Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00990

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 130/ШШ2024/00990

Баян-Өлгий аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн С сумын 2 дугаар багт оршин суух, А овогт А.Е-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт М.Т-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, 2 сая төгрөгийн хугацаа хэтрэлтийн алданги 590,000 төгрөг, нийт 1,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Е нь хариуцагч М.Т-д холбогдуулан Зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, 2 сая төгрөгийн хугацаа хэтрэлтийн алданги 590,000 төгрөг, нийт 1,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Цэнгэл сумын иргэн М.Т нь надаас 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Тоёота РАВ-4” маркийн автомашиныг 7,000,000 төгрөгөөр үнэлэн худалдаж авсан ба тухайн үед бид хоёр нотариатаар гэрээ хийж баталгаажуулсан.

1.2.Тухайн үед гэрээ байгуулахдаа 7 сая төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.

1.3.Тэгээд дээрх мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн ба харин 1 сая төгрөгийг өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн ба 1 сая төгрөгийг одоо хүртэл төлж өгөхгүй намайг чирэгдүүлж байна.

1.4.Ингээд 2,000,000 төгрөгийн өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 59 хоногт 0.5 хувиар тооцоход 590,000 төгрөг болж байна. Иймд төлөгдөөгүй үлдсэн 1,000,000 төгрөг, алданги 590,000 төгрөгийг нэмээд нийт 1,590,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч М.Т хариу тайлбартаа: ... Хариуцагч М.Т би нэхэмжлэгч А.Е-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие А.Е-аас 7 сая төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан маань үнэн. Тухайн машины төлбөрөөс 1 сая төгрөгийг тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй байсан. Одоо түүний надаас нэхэмжилж байгаа машины үлдэгдэл үнэ 1,000,000 төгрөг, алданги 590,000 төгрөг, нийт 1,590,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

3.Нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжлэлтэй, хариуцагч  М.Т-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Т нь нэхэмжлэгч А.Е-ын нэхэмжилсэн зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, 2 сая төгрөгийн хугацаа хэтрэлтийн алданги 590,000 төгрөг, нийт 1,590,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Нэхэмжлэгч А.Е-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,390 төгрөгийн тал 20,195  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000000 дугаартай данснаас 20,195  төгрөг, мөн хариуцагч М.Т-ээс 20,195 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч А.Е-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М.Т нь зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөг, 2 сая төгрөгийн хугацаа хэтрэлтийн алданги 590,000 төгрөг, нийт 1,590,000 (нэг сая таван зуун ерэн мянган) төгрөгийг нэхэмжлэгч А.Е-т төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Е-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,390 төгрөгийн тал 20,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 00000000 дугаартай данснаас 20,195  төгрөг, мөн хариуцагч М.Т-ээс 20,195 төгрөг тус тус гаргуулан  нэхэмжлэгч А.Е-т  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК