| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00137/и |
| Дугаар | 152/ШШ2024/00442 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б,
Хариуцагч: Т.Ө холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Т.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Б нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газрын дуудлага худалдаанд оролцож, Увс аймаг, Улаангом сум, 5 дугаар баг, 8 дугаар гудамжны 04 тоотод байрлах, 000672512 гэрчилгээний дугаартай, 1195 м.кв талбай бүхий гэр бүлийн ахуйн хэрэглээний зориулалт бүхий газар эзэмшихээр дуудлага худалдааны ялагчаар тодорсон. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/36 тоот захирамжаар баталгаажиж 0000206662 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл Т.Ө нь өнөөдрийг хүртэл уг газарт хууль бусаар оршин сууж, чөлөөлж өгөхгүй байгаа тул уг газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр К ХХК-тай ..... дугаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 14,900,000 төгрөгийн зээлийг гаргуулан авсан. Уг зээлийг авахдаа 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Улаангом сумын Засаг даргын захирамжаар гэр бүлийн хэрэгцээний дагуу өмчилсөн ..... хаягт байрлах 700 м.кв газрыг барьцаалсан бөгөөд уг барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл ..... дугаар барьцааны гэрээний мэдээлэл дээр тодорхой тусгагдсанаас гадна Г-0129395 дугаар газрын гэрчилгээ дээр тодорхой тусгагдсан. Миний бие санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байлалд орсны улмаас зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлж чадаагүй бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч талаас Сум дундын 24 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 502 дугаар захирамжаар 700 мкв газраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Газрын тухай хуульд зааснаар хуулийн этгээд гэр бүлийн зориулалттай газрыг эзэмших эрхгүй байдаг тул Т.Ө миний өмчлөлийн 700 мкв газрыг тухайн үед К ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох захирал А.А руу газар өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн хэлтэс рүү 1/293 дугаар албан тоотоор Кны гүйцэтгэх захирал А.А руу Улаангом сумын 5 дугаар багийн 10-16 тоот хаягт байрлах Г-0129395 дугаартай 700 мкв газрыг шилжүүлж өгнө үү гэх хөрөнгө шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу газрыг Кны гүйцэтгэх удирдлага болох А.А руу шилжүүлэхдээ 700 мкв газрын хэмжээгээр бус 1195 мкв газрын хэмжээгээр 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын А/153 дугаар захиражаар 15 жилийн хугацаатай газар өмчлөх эрхийг шилжүүлж гэрчилгээ олгосон байдаг. Уг Засаг даргын шийдвэр хууль бус гэж хариуцагч миний зүгээс үзэж байгаа болно. Миний зээлийн гэрээний дагуу барьцаанд тавьсан ..... хаягт байрлах 700 мкв газыг барьцаанд тавьсан. Харин 1195 мкв газрыг барьцаанд тавиагүй учир нэхэмжлэгч талын 1195 мкв газрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхнаасаа тухайн газрыг хашаалж авчхаад тухайн үеийн газрын даамал Батсайхан гэж хүнээс манай энэ хашаа 700м.кв-аас илүү хэмжээтэй байна. Үүнийг бичүүлж авмаар байна гэхэд нэг хүнд ногдох газрын хэмжээ 700м.кв байдаг, та угаасаа хашаалж аваад дотор нь юмаа барьчихсан бол таны л өмч хөрөнгө болно гэж хэлж байсан. Тухайн үед би илүү газрыг нь гэр бүлийн хүндээ шилжүүлээд авч болдгийг нь мэддэггүй байсан. Байцаагчаас нь асуухад л тийм хариулт өгсөн учир тэгээд бодчихсон байсан. Банкнаас 700 м.кв газрыг барьцаалаад авахаар нь 700м.кв-аараа өрөө төлөөд, өөрсдөө 400 м.кв газартаа амьдарч болох байх гэж бодсон. Тэгээд дуудлага худалдаанд орсон үгүйг нь мэдээгүй байхад нэг л өдөр газар чөлөөлж өг гээд хүмүүс ирсэн. Газрын хуульд бол хүсэлтээ амаар өгөөгүй тул 400.кв газар нь захиргааны хэргийн шүүхээр миний талд гараагүй, гэхдээ яагаад банк нэг хүнд ноогдох 700 м.кв-аар авахгүй, 1195 м.кв-аар нь авах гээд байгааг ойлгохгүй байна гэв.
Нэхэмжлэгч талаас төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Ж.Бгээс Б.Бд олгосон итгэмжлэл, Ж.Б, Б.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ж.Бгийн эрхийн улсын бүртгэлийн Э-1520003014 дугаартай, нэгж талбарын ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хуулбар, нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл танилцуулсан тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны тэмдэглэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлт, дуудлага худалдаанд оролцогч этгээдүүдийн бүртгэл, зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас П.Азжаргалын өвчний түүх, Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 124/ШЗ2024/0116 дугаартай, захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 497 дугаартай шийдвэрийн хуулбар, тус шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаартай гүйцэтгэх хуудсын хуулбар, 491 дугаартай гүйцэтгэх хуудсын хуулбар, Б.П, Т.Ө нарын эрхийн улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэгдсэн, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 16-03 тоот хаягт байрлах, 32 м.кв, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбэр зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, нисэх 804 тоот хаягт байрлах, нэгж талбарын ..... дугаартай газрын хувийн хэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
2.1. Нэхэмжлэгч Ж.Б нь 2021 онд цахимаар газрын дуудлага худалдаанд оролцож, Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, 8 дугаар гудамжны 04 тоот хаягт байрлах 1195 м.кв газрыг худалдаж авсан. Гэвч тухайн газрыг иргэн Т.Ө хууль бусаар эзэмшиж, чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан чөлөөлүүлэх хүсэлтэй гэв.
3. Хариуцагч Т.Ө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.
3.1. Т.Ө нь нөхөр Б.Пгийн эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, нисэх 16-03 тоот буюу 804 тоот хаягт байрлах Б.Пгийн эзэмшлийн 700 м.кв газрыг Кинд барьцаалж зээл авсан. Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай шийдвэр гарсан. Гэвч барьцаалсан 700 м.кв газар нь Кны захирал А.Аод 2017 онд шилжихдээ 1195 м.кв болж шилжсэн. Манай хашаа 700 м.кв-аас их хэмжээтэй байсан тул тухайн үеийн газрын даамал Батсайхан гэх хүнтэй уулзахад нэгэнт хашаалж авсан танай газар танай л өмч гэсэн үг гэж хэлсэн учраас газрын гэрчилгээн дээр хэмжээг нь өөрчлүүлээгүй байсан. Банкинд 700 м.кв газар барьцаалсан учраас 700 м.кв газраа чөлөөлж өгөөд үлдсэн 495 м.кв газар дээрээ амьдарна гэж бодож байсан. Газрын хэмжээ 1195 м.кв болж шилжсэнд гомдолтой байна. Мөн тус газар дээр 32 м.кв үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа бөгөөд иргэн Г.Болдын зээлийн барьцаанд байсан. Г.Болд мөн зээлээ төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гарсан байгаа гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Иргэн Б.П ................ тоот буюу нисэх 804 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр захирамжаар, 15 жилийн хугацаатай, гэр хашааны зориулалтаар эзэмшиж байжээ.
Тухайн газарт иргэн Б.П, Т.Ө нар нь 2005 оноос амьдарч эхэлсэн бөгөөд газар эзэмших эрхтэй 700 м.кв газраас илүү буюу 1195 м.кв хэмжээтэй газрыг хашаагаар хүрээлүүлэн амьдарч байжээ.
4.2. Хариуцагч Т.Ө нь иргэн Б.Пгийн эзэмшлийн 700 м.кв газрыг Ктай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан ба Сум дундын 24 дүгээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
4.3. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Капитатл банкны зүгээс барьцааны зүйлийг буюу иргэн Б.Пгийн газар эзэмших эрхийг төлбөртөө шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 10-16 тоот хаягт байрлах газрыг эзэмших эрхийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаар захирамжаар Кны гүйцэтгэх захирал А.Аын эзэмшилд шилжүүлжээ.
Ийнхүү иргэн Б.Пгийн 700 м.кв газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Кны гүйцэтгэх захирал А.Аын эзэмшилд шилжүүлэхдээ анх барьцаалсан 700 м.кв газрын хэмжээгээр бус харин хариуцагч нарын хашаагаар хүрээлүүлсэн газрын хэмжээгээр буюу 1,195 м.кв хэмжээгээр шилжүүлсэн байна.
4.4. Кны гүйцэтгэх захирал А.Аын газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан дээрх 1,195 м.кв газрыг эзэмших эрхийг Кны эрх хүлээн авагчийн хүсэлтийн дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, иргэн Ж.Б 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр худалдан авч, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/36 дугаар захирамжийн дагуу тухайн газрын хууль ёсны эзэмшигч болсон байна.
4.5. Хариуцагчийн зүгээс 2005 онд тухайн газрыг хашаагаар хүрээлүүлж, эзэмшиж байсан бөгөөд 700 м.кв-аас их хэмжээтэй гэдгийг мэдэж байсан, улмаар тухайн үеийн газрын даамалд хандаж илүү 495 м.кв газрыг эзэмших талаар хүсэлт гаргасан боловч ...нэгэнт хашаалж авсан танай газар бол танай өмч гэсэн үг гэж хэлсэн. Тухайн үед гэр бүлийн гишүүн дээрээ шилжүүлж авч болдог гэдгийг мэдээгүй гэх тайлбар гаргасан.
Гэвч хариуцагч нь дээрх 495 м.кв газрыг эзэмших тухай хүсэлтээ Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гаргаагүй болохыг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 124/ШШ2024/0017 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.
5. Нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 804 тоот хаягт байрлах 1,195 м.кв газар дээр хариуцагч Т.Ө гэр барьж, амьдарч байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
6. Харин хариуцагч нь анх нөхөр Б.Пгийн эзэмшлийн 700 м.кв газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байхад газар эзэмших эрх Кны гүйцэтгэх захирал А.Аод шилжихдээ 1,195 м.кв болж шилжсэн нь үндэслэлгүй. Иймд анх барьцаалсан 700 м.кв газрыг чөлөөлж өгөхөөс татгалзах зүйлгүй боловч үлдэх 495 м.кв газрыг чөлөөлөх үндэслэлгүй гэж маргасан.
7. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн, тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2 дахь хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заажээ.
Энэ тохиолдолд хариуцагч Т.Ө нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 804 тоот хаягт байрлах газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн маргаан бүхий газрыг анх иргэн Б.П газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан ба улмаар тухайн газрыг эзэмших эрх нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу Кны гүйцэтгэх захирал А.А, иргэн Ж.Б нарын эзэмшилд шилжсэн болохыг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 124/ШШ2024/0017 дугаар шийдвэрээр тогтоосон байна.
Харин хариуцагч Т.Өийн хувьд төрийн өмчийн газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байсан, эсхүл хэлцлийн үндсэн дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр эзэмшиж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Т.Өийг иргэн Б.Пгийн эзэмшиж байсан 700 м.кв газрын хувьд болоод илүү хашаалсан 495 м.кв газрын хувьд буюу иргэн Ж.Бгийн эзэмшлийн 1195 м.кв газрыг хуулийн дагуу эзэмших эрхтэй, шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй.
8. Хариуцагч талаас илүү хашаалсан 495 м.кв талбайтай газар дээр үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа, энэ газар дээрээ амьдрах хүсэлтэй гэх тайлбар гаргаж, нотлох баримтаар шүүхэд иргэн Б.П, Т.Ө нарын өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 16-03 тоот хаягт байрлах, 32 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн Ж.Бүгийн эзэмшлийн, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 804 тоот хаягт байрлах, нэгж талбарын ..... дугаартай газрын хувийн хэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Тус хувийн хэргээс үзвэл, маргаан бүхий .............................. тоот хаягт байрлах газрыг иргэн Б.Пд сумны Засаг даргын шийдвэрээр 2005 онд эзэмшүүлж, 2008 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа газрын кадастрын зураглал хийгээгүй байх бөгөөд 2017 онд тухайн газрын эзэмших эрхийг Кны гүйцэтгэх захирал А.Аын эзэмшилд шилжүүлэхдээ 1,195 м.кв газрын хэмжээгээр кадастрын зураглал хийжээ.
Ийнхүү маргаан бүхий 1,195 м.кв газрын хувьд аль хэсэг нь иргэн Б.Пд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн 700 м.кв газар болох, аль хэсэг нь зөвшөөрөлгүйгээр илүү хашаалсан 495 м.кв газар болохыг тогтоох бодит боломжгүй байна.
Гэвч хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр явагдсан шүүх хуралдаан дээр ...иргэн Б.П, Т.Ө нарын өмчлөлийн 32 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын урд хэсэгт буюу илүү 495 м.кв газар дээр байрлаж байгаа гэх тайлбарыг гаргасан.
Иймд хариуцагч Т.Ө нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрхтэй 700 м.кв газраас илүү хэмжээний газрыг зөвшөөрөлгүйгээр хашаалж авсан гэдгээ мэдэж байсан, илүү 495 м.кв талбай бүхий газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшихээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж байгаагүй гэдэг нь тогтоогдсон байх тул төрийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө барьж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь иргэн Б.П, хариуцагч Т.Ө нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн дэвсгэр газрыг эзэмших эрх үүсгэхгүй юм.
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.
Ийнхүү ............................. тоот хаягт байрлах, 1,195 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Ж.Б гдэг нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Т.Ө нь маргаан бүхий газрыг эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, тухайн газрыг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Өийн хууль бус эзэмшлээс Увс аймгийн Улаангом сум, 5 дугаар баг, 804 тоот хаягт байрлах 1,195 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлөх нь зүйтэй.
10. Зохигчдын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.П, иргэн Г.Б болон Г.Б-той байгуулсан зээлийн гэрээний нэг тал болох К, түүний эрх хүлээн авагчийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргаагүй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь маргаан бүхий газар дээр байрлаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ийн эзэмшлийн, ............. тоот хаягт байрлах 1,195 м.кв талбайтай, нэгж талбарын ..... дугаартай, газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 1520003014 дугаартай гэрчилгээ бүхий газрыг хариуцагч Их Т.Ө-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Өээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА