хүсэл зориг нэгтэйгээр өв хүлээн авах хугацааг сунгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан болохыг тайлбарлав.

7.Хүсэлт гаргагч Д.Д нь “...2018 онд ээж маань нас бараад араас нь хамгийн бага дүү маань өвдөж, албан ёсоор 2021 онд элэгний хатуурал өвчнөөр оношлогдож, том ах маань дүүгийнхээ донор болохоор бэлтгэгдэж эмчилгээ хийлгэж байгаад донор болсон бөгөөд байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Залгуулаад төрсөн эгч маань ходоодны хорт хавдраар гэнэт өвдсөн. Бидэнд өв хүлээн авах хугацааг хожимдуулсан шалтгаан нь ерөөсөө л өвчин...” гэж тайлбарласан ба энэхүү нөхцөл байдал нь хүсэлт гаргагчийн тайлбар, Х аймгийн Б сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 185 дугаартай албан бичиг, Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмнэлгээс гарах шилжих үеийн эпикриз, дурангийн шинжилгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

8.Иймд хүсэлт гаргагч  Б овогт Д-ын Д-ийн эцэг Б овогт С-ын Д /СЩ000/, эх Т овогт Ш-ийн С /СЩ000/ нарын өмчлөлийн Х аймгийн Б сумын 3 дугаар баг Х 4-404 тоот /Бумбат баг 4-3 тоот/ газар, түүн дээр баригдсан хашаа, байшингийн өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хожимдуулсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж, өв хүлээн авах хугацааг сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б овогт Д-ын Д-ийн эцэг Б овогт С-ын Д /СЩ000/, эх Т овогт Ш-ийн С /СЩ000/ нарын өмчлөлийн Х аймгийн Б сумын 3 дугаар баг Хайрхан 000 тоот /Бумбат баг 4-3 тоот/ газар, түүн дээр баригдсан хашаа, байшингийн өв хүлээн авах хугацааг сунгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Д.Доос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ