Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 159/ШШ2024/0058

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0056/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: *******

            Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******

            Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 0090653 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг зэвсгийн чанартай адилтгах баргаа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үндэслэлээр 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 0090653 дугаар шийтгэлийн хуудсаар 300.000 төгрөгийн шийтгэлийн хуудас оногдуулжээ.

            2. Зөрчилд холбогдогчоос Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 0090653 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.  

3. Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “...Миний танил орос хүн Оросын холбооны улсын хил дээр надад тухайн барааг ямарч хориотой зүйл байхгүй гэж хэлээд, та аваад хил гаргаад өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед хил гаалиар хориотой зүйл гэдгийг мэдээгүй авч явсан. Хүнсний зүйл хийсэн торон дотроо хийгээд авч явж байгаад гаальд хураалгасан. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* би 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Алтанбулаг боомтод ажиллах явцад иргэн ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл болох хийн бууны үрлэн сум нэг хайрцаг, хийн бууны баллонтой газ 12 гр 9 ширхэг, чавх, хавчаахайны резин 6 ширхэг, пневматик буудлагын бай 100 ширхэгийг хууль бусаар хилээр оруулсныг гар тээшнээс илрүүлэн, хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу 300,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

            Галт зэвсгийн тухай хуулийн зүйл 20 дугаар зүйлийн 20.1-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортолсон зөрчил гаргасан иргэнд зөрчлийн тэмдэглэл, болон шийтгэлийн хуудсыг үйлдэж, зөрчилд холбогдогчид танилцуулж, гарын үсэг зуруулсан. Зөрчилд холбогдогчийн импортолсон бараа нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт-д багтсан. Тухайн хилээр оруулсан хийн бууны газ, үрлэн сумыг Baikal Makarov MP-654K загварын хийн буунд ашигладаг. Үрлэн сум нь хүнийг гэмтээх, жижиг амьтдыг алах чадвартай. Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны кодолсон жагсаалт-ын 93.04-д Бөмбөг, гранат, торпед, мина, тийрэлтэт сум болон тэдгээртэй төстэй байлдааны зэвсэг, тэдгээрийн эд анги; хонгиотой сум болон бусад зэвсгийн хэрэгсэл, сум, тэдгээрийн эд анги сумны бөглөөс, жийрэг орно, 93.05-д БТКУСистемийн зүйл 93.0193.04-т заагдсан бүтээгдэхүүний эд анги ба тоног хэрэгсэл тус жагсаалтад хамаарна гэж заасан. Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем-ийн тухай олон улсын конвенцод Монгол Улс 1991 онд нэгдэн орсон ба БТКУСистемийн барааны ангиллын дагуу хийн бууны үрлэн сум гэдэг нь 9306 дугаар зүйлд, хийн бууны баллонтой газ гэдэг нь 93.05 зүйлд, чавхны резин гэдэг нь 9305.99 мөрийн 00 кодод бусад гэж заагдсан, 93.04.00 мөрөнд Зүйл 93.07-д зааснаас бусад гэж заасан.

            Үүнд катафулт, чавх шувуу агнах зориулалттай хэрэгсэл гэж заасан. Иймд 9304.00 мөрийн 00 кодод хамаарах чавхны эд анги 9305.99 мөрийн 00 кодод хамаарч байна. Эдгээр 3 төрлийн барааг Монгол Улсын хилээр оруулахад Засгийн газрын 2020 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан барааны кодын дагуу цагдаагийн байгууллагаас лиценз авдаг. Галт зэвсэг, зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулах зөвшөөрөл гэх зөвшөөрлийн загвар байдаг. Тус загварыг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж өгсөн. 2015 оны Галт зэвсгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хангах, галт зэвсэг, сумны эргэлтэд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг мөрдүүлэхэд оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “байлдааны зориулалттай галт зэвсэг гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг 8 дугаар зүйлийн 8.1-т Байлдааны зориулалттай галт зэвсэгтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй”, 19 дүгээр зүйлийн 19.1-т “Энэ хуулийн 16.1, 16.2, 16.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж тус тус заасан байна.

            Мөн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.2-т “байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Галт зэвсгийн тухай хуулийг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн дагуу үйлдсэн зөрчилд тохирох шийтгэлийг оногдуулдаг. Иймд *******ийн улсын хилээр нэвтрүүлсэн зүйлс нь сая тайлбарласны дагуу улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтад багтсан, түүнчлэн ******* нь анх удаа улсын хилээр нэвтрээгүй, шүүхэд гаргасан гомдолд дурдсанчлан санамсаргүй байдлаар танил хүн нь өгсөн байх боломжтой гэж дүгнэх гэхэд ******* нь Оросын холбооны улсад амьдардаг, байнгын улсын хилээр гарч орж байдаг хүн байсан. Иймд улсын хил, гаалиар гарах тухай, зорчигчийн биед авч явахад хориотой зүйлсийн тухай ойлголттой байсан гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч ******* 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0090653 дугаартай шийтгэлийн хуудсаар Сэлэнгэ аймгийн сүхбаатар сумын 8 дугаар багийн 2 дугаар байр 119 тоотод оршин суух Чимэдийн Энхцэцэгийг тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, зэвсгийн чанартай адилтгах бараа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7-д зааснаар 300 нэгж буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            Шүүхэд гомдол гаргагч ******* гомдолдоо “Миний танил хүн Оросын холбооны улсын хил дээр надад тухайн барааг ямар ч хориотой зүйл байхгүй гэж хэлээд та аваад хил гаргаад өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед хил гаалиар хориотой зүйл гэдгийг мэдээгүй авч явсан. Иймд 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0090653 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү “ гэжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, зөрчлийн хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч нарын гомдол, тайлбар зэргийг дүгнээд дараахь үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

Нэг. Үйл баримтын талаар

            1.Гаалийн улсын байцаагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 минутад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод гаалийн хяналт шалгалт хийх явцдаа иргэн *******ийг Монгол улсын хилээр орж ирэхдээ тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, галт зэвсгийн чанартай бараа болох баллончики 12г CO2 /air strike хийн бууны баллон 9 ширхэг, пневматикийн ган бөмбөлөг 4.5мм 1500 ширхэгээр савлагдсан 1 боодол, чавхны гогцоонд зориулсан нурууны оосор 6 ширхэг, пневматик буудлагын бай 100 ширхэгээр савлагдсан 1 боодол тус бүрийг гаалийн хилээр гаальд мэдүүлэлгүй хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэнийг эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлджээ.

            2.Гаалийн улсын байцаагч ******* нь *******ийн тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, зэвсгийн чанартай адилтгах бараа улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн, мөн зөрчлийн хэрэгт холбогдогч ******* нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл үйлджээ.

            3.Зөрчлийн хэрэгт холбогдогч ******* мэдүүлэгтээ “Оросын холбооны улсаас орж ирэхдээ тээврийн хэрэгсэл үзлэг шалгалтын явцад гар тээшинд баллончики 12г CO2 /air strike хийн бууны баллон 9 ширхэг, пневматикийн ган бөмбөлөг 4.5мм 1500 ширхэгээр савлагдсан 1 боодол, чавхны гогцоонд зориулсан нурууны оосор 6 ширхэг, пневматик буудлагын бай 100 ширхэгээр саюлагдсан 1 боодлыг Оросын холбооны улсын танил маань өгсөн. Би хууль бус, хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй гэдгийг мэдээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

            4.Гаалийн улсын байцаагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дээрх Монгол улсын хилээр оруулж ирсэн эд зүйлсийг эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж хураан авч улсын орлого болгожээ.

Хоёр: 0090653 дугаартай шийтгэлийн хуудасны талаар

            1.Иргэн ******* нь Монгол улсын хилээр тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, галт зэвсгийн чанартай бараа болох баллончики 12г CO2 /air strike хийн бууны баллон 9 ширхэг, пневматикийн ган бөмбөлөг 4.5мм 1500 ширхэгээр савлагдсан 1 боодол, чавхны гогцоонд зориулсан нурууны оосор 6 ширхэг, пневматик буудлагын бай 100 ширхэгээр саюлагдсан 1 боодол тус бүрийг гаалийн хилээр гаальд мэдүүлэлгүй хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7-д “Тусгай зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг, сум импортлосон, худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн галт зэвсэг, сумыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн болох нь зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд, *******ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг, хилээр оруулж ирсэн эд, зүйлсийн фото зураг зэргээр нотлогдож байна[1].

            2.Галт зэвсгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” гэж галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай, болон ан агнах, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай хэрэгслийг” хэлнэ гэж зааснаар *******ийн Монгол улсын хилээр оруулж ирсэн галт зэвсгийн чанартай бараа болох баллончики 12г CO2 /air strike хийн бууны баллон 9 ширхэг, пневматикийн ган бөмбөлөг 4.5мм 1500 ширхэгээр савлагдсан 1 боодол, чавхны гогцоонд зориулсан нурууны оосор 6 ширхэг, пневматик буудлагын бай 100 ширхэгээр саюлагдсан 1 боодол эд зүйлс нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд хамаарч байна.

            3.Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна ...”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан Монгол улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно” гэж зааснаар ******* нь галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулахдаа ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр /лиценз, гэрчилгээ/ Монгол улсын хилээр хууль бусаар оруулсан бөгөөд гомдол гаргагч гомдолдоо тухайн эд зүйлс минийх биш Оросын холбооны улсын хил дээр миний танил хилээр гаргаад өгөөч гэж гуйсан, мөн хил гаалиар хориотой зүйл гэдгийг мэдээгүй гэж тайлбарладаг бөгөөд ******* нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т зааснаар “гаалийн харилцаанд оролцогч” болохын хувьд дээрх үндэслэлээр  Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.

            4.Монгол улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтын:

                        1/ БТКУС-ын зүйл, үндэсний код-93.04-т “БТКУС-н зүйл 93.07-д зааснаас бусад зэвсэг жишээ нь: пүрш, агаар, хийгээр ажилладаг буу, гар буу, цагдаагийн бороохой, 

                        2/ БТКУС зүйл, үндэсний код-93.05-д “БТКУС-ын зүйл 93.01-93.04-т заагдсан бүтээгдэхүүний эд анги ба тоног хэрэгсэлд гомдол гаргагч *******ийн Монгол улсын хилээр оруулж ирсэн дээрх эд зүйлс бараа хамаарч байх бөгөөд зайлшгүй тусгай зөвшөөрөл лицензтэй байх шаардлагыг уг журмаар зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

            5.Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд гомдол гаргагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7-д заасныг зөрчсөнөөс гадна Галт зэвсгийн тухай хуулийн холбогдох заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан журам, Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/251, 304 тоот хамтарсан тушаалаар батллагдсан “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журмын холбогдох заалтуудыг тус тус  зөрчсөн болох нь тогтоогдож байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан гомдол гаргагч *******ийн Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0090653 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш таван хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 18-30 дугаар тал