Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 344

 

К.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 328 дугаар магадлалтай, К.Ат холбогдох 2014260002167 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт К.А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.Аыг бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон, залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч К.А нь 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ааас 153.794.300 төгрөг гаргуулж, хохирогч О.Мөнх-Эрдэнэд олгуулах, энэ хэргээс Т.Ед холбогдох эрүүгийн 180505963 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч К.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэмбэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэмбэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 328 дугаар магадлалд дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар К.А нь бусдыг залилан мэхлэсэн хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байхад Аыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа нь Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлсныг, 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 4 дэх хэсгийн “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, 1, 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг тус тус зөрчиж байгаа ба анхан шатны шүүхийн тогтоолд давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа юм.

К.А нь бусдыг залилах гэмт хэргийг үйлдээгүй, үйлдсэн болох нь тогтоогдоогүй, эргэлзээтэй болохыг нотлох баримтууд хавтаст хэргийн 1-77, 119, 198, 202-205, 219, 226, 227, 245, 2-108,109, З-45, 46, 110 хуудсанд авагдсан байгаа.

Иймд хяналтын шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдээгүй, үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн К.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс К.Аыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.                                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэмбэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн үндэслэн шүүгдэгч К.Ат холбогдох холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч К.Аыг 2013 оны 5, 10 дугаар саруудад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “1000 автомашины зогсоол” дээр автомашин худалддаг хохирогч О.Мд “Казакстан улс руу автомашин гаргаж, өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Хьюндай соната-6" загварын автомашин 2 ширхэг, “Лексус 470”, “Хьюндай соната-7”, “Мерседес бенз Е-класс 4DE350”, “BMW 7 Series 4D 735i”, “BMW 7 Series 40 745i” загварын автомашин тус бүр нэг ширхэг, нийт 7 ширхэг автомашиныг залилан авч 179.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч К.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараахь үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч О.Мийн 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн мөрдөн байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор К.Ат холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж /1хх-1/, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Хохирогч О.М нь түүний 11 автомашиныг К.А залилан авсан гэх боловч уг автомашинууд одоо хэний нэр дээр бүртгэлтэй, хэн эзэмшиж байгаа нь тодорхой бус, бусдын эзэмшилд шилжсэн бол ямар гэрээ хэлцэл, итгэмжлэлийн дагуу ямар үнээр шилжсэн, мөнгийг хэн хүлээж авсан талаарх үйл баримтыг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Энхболд нь Цагдаагийн Ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоонд хандаж Бүгд Найрамдах Казакстан Улсын Талдаргана хотын Цагдаагийн газарт Монгол улсын иргэн Энхбаатар, Цэрэнбат, Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэрэг шалгагдаж байгаа эсэх, тэдний Монгол Улсын нутаг дэвсгэрээс Казакстан улс руу хил нэвтрүүлсэн автомашинууд хаана, хэний эзэмшилд байгааг олж тогтоох тухай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар даалгавар /1хх-199/ бичсэн байх боловч уг даалгаврыг холбогдох байгууллагад явуулсан эсэх нь тодорхой биш байна.

Мөн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Батбаатар нь Цагдаагийн Ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоогоор дамжуулан Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий прокурорын газар болон мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад хандаж Монгол Улсын нутаг дэвсгэрээс Казакстан улсын хилээр нэвтэрсэн 11 тооны автомашин хэний эзэмшилд байгааг олж тогтоох талаар эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг холбогдох мэдээллийн хамт 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14ж/1420 албан бичгээр явуулжээ. /2хх-109/

Харин Цагдаагийн Ерөнхий газар уг хүсэлтийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэг болон 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын хоорондын гэрээ”-нд заасныг баримтлан Бүгд Найрамдах Казакстан Улсын холбогдох эрх бүхий байгууллагад уламжлуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэст хандахыг мэдэгдэж 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 7/1053 тоот албан бичгээр буцаасан байна. /2хх-119/

Ийнхүү Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батбаатарын Улсын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхий прокурорын газар болон мөрдөн шалгах эрх бүхий байгууллагад хандаж, К.А нь иргэн О.Мийг залилан мэхлэж нийт 284.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Монгол Улсын нутаг дэвсгэрээс Казакстан улсын хилээр нэвтэрсэн 11 тооны автомашин хэний эзэмшилд хэрхэн шилжсэнийг олж тогтоох талаар эрх зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг холбогдох мэдээллийн хамт 2018 оны 4 дугаар сарын 26-ны өдрийн хүсэлт 3 хавтасны 74 дүгээр хуудсанд авагджээ.

Гэвч Улсын Ерөнхий Прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Цэцэгмаа нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3/2532 тоот албан бичгээр “... дээрх хүсэлтэд Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын хооронд 1993 онд байгуулсан “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын хоорондын гэрээ”-ний 6 дугаар зүйлд заасан хэл дээр орчуулсан орчуулгыг хавсарган ирүүлээгүй бөгөөд 11 тооны автомашин одоо Бүгд Найрамдах Казакстан Улсад хэн гэдэг хүний эзэмшилд байгааг олж тогтоох ажиллагаа нь уг эрх зүйн хүсэлтийг илгээхэд шаардлагатай анхдагч мэдээлэл буюу Интерполын шугамаар тодруулах боломжтой мэдээлэл байна. Автомашинуудыг хэний эзэмшилд байгааг тогтоосны эцэст тухайн хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авахад тавигдах асуултуудыг нарийвчлан боловсруулж, хүсэлтэд жагсаалтаар дурдан ирүүлэх, цаашилбал уг автомашинуудад Бүгд Найрамдах Казакстан Улсын нутаг дэвсгэрт үзлэг хийх, шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байгааг эрх зүйн туслалцааны хүсэлтийг илгээхэд анхаарах нь зүйтэй. Мөн хүсэлтийн “Мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдал” хэсэгт К.А нь өөр аль улсын хэн гэгч этгээдүүдтэй бүлэглэн Казакстан Улс руу автомашин зөөвөрлөсөн, Казакстан Улсад хэн хүлээн авсан зэрэг болон Монгол Улсын иргэн Г.Энхбаатараас 2014 оны 5 дугаар сард Бүгд Найрамдах Казакстан Улсын цагдаагийн газарт чухам ямар асуудлаар гомдол гаргасан болох, тэр нь К.А нарт холбогдох хэрэгт хэрхэн холбогдож байгаа, хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулах шаардлагатай” гэснийг дурдаж хүсэлтийг буцаасан байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэд дарга, цагдаагийн хошууч Х.Саруул 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 30/5122 тоот албан бичгээр /3хх-117/ Цагдаагийн Ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоогоор дамжуулан Бүгд Найрамдах Казакстан улсын Интерполын төв товчоонд хандаж К.А нь Т.Етай бүлэглэн иргэн О.Мийн эзэмшлийн 11 ширхэг суудлын автомашиныг Казакстан улсад хүргэн өгч, зарж борлуулж өгнө гэж залилан мэхэлсэн гэх хэрэгт холбогдуулан дээрх автомашинуудын талаар мэдээлэл авах тухай хүсэлтийг явуулжээ.

Гэвч дээр дурдсан хүсэлтийн хариуг Казакстан улсын холбогдох байгууллагаас ирүүлээгүй байх бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын хооронд 1993 онд байгуулсан “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын хоорондын гэрээ”-ний дагуу Казакстан улсын холбогдох эрх бүхий байгууллагаас энэ хэрэгт эрх зүйн туслалцаа авах талаар мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй байхад Баянгол дүүргийн Прокурорын газраас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1004 дугаар яллах дүгнэлт бичиж, К.Ат холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч К.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч О.М нь 2013 онд Бүгд Найрамдах Казакстан Улс руу автомашины наймаа хийхээр нэр бүхий иргэдийг жолоочоор хөлслөн Монгол улсаас Казакстан улс руу 2013 оны 4 дугаар сард 5 автомашин, 2013 оны 10 дугаар сард дахин 7 автомашин нэвтрүүлж, улмаар тухайн автомашинуудыг тус улсад үлдээн орхиж явсан нь шүүгдэгч К.Аын залилан мэхэлсэн гэх үйл ажиллагаатай холбоотой эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Шүүгдэгч К.Аыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийхийн тулд хохирогч О.М 2013 онд Бүгд Найрамдах Казакстан улсад автомашин борлуулах зорилгоор 11 ширхэг суудлын автомашин нэвтрүүлсэн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх, тухайн автомашинууд одоо хэний эзэмшилд байгаа, ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэн бусдад шилжүүлснийг тогтоох, тухайн автомашиныг хуурамч баримт бичиг ашиглан хууль бусаар бусдын эзэмшилд шилжүүлсэн бол хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хураах, битүүмжлэх, буруутай этгээдээс хохирол гаргуулах зэрэг ажиллагааг Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын хооронд 1993 онд байгуулсан “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсын хоорондын гэрээ”-ний дагуу Казакстан улсын холбогдох эрх бүхий байгууллага болон тус улсын Интерполын төв товчоогоор дамжуулан гүйцэтгүүлж, эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлагатай  гэж үзэв.

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэхүү үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч К.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны дараа шүүгдэгчийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэмбэрэлийн гаргасан “Шүүгдэгч К.А нь уг гэмт хэргийг үйлдээгүй, үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 328 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч К.Ат холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН