| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00903/И |
| Дугаар | 130/ШШ2024/00987 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2024/00987
| 2024 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 130/ШШ2024/00987 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Б овогт Х.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль (захирал Х.Р)-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэлгийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Е,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан Тэтгэлгийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Х.М нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд тогоочийн ангид элсэн орж, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тогооч мэргэжлээр тус сургуулийг амжилттай төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ авсан.
1.2.Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Ө суманд тогооч мэргэжлээр хувиараа ажиллаж байгаа. Тус сургуулийн суралцагчдад төрөөс нэг удаа 2,000,000 төгрөг тэтгэлэг олгох журамтай юм байна. Гэтэл Х.М-ийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 46 нас хүрсэн гэдэг үндэслэлээр одоо хүртэл түүнд тэтгэлэг болох 2,000,000 төгрөгийг сургуулийн санхүүгээс олгохгүй байгаад гомдолтой байна. Энэ асуудлаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол Шинжлэн ухааны яамд гомдол гаргасан боловч өнөөдөр хүртэл хариу ирээгүй байна.
1.3.Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 461 тогтоолын 1 дүгээр хавсралтаар Мэргэжил болон техникийн сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох тухай журам баталсан байдаг. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд уг журам батлахаас өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр элсэн орсон байдаг. Тэтгэмж авахын тулд суралцагч дараах шаардлагыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, суралцаж байх хугацаанд 80 дээш хувь ирцийн шаардлага хангасан байх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд энэ шаардлагыг хангаж байгаа. Ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх ёстой байна. Мөн адилхан энэ шаардлагыг хангаж байгаа. Мөн төгсөлтийн үнэлгээ болон дүнгийн хувьд тэнцсэн байх ёстой шаардлага бий. Энэ шаардлагыг мөн хангаж байгаа. Харин дараах суралцагч нарт тэтгэлэг олгохгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 63.1-д зааснаас бусад хэлбэрээр ажил эрхэлж, албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж, шимтгэл төлбөл хамрахгүй байна. Хоёрдугаарт, суралцаж байх хугацаанд гэмт хэрэгт холбогдож, холбогдох байгууллагын шийдвэрээр нотлогдсон бол тэтгэмжээс хасагддаг байна. Гуравдугаарт, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээлээ орхисон бол тус тус тэтгэлэг олгохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд тус сургуульд 45 насандаа элссэн бөгөөд үүгээр тэтгэлэг авах эрх үүссэн гэж ойлгож байгаа. Хөтөлбөрийн дагуу тасралтгүй сурсан, суралцсан тухай холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Боловсролын тухай хууль болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Х.Р болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Е-ын хариу тайлбар, татгалзал: Б аймгийн Ө сумын 10 дугаар багийн оршин суугч Х.М-ийн тэтгэлэг буюу тэтгэмжийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
2.1.Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж заасан тул 46 нас хүрсэн нэхэмжлэгчийн тэтгэмж олгогдоогүй.
2.2.Манай байгууллагын зүгээс Х.М-д тэтгэмж олгох хүсэлт болон холбогдох бусад баримт, нэхэмжлэхийн хамт холбогдох дээд байгууллага буюу Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн юм. Тэтгэлгийг Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 3.2-т “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас сургалтын байгууллага, суралцагчид тавигдах шаардлага болон бусад холбогдох шаардлага, мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкин дахь харилцан дансанд тэтгэлгийг шилжүүлнэ” гэж заасны дагуу яам олгодог. Тиймээс манай байгууллага нь Х.М-д тэтгэлэг олгохгүй байгаа асуудал байхгүй.
2.3.Бид суралцагчдын ирц болон дүнг холбогдох системд бүртгээд сургуулийн дээд шатны байгууллага болох Боловсролын Ерөнхий газар, яам руу явуулдаг. Уг байгууллагаас суралцагчдын тэтгэмжийг шийдэж, явуулдаг. Өнгөрсөн жил Х.М-тэй хамт 4 суралцагчийн тэтгэлэг ороогүй байна. Уг 4 суралцагчийн тэтгэлэг яагаад ороогүй тухай Боловсролын Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст албан тоот явуулснаар холбогдох мэргэжилтэн надтай холбогдоод Х.Мийн тэтгэлэг тэрээр 46 нас хүрсэн учир олгох боломжгүй гэсэн хариуг хэлсэн. Мэргэжлийн болон Техникийн байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох тухай журамд зааснаар 45 нас хүртэлх суралцагч нарт тэтгэлэг нэг удаа олгох тухай зохицуулсан. Уг тэтгэлгийг хувьд сургуулиас олгохгүй бөгөөд Ерөнхий газар, Яамнаас шууд олгодог гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Х.М-аас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд гаргасан гомдол, Х.М-ийн 202121194 дугаартай Мэргэжлийн үнэмлэх, нэхэмжлэгчээс Я.С-д олгосон итгэмжлэл зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 111 дугаартай албан бичиг, тус сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/21 дугаартай тушаал хавсралтын хамт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дугаартай тогтоол хавсралтын хамт, тус сургуулийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай албан бичгээр З.Е-д олгосон итгэмжлэл зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Х.М-ийн хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан гаргасан тэтгэмжийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
5.Нэхэмжлэгч Х.М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочийн ангид элсэн орж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төгссөн бөгөөд ийнхүү суралцсан тохиолдолд төрөөс нэг удаа 2,000,000 төгрөгийн тэтгэлэг буюу тэтгэмж олгох журамтай юм байна. Энэхүү тэтгэлгийн мөнгийг сургуулиас олгохгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургууль нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж заасан тул 46 нас хүрсэн нэхэмжлэгчийн тэтгэмж олгогдоогүй. Манай байгууллагын зүгээс Х.М-д тэтгэмж олгох хүсэлт болон холбогдох бусад баримт, нэхэмжлэхийн хамт холбогдох дээд байгууллага буюу Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны дээд байгууллагад хүргүүлсэн боловч Х.М дээрх журмын дагуу тэтгэмж авах эрх нь хасагдсан гэсэн үндэслэлээр хасагдсан байсан. Иймд Х.Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
7.1. Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгосон 202121194 дугаартай Мэргэжлийн үнэмлэхээр Х овогтой М нь тус сургуулийг тогооч мэргэжлээр нэг жил суралцаж төгссөн болох нь тогтоогдож байна.
7.2.Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд төгсөж буй 251 төгсөгчид тэтгэлэг олгох талаар Боловсролын ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, түүнтэй холбогдох материалууд болох Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/21 дугаартай Төгсөгчдийн нэрсийн жагсаалт батлах тухай тушаал, уг тушаалын хавсралт болон 2023-2024 оны хичээлийн жил мэргэжлийн боловсрол олгох 1 жилийн сургалтаар Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн хавар төгссөн суралцагчдын жагсаалт зэргийг хүргүүлсэн ба уг жагсаалтад нэхэмжлэгч Х.М-ийн нэр тусгагдсан болох нь тогтоогджээ.
8.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
9.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд суралцах үед төрөөс олгох тэтгэлэг 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
10.Боловсролын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Гадаадын болон дотоодын мэргэжлийн, техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгоно” гэж заажээ.
11.Монгол улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дугаартай “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1.2-т “Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх хөтөлбөрийг судалж, төгсөлтийн үнэлгээнд тэнцэн, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлгийг нэг удаа олгоно” гэж заасан байна. Энэхүү журмаас үзэхэд 45 хүртэлх насны суралцагчид тэтгэлэг олгохоор тогтоосон байх ба нэхэмжлэгч Х.Мийн иргэний үнэмлэхээс үзэхэд Х.М нь 1978 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн байх ба Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийг төгсөх үед 46 настай байсан байх тул түүнийг Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй тул түүнд энэхүү журмын дагуу тэтгэлэг олгох үндэслэлгүй байна.
12.Иймд нэхэмжлэгч Х.М-ийн хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан гаргасан тэтгэмжийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
13.Энэхүү нэхэмжлэл нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Боловсролын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн хариуцагч Б аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан гаргасан тэтгэмжийн мөнгө 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК