Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 02126

 

 

А.А-ын нэхэмжлэлтэй                                                                                        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо       даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02328 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.А-ын хариуцагч “МТС” ХХК-д холбогдох “МТС” ХХК-ийн түгээгч, харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МТС” ХХК-ийн Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх салбарт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түгээгчээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр түгээгчээр ажиллаж байсан 6 хүнийг гэнэт ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт санаатайгаар илүү хэвлэсэн, цахим карт уншуулан хэрэглэгчид бэлэн мөнгө гаргаж өгсөн ноцтой зөрчлүүд гаргасан гэж тусган ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Намайг ажиллаж байх хугацаанд уг салбарын НӨАТ-ын баримт хэвлэдэг пос машин, компьютер, принтер зэрэг нь эвдрэл гэмтэлтэй байснаас болоод НӨАТ-ын баримт ихэвчлэн давхар хэвлэгддэг байсан. Энэ асуудлыг салбарын эрхлэгчид хэлэхээр угаасаа тэгдэг юм гээд тоодоггүй байсан. Энэ тухай тайлбарыг төв оффист байнга хүргүүлдэг байсан. Миний хувьд цахим карт уншуулан хэрэглэгчид бэлэн мөнгө гаргаж өгсөн үйлдэл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг надад өгөөгүй, ямар шалтгаанаар ажлаас халж буй талаар асуухаар захиралтай уулзах гэсэн боловч надад уулзах боломж олгоогүй. Ажилд анх орохдоо 5 хоног дагалддаг. Надад ажил хүлээлгэж өгсөн түгээгчийн өгсөн зааварчилгаагаар утаснаасаа дандаа гаргаж өгч байсан. н.Батням эрхлэгч над руу яриад чам дээр илүү НӨАТ хэвлэгдсэн байна. Давхар посоо уншуулаад байна гэсэн. Тэгээд би тайлбараа бичиж өгсөн. Надад санаатай үйлдэл байхгүй. 12 сараас хойш над дээр илүү хэвлэлт гараагүй. Утаснаас гаргаж өгөхөөр давхар хэвлэгдээд байсныг нь би мэдэхгүй байсан. Тэгээд эрхлэгч рүү хэлэхэд наадах чинь угаасаа ингэдэг юм гэдэг тайлбар өгч байсан. Ажил олгогч нь ажлаас халах тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.25 гэсэн заалтыг үндэслэл болгосон. н.Оюунтуяа гэдэг хүнийг ажиллаж байхад нь илүү баримт хэвлэсэн гэдэг асуудал нь үндэслэлгүй. Системийн алдаа гардаг байсан талаар эрхлэгчдээ хэлэхээр унтраагаад асаа гэдэг байсан. Төхөөрөмжийг ажиллуулах талаар албан ёсны хөдөлмөр хамгааллын ажилтан зааварчилгаа өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.А-ыг түгээгч харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж    өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А- нь 2019 оны 10 дугаар сараас манай компанид ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 170/20 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 6.2.8 дахь заалтад заасны дагуу НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол, 6.2.25 дахь заалтад заасны дагуу Удирдлагын зөвшөөрөлгүйгээр мөнгөн талон болон картыг бэлэн мөнгө болгосон, картын зөвшөөрлийн бичигт заасан шатахууныг бүрэн олгоогүй, орлогын бэлэн мөнгө хэрэглэгчид гарган өгсөн гэх үндэслэлүүдээр ажлаас халагдсан. А.А- шатахууны борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт хэвлэсэн бөгөөд 2019 оны 11, 12 дугаар саруудад нийт 4 001 815 төгрөгийн НӨАТ-ын хэтрэлттэй, мөн А.А- болон шатахуун түгээс станцын 2 түгээгч харуул хамгаалалтын алба хаагчид 2019 оны 12 дугаар сард 989 615 литр, 2020 оны 1 дүгээр сард 629 598 литрийг тухайн гарааныхаа дизель түлшний борлуулалтаас хэтэрсэн дүнгээр бэлэн бусаар борлуулалт хийсэн нь 2020 оны 4 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд дотоод аудитын газраас хийсэн гэнэтийн шалгалтаар тус тус тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.25 дахь заалтуудад заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан. А.А- нь буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. НӨАТ-ын илүү шивэлт үүсгэсэн гэдгээ А.Аринболд хүлээн зөвшөөрч тайлбар бичсэн. Системийн алдаанаас болж баримт гарахгүй байх тохиолдол байгаа ч, давхар хэвлэх оролдлого хийгээгүй л бол хэвлэх боломжгүй юм. Дахин хэвлэх үү гэсэн сонголт гарч ирдэг. Үүнийг дарсан нь энэ хүний санаатай үйлдэл болно. А.А- эрхлэгчийн сануулгыг аваад 2020 он гарснаас хойш НӨАТ-ын баримт давхар хэвлээгүй байх. Хамт ажиллаж байсан түгээгч нь гомдол гаргасан учраас шалгалт хийсэн. Хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас халсан. Бэлэн мөнгө гаргаж өгсөн гэдэг нь камерын бичлэгээр тогтоогдож байгаа. А.А- нь хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамтай танилцаж гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч А.А-ыг “МТС” ХХК-ийн түгээгч харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоож, “МТС” ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 719 255 төгрөгийг гаргуулан А.А-од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан А.А-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “МТС” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч “МТС” ХХК-иас 58 458 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: А.А- нь ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 11, 12 дугаар сарууд, 2020 оны НӨАТ-ын баримт илүү хэвлэсэн нь дотоод аудитын газрын шалгалтаар тогтоогдсон бөгөөд тус шалгалтын илтгэх хуудас мөн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ШТС-159 дээр түгээгч н.Оюунтуулын гараан дээр очин А.А-ын хэвлэсэн НӨАТ-ын нийт 22 ширхэг баримт, үүнээс 18 ширхэг буюу 10 сая гаран төгрөгийн НӨАТ-ын баримтыг Зам тээврийн хөгжлийн газарт хэвлэсэн баримтыг эх хувиар нь хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөөр байтал шүүх дээрх баримтуудыг үл харгалзан түүний хийсэн үйлдлийг санаандгүй үйлдэл гэж үзсэн нь нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч “МТС” ХХК-д холбогдуулан түгээгч, харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 563/19 тоот тушаалаар уг өдрөөс эхлэн “түгээгч, харуул хамгаалалтын алба хаагч”-аар томилогдон ажиллаж байгаад тус компанийн ерөнхий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 170/20 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 47, 48/

Хариуцагч байгууллага дээрх тушаалдаа нэхэмжлэгч А.А- түгээгч, харуул хамгаалалтын алба хаагчаар ажиллаж байхдаа борлуулалтын орлогоос хэтэрсэн     НӨАТ-ын баримт санаатайгаар илүү хэвлэсэн, цахим карт уншуулан хэрэглэгчид бэлэн мөнгө гаргаж өгсөн ноцтой зөрчлүүд гаргасан зэрэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6.2.8, 6.2.25, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.3, Дотоод аудитын газрын 11/20 тоот илтгэх хуудсыг тус тус үндэслэсэн. /хх-ийн 47-55/

Хэрэгт авагдсан “Магнай трейд” ХХК-ийн Дотоод аудитын газраас гэнэтийн шалгалт хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/20 тоот илтгэх хуудаст  ШТС 165-ын түгээгч А.А-ыг ШТС-ын шатахууны борлуулалтын орлогоос хэтрүүлж 4 001 815 төгрөгийн НӨАТ-ын баримт илүү хэвлэсэн, ШТС-ын тухайн өдрийн дизель түлшний борлуулалтаас хэтэрсэн карт (NFS карт, цахим карт) уншуулж ШТС-ын өдөр тутмын тайлан тооцоог алдаатай хийхэд хүргэсэн зөрчил тогтоогдсон талаар дурдсан байх бөгөөд хөдөлмөрийн дотоод журмын 6.3.6 болон 6.3.8-д заасны дагуу ажлаас халах... санал гаргасан байна. /хх-ийн 33-46/

Нэхэмжлэгч “НӨАТ-ын баримт хэвлэдэг пос машин, компьютер, принтер зэрэг нь эвдрэл гэмтэлтэй байснаас болоод НӨАТ-ын баримт ихэвчлэн давхар хэвлэгддэг байсан, энэ талаар мэдэгдэж байсан тул ажлаас шууд чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь “Магнай трейд” ХХК-ийн  “МТС” ХХК-ийн түгээгчээр  ажиллаж компанийн хөдөлмөрийн дотоод журамд мөрдлөг болгон өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар хөдөлмөрийн гэрээний 2.1-д тусгагдсан байхад анхан шатны шүүх дээрх илтгэх хуудсыг  А.А-ын ажил олгогч “МТС” ХХК-иас гаргасан шалгалтын дүн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. /хх-ийн 49-50/

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 10 дугаар сарын    29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон байх ба уг гэрээний 6.2.8-д “баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол, мөн 6.2.25-д “Удирдлагын зөвшөөрөлгүйгээр мөнгөн талон болон картыг бэлэн мөнгө болгосон, картын зөвшөөрлийн бичигт заасан шатахууныг бүрэн олгоогүй, орлогын бэлэн мөнгө хэрэглэгчид гарган өгсөн” зэрэг тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна. /хх-ийн 49-51/

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан А.А- нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй болно.

Хариуцагч байгууллагын татгалзлын үндэслэл болгосон дээрх дүгнэлт болон тайлбарыг нэхэмжлэгч няцаасан баримт байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, түгээгч, харуул хамгаалалтын албан хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “хариуцагч “МТС” ХХК-ийн түгээгч, харуул хамгаалалтын алба хаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 458 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                                                 Н.БАТЗОРИГ