Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

 

Т.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолтой, Т.А-, Э.Б-, Х.Г- нарт холбогдох эрүүгийн 2113001940018 дугаартай, 7 хавтастай хэргийг шүүгдэгч Т.А-ийн өмгөөлөгч К.Ержан болон шүүгдэгч Х.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Х-, өмгөөлөгч Д.Айбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,  шүүгдэгч Т.А-, Э.Б-, Х.Г-, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержан, Д.Айбек, шүүгдэгч Х.Г-ын хууль ёсны төлөөлөгч Х.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Кунсулу, орчуулагч Б.Жанерке нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ***, ***** төрсөн, *** настай, эрэгтэй, ****боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хүнтэй, *** хамт **** оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т.А- /РД: Б3********/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, ***** өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, ****боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, **** хамт **** оршин суух хаягтай, урьд Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан, хэрэг хариуцах чадвартай Э.Б- /РД: **********/;

 

3. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *** хүнтэй, ****хамт Баян-**** суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай магадалгаагаар хэрэг хариуцах чадваргүй гэх дүгнэлттэй Х.Г- /**********/.

 

4.Холбогдсон хэргийн талаар:

4.1. Шүүгдэгч Т.А- нь (1) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х-ийн амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэвтрэн орж, 10 ширхэг адууны казыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

(2) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Ж-ын амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдрүүдийн хооронд нэвтрэн орж, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

(3) согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б-гийн амбаарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө нэвтрэн орж, 6 ширхэг адууны казыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

(4) согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Т-ын амбаарт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө нэвтрэн орж, цахилгаан таслагч, өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан,

(5) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэвтрэн орж, 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sast” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330,000 төгрөгийн хохирол учруулсан,

(6) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Б-ы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нэвтрэн орж, 2 ширхэг хонины мах, 15 ширхэг “Популяр” саван, 5 ширхэг “Камея” саван, 1 ширхэг зөөврийн хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 377,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах,

(7) Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар булаг” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.С-ын өмчлөлийн шар халиун зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах,

(8) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” зах дотор үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” нэртэй цайны газарт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Н-ын орхиж гарсан "Самсунг А22” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 510,000 төгрөгийн хохирол учруулr Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

4.2. Шүүгдэгч (9) Т.А-, (1) Э.Б- нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Е-ы амбаарт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэвтрэн орж, 6 ширхэг адууны казы, 2 ширхэг умс /адууны бүдүүн гэдсэнд хийж борцолсон мах/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

4.3. Шүүгдэгч (10) Т.А-, (2) Э.Б-, (1) Х.Г- нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.О-ийн амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэвтрэн орж, 6 ширхэг каз, 4 ширхэг умс, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 695,250 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

5. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 57/а дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч Т.А-ийн дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,  шүүгдэгч Т.А-, Э.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.А-, Э.Б-, Х.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  2023/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолоор: 

6.1. Шүүгдэгч Т.А-ийг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулах, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар,

мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Э.Б-, Х.Г- нарыг бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

6.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.А-ийг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч,

6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникт 8 (найм) сарын хугацаагаар эмчлүүлж,

6.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.А-т тайлбарлаж,

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жил, 9 (ес) сар, 20 (хорь) хоногийн хугацаагаар тогтоож,

6.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-, Э.Б- нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

6.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Э.Б-ад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон түүний Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

6.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийн цагдан хоригдсон 63 (жаран гурав) хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцож,

6.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацааг сунгах, эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхийг Баян-Өлгий аймгийн прокурорын газарт даалгаж,

6.11. Шүүгдэгч Э.Б-, Х.Г- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ад энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

6.12. Шүүгдэгч Х.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

6.13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч Х.О-ийн нэхэмжилсэн 60,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

6.14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, гэмт хэрэг үйлдэж олсон орлогод Б.А-ээс 660,000 (зургаан зуун жаран мянга) төгрөг, шүүгдэгч Э.Б-аас 30,000 (гучин мянга) төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

6.15. Шүүгдэгч Х.Г-ыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвд хүргүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

6.16. 2113001940018 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.А- нь хохирогч Ж.Х-т 400,000 төгрөгийн, хохирогч М.Б-д 300,000 төгрөгийн, Ж.Х-ид 330,000 төгрөгийн, хохирогч К.Ж-ад 500,000 төгрөгийн, хохирогч Х.Б-д 377,000 төгрөгийн, хохирогч Ж.Т-ад 120,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.В-д 1,150,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Е-д 80,000 төгрөгийн, хохирогч Б.Н-д 510,000 төгрөгийн, хохирогч Т.С-т 1,700,780 төгрөгийн хохирол, хор уршгийг, шүүгдэгч Т.А-, Э.Б- нар нь хохирогч Х.Е-д 142,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Х-д 60,000 төгрөгийн хохирол, хор уршгийг, шүүгдэгч Т.А-, Э.Б-, Х.Г- нар нь хохирогч Х.О-т 695,250 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан, шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх  тогтоолоор бусдад төлөх хохиролгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч Т.А-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Т.А- нь мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшин бусдад учруулсан хохирлуудыг гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө бүрэн төлж барагдуулснаас гадна шүүхийн шийдвэрээр гаргуулсан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг мөн адил төлж арилгасан болно.

7.2. Т.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшин, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлж, хохирлыг бүрэн төлж хор уршгийг бүрэн арилгасан байгаа байдлаас            түүний ухамсарт, ухаарсан  байдлыг илтгэх юм.

7.3. Түүний  үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт учруулсан хохирол 3,000,000 гаран л төгрөг болоод байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд Т.А-ийн өмгөөлөгчийн хувьд нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж, хор уршгийг арилган гэмшиж байгаа байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд хуульд заасан боломжийг олгон эрх зүйн байдлыг дээрдүүлэн ялыг хөнгөлж ял оногдуулах боломжтой байсаар байтал хуульд хүндрүүлэхээр заагаагүй олон үйлдэлтэй гэх утгаар энэхүү боломжийг нь хааж эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3-р зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзнэ.

7.4. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд Т.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хулгайлах гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар, мал хулгайлах гэмт хэрэг болох 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 6 хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж өгөх талаар санал гаргаж байсан боловч шүүх олон үйлдэлтэй гэх үндэслэлээр түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хуульд нэг гэмт хэргийг олон удаа үйлдсэн байдлыг үргэлжилсэн үйлдэл гэж тодорхойлсон болохоос олон үйлдэлтэй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх шалтгаанд тусгагдаагүй болно.

7.5. Иймд Т.А-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хулгайлах гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар, мал хулгайлах гэмт хэрэг болох 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан 6 хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэж өгнө үү.

 

8. Шүүгдэгч Х.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Х-, түүний өмгөөлөгч Д.Айбек нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Х.Г- нь мөрдөн байцаалтын шатнаас авхуулаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшин бусдад учруулсан хохирлуудыг гэм буруугийн шүүх хуралдаан болохоос өмнө бүрэн төлж барагдуулснаас гадна шүүхийн шийдвэрээр гаргуулсан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг мөн адил төлж арилгасан болно.

8.2. Х.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшин, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлж, хохирлыг бүрэн төлж, хор уршгийг бүрэн арилгасан байгаа байдлаас түүний ухамсарт, ухаарсан байдлыг илтгэх юм.

8.3. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай шүүх сэтгэц, гэм судлалын магадалгаагаар хэрэг хариуцах чадваргүй гэсэн дүгнэлт гарсан.

8.4. Мөн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар шүүгдэгч X.Г-ын сэтгэцийг тогтоолгохоор дахин шинжээч томилсон ба Сэтгэц, гэм судлалын магадалгаагаар мөн хэрэг хариуцах чадваргүй, сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гарсан ба шүүгдэгч X.Г-ын хэрэг хариуцах чадваргүй гэдэг нь тогтоогдсон байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж үзээгүй.

8.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан. Уг асуудлыг анхан шатны шүүх дүгнэж үзээгүй юм.

8.6. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч X.Г- эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд хяналт тавьж, уг арга хэмжээг зогсоох, хугацаа сунгах, эдгэрсэн нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт даалгасугай гэж тусгасан байдаг юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.

 

9. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

9.1. Яллагдагч Т.А-  10 үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн ба нийтдээ 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, хохирогчид учруулсан хохирол эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаад бодиттой шийдвэр гаргасан тул түүнд холбогдсон шийтгэх тогтоолын хэсгийг хэвээр үлдээх саналтай байна.

9.2. Х.Г-ыг шинжээчийн дүгнэлтээр “хэрэг хариуцах чадваргүй” гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан яллагдагчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан боловч шинжээчийн дүгнэлтээр “Өвчин нь  хөдөлсөн үед ямар ч гэмт хэрэгт холбогдох боломжтой” гэсэн дүгнэлт гарсан.  Мэргэжлийн эмчийн болон дүгнэлт гаргасан шинжээч нарын мэдүүлэгт “Яллагдагч Х.Г- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн байнгын эмчийн хяналтад байдаг. Гэвч эмчилгээ хийлгээд тодорхой үр дүн гарахгүй байгаа тул Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай” гэсэн учраас түүнд холбогдох шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа болохоор шийдвэрийг  хэвээр үлдээх саналтай байна. Шинжээчийн дүгнэлтээр “Сэтгэцийн хувьд паранойд эмгэгтэй Х.Г-ын өвчин нь хөдөлсөн үед ямар ч төрлийн гэмт хэрэгт оролцох боломжтой” гэж дүгнэсэн. 3 дугаар хавтаст хэргийн 70-79 дүгээр хуудаст 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт 6 заалттай ба 5 дахь заалтад “Х.Г- нь өвчин сэдэрсэн үед  ямар ч гэмт хэрэгт оролцох боломжтой” гэсэн ба өвчин нь сэдрээгүй үед нийгэмд аюулгүй гэсэн байна. Харин хэзээ өвчин нь сэдрэх нь тодорхойгүй, мөн 6 дахь заалтад “сэтгэц наркологийн тасагт байнга эмчлүүлж, эмээ тогтвортой ууж байх хэрэгтэй” гэсэн   дүгнэлтийг үндэслэсэн.

9.3. Шинжээч Аманбекийн мэдүүлэгт “Х.Г- 2016 оноос эгчтэйгээ хамт ирж эмчилгээ хийлгэдэг, байнгын эмчийн хяналтад байдаг, бие хүний паранойд өвчинтэй, тус өвчин хүнд өвчинд хамаарна, өөрийн хийж ярьсан зүйлийг бүрэн дүгнэх чадваргүй“ гэж мэдүүлсэн. Шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Сэтгэцийн өвчинтэй гэдэг нь тогтоогдсон. Тус шинжээчээс паранойд өвчинтэй хүн үнэн мэдүүлэг өгч чадах уу гэхэд заримдаа үнэн зөв мэдүүлж чадахгүй” гэж хариулсан.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            10. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ийн өмгөөлөгч К.Ержан болон шүүгдэгч Х.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Х-, өмгөөлөгч Д.Айбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй гэж дүгнэв.

 

11. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах нь шүүхийн үүрэг бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжиж шударга ёсны зарчим хангагдана.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагаа хууль ёсны гэж тооцогдох үндсэн шалгуурын нэг болно.

 

            12. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг ойлгоно. Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан зарим нотлох баримтын хууль ёсны байдалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ялангуяа шүүгдэгч Х.Г-ын сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадвартай эсэх талаар гарсан шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүдийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй, шинжээчийн дүгнэлт нь бусад нотлох баримтуудтай адилхан хүчин чадалтай тул Х.Г-ын сэтгэцийн эмгэгтэйн улмаас хэрэг хариуцах чадваргүй гэх шинжээч нарын 3 удаагийн дүгнэлт бодитой, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны хийгээд хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад харшилсан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

            Түүнчлэн шүүх прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.А-ийн холбогдсон зарим үйлдлийг яллах дүгнэлтэд зааснаар буруу зүйлчилсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд үл нийцэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх зөрчлүүдийг тус тус агуулсан байна.

 

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмын үндэслэл, шалгуурыг дүгнэж үзвэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж хэрэгт цугларсан зарим нотлох баримтын хууль ёсны байдлыг нягтлан хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй, шүүгдэгч Х.Г-ын хувьд түүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцсон атлаа сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй гэх түүнийг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож”, улмаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хуульд заасан урьдчилсан нөхцөлүүд шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогоогүй байхад уг албадлагын ар хэмжээг хэрэглэсэн нь хууль ёсны байх шаардлагаас гадна шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-ыг хэрэг хариуцах чадваргүйд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж, 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан шүүх нотлох баримтыг харьцуулж үнэлэх журмыг хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

 

14. Шүүгдэгч Х.Г- нь Т.А-, Э.Б- нартай бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.О-ийн амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэвтрэн орж, 6 ширхэг каз, 4 ширхэг умс, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 695,250 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний сэтгэцийн байдалд холбогдох 3 удаагийн Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлт хэрэгт авагджээ.

 

            15. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал Х.Г-ын өвчний түүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу мөрдөгчийн тогтоолоор түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Х.Х- болон шүүгдэгч Х.Г-ын мэдүүлгүүдээс түүний хувийн байдлыг судлан үзвэл, тэрээр 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт 12 хоног хэвтэн эмчлүүлсний дараа мөн оны 6 дугаар сарын 25-ны өдрийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр Өвчний Олон Улсын ангиллын F40-д хамаарах стресстэй холбоотой биеийн хэлбэрийн эмгэг /айдаст сэтгэл түгших эмгэгүүд/ өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 60 хувиар, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр F60 ангилалд хамаарах бие хүний паранойд өвчнөөр оношлогдож хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 50 хувиар тус тус тогтоолгосон, комиссын дээрх шийдвэрийг 2016 онд 12 сарын хугацаагаар сунгаж, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авч байжээ.

Үүний дараа 2017 онд F6 буюу бие хүний паранойд эмгэг гэсэн оношоор Х.Г-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг 60 хувиар тогтоож, 2018, 2019, 2020 онуудад тус бүр 1 жилийн хугацаагаар сунгаж тэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авч байсан бөгөөд 2021 оноос эхлэн Х.Г- нь хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авах жагсаалтаас хасагдсан буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эрх бүхий байгууллага шинээр тогтоогоогүй, хугацааг нь сунгаагүй байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Х.Г- нь сэтгэцийн эмгэг, эрүүл мэндийн хувьд урьд өмнө нь эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байсан бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн чадвараа 50-60 хувиар алдсан талаар эрх бүхий байгууллага, комиссын дүгнэлтээр тогтоогдож, 2014 оноос 2020 оныг дуустал хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж авч байсан, энэхүү нөхцөл байдал нь мөрдөгч, прокуророос түүний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл болж хэргийг мөрдөн шалгах үед сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байсан эсэх, хэрэг хариуцах чадвартай эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоолгох үндэслэл, шалтгаан болсон байна.

 

            16. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын /Комиссын дарга А.Данабек, сэтгэцийн их эмч Х.Аманбек, С.Досбол, мэдрэлийн их эмч М.Ахбота/ 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 01 дүгээр магадалгааг анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос  гаргаж өгсөн /хэргийн 4 дүгээр хавтасны 229 дэх тал/ бөгөөд энэхүү магадалгаа нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2213000060025 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Х.Г-ыг яллагдагчаар татсан тухайн хэргийг мөрдөн шалгах явцад үйлдэгдээгүй, харин Х.Г-ын н.Нурлан гэгчтэй зодолдсон гэх үйлдэл холбогдол бүхий хэргээс хуулбарлаж авсан, энэ хэрэгт шууд хамааралгүй байна. Уг магадалгааг мөрдөгчийн тогтоолыг /015 дугаартай гэх/ үндэслэж гаргасан бөгөөд магадалгаанд дүгнэснээр “Х.Г- нь хэрэг үйлдэх үед бие хүний эмгэгтэй болохоор өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлаж мэддэггүй, гэмт хэрэг зөрчил хийхдээ бие хүний эмгэгтэй байсны улмаас өөрийнхөө үйлдлийг мэдэхгүй, удирдаж чадахгүй байсан байж болно. Х.Г- нь хэрэг хүлээх чадваргүй, асуусан асуултыг үнэн зөвөөр ойлгох чадваргүй” гэжээ.

 

            17. Хэргийг мөрдөн шалгах явцад мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тогтоолоор /хэргийн 3 дугаар хавтасны 67 дахь тал/ Х.Г-д сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийхийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт даалгасны дагуу тус эмнэлгийн эмч нарын  комиссын /Комиссын дарга А.Данабек, сэтгэцийн их эмч Х.Аманбек, С.Досбол/ 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 27 дугаар магадалгаагаар “Х.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд сэтгэцийн хувьд хөөрлийн байдалтай байсан; Х.Г- нь өөрийн хийсэн үйлдлийнхээ хор уршгийг бүрэн хэмжээнд ухамсарлах чадваргүй, бие хүний паранойд эмгэгтэй, асуусан асуултыг зөв ойлгох, зөвөөр мэдүүлэг өгөх чадваргүй. Х.Г- нь өвчин сэдэрсэн үед ямар ч төрлийн гэмт хэрэгт оролцох боломжтой, өвчин сэдрээгүй үед нийгэмд аюулгүй” гэж дүгнэлт гаргаж байжээ.

 

18. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Т.А-, Э.Б-, Х.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, Т.А-, Э.Б- нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, заалтаар тус тус зүйлчилж, харин яллагдагч Х.Г-ыг хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөн өдрийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах прокурорын саналаар хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс шүүгч 188 дугаартай захирамж гаргаж, яллагдагч Х.Г-ын сэтгэцийн эрүүл мэндийн байдалтай холбоотой зарим нөхцөл байдлыг нарийвчлан, нэмж тогтоолгохоор хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, нөхөн гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагааны талаар шүүгчийн захирамжид тодорхой, ойлгомжтой тусгасан байна. /хэргийн 4 дүгээр хавтасны 238 дахь тал/

 

19. Хэргийг анхан шатны шүүхээс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр прокурорт буцаан хүргүүлсний дараа 8 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжилгээ хийлгэх тухай” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гаргасан прокурорын хүсэлтийг анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр “Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх тухай” шүүгчийн захирамжаар хангаж, яллагдагч Х.Г-ыг хэрэг хариуцах чадвартай эсэхийг болон хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой зарим нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоолгохоор сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын /Чанарын албаны дарга Д.Гүлжан, сэтгэцийн их эмч Х.Аманбек, С.Досбол нар/ 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа гарчээ.

Тус магадалгаагаар “Х.Г- нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэтгэцийн хувьд бие хүний паранойд эмгэгтэй байсан, 2014 оноос хойш Нэгдсэн эмнэлгийн сэтгэц, наркологийн тасгийн хяналтад байгаа, цаашид уг өвчнийг эмээ тогтмол ууж, эмнэлгийн хяналтдаа тогтмол ирж байвал өвчин сэдрэх магадлал бага, тэрээр тухайн үед сэтгэцийн байдлаар өөрийн хэмжээнд сэтгэн бодож, хэрэг болсон үеийн сэтгэцийн байдлаар хэрэг хариуцах чадваргүй” гэж дүгнэлт гаргаж байжээ.

 

20. Шүүгдэгч Х.Г-ын сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоох зорилготой Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын дээрх 3 удаагийн дүгнэлтийн хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэж үзвэл, эхний буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 01 дүгээр магадалгаа бүхий дүгнэлт нь Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2213000060025 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Х.Г-ыг яллагдагчаар татсан тухайн хэрэгт хамааралгүй тул уг дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй.

 

            21. 2 дахь буюу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч  нарын  комиссын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 27 дугаар магадалгааг мөрдөгч хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан байх тул тухайн баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцогдох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар мөрдөгч нь “яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” шинжилгээ хийлгэх бүрэн эрхтэй боловч энэхүү шинжилгээний зүйл нь гагцхүү яллагдагч нь ямар сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоолгох зорилготой, харин сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох шинжилгээг мөрдөгч болон прокурорын тогтоолоор хийлгэх хууль зүйн үндэслэлгүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар мөрдөгдөж байсан/ прокурор яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүхэд гаргах ба шүүх мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл “яллагдагч нь хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгохоор” шинжээч томилохоор зохицуулжээ. Гэтэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч  нарын  комиссын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 27 дугаар магадалгааны үндэслэл болсон мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тогтоолд яллагдагч Х.Г- нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байсан эсэхээс гадна “өөрийн хийж буй үйлдлийн шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадвартай эсэх” буюу “түүний хэрэг хариуцах чадвартай эсэх”-ийг тогтоолгохоор шинжээчид асуулт тавьж, шинжээч нар “Х.Г- нь өөрийн хийсэн үйлдлийнхээ хор уршгийг бүрэн хэмжээнд ухамсарлах чадваргүй” гэж яллагдагчийн хэрэг хариуцах чадвартай эсэх талаар дүгнэлтийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр гаргасан нь хүний халдашгүй байх эрхийг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.

           

            22. 3 дахь буюу аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 13 дугаар магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гаргасан прокурорын хүсэлтийн дагуу мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Х.Г-ыг сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох тухай анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдийн 29 дүгээр шүүгчийн захирамжид үндэслэн гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, хүний халдашгүй байх эрхийг хангах зарчмуудад тус тус нийцсэн боловч шинжээчийн уг магадалгаа бүхий дүгнэлт нь шүүгчийн захирамжид заасан асуултуудад бүрэн хариулаагүй буюу бүрэн бус, шинжлэх ухааны ямар арга, хэрэгслээр гаргасан нь тодорхойгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий уг нөхцөл байдлуудыг анхаарахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчмын хангаагүй гэж үзнэ.

 

            23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцох ба гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шүүх хэрэглэнэ. Үүний тулд гэмт хэрэгт холбогдсон тухайн хүн “сэтгэцийн эмгэгтэй эсэх”, “уг сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсон эсэх”-ийг сэтгэцийн шинжилгээ хийлгэх замаар тогтоох нь шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх суурь үндэслэл болох юм.

 

Үүнээс гадна, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1, 3, 7 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон аль ч нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргах ба хэрэг хариуцах чадваргүй тухайн хүний сэтгэцийн байдал нь “өөртөө болон бусдад аюул учруулах” эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох нь шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сонгож хэрэглэх, эсхүл хэрэглэхгүйгээр “сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх”, эсхүл “асран хамгаалагчид нь халамжлуулахаар шилжүүлэх” шийдвэр гаргахад харгалзаж үзэх чухал хүчин зүйл болно. Түүнчлэн хэрэг хариуцах чадваргүй хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эрхийг шүүх эдлэх боловч уг албадлагын арга хэмжээний “төрөл”, “дэглэм”, “хугацааг” нарийн мэргэжлийн эмч нарын /шинжээч/ дүгнэлтийг харгалзаж тогтоохоор тус тус хуульчилжээ.

 

24. Гэтэл анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр “Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээ хийлгэх тухай” шүүгчийн захирамжаар хуулийн дээрх урьдчилсан нөхцөлүүдийг бүхэлд нь тогтоолгохоор шүүгчийн захирамж гаргаж “Х.Г- нь сэтгэцийн ямар нэг өвчтэй эсэх, хэдий хугацаанд өвчилсөн эсэх, ямар хугацаанд эдгэрэх эсэх, эдгэрэх боломжгүй бол хаана, хэдий хугацаанд ямар эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай эсэх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэх, сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах эсэх” зэргийг тодруулахаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн тасгийг шинжээчээр томилсон боловч 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 13 дугаар магадалгаанд “Х.Г- нь тухайн үеийн сэтгэцийн байдлаар өөрийн хэмжээнд сэтгэн бодож, хэрэг болсон үеийн сэтгэцийн байдлаар хэрэг хүлээх чадваргүй байна” гэснээс өөрөөр шүүгчийн захирамжид тусгасан бусад асуултуудад шинжээчид хариулаагүй, шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулсан байна.

 

25. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт бүрэн бус бол Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн уг заалтыг хэрэгжүүлээгүй орхигдуулжээ.

 

            26. Хэрэгт хавсаргасан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын 01 дүгээр магадалгааг комиссын дарга А.Данабек, сэтгэцийн их эмч Х.Аманбек, С.Досбол, мэдрэлийн их эмч М.Ахбота нар, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар магадалгааг комиссын дарга А.Данабек, сэтгэцийн их эмч Х.Аманбек, С.Досбол нар, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай магадалгааг тус Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Д.Гүлжан, сэтгэцийн их эмч Х.Аманбек, С.Досбол нар тус тус гаргасан бөгөөд эдгээр магадалгаануудад Х.Г-ын сэтгэцийн эрүүл мэндийн талаар “хэрэг хүлээх, хариуцах чадваргүй”, “өөрийн хийсэн үйлдлийнхээ хор уршгийг бүрэн хэмжээнд ухамсарлах чадваргүй” гэсэн дүгнэлтийг нийтлэг байдлаар гаргахдаа шинжлэх ухааны ямар арга, хэрэгсэл ашигласан нь тодорхойгүй буюу шинжээчийн дүгнэлтийн бүрдэл дутуу, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байхаас гадна уг дүгнэлтүүдийг гаргахад сэтгэцийн их эмч Х.Аманбек, С.Досбол болон комиссын дарга гэх А.Данабек нар нийтлэг болон удаа дараа оролцсон нь шүүгчийн захирамжийн дагуу томилогдож гаргасан шинжээч нарын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар магадалгааг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            27. Анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар магадалгааг гаргасан шинжээчдийн бүрэлдэхүүнд орсон Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн их эмч Х.Аманбекийг оролцуулж, шинжээчийн мэдүүлэг авсан байх ба тэрээр шүүгдэгч Х.Г-д 6 сарын хугацаатай албадан эмчилгээ хийх шаардлагатай талаар болон өвчин нь сэдэрсэн үедээ гэр бүлийн гишүүдэд хор хөнөөл учруулах боломжтой гэх мэт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 3, 7 дахь хэсэгт заасан шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх зарим урьдчилсан нөхцөлүүдийн талаар асуусан шүүх хуралдаан даргалагчийн асуултуудад хариулжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Х.Аманбекийн шүүх хуралдаанд өгсөн тэдгээр мэдүүлгүүд нь 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтийг бүрэн төлөөлөхгүй бөгөөд Х.Аманбекээс шүүх хуралдаан даргалагч шинжээчдийн бүрэлдэхүүнээр гаргасан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар магадалгаанд тусгагдаагүй асуудлаар асуулт асууж, шинжээч эмчийн уг асуултад хариулсан хариулт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөлдөж, санал нэгдвэл дүгнэлтэд бүгд гарын үсэг зурна”, 3 дахь хэсэгт “Дүгнэлт гаргахад санал зөрсөн шинжээч саналаа бичиж, дүгнэлтэд хавсаргана” гэж заасан агуулгад нийцээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

            28. Шүүгдэгч Х.Г-ыг сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй буюу хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоосон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын Шүүх сэтгэц гэм судлалын 13 дугаар магадалгааг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулахад үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй, шинжээчдийн гаргасан дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүйгээс гадна уг шинжээчийн дүгнэлт тухайн үед мөрдөгдөж байсан 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, прокуророос шүүгчийн захирамжаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж байгаа тохиолдолд эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах ажлыг хийгээгүйгээс гадна томилогдсон шинжээч нар тавьсан асуултын дагуу, асуултад бүрэн хариулж дүгнэлт гаргах шаардлагыг биелүүлээгүй. Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын Шүүх сэтгэц гэм судлалын 13 дугаар магадалгааг бүтцийн хувьд авч үзвэл, шүүгчийн захирамжаар шинжээчид тавьсан асуултад шинжлэх ухааны ямар арга, хэрэгсэл ашиглан хариулсан нь хангалттай тодорхой биш байгаа нь уг дүгнэлтийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

            29. Иймд шүүгдэгч Х.Г- нь сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус, түүнчлэн уг дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс гадна шинжээчид шүүгчийн захирамжаар тавьсан асуултад шинжлэх ухааны тодорхой арга, хэрэгслийг ашиглаж, үндэслэлтэй хариулсан эсэх нь хангалттай биш, шүүгдэгч Х.Г-ыг хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн шинжээчдийн бүрэлдэхүүний дүгнэлт үндэслэлтэй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй учраас  Х.Г- нь сэтгэцийн эмгэгтэй эсэх, сэтгэцийн эмгэгтэй бол үүний улмаас хэрэг хариуцах чадваргүй нөхцөл байдал тогтоогдсон эсэх, өөртөө болон бусдад аюул учруулах эсэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх бодит үндэслэл, шаардлагатай эсэх, эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх шаардлагатай эсэх, хэрвээ эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр, эсвэл эмчлүүлэхээр бол албадлагын арга хэмжээ болон эмчилгээний төрөл, дэглэм, хугацаа зэргийг шинжээчдийн өөр бүрэлдэхүүнээр, тухайлбал Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв, эсхүл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилж, Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван есдүгээр бүлэгт заасан зарим урьдчилсан нөхцөлүүдийг тогтоох зайлшгүй шаардлагатай ба уг ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

            30. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүгдэгч Х.Г- нь сэтгэцийн эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүй эсэх нь бодитой тогтоогдоогүй байхад түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, үндэслэлтэй байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            31. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-ыг сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй буюу хэрэг хариуцах чадваргүйд тооцсон атлаа түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бүлэглэж, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, улмаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад “шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж хуульчилсан журмыг  ноцтой зөрчсөн байна.

Өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй буюу хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй бөгөөд хэрэг хариуцах чадваргүй хүн гэм буруугаа ухамсарлах чадваргүй байдаг тул сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас хэрэг хариуцах чадваргүй болсон бол түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, эдгээр өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан тохиолдолд албадлагын арга хэмжээг зогсоох, ял оногдуулах асуудлыг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн шүүх хожим шийдвэрлэхээр Эрүүгийн хуулийн 7.4 дүгээр зүйлд хуульчилжээ.

 

            32. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн боловч чухам ямар төрлийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан талаар шийдвэртээ тусгаагүй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникт 8 сарын хугацаагаар албадан эмчлүүлэхээр шийдвэрлэхдээ уг албадлагын арга хэмжээний дэглэмийг тогтоогоогүйгээс гадна тухайн эмнэлгийн байгууллагыг сонгосон үндэслэл, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх 8 сарын хугацааг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлаагүй, энэ талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэртээ тусгаагүй нь шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

            33. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 57/а дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Т.А-ийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик захад үйл ажиллагаа явуулдаг Хоолондоо нэртэй цайны газарт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Н-ын орхиж явсан Самсунг А-22 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 510.000 хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх шүүгдэгч Т.А-т холбогдох уг үйлдэл тогтоогдсон гэж үзэж, түүнийг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл, хэмжээний дотор дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

 

            Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудыг, тухайлбал  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Х.Е, Л.С, насанд хүрээгүй гэрч Н.Абдуллагийн мэдүүлэг, Т.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судлахад, шүүгдэгч Т.А-ийн Хоолондоо нэртэй цайны газарт 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Н-ын орхиж явсан Самсунг А-22 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ болон анхан шатны шүүх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

            34. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар олж авч байгаагаас хамаараад ялгамжтай зүйлчлэгдэх ба энэ нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчмыг хангах нэгэн хүчин зүйл болно. Шүүгдэгч Т.А-ийн дээрх үйлдлийн хувьд Хоолондоо цайны газраар үйлчлүүлсэн хохирогч Б.Н-ын цайны газрын ширээнд мартаж явсан гар утсыг урьдчилан ажиглаж байгаад, хүч хэрэглэхгүйгээр, сэмхэн буюу нууцаар, хууль бусаар авч гарсан үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргээр зүйлчлэхдээ шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжүүд, урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд хангагдсан эсэхэд эрх зүйн оновчтой дүгнэлт өгч чадаагүй байна.

            Хоолны газраар үйлчлүүлэгчдийн мартаж, орхиж явсан эд зүйлийг тухайн үйлчилгээний байгууллагын эзэмшилд буюу мэдэлд байгаа нөхцөлд гээгдэл эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, гээгдэл эд хөрөнгийг гэмт этгээд идэвхтэй үйлдлээр өөрийн мэдэлдээ шилжүүлдэггүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт этгээдийн мэдэлд шилждэг нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлно. Гэтэл шүүгдэгч Т.А- нь Хоолондоо цайны газарт хүүхдүүдийн хамт үйлчлүүлж байгаад ширээнд нь мартаж гарсан хохирогч Б.Н-ын гар утсыг урьдаас ажигласан даруйд өөрийн идэвхтэй үйлдлээр нууцаар, хууль бусаар сэм авч гарсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй байх тул энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

            35. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэрэгт авагдсан хийгээд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Т.А-т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг удирдлага болгож шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, түүний холбогдсон гэмт хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шударгаар шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

36. Мөрдөгч, прокурор, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно” гэж тус тус хуульчилсан. Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон, заавал биелэгдэх императив шинжтэй хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон байна.

 

37. Тиймээс шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг давж заалдах шатны шүүхээс хэрэглэж, анхан шатны шүүхийн хууль бус шийтгэх тогтоолыг хэрвээ шүүгдэгч нарын эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй хийгээд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд өөрчлөн шийдвэрлэх боломжгүй бол хүчингүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэв.

 

38. Анхан шатны шүүхийн шийдвэрийг “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангуулах үүднээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “ял шийтгэлийг хөнгөрүүлж, тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү” гэх шүүгдэгч Т.А-ийн өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдлыг, түүнчлэн шүүгдэгч Х.Г-ыг хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал бодитой, үндэслэлтэй тогтоогдоогүй тул түүний өмгөөлөгч Д.Айбек болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.Г-ын хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөгчийн тогтоолоор томилогдсон Х.Х-, шүүгдэгч Х.Г- нарын хамтран гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

39. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А-, Э.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрийн хувийн байдал, холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, давж заалдах шатны шүүхийн энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр нь хэрэглэж, шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цааш нь үргэлжлүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.А-ийн өмгөөлөгч К.Ержан болон шүүгдэгч Х.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Х-, өмгөөлөгч Д.Айбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Т.А-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж, давж заалдах шатны шүүхийн энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр нь хэрэглэж, шүүгдэгч Х.Г-д урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК