Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

                                      

                                       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Маралмаа,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Р.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Бод холбогдох 1702 00126 0067 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Цэргийн булаг гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОВ87120919, хэрэг хариуцах чадвартай, Дархан овгийн Р Б.

 

 /Холбогдсон хэргийн талаар /

            Шүүгдэгч Р.Б нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг "Цагаан даваа" гэх газарт зөвшөөрөлгүй 35 ширхэг Сибирь шинэс мод бэлтгэж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 23-66 УНЭ улсын дугаартай Хьюндей портер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Маралмаа мэдүүлэхдээ: “Улсын мөрдөн байцаах албаны мөрдөгч Билгүүн Баянзүрх дүүргийн Тамгын газар руу холбогдоод танай дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн хууль бусаар мод бэлтгэсэн байна. Танай байгууллага хохирогчоор тогтоогдох ёстой учраас итгэмжлэлээ авчирч уулз гэж мэдэгдсэн. Мөн Засаг дарга руу холбогдох албан бичгийг ирүүлсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний нэхэмжлэгч, хохирогчоор зэрэг тогтоогдож хэрэгт мэдүүлэг өгсөн. Нийслэлийн Байгаль орчины газраас тогтоогдсон 1.182.420 төгрөгийн үнэлгээ буюу Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ой модтой холбоотой хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.547.260 төгрөгийг нэхэмжилж байна. Манай байгууллага иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон учраас манай дансанд хохирол орж ирснээр хохирлыг бүрэн төлөгдсөн гэж үзэх ёстой байх. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа хүнийхээ хувьд хавтаст хэрэгт байгаа мөрдөгчийн тогтоолыг харсан бол энэ тамгын газар чинь хохирогч юм байна. Үүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Маралмаа юм байна гээд утсыг нь авч холбогдоод хохирлоо аль дансанд тушаах талаар асуугаад төлсөн бол өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн талаас ирэх шаардлагагүй байсан гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-19-34/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 066/6778 дугаартай албан бичиг /хх-108-109/, Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 03/1322 дугаартай албан бичиг /хх-55-65/, шинжээчийн ¹М2017-5 дугаартай дүгнэлт /хх-66-68/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-13-16/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-11-12/, гэрч Цогбаатарын өгсөн мэдүүлэг /хх-51/, гэрч Р.Цэрэнпэлийн өгсөн мэдүүлэг /хх-52/, гэрч Чимэдцогзолын өгсөн мэдүүлэг /хх-53/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-106/, шинээр хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Р.Б нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг "Цагаан даваа" гэх газарт зөвшөөрөлгүй 35 ширхэг Сибирь шинэс мод бэлтгэж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 23-66 УНЭ улсын дугаартай Хьюндей портер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн болох нь: 

                        

           Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын эрх зүйн хэрэг маргааны шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Г.Маралмаагийн өгсөн:  “...Р.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23-66 УНЭ улсын дугаартай Хьюндей портер маркийн автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт Нийслэлийн байгаль орчны газрын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ буюу 1.182.420 төгрөгийг Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн     4.1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилнэ.” /хх 36-42/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Золбаярын өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг, нөхөр Р.Бат-Орших нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны үед мориор өвөлжөөний ар руу явж мод бэлтгэж ирсэн. Тэгээд маргааш нь өөрийн эзэмшлийн 23-66 УНЭ улсын дугаартай портер машинаар бэлтгэсэн модоо 2 хувааж ачиж тээвэрлэн ирсэн.” /хх 45/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р.Рагчаагийн өгсөн: “...Түүнээс хойш гадаа хүйтрээд цас орж, мал хэцүүдэх нь гээд байсан болохоор Р.Б “мод олж ирж хашаа хороогоо янзлахгүй бол болохгүй нь байна шүү” гэж хэлээд 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр эмгэн бид хоёр хөл, нуруугаа бариулах санаатай хотын төвд ирж 2 хоноод буцаад гэртээ очиход хүү Р.Б хойд уулаас ургаа модыг хөрөөдөөд ирсэн байсан. Би тухайн модыг хараад ургаа модыг ингэж хөрөөдөж унагааж болдог юм болов уу гэж хүүдээ хэлж байсан. Түүнээс хойш 3 билүү 4 хоногийн дараа байгаль хамгаалагч нар ирж хууль бусаар мод бэлтгэсэн байна гээд моднуудыг маань ачаад аваад явсан.” /46-47/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Я.Банзрагчийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Булгийн ам, Цэргийн булаг, Их, бага ам зэргийг хариуцсан байгаль хамгаалагч ажилтай. 2017 оны 10 дугаар сард байгаль хамгаалагч Ц.Цогбаатар, Х.Бямбаа нарын хамт эргүүл шалгалт явуулах үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Цэргийн булаг гэх газарт иргэн Рагчаа гэх айлын өвөлжөөнд 30 гаран ширхэг нойтон мод хурааж тавьсан байсан. Уг модыг Рагчаагийн хүү Б нь Цагаан даваа гэх газраас бэлтгэж ирсэн байсан.” /хх- 49/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Бямбаагийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хоолой хариуцсан байгаль хамгаалагчаар 10 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оны 10 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Дэндий ам” хариуцсан хэсгийн ахлагч, байгаль хамгаалагч Ц.Цогтбаатар, төвийн хэсэг хариуцсан Я.Банзрагч нартай хамтран ээлжит эргүүл шалгалтын явцад гэрийн эзэд саравчаа янзалж байсан. Бид очоод уулзахад саравчны хойд талд шинээр тайрч бэлтгэсэн нойтон моднууд байсан. Тэгээд гэрийн эзэн Р.Боос тухайн модыг хэний зөвшөөрлөөр хаанаас бэлтгэсэн талаар лавлаж зөвшөөрөл авч амжаагүй, малын хашаа засах санаатай хойд зүгт байрлах “Цагаан даваа” гэх газраас эдгээр моднуудыг бэлтгэж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж авчирсан тухай мэдсэн.” /хх-50/ гэх мэдүүлэг,   

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Цогтбаатарын өгсөн: “...Эргүүл шалгалтын явцад Цэргийн булаг гэх газарт машин зам дагуу байрласан айлаар очиход малынхаа саравчнийхаа хойд талд нүдээр харахад нойтон гэдэг шууд мэдэгдэхүйц 30-аад ширхэг нойтон мод хураагаад тавьчихсан байсан. Тухайн модыг хэний зөвшөөрлөөр хаанаас бэлтгэсэн талаар асуухад гэрийн эзэн Р.Б гэгч нь зөвшөөрөл авч чадаагүй, өвөлжөөний ертөнцийн зүгээр хойд талд байрлах “Цагаан даваа” гэх газраас эдгээр моднуудыг бэлтгэсэн ирсэн гэж хэлсэн. Тэгээд модыг алга болох болон солих эрсдлээс урьдчилан сэргийлж ой мод бэлтгэж тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгслээр нь өөрийн хашаа руу зөөлгөж байрлуулан цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” /хх-51/ гэх мэдүүлэг,

                 -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-4-10/,

               -Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 2-40 тоот хашаанд 2,50-8,80 метрийн урттай, 8-18 см голчтой 35 ширхэг тайрдас,

                 -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-19-34/

    -Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Цагаан даваа" гэх газар, /М47°59'17.2", Е107° 06'04.97, нийт 15 ширхэг хожуул байв.

    -Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 066/6778 дугаартай албан бичиг /хх-108-109/

               -Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Цагаан даваа" гэх /Ы47°59'17.2", Е1070 06'04.97 газар нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /ЗГ-ын 2015 оны 289-р тогтоолоор өөрчлөлт орсон/ ойн сан бүхий газрын хил заагтай давхцалтай байна.

               -Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 03/1322 дугаартай албан бичиг /хх-57-65/,

     -Модны экологи-эдийн засгийн үнэлгээ шинэс мод 35 ширхэг /3,2201 м3/, 1.182.420 төгрөг,

               -Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын   24-ний өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-66-68/,

               -Сибиры шинэс мод / Larix sibirca/. Чийглэг хувь 44,3. Өмхөрөлт бий болоогүй, давирхайны наалдамхай шинж чанар алдагдаагүй, өвчин, хортон, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, чийглэгийн агууламж өндөр байгаа нь хэвийн өсөлттэй мод байсан.

              -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-13-16/

              -Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл /хх-11-12/

              -Шүүгдэгч Р.Бын ял шалгах хуудас /хх-106/ тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

Иймд шүүгдэгч Р.Б нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх

дүүргийн 20 дугаар хорооны нутаг "Цагаан даваа" гэх газарт зөвшөөрөлгүй 35 ширхэг Сибирь шинэс мод бэлтгэж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 23-66 УНЭ улсын дугаартай Хьюндей портер маркийн тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн буюу 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

           

            Шүүгдэгч Р.Бод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           

            Шүүгдэгч Р.Б нь хохирлын нийт үнэлгээ болох 3.548.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.

 

            Шүүгдэгч Р.Бийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2,50-8,80 метрийн урттай, 8-18 см голчтой 35 ширхэг тайрдас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тооцуулах, 104 см урттай, 12 см өргөнтэй, 2 үзүүртэй, 16 см модон бариултай гар хөрөөг устгахаар тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 23-66 УНЭ улсын дугаартай Хьюндэй портер маркийн автомашин эсвэл үнэлсэн үнэлгээний 3.500.000 төгрөгийг Р.Боос гаргуулж улсын орлогод хураалгахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Р.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Дархан овгийн Р Быг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Р.Бат-

Оршихыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2,50-8,80 метрийн урттай, 8-18 см голчтой 35 ширхэг тайрдас модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 104 см урттай, 12 см өргөнтэй, 2 үзүүртэй, 16 см модон бариултай гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар 23-66 УНЭ улсын дугаартай Хьюндэй портер маркийн автомашин эсвэл үнэлсэн үнэлгээний 3.500.000 төгрөгийг Р.Боос гаргуулж улсын орлогод хураалгасугай.

8. Энэ хэрэгтээ Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Р.Бод урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.         

  11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                    Э.ЧИНГИС