| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 135/2015/01263/И |
| Дугаар | 001/ХТ2016/01083 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2016/01083
Б.Болормаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 779 дүгээр шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 141 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид холбогдох,
Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б-27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, А.Гандиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд тус байгууллагад үйлчлэгчээр ажилд орж, 11 жил ажиллаж ирсэн бөгөөд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, тус сургуулийн захиргаатай 2013.10.10-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, үр бүтээлтэй ажиллаж байсан.Гэтэл 2015.10.01-ний өдөр Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн захирал Ш.Мөнгөндуулга Б-27 дугаар тушаал гаргаж, намайг захиргааны санаачлагаар үйлчлэгчийн ажлаас халсанд гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг ажлаас халсан тушаалын үндэслэлдээ тус сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, үйлчлэгчийн орон тоо цөөрсөн тул үйлчлэгч ажилтай Б.Болормаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015.10.01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан. Тус сургуулийн үйлчлэгчийн орон тоог цөөрүүлсэн тухай Хөдөлмөрийн яамны тушаалыг надад танилцуулаагүй бөгөөд ажлаас халах тухай мэдэгдэл өгөхдөө таны ажлын үзүүлэлт муу байгаа тул ажлаас халах мэдэгдэл өгч байна гэж хэлсэн. Хэрэв миний бие үүрэгт ажлаа муу гүйцэтгэж байсан бол надад сар бүр ур чадварын нэмэгдэл олгохгүй байсан бөгөөд миний ажлын үзүүлэлтийг ямар шалгуураар шалгаад муу гэж үнэлэн ажлаас халсныг надад тайлбарлаж өгөөгүй.Тус сургуульд 10 үйлчлэгч ажиллаж байхад ямар шалтгаанаар намайг сонгож цомхотгосныг надад тайлбарлаж өгөөгүй. Тус сургуульд 10 үйлчлэгчийн орон тоотой ажиллаж байсан ч нэг үйлчлэгч 250-300 м.кв талбай цэвэрлэх нормтой боловч сургуулийн цэвэрлэх талбай том байснаас нэг үйлчлэгч 750 м.кв талбай цэвэрлэж, 2 дахин их талбайг цэвэрлэдэг байсан. Гэтэл цэвэрлэгчийн орон тоог хассан нь хууль журам зөрчсөн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. Энэ заалтаар одоо батлагдсан орон тоонд орсон байгаа надтай адил ТҮ-1 зэрэглэлээр цалинждаг гал тогооны туслах ажилтны орон тоон дээр намайг ажиллуулах боломжтой байсан. Энэ орон тоо хүн ажиллаагүй сул орон тоо байгаа болно. Захирал Ш.Мөнгөндуулга үйлчлэгчийн орон тоог цөөрүүлэх санал хүсэлтийг өөрөө санаачлан Хөдөлмөрийн яаманд санал тавьсны дагуу Хөдөлмөрийн яамнаас захирлын саналыг үндэслэн үйлчлэгчийн орон тоог цөөрүүлсэн гэж байгаа бөгөөд захирал 77 орон тоотой ажиллахаас одоо 68 орон тоотой болгон ажилтны тоог цөөрүүлж, төсвөө хэмнэсэн атлаа сургууль дотроо өөр ажилд шилжүүлэн ажиллуулах орон тоо, цалин төсөв хангалттай байхад ажилтны тоог цөөрүүлсэн нэрийдлээр зөрчил дутагдал гаргаагүй мөрөөрөө ажлаа хийж байсан цалингийн өндөр зээлтэй, ар гэрийн амьдрал хүнд, эдийн засгийн хямралтай үед эрх ашгийг минь хохироож үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байгаа тул Уул уурхай, эрчим хүчний Политехникийн коллежийн захирлын 2015.10.01-ний өдрийн Б-27 тоот тушаалыг хүчингүй болгож, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Болормаа нь Монгол улсын 2015 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2014 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 230 дугаар тогтоол, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/126 дугаар тушаалын дагуу тус сургуулийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, үйлчлэгчийн албан тушаал цөөрсөн тул ажлаас чөлөөлөгдсөн.Урьд нь тус сургуульд 10 үйлчлэгч ажиллаж байсан ба Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/126 тоот тушаалаар орон тоо цөөрч 7 болсон тул ажилтны тоог цөөрүүлэхээс өөр арга байгаагүй. Ингээд тус сургуулийн захирлын 2015 оны А/49 тоот тушаалаар орон тооны цомхотгол орж буй албан тушаалтны ажлын үр дүнд үнэлгээ өгөх ажлын хэсгийг байгуулан бүтцийн өөрчлөлтөнд орох гэж байгаа ажилчдын ажлын үзүүлэлт, сүүлийн 3 жил сахилгын шийтгэл авч байсан эсэх гавъяа шагнал, ажилласан жил зэрэг үзүүлэлтээр дүгнэн авч хэлэлцээд, захирлын дэргэдэх зөвлөлд танилцуулсан. Захирлын дэргэдэх зөвлөлийнхөн хэлэлцээд 9 сарын ажлын үнэлгээгээр хамгийн муу оноотой дүгнэгдсэн 2 үйлчлэгчийг оноогоор тэнцсэн үйлчлэгч нараас 1 үйлчлэгчийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Ингэхдээ тус сургуулийн 4 үйлчлэгч өрх толгойлсон эмэгтэйчүүд байдгийг ч мөн харгалзан үзсэн. Мөн Б.Болормаа нь урьд ажиллаж байхдаа ажлаа хангалтгүй биелүүлсэн тул 1 удаа сахилгын арга хэмжээ, 2 удаа ажлаас халагдах мэдэгдэл авч байсан байна. Бид энэ хүнийг гэнэт ажлаас халаагүй ба 2015.9.02-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар үйлчлэгч нарын орон тоо цөөрсөн тул 2015.10.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болсныг албан бичгээр мэдэгдсэн.Бид ажилчдын сар бүрийн ажлыг дүгнэн ур чадварын нэмэгдлийг 96-100 оноо авсан бол 25 хувийн нэмэгдэл олгодог. Манай үйлчлэгч нарын цалин бага тул аль болох ур чадварын нэмэгдлийг нь бүтэн олгож, уян хатан ханддаг байсан. Гал тогооны туслах ажилтнаар томилох боломж байсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч энэхүү орон тоо нь цалингийн санд байхгүй, андуурагдан батлагдсан орон тоо бөгөөд энэ нь 2016 оны орон тоон дээр хасагдаж ирсэн байгаа. Тиймээс байхгүй орон тоон дээр шилжүүлэн ажиллуулах боломжгүй юм. Мөн бид яамнаас батлагдсан орон тоонд багтаан ажиллуулах үүрэгтэй бөгөөд Б.Болормаагийн мэргэжилд тохирсон сул орон тоо байхгүй тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн. Мөн хуулийн дагуу урьдчилан мэдэгдэж, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон байгаа. Иймд захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 779 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б-27 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Болормааг тус коллежийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежоос 4 011 392 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Болормаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Болормаа нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний политехник коллежоос улсын тэмдэгтийн хураамжид нийт 149 332 /79 132+70 200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 141 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 779 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Болормаагийн Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 332 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хавтаст хэргийн хэд хэд дэх талд авагдсан ямар ямар баримтуудаар орон тоог цөөрүүлсэн нь тогтоогдож байгааг дурдаагүй ерөнхийлсөн, тодорхой бус дүгнэлт хийсэн. Дархан-уул аймаг дахь уул уурхай, эрчим хүчний Политехник коллежийн бүтэц орон тоог Хөдөлмөрийн яамнаас жил тутам сайдын тушаалаар баталж мөрдүүлдэг бөгөөд 2015 бүтэц орон тоог Хөдөлмөрийн яам хэдэн тоот тушаалаар хэдэн орон тоотой байхаар баталсан урьд нь хэдэн үйлчлэгчийн орон тоотой ажиллаж байсан талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх орон тоо батлах эрхгүй субьектийн тайлбар, хурлын тэмдэглэл, тушаалуудыг орон тоо баталсан баримт мэтээр өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Давж заалдах шатны шүүх 141 тоот магадлалынхаа Хянавал хэсэгт “Б.Болормаад хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг 2015.9.02-ны өдөр өгч, ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015.10.01-ний өдөр гаргаж, 30 хоногийн дотор буюу 1 өдрийн өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалж халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ялимгүй зөрчсөн тул ажилтныг ажилд буцаан тогтоох үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн дээрхи заалтуудад “ялимгүй зөрчсөн” гэсэн ойлголт байхгүй байхад нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Ажил олгогч Б.Болормаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэр бүхий 8 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан “ажилтнуудыг бөөнөөр халсан” гэж үзэх үндэслэлтэй байгаа тул тухайн ажилтнуудад 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байсан гэж үзэж байгаагаас гадна Хөдөлмөрийн сайдын 2015.6.29-ний өдрийн А\126 тоот “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, орон тоог батлах тухай” тушаалаар Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн нийт орон тоог 77 байхаар баталж урьд нь байгаагүй гал тогооны туслах ажилтан гэсэн үйлчлэгчтэй адил ТҮ-1-ээр цалинждаг орон тоог нэмж баталсан байхад Б.Болормааг баталсан төсөвтөө багтаан уг орон тоон дээр цалижуулан ажиллуулах боломжтой байтал ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасан “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж Б.Болормааг үндэслэлгүйгээр ажлаас халсан байдаг.Ажил олгогч Б.Болормааг ажлаас халах үед Хөдөлмөрийн сайдын баталсан 77 орон тоог хэмнэж 65 орон тоогоор ажиллаж байгаа тухайгаа тайлбартаа дурдсан байдаг бөгөөд хэмнэсэн, цалиндаа багтаан шинээр батлагдсан “гал тогооны туслах ажилтан”-ны орон тоонд ажиллуулах боломжийг ашиглаагүй байдаг. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа “Б.Болормааг ажлын үр дүнгийн үнэлгээгээр муу байсан” гэсэн тайлбарыг өгдөг бөгөөд хэрэгт авагдсан “ажлын үр дүнгийн үнэлгээгээр Б.Болормаа нь 96 онооноос доош оноо авч байгаагүй, 96 оноо нь сайн буюу ур чадварын нэмэгдлийг cap бүр авч байсан байдаг. Ер нь Б.Болормаа нь ажлын үзүүлэлтээрээ ч, ажилласан хугацаагаараа ч тухайн байгууллагад ажиллаж байсан 10 үйлчлэгчээс доогуур байгаагүй нь баримтаар нотлогддог. Хариуцагч политехник коллежийн нэг үйлчлэгчид оногдох цэвэрлэгээний талбай нь тогтоосон норм хэмжээнээс их байгаа нь МХА-ны хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Гэтэл Политехник коллежийн захиргаа үйлчлэгч нарын хөдөлмөрийн нөхцлийг улам дордуулж үйлчлэгчийн тоог цөөрүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 6.1 дэх заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх ажилтны зөрчигдсөн эрхийг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож Б.Болормаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн 168.1 дэх хэсэгт заасан аль үндэслэл тогтоогдсоныг дурдаагүйгээс гадна магадлалын “Хянавал” хэсгээс харахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад зохих ёсоор үнэлээгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заагаагүй үндэслэлийг заасан байгаа нь давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” гарсан гэж үзэж байгаа тул Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 141 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 779 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүсэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А\126 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн бүтэц орон тоо батлагдаж, тус сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А-49 тушаалаар ажилтан, ажилчдын ажлын үр дүнд үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулагдаж, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Захирлын дэргэдэх зөвлөл хуралдаж, нэхэмжлэгч Б.Болормааг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Хариуцагч Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж нь 10 үйлчлэгчийн орон тоотой байсан бол Хөдөлмөрийн сайдын тушаалаар үйлчлэгчийн орон тоог цөөрүүлж, 6 болгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болдог байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэх зохицуулалт зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн 36.1.-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн, эсхүл ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болно. Хуулиар ногдуулсан энэ үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг зохицуулсан тухайн эрх зүйн хэм хэмжээг аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан бүх тохиолдолд хамааруулах үндэслэлгүй юм. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх мөн зүйлийн 168.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгон хүчингүй болгож, материаллаг эрх зүйн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан үндэслэлийг магадлалд заагаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол мөн үндэслэл муутай болжээ.
Давж заалдах шатны шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан хугацаанд ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг гардуулсан гэж үзсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байгаагаас гадна Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Б.Болормаад мэдэгдэл өгсөн өдрөөс хойш 31 дэх хоног дээр ажил олгогчийн тушаал гарсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан шаардлага зөрчигдөөгүй гэж үзэхээр байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлын үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 141 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН