Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2024/00265 

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

  Хүсэлт гаргагч: “Н” ХХК /РД:/-ийн “хариуцагч Б.Э-ийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Э- нь 2024 оны 02-р сарын 06-ны өдөр 05049320/20240203/ гэрчилгээний дугаартай TOYOTA PRIUS-XW30 /2012 2023/ автомашиныг барьцаалан 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 48 сарын хугцааатайгаар 30063211837 тоот зээлийн гэрээ байгуулж зээлсэн болно. Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд биечлэн уулзаж, компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мөн харилцагч Б.Э- нь удаа дараа утсаар холбогдож, гэрээр очин мэдэгдэх хуудас өгч шаардлага тавьсан боловч зээлийн төлөлт хийгдээгүй өнөөдрийн байдлаар 231 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлийн гэрээний төлбөрийн үндсэн зээл 19,000,000 /арван есөн сая/ төгрөг, үндсэн хүү 4,410,774.90 /дөрвөн сая дөрвөн зуун арван мянга долоон зуун далан дөрөв/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 557,943.54 /таван зуун тавин долоон мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг, нийт 24,283,051.56 /хорин дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга тавин нэг/ төгрөгийг Б.Э-ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Үрлээ шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Н" ХХК-ний Баяржав овогтой Э- /РД: ...-с зээлийн гэрээний үүрэгт 24,283,051.56 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх тул эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж Цагдаагийн байгууллагад даалгаж өгнө үү” гэжээ.                     

                

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

“Н” ХХК нь хариуцагч Б.Э-тэй 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 30063211837 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн  30063211837 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд Б.Э- нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэх нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн байна.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгожээ.

 

Хариуцагч Б.Э- нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдэх хуудсанд хийсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргын “уг хаягт оршин суудаггүй” гэх тэмдэглэгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж хуульчилсан.

 

Иймд хүсэлт гаргагч нь хариуцагч Б.Э-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Э-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Э-  нь Хэнтий аймгийн .... сумын ... дугаар багт оршин сууж байсан, “Д ” ХХК-ийн ___ аймгийн салбарт тогооч ажилтай, /“Д ” ХХК-д туслах тогооч ..../, өөрийнх нь утасны дугаар ..... болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй талаарх хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар МЛ88121405 регистрийн дугаартай Д  овогт Б-ын Э-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.БАТБАЯР