Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 02082

 

 

 

 

                                   “Т ТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 8 дугаар сарын 24-ний  өдрийн 102/ШШ2020/02379 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т ТК” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1092 дугаар захирамжаар “ТТК” ХХК-аас 340 751 160 төгрөг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байрших 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4/5858 тоот мэдэгдлээр дээрх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхэд 648 604 000 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдсэн. Тус үл хөдлөх хөрөнгө нь зам дагуу байрлалтай буюу хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай ресторан лонж, бар гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тогтвортой үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа, нэг зэрэг 60-70 үйлчлүүлэгч хүлээн авах чадалтай 4 vip өрөөтэй, галын болон хөдөлгөөн мэдрэгч дохиололтой, гадна дотно хяналтын камеруудтай, бүх төрлийн тэмдэглэлт баяр ёслолын хүлээн авалтад ашиглах гэрэл хөгжим, тайз зэрэг өөрийн онцлог давуу талтай. Тус үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах эрх бүхий зуучлалын компаниар зуучлуулж байгаа бөгөөд зах зээлийн үнэ ханш нь 1 м.кв талбайг 2.500 ам.доллар нийт 575 000 ам.доллараар үнэлж буй юм. Манайхаас барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хэт бага үнэлсэн гэж үзэж байна. Үнэлгээний тайландаа өртгийн үнэлгээний арга, хөрөнгийн үнэлгээний тодорхой аргуудыг ашигласан гэж байгаа боловч тэр аргуудыг хэрхэн яаж ашиглаж хөрөнгийг үнэлсэн нь тодорхойгүй, мөн адилхан хоёр барилга байлаа гэхэд хөрөнгийн үнэлгээний тайландаа ойролцоо ижил төрлийн обеъктийг хэрхэн жишсэн нь тодорхой харагддаггүй. Фото зураг хавсаргасан гэж байгаа боловч тухайн авагдсан фото зураг нь хөрөнгийн үнэлгээний тайланд байдаггүй. Иймд бодитоор үнэлгээ хийгдсэн нь баримтаар тогтоогдоогүй. Иймд үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар “ТТК” ХХК-аас 340 751 160 төгрөг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байрших 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангахаар шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн, гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар “Вэннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгийг 648 604 000 төгрөгөөр үнэлсэн талаар талуудад мэдэгдсэн. Шинжээчийн тайланд харьцуулалтын арга, зах зээлийн орлогын хандлага, хийгдвэл зохих ажиллагаанууд хийсэн нь тусгагдсан. Орлогын хандлага, өртгийн хандлага, зах зээлийн үнэ цэнэ тодорхойлох гээд үнэлгээг тогтооход хэрэглэдэг бүх стандартыг олон улсын жишигт нийцүүлж үнэлгээг тогтоосон байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээтэй холбоотой зардал, орлогын хандлагын аргын тайлбарыг шийдвэр гүйцэтгэлийн алба өгөхгүй. Тийм учраас мэргэжлийн шинжээчээс тодруулах ёстой. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, хураах битүүмжлэх, үнэ тогтоох ажиллагаанд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ямар ажиллагаа нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар тодорхойгүй. Энэ талаар шинжээчээс тшодруулах шаардлагатай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ямар тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа нь мөн тодорхой бус байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “Том тийм катеринг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйл мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандпага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь хууль бус байна гэж үзэн тус үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн хувьд нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нөхцөлд тус үндэслэлэлээ тодорхой үндэслэл бүхий дүгнэлтээр тайлбарлах ёстой. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвзрийн үндэслэх хэсэгт үнэлгээг хуульд нийцсэн байгаа нь гэсэн тайлбарыг өгсөн болохоос тус үндэслэл болгож буй хуулийн заалтын нөхцөл хэргийн материалд байгаа холбогдох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа гэх үндэслэлээ тодорхой тайлбарлах ёстой. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан хуулийн холбогдох заалтыг үндэслэлгүйгээр зөрчсөн буюу маргаж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийхдээ орон нутгийн зах зээлийн тухай үеийн ханшийг үнэлнэ гэсэн байхад уг харилцааг зохицуулсан-холбогдох хуулийн заалтыг үндэслэл болгоогүй төдийгүй, орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэгээг хийгээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч “ТТК” ХХК нь тус шүүхэд хандан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур буюу 648 604 000 төгрөгийн ханшаар үнэлсэн. Тус үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээгээр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцож дуудлага худалдааны үнийг тогтоох журмын дагуу 648 604 000 төгрөгийн үнэлгээний 70 хувь буюу 454 000 000 орчим төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах нөхцлийг үүсгээд байна. Хэрэв тус үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оролцогч худалдан авсан нөхцөлд миний бие өндөр үнэлгээ бүхий өөрийн өмчлөлий үл хөдлөх хөрөнгөө өр төлбөрөө ч бүрэн төлж дуусахад хүрэлцэхгүй үнээр худалдахад хүрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 болон 38 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч, болон эрх ашиг нь зөрчигдөж буй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ, холбогдох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалуудыг үндэслэл болгон өөрийн татгалзлаа зөвтгөх тайлбар гаргасан. Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байршилтай 230 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хэрхэн 648 604 000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхой тогтоогдоогүй. Гэрчийн мэдүүлэгт энэ талаараа тодорхой үндэслэл бүхий тайлбар байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг тогтоохдоо дан ганц тухайн объектыг үнэлсэн үү, үнэлгээнд үл хөдлөх хөрөнгийн засвар, сайжруулалт, нэмэлт тоноглол зэргийг оруулж үнэлсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн шүүх хуралдааны явцад энэ асуудлаар гэрчээс мэдүүлэг авахад хуульд нийцсэн гэсэн тайлбарыг өгдөг болохоос тодорхой бодитой зүйлсийг тайлбарладаггүй. Түүнчлэн ижил төрлийн орон сууцнуудтай харьцуулсан эсэх, тэдгээрийг ямар шинжээр нь манай хөрөнгөтэй ижил төстэй үнэлгээтэй гэж үзэж байгаа, зөвхөн байршилаар нь үнэлж байгаа юм уу, мэргэжлийн байгууллагуудаар хийгдсэн интерьер, дотоод заслыг хэрхэн үнэлсэн ззрэг нь хөрөнгийн үнэлгээний тайлангаас тогтоогдохгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тайланд тус үл хөдлөх хөрөнгийн газар дээр очиж хийсэн үйл баримтыг баталгаажуулан фото зураг хавсаргасан гэх боловч хэргийн материалд авагдсан үнэлгээний тайланд нэг ч фото зураг авагдаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн үнэлгээний тайланг нь үнэлсэн болохоос үнэлгээний тайлангийн бүрдэл хангалттай байгаа эсэх, үнэн бодитой юу, холбогдох нотлох баримтад тулгуурласан зэрэг асуудлууд дээр үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2013 онд Хөрөнгийн үнэлгээний төвөөр хийлгэж байсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан үнэлгээний тайланг хэргийн материалд өгсөн. Тус тайлангаар үнэлгээ хийгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2013 онд м.кв-ыг нь 3 500 000 төгрөгөөр буюу нийт 805 000 000 төгрөгөөр үнэлсэн гэдэг нь харагдах бөгөөд 2013 онд 805 000 000 төгрөгийг үнэлгээтэй байсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2020 онд 200 гаруй саяар буурах үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ТТК” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байрлах 230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2018/01092 дугаар захирамжаар “ТТК” ХХК-аас 338 828 866 төгрөг гаргуулж “Төрийн банк” ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059220 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байрлах 230 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрлэснийг баталсан байна. /хх-29-30/

Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-33-37/

Төлбөр төлөгч “ТТК” ХХК төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 1 581 250 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Төрийн банк” ХХК зөвшөөрөөгүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-38-40/

Шинжээч “Виннэр вэй” ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны 1 давхрын Б хэсэгт байрлах 230 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг 648 604 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-47-60/

Хөрөнгө үнэлгээний “Виннэр вэй ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлон гаргасан болох нь хөрөнгө үнэлгээний тайлан болон шинжээчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан бөгөөд түүнийг үндэслэн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг эргэлзээгүй тодорхойлох улмаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм. Учир нь шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл гэж дүгнэх үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02379 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                    Д.БАЙГАЛМАА