| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2302000000031 |
| Дугаар | 2023/ДШМ/392 |
| Огноо | 2023-04-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/392
2023 4 12 2023/ДШМ/392
Э.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор У.Анхжаргал,
шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Цолмон-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Н.Намжилцогт, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.М-д холбогдох эрүүгийн 2302000000031 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М-,
Шүүгдэгч Э.М- нь 2022 оны 8 дугаар сард Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
улмаар 1207.1 грамм жинтэй өвсийг гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдолдоо: “...Э.М- нь гэм буруу дээр маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх Монгол Улсад гол төлөв залуучууд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, донтогч болж байгаа тоо баримт байдаг бөгөөд өсвөр насны хүүхэд, залуучуудын сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан бусадтай нийлэх, бусдад уруу татагдах, сониуч зандаа хөтлөгдөх болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар мэдээлэл дутмаг байдлаасаа болж хэрэглэж байна. Өсвөр насны хүүхэд, залуучууд сурч боловсрох болон ажиллаж хөдөлмөрлөх насандаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, цаашлаад донтогч болж байгаа нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг илтгэж байгаагийн нэг хэлбэр мөн. Өөрөөр хэлбэл хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэснээр тухайн хэрэглэгч гэлтгүй, эргэн тойрны гэр бүлийн гишүүд, найз нөхөд бүгд сэтгэл санааны байнгын айдас, түгшүүрт байдалд байдаг төдийгүй тухайн хэрэглэгчийн зан авир эрс өөрчлөгдсөнөөр өөрт болон бусдад бие махбодын болон сэтгэл санааны бодит аюул учруулж эхэлдэг бөгөөд дээрх төрлийн бодисыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн эд, эс, эрхтэн тогтолцоо дахиж сэргээгдэхгүйгээр гэмтэж цаашлаад хүний амь насанд ч аюул учруулахуйц үр дагаварт хүргэх аюултай гэж үзэж Э.М-д 1 жилийн хорих ял оногдуулсан. Э.М-гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирол төлбөр, хор уршгийн хувьд шүүхээс дээр дурдаад байгаа нөхцөл байдал болон харьцуулсан кейс, судалгаанд нийцэхгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал дурдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатнаас мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгох санкцын хүрээнд 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гадагш гаргахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хүүхэд ахуй цагаасаа ургамал, цэцэгт дуртай, хөдөө явж, уул хаданд гарахдаа үргэлж ямар нэг цэцэг, навч, ургамал, мөөг зэргийг түүж, цуглуулж, хатаамал хийж хадгалах сонирхолтой болсон. Харин хожим сургууль соёлоо дүүргээд, ажил хийдэг болсны хойно сэргээх үйлчилгээтэй өвс Монголд ургадаг талаар хүмүүсийн ам дамжсан ярианаас сонссон. 2022 оны зун судалгааны ажлаар хөдөө явж байхдаа ургамал байхыг нь анх хараад хэрэглэж үзье гэж бодоод нууцаар түүж, гэртээ хадгалж байгаад өвөл нь хэрэглэж үзээд цагдаад баригдсан. Тухайн үед хууль эрх зүйн мэдлэг дутмаг, мөн мунхаг сонирхол, саваагүй зангаасаа болж өвс түүж, хэрэглэн маш болчимгүй үйлдэл гаргасандаа харамсаад барахгүй байна. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, ичсэндээ эрхэлж байсан төрийн албаны хариуцлагатай албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, ажлаасаа гарсан. Мөн цагдаад шалгагдаж эхэлснээсээ хойш өвсний хор уршгийн талаар их зүйлийг уншиж мэдсэн. Надад сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хэрэглэх ямар ч шалтгаан байхгүй. Энэ хэрэг надад маш том сургамж боллоо. Цаашид ийм зүйл огт хэрэглэхгүй, ийм үйлдэл хэзээ ч гарахгүй, хуулиа чандлан сахиж амьдарна гэдгээ шүүх бүрэлдэхүүнд амлаж байна. 2005 онд намайг 11 настай байхад эцэг, эх хоёр маань салсны улмаас би Самбуугийн Н- эмээгийнхээ /ээжийнхээ/ хамт амьдарч эхэлсэн бөгөөд одоог хүртэл эмээгээ асран хамт амьдарч байна. Эмээ маань намайг юугаар ч дутаалгүй сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн төдийгүй дээд боловсрол эзэмшихэд минь дэмжлэг үзүүлж, үргэлж урам зориг өгч, өмөг түшиг болдог. Би 2017 онд их сургуулиа төгсөх үеэр эмээ маань зүрхний өвчний улмаас муудаж эхэлсэн тул тэр үеэс эхлэн эмээгээ асрах үүргээ хүлээсэн. Эмээ минь зожиг дотогшоогоо хүн учраас надтай л юм ярьж, миний хоолыг идэж, надаар л биеэ угаалгаж, миний асаргаанд байх болсон. Эмээ минь одоо 79 настай, намайг хоригдсоныг мэдээд сэтгэлээр их унаж, өдөр бүр уйлж, даралт нь ойр ойр ихсэж, зүрх нь их дэлсэж, хүнтэй юм ярихаа больсон гэсэн. Ийм зүйлд холбогдож гэрт нь ганцааранг нь байлгаж байгаа гэхээр сэтгэл нь маш их зовж байна. Өрхийн эмч нар орж гарч, эргэж байгаа гэж сонссон ч энэ нь хажууд нь хамт байж асрах гэр бүлийн халамжийг орлож чадахгүй гэж бодохоор эмээдээ үргэлж санаа зовж, шөнө нойртой хонож байгаа болов уу гэж бодохоор хийсэн хэрэгтээ хэмжээлшгүй их гэмшиж байна. Миний нөгөө эмээ /аавын ээж/ болох Ю.Д- нь 90 настай, одоо Баянгол дүүрэгт амьдардаг. Төрүүлсэн 4 хүүхдийн 3 нь нас барсан, 1 нь АНУ-д амьдардаг, ач гуч нар нь холбоо тасарсан тул асран хамгаалах хүн байхгүй. Би өөрөө С.Н- эмээтэйгээ хамт амьдардаг тул Ю.Д- эмээгээ өөрийн биеэр асрах боломжгүй учраас асрагч авч эмээтэйгээ байлгаж өөрөө 7 хоногт 1-2 удаа эм тариа, хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсийг нь хүргэж өгч, эргэж тойрдог. Эмээ маань таяг тулдаг, түнх болон эгэмний гэмтэлтэй тул гэрээсээ огт гардаггүй, сайн асрагчийн буянд өдий зэрэгтэй байгаа. Намайг ийм хэрэгт холбогдсоныг мэдээгүй байгаа, өндөр настай учраас хүнд цохилтод ороод яаж ч магадгүй гэж болгоомжлоод битгий хэлээрэй гэсэн. Намайг очихгүй болохоор нь гайхан, шаналаад байгаа гэж сонсоод сэтгэл их өвдөж байна. Би хоёр эмээдээ маш их санаа зовж байна. Тэднийхээ амьд сэрүүн байх хугацаанд нь хамгийн сайн ачлалт охин нь байж, ачийг нь хариулж, амар тайван байлгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Урьд өмнө би хамтын амьдрал зохиож байгаагүй. Гэхдээ 2022 онд маш сайн хүнтэй учирсан. 2023 оны 5 дугаар сард бэр гуйхаар хоёр тал ярьж тохирсон. Энэ хэрэг холбогдсоноо найз залуудаа хэлсэн ч гэрийнхэнд нь хэлэхгүй байхаар тохирсон. Учир нь намайг ийм хэрэгт холбогдсоныг мэдвэл хэзээ ч хүүтэйгээ гэр бүл болгохгүй. Гэтэл би найз залуудаа маш их хайртай бөгөөд сайн хүмүүстэй учирсандаа маш их баярлаж явдаг. Мөн хоёр эмээдээ сайн ханьтай болж, амьд сэрүүн байхад нь үр хүүхдээ үзүүлэхийг хүсдэг. Эмээ нарынхаа хүслийг биелүүлэх боломж гарч, хайртай хүнтэйгээ учирсан байтал өөрийн болчимгүй, саваагүй үйлдлээсээ болж хайрлаж дурласан хүнээ алдах, цаашлаад өөрийн амьдралдаа нөхөж баршгүй гарз учруулах нөхцөл байдалтай болоод байгаадаа туйлын ихээр харамсаж өөртөө гомдож байна. Шүүхээс надад итгэл үзүүлэн уучилж нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмд өөрийн байр суурийг эзлэн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлийн амьдрал зохион, эмээдээ ачлалт охин нь, улс эх орондоо шударга сайн иргэн нь байх боломж олгож, хорих ялыг хөнгөрүүлж, өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруу дээр огт маргахгүй, харин хэрэгт авагдсан хөнгөрүүлэх нөхцөлүүд болон шүүгдэгчийн хувийн байдалд бодит дүгнэлтийг хийлгүй түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.М- нь өөрийн ажлын байранд анх цагдаагийн байгууллагад саатуулагдсан бөгөөд гэрт нь сэтгэцэд нөлөөт, хуулиар хориглосон ургамал мэт зүйл байгаа болохыг хэлж, өөрийн санаачилгаар гарган өгч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “...өөрийгөө илчилсэн...” гэх шинжийг агуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”-ийн “1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заавал биелэгдэх шинжтэй хуульчилсан байдаг боловч хэргийг мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүний хувийн байдлыг бүрэн дүүрэн тогтоож, бодит дүгнэлтийг хийж чадаагүйн улмаас эрх зүйн байдлыг нь дордуулсан байна. Өөрөөр хэлбэл Э.М-д хорих ялыг биечлэн эдлүүлэх боломжгүй нөхцөл байдлууд байгаа болох нь эрх бүхий байгууллагуудын баримт бичгүүдээр нотлогдож байна. Тухайлбал Э.М- нь “..шээс дамжуулах замын хурц үрэвсэл, бөөрний үрэвсэл буюу бөөрний архаг дутагдал өвчнөөр олон жил өвдөж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн байнгын хяналтад эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх, мэргэшсэн эмчийн хяналтад байх шаардлагатай байна. тоотод эмэг эх /аавын ээж/ 90 настай Ю Д-гийн хамтаар ам бүл хоёулаа оршин суудаг бүртгэлтэй ба эмэг эх Ю.Д- нь “Олон үений үрэвсэл, түнхний мултрал, цусны даралт ихсэлт, зүрх судасны дутагдал, дэмийрэл гэсэн маш хүнд өвчний улмаас ач охин Э.М-гийн байнгын бүрэн асрамжид байдаг. Мөн Э.М- нь Баянзүрх тоотод түр оршин суугчаар бүртгэлтэй ба эмэг эх С.Н- /ээжийн ээж/ нь 79 настай, эрүүл мэндийн хувьд зүрх судасны хатуурах өвчний улмаас титэм судсанд торлог бүрхүүл суулгуулсан, хэвтрийн дэглэмд мөн миний үйлчлүүлэгчийн байнгын асаргаа сувилгаанд байдаг. Миний үйлчлүүлэгч нь айлын ганц хүүхэд бөгөөд эцэг Цэрэнцоодолын Энхцогт нь 2013 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан цагаас хойш өндөр настай, хүнд өвчний улмаас бусдын бүрэн асаргаанд байдаг, хэвтрийн дэглэм сахиуртай дээр дурдагдсан хүмүүсийг асарч сувилж байсан ба өөр асрах хүн байхгүй болох нь тухайн хаяг дах хороон даргын тодорхойлолтуудаар нотлогдож байна. Э.М- нь БНХАУ-д Олон улсын эдийн засаг, худалдааны эдийн засагч мэргэжлээр их сургууль төгсөж, хэрэгт холбогдох хүртлээ Эрүүл мэндийн яамны харьяа Эмийн хангамжийн газарт Эмийн үнийн зохицуулалт, өртөг үр дүн, эдийн засгийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн захиргааны албан хаагчаар ажилладаг байсан ба цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж 2021, 2022 онуудын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг өндөр үнэлэмжтэй тогтоолгож Монголын залуучуудын холбооны нэрэмжит “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагнуулж байсан. Дээрх бүгдийг дүгнэн үзэхэд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг бодитоор тогтоох ажиллагааг явагдаагүй улмаас түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад бодит дүгнэлт хийгдээгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч Э.М- анх удаа хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 1 жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-д оногдуулсан ял шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Э.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрөө хэрэглэх зорилгоор “хогийн олс” гэж нэрлэдэг өвсийг ургаж байхад нь түүсэн бөгөөд түүсэн өвснөөсөө хэн нэгэнд татуулаагүй, худалдах зорилгоор бусдад өгч түгээж тараагаагүй, бусдаас худалдан авч санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй, гагцхүү өөрөө л хэрэглэсэн байдаг. Шүүхээс шүүгдэгч Э.М-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэж заасан. Эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч Э.М- бүрэн хангасан. Монголчууд бидний “Хогийн олс” гэж нэрлэдэг байгальд ургаж байгаа энэ өвс нь химийн аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхинуудаас хоруу чанарын хувьд харьцангуй бага болох нь судалгаагаар нотлогдсон. Энэ ургамлыг анагаахын шинжлэх ухаанд өргөн хэрэглэж байна. Тийм ч учраас дэлхийн олон оронд "Хогийн олс” өвсийг хар тамхины төрөлд тооцдоггүй. Байгальд ургадаг өвс болон химийн аргаар боловсруулан гаргаж авсан хар тамхины ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүйд гомдолтой байна. Шүүгдэгч Э.М- нь ам бүл хоёр, 80 настай эмээ С.Н-гийн хамт амьдардаг. Эмээ нь архаг суурь өвчтэй учир олон жил зээ охин Э.М-гийн асрамжид байсан байна. С.Н- гуай зээ охиноосоо өөр хүнээр бие засуулж, биеэ угаалгах, хооллуулах дургүй учир зээ охиноо хоригдсоноос хойш хоол унднаас гарч хүнтэй ч ярихаа больсон байна. Э.М-г хорих байгууллагад нэг жилийн хугацаагаар хорьж цагдвал эмээ нь ямар ч байдалд хүрч болох дүр зураг харагдаж байна. Шүүгдэгч Э.М-гийн хувийн энэ хүндрэлтэй байдлыг харгалзаж үзнэ үү.
НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, ухааруулж ойлгуулах, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд нь эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй" гэж заасан. Хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, эрхэлсэн ажил мэргэжилтэй, оршин суух тодорхой хаягтай болон Э.М-гийн хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд нэг удаа шүүхээс боломж олгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн үйлдсэн энэ төрлийн хэрэг нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд нийгмийн аюулын шинж чанар их, залуучуудыг уруу татах сөрөг нөлөөлөл ихтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.М- нь 2022 оны 8 дугаар сард Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 1207.1 грамм жинтэй өвсийг гэртээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Э.М-гийн яллагдагчаар өгсөн “...өглөө босоод бие засах гээд айлаас нилээн хол явж байхад өмнө нь кино, youtube-с харж байсан мансууруулах ургамал ургасан байхаар нь нууцаар түүсэн. Тэрийгээ хувцсандаа ороож цүнхэндээ хийгээд Улаанбаатарт ирсэн. ... Би тухайн өвснөөс нэг удаа хэрэглэсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад цагдаагийнханд баригдсан. ...” /хх 61-63/ гэсэн мэдүүлэг,
“...Баянзүрх дүүргийн 1 тоотод нэгжлэгээр хураан авсан ургамал мэт зүйлсээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар дүгнэлт /хх 32/, “...“Э.М- 2022.12.19” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 127 дугаар дүгнэлт /хх 41/, “...Э.М- нь F12 каннабинойдын хэрэглээтэй болохыг тогтоосон. ...” Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 47/, тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-8/, Э.М-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаагаар түүний шээснээс ТНС илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-14/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.М- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Э.М-гийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Н.Намжилцогт, Б.Цолмон-Эрдэнэ нар “...анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.М-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, мөн нянгийн гаралтай хоёр талын бөөрний цочмог пиелонефрит, зүүн бөөрний дээд туйлд үүсч буй буглаа, хагас намжмал үе гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж, цаашид үргэлжлүүлэн хянагдаж, эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэх эрүүл мэндийн байдал, 79 настай эмэг эх С.Н- /РД:/-ийн хамт амьдарч, эмэг эх нь түүний байнгын асрамжид байдаг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж /365-69=296/, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 сар 21 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Н.Намжилцогт, Б.Цолмон-Эрдэнэ нарын “...хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолын тогтох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-г 01 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М-д сануулсугай. ...” гэсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-гийн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж /365-69=296/, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 сар 21 хоногоор тогтоосугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Э.М- нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН