| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2024/00910/И |
| Дугаар | 130/ШШ2024/00925 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2024/00925
| 2024 11 25 | 130/ШШ2024/00925 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Хийн А
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт 2,180,000 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн 100020755401 тоот дансанд төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Х.А-т холбогдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 2,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Д сумын Засаг даргаас “...сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авч хугацаанд нь эргэн төлөөгүй дараах нэр бүхий иргэдийн зээлийг төлүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг тус аймгийн прокурорын газарт ирүүлсэн. Хүсэлтийг хүлээн авч танилцахад сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэх чиглэлээр хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад төсөл нь шалгарсан Х.А нь “Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээ”-г 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сумын Засаг даргатай байгуулан “Мужаан” эрхлэх зориулалтаар 2,000,000 төгрөгийн зээлийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авсан байна. Гэвч Х.А нь уг зээлийн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Сум хөгжүүлэх санд 2,180,000 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2 дахь заалтад заасан “...хуваарийн дагуу зээлийн төлбөрийг зээлдүүлэгчийн 100020755401 тоот дансанд төлөх”, 6.2.3 дахь заалтад заасан “...төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүүний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлөх” зээлдэгчийн үүрэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан “...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэх зохицуулалт зэргээс үзэхэд хариуцагчаас дээрх сангаас авсан зээлийн төлбөрийг хүүгийн хамт гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Мөн Д сумын Засаг даргаас гаргасан хүсэлтдээ “...иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж өгнө үү...” гэжээ. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаар прокурор төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул тухайн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно. Харин Засаг даргын тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага байх бөгөөд дээрх тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Х.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг авч, эргэн төлөөгүйгээс төрд хохирол учирсан, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул зээлийн төлбөр, хүүг даруй гаргуулж, нөхөн төлүүлэх шаардлагатай байна. Иймд хариуцагч Х.Ааас 2,180,000 төгрөг гаргуулж хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 1000 2003 7010 дугаарын дансанд оруулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Х.А хариу тайлбартаа “Миний бие Х.А нь Б аймгийн Прокурорын газрын надад холбогдуулан гаргасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээл 2,180,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би уг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээл 2,180,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1000 2003 7010 дугаартай дансанд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Х.А-т холбогдуулан гаргасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 2,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 2,180,000 төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,180,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49,830 төгрөгийн тал болох 24,915 төгрөгийг хариуцагч Х.Ааас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М овогт Х-н А нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан зээлийн үлдэгдэлд 2,180,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100020037010 дугаар дансанд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Х.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 24,915 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН